Ээж хад ба хаврын синдром

Ханш нээх үеэр Ээж хаданд очдог заншил тогтжээ.  Олон мухар сүсэгтнүүд  "манийгаа баян болгож  өгөөч" гэж гуйдаг гэнэ. Чулуунд очиж  духаараа мөргөөд, архи сүүгаар "угаагаад" хамаг хүсэл нь бүтчихдэг бол болж байна шд. Харамсалтай нь ингэж баяжсан нь нотлогдсон нэг ч тохиолдол алга. Гэвч мулгуучууд бензин тосоо үрэн үрэн тийш цувсаар. Түвдийн шашинд хүлэгдсэн Монгол одоо ч хүлээтэй хэвээрээ. Элдэв сүсэг бишрэл, мунхруулгад амархан автдаг нь нийгмийн хөгжлийн түвшин, хүмүүсийн ухамсар боловсрол дорой байгаатай  холбоотой нь үнэн боловч орчин цагийн Монголчууд бараг бүгдээрээ соён гэгээрч, ихэнх нь худлаа үнэн диплом өвөртөлчихөөд, шинжлэх ухааны дуу сонсож, Марксизм заалгачихаад тэр чулуу руу гүйгээд байдаг нь гайхалтай. Монгол генд ямар нэгэн "гажиг" байгаа юм болов уу?

Үндэсний эсэргүүцлийн өдөр
Бие амар баяжихыг хүсэгчид Ээж хад гэдэг рүү цувж байх үеэр арай дөнгүүр юм боддог хэсэг нь Чингисийн талбай хавиар эргэлдэнэ. Цөмийн аюулын тухай анхааруулж, ураны олборлолт ашиглалтыг эсэргүүцэж нэг хэсэг нь жагсаж байна. Эх  орныхоо байгаль усыг хамгаалж тэмцсэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг "террористууд" хэмээн цоллож 22 жилээр хорих ял оноосныг   эсэргүүцэж ар гэрийнхэн нь болон санаа зорилго нэгтэй дэмжигчид цуглажээ. Хоригдогсодын ар гэрийнхэн хэрвээ давж заалдах шатны шүүх Ц.Мөнбаяр нарыг  цагаатгахгүй бол шүүхийн өмнө өлсгөлөн зарлана гэдгээ хэлж байна.  1937 оны их хэлмэгдүүлэлтэнд өртөж амиа алдсан 30 мянган хүний ар гэрийнхэн, үр ач нар нь хохирлоо төр засгаас нэхэж Чингисийн талбай дээр иржээ. Тэр хохирлыг мэдээж төрөөс гаргах нь зүй боловч өнөөгийн МАН, тэр үеийн хэлмэгдүүлэгч намын залгамж халаа гэдэг утгаараа ёс зүйн "төлөөс" төлөх учиртай. "Бид 90 жилийн түүхтэй ууган нам" гэж цээжээ дэлдэх дуртай энэ намынхан тэгвэл хийсэн нүглийнхээ төлөө өнөөдөр эдгээр хүмүүсээс уучлал гуйх ёстой юм. Залгамжлагч нь мөн юм бол сайныг нь ч, саарыг нь ч адилхан ярих ёстой.

Иргэний хөдөлгөөнүүдээс  санаачилж, "даравгар хар" олон дахин Твиттерээр рекламдсан  нэг жагсаал бас мөнөөх талбайд болж өнгөрлөө. Тэд "Давхар дээлээ" тайлах шаардлага тавьжээ. "Даварсан засагт даруулга өгөх Үндэсний эсэргүүцлийн өдөр" гэгчийг зарлаж байгаа гэнэ. Даварсан гээд байгаа засаг нь харин ч өмнөхөө бодвол бугласан идээ бээрийг шахаж, бүх юмыг байх ёстой байранд нь тавьж, ил тод тунгалаг болгох гээд зүтгээд байгаа юм биш үү? "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав" гэдэг юм болоод байх шиг. Жинхэнэ даварсан засаг гэдгийг чинь өмнөх эрх баригчид буюу өдөөгийн цөөнх болсон МАН байгуулж ажиллуулж байсан биз дээ? Авилга хахууль, лицензийн хэрэг, улсын мөнгө угаасан хэрэг, улсын мөнгө хулгайлсан, тендэрийн хэрэг, дуусдаггүй барилгаар дамжуулж төсвөөс саадаг хэрэг, төсвийг дураараа зарцуулж зугаалж цэнгэдэг байсан хэрэг гээд аль муу муухайг өмнөх засгийн үед өөгшүүлэн хөхиүлж байсныг нотлох олон хэргүүд илэрч зарим нь шийдэгдээд, зарим нь шүүх дээр, зарим нь одоо болтол шалгагдаж байгааг бид мэднэ. Хэн нь даварч байж вэ? Мэдээж энэ бүхнийг яриад эхлэхээр МАН-ынханы үс нь өрвийж, "хуучин өнгөрсөн засаг руу бүх бурууг чихлээ" гэж уурладаг.  Үнэн нь тэр юм чинь. Тэдний хийсэн энэ заваан бүхнийг арилгаж, бүх юмыг эмх цэгцэнд оруулахын тулд өнөөгийн эрх баригчид элдвээр хэлүүлэн зүтгэж байна.

 МАН-ыг бодвол шинэчлэгчдэд нэр нүүр, совесть гэж байнаа. Тэд хөрсөн доорхи баялгаараа барьцаалж гаднаас мөнгө зээлээд түүнийгээ сайн хүн болж ард түмэндээ тараагаад хаясангүй. Харин ч эсрэгээрээ зээлж авсан мөнгөөрөө бодитой юм хийж, бүтээн байгуулалтанд зарцуулж байна. Зам тавих, барилга барих нь тэр дороо  ашиг өгөхгүй ч гэсэн хэтдээ улсыг хөгжүүлэхэд хэрэгтэй дэд бүтэц болох учраас  зайлшгүй  хэрэгтэй бөгөөд ашигтай бүтээн байгуулалт юм. Бэлэнчлэх сэтгэлгээн дээр тоглодог МАН-ынхан одоо ч тэр аргаа ашиглаж цалин тэтгэвэр нэмсэнгүй, бага нэмлээ гэж ард иргэдийг шинэчлэлийн засгийн эсрэг "хатгаж" байна.  Хавар болж цаг дулаарчээ. Хаврын синдром хөдөлж амьтай бүхэн ичээнээсээ гарч "хөдөлж" эхэллээ. МАН-ыг даган баясагчид улс орноо үймүүлж,  ард иргэдээ талцуулж, үймж шуугихаар "хамар нь тачигнан" айсуй. Бодолтой байцгаагтун.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол