Намайг дураар нь байлгаад өгөөч!

Би эрх чөлөөт Монгол Улсын эрх чөлөөтэй иргэн байна. Би  вэб сайтаа яаж ажиллуулахаа өөрөө мэдье. Сэтгэгдэл бичиж байгаа  хүн юугаа бичнэ хэнд хамаа байна? Хүний эрх шүү дээ. Хүн доромжлоод байна гэнэ. Хохирсон хүн нь шүүхдээд явна биз. Сайханбилэг хар хүний төлөө шар хүн гэгчээр хоёр хүний дундуур ороод байхдаа яадаг юм?

Би кабелийн телевизийн эзэн байна. Эсэн бусын шаардлага тавьж байгаад миний телевизийг хаачихлаа.  Би ер нь ямар байранд үйл ажиллагаагаа явуулж, ямар камераар бичлэг хийж яаж ажлаа хийх нь  хэнд хамаатай юм? Миний эрх шүү дээ. Хүн ер нь телевизээрээ юу үзүүлэх нь хүний эрх биз дээ? Цензурдчих болтой юмаа.

Би караокэ ажиллуулдаг хүн байна. Караокений байрыг маань галын хор алга байна гээд хаачихлаа. Миний эрхийг шинэчлэлийн засгийн газар маш бүдүүлгээр зөрчлөө. Галын хор авах эсэх нь миний дур бус уу?  Гал гарлаа ч гэсэн  гал команд ирээд унтраадаг юм байгаа биз. Би тэнд  галын хор бариад  гүйж явах  юм уу? Тэгж  байгаад түлэгдчихвэл яах юм, би л  хохирно шд.

Би диско баар ажиллуулдаг юм. Гэтэл саяхан баарыг маань  цахилгааны утасны холболт нь ил байна гээд хаадаг байна шд. Тэр утаснуудаа би ил явуулна уу, далд явуулна уу  хэнд ямар хамаатай юм? Миний баар юм байгаа биз дээ? Хэд хоног хаалгаад би зөндөө орлогоо алдлаа.  Шинэчлэлийн засгийн газраас мөнгөө нэхэж авах юм хуна.

Би үзэсгэлэнгийн газартай хүн. Алтанхуягийн хүмүүс ирээд зориулалтын бусаар ашиглаж байна гээд үйл ажиллагааг маань зогсоочихлоо. Би одоо тэгээд  гуанз ажиллуулах юм уу, хайшаа юм? Хоол хийх үнэхээр дургүй хүн байвал яах уу? Ер нь байрандаа  юугаа ажиллуулж, хуйхаа  яаж маажих нь Ардчилсан намд ямар хамаатай юм?  Байр сав муутай юмнууд атаархаж үхэх гэж байхгүй юу.

Би эрх чөлөөтэй Монголын иргэн. Ардын нам маниусын  толгой дээр сууж байхдаа ингэж шогтдоггүй л байсан даа. Энэ Ардчилсан нам юу болчихоов?  Тамхи ч зүгээр татуулахгүй хавчиж  шахаад л. Би ер нь биеэ хордуулна уу, устгана уу тэдэнд ямар пад байнаа! Миний бие махбодь биз дээ? Одоо би бүр шахагдаад орон дотроо тамхиа татаж байгаа. Тэгж байгаад  гэнэт нойр хүрээд унтчихвал түлэгдээд үхнээ дээ? Хэн хохиролыг минь барагдуулах вэ? Ардчилсан намаас л амиа нэхнэ дээ. Одоо бас архи уухыг минь цагдах сурагтай. Энэ улсад ер нь  эрх дураараа чөлөөтэй байж  болохгүй юу? Намайг зүгээр л дураар  нь байлгаад өгөөч!  Гуйя! 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё