Ерөнхий сайд яагаад огцрох ёстой гэж?

Ерөнхий сайд Алтанхуягийн эсрэг дайралтаа МАН-ынхан үргэлжлүүлсээр. Алтанхуягтаа биш байхгүй юу. Мөнгөнхуяг байсан ч МАН-ынхан огцруулах бичиг өргөх л байсан. Хамгийн гол нь засаг барьж байгаа хүчнийг муухай харагдуулах, нэр хүндийг нь унагаах  зорилготой. Энэ ажлаа харин их эрт эхлүүлж байгаа нь МАН-ынхан саяын сонгуульд ялагдаж хүчтэй  шоконд орсныг батлана. "Цусан өшөө" авахаар эртнээс уухайлан дайрч байгаа нь энэ. Дараагийн сонгууль буюу 2016 он гэхэд засгийн газар нь ядаж 1-2 огцорчихсон, эвсэж байгаа хүчнүүд салж бутрахдаа тулсан , төлөвлөсөн ажлууд нь "зуун задгай", хийсэн бүтээсэн юм нь тоотойхон, ард түмний амьдрал янзандаа шахуу байвал МАН-д их ашигтай байх аж.  Үүн дээр дөрөөлөөд дахин төр засгийн эрхэнд гарах санаатай даг. УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн  Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ.

МАН-ын 25 гишүүний мутар
Төр засаг солигдоод, шинэ засгийн газар байгуулагдаад 8 сар л болж байна. Бүтэн жил ч болоогүй байхад элдэв шалтаг тоочин огцруулахаар дайрч байгаа нь их л яарч байгаагийн шинж. Алтанхуягийн оронд гарч ирэх Ерөнхий сайд  МАН-аас гарахгүй нь тодорхой,  хэн байх нь тэдэнд сонин биш. Унагаж л байвал бусад нь хамаагүй.  Гэхдээ зөвхөн Алтанхуяг өөрөө зайл гэсэн хачин юм яриад байгаа. Танхимын бусад сайд нар нь огцрохгүй ажлаа үргэлжлүүлээд явж болох юм байх.  Ийм л марзан юм хийдэг улс даа.

Ерөнхий сайд огцорвол танхим тэр чигээрээ хамтдаа ажлаа өгдөг дэлхийн тогтсон практик бий.  Учир нь танхимыг Ерөнхий сайд өөрөө санал өгч  томилоод нэг баг болон ажилладаг юм. Тэгэхээр Алтанхуягийг ганцаараа огцор гэж байгаа  боловч МАН-ынхан мань эрийг сайд  нараа аваад буу гэж байгаа байх л даа. Гэвч "Шударга ёс" эвслийг бүрдүүлж байгаа МАХН ба МҮАН хоёр ямар ааш, аяг гаргах бол гэдэг нь тодорхой биш байгаа. МАХН-ынханд  бол ялтан даргаа хэлмэгдүүллээ гээд Тэмүүжин сайдыг зайлуулчих санаа их бий. МҮАН ч гэсэн Энхсайхан даргыг нь ажилд авчихаад хөөгөөд явуулсан гээд дотроо ууртай л байгаа.

Сангийн сайд Ч. Улаан улс орныхоо эрх ашгийн төлөө ажил хийж байгаа нөхцөлд Алтанхуягийн засгийн газрыг дэмжинэ гэсэн байна лээ.  Дөнгөж 8 сар л болж байгаа засгийн газрын ажлыг одоо сайн муу гэж дүгнэх нь утгагүй бөгөөд төлөвлөсөн ажлуудаа эхлэх цаг хугацаа, улирал нь дөнгөж  ирж байхад ямар ч төсөл эхлээгүй байна гэж шүүмжилж байгаа нь өрөвдмөөр ч юм шиг.  Цас дарчихсан, хөлдүү байхад тариалангийн газраа хагалаад, газар ухаад барилгын ажил хийгээд эхлэх ёстой юм байх даа. МАН-ынхан өөрсдийгөө жаахан мулгуу гэдгээ харуулаад байгаа юм уу , эсвэл зориуд ингэж аашлаад байгаа юм уу гэдгийг  таахад жаахан хэцүү таавар байна.

"Төрийн албыг төрлийн алба болгосон" гэсэн бичиг бариад Их Хурлын чуулганы нээлт дээр  сууж байсан Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө төрсөн хүү Н.Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод суух Монгол Улсын Ерөнхий Консулаар томилуулчихаад  ичиж зовж байгаа шинж  огт алга. Эсвэл мартчихсан тууж яваа юм болов уу? Сануулах юмсан.

Гадаадын хөрөнгө оруулалт буурчихлаа гэнэ. Шинэ засаг гарч ирээд буурчихсан юм биш, харин хуучин (МАН-ын) засгийн үед хуучин парламентаар батлагдсан хууль нөлөөлсөн гэдгийг учир мэддэг хүмүүс ярьж байна.  Улс орны эдийн засаг 8 сарын хугацаанд  хүндэрчихдэг ч юм биш. Дотоод, гадаад олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь хэнд ч ойлгомжтой. МАН засаг барьж байх үед бараа, үйлчилгээний үнэ байнга л өсч байсан. Цалин нэмэхэд л өсдөг. Тэр үед сайхан тогтвортой байсан үнэ ханш  энэ 8 сарын хугацаанд өсчихөж гэнэ.  Энэ мэт ямар ч үндэслэлгүй шалтгаанаар Ерөнхий сайд огцрох ёстой юм гэнэ.

МАН шокноосоо гарч, "хүн амьтан танихтайгаа" болж байгаа боловч "наркоз" нь сайн гараагүй  өвчтөн шиг л байна. Юу яриад байгаагаа ч сайн мэдэж байгаа юм уу гэмээр. Цалинг  30% нэм гээд л шаардсан гэнэ. Өөрсдөө ингэж нэмээд л юмны үнийг хөөрөгддөг байсан "ажлын туршлагатай"  улс даа.  Бүтээлч санаа, үндэслэлтэй зөв шүүмжлэл тавихын оронд "огцор", "цалин нэм" гэдэг  юм л ярьж  мэднэ. Ийм хүчин улс орноо хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулна гэдэг лөөлөө юм байна гэдгийг өмнөх жилүүдийн үйл явдал нотолсон байх аа?


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё