Хараалд дуртай МАН

Лениний музей
МАН-ынхан  Лениний музейн барилгыг улсад хүлээлгэж өгөхөөр шийдэж гэнээ.  Их "өгөөмөр" загнаж байгаа хэрэг шүү!  Аль эрт улсад буцаагаад өгчихөд бэлэн гэдгээ хэлсээр байтал ССАЖЯам заавал "шүүхээр заргалдаж байж" авна гэсээр өдийг хүргэлээ хэмээн МАН-ын яруу найрагч генсек нь айлдаж гэнэ. За байз, жаахан толгой эргээд байх чинь, юу юу гэнээ?
МАН мөнөөх барилгыг буцааж улсад өгье гэсэн чинь ССАЖЯам заргалдсан гэнэ үү? Шүүхээр заргалдах хэрэг байгаа эсэхийг  Оюунгэрэл сайдад МАН-аас сануулж байсан гэнэ. Тэгсээр байтал Оюунгэрэл сайд "зарганд дуртай" юм болохоороо шүүхээр явсан юм байх. Зүгээр хэл амгүй өгчихнөө гээд байхад шүүдээ. Мөн "тэнэг"  хүүхэн байгаа биз?
Тэгсэн чинь нөгөө "зүгээр өгчихнө" гэсэн МАН-ынхан маань шат шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан байгаа юм. Өгчих байсан юм бол анхан шатны шүүхийн шийдвэр ССАЖЯамны талд гарахтай зэрэг л  "бөөн баяр" түлхүүрийг нь сайдад нь атгуулчих байсан юм биш үү? Гэтэл үгүй юм аа. Эцсийн шатыг нь дуустал давж заалдсан байгаа юм. МАН-ын генсек болон бусад дарга нарт нь мэдэгдэхгүйгээр хэдэн нөхөд "нууцаар" заргалдаад давж заалдаад байсан юм шиг байгаа юм. Дарга нар нь "өгчих өө" гээд байхад зөрөөд байдаг яасан бүдүүн хүзүүтэй, бөх зүрхтэй МАНгарууд вэ? Бүх шатны шүүхийн шийдвэр ССАЖЯамны талд гарч уг барилгыг төрд хүлээлгэж өгөх өдөр цаг товлоод ч МАН-ынхан ирсэнгүй. Харин ч бүр манай "өмч" байж мэдэх учир учиг олдлоо гэж шуугиан тарьдаг гэж байгаа. ЗХУ-аас МАН-д "бэлэглэсэн" баримт ирсэн тухай хэвлэлээр шуугина лээ.  Уг нь манай шүүх Лениний музейн барилгыг улсын өмчөөр бариулсан гэдгийг тогтоочихсон юм шүү дээ. Яахав, доторхи үзмэр нь энд тэндээс өгсөн бэлэг байж болох.

-       Лениний музейн барилгын захиалагч: БНМАУ-ын Соёлын яам
-       Санхүүжүүлэгч байгууллага: Монгол банк
-       Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв, 1974-1980
-       Захиалагчийн төлөөлөгч: Соёлын яамны барилга захиалагчийн газар
-       Барилгын захиалагчийн огноо: 1974-01-15-наас 1980-07-09
-       Барилгын гүйцэтгэгчид: Улаанбаатар хотын ТТБҮТ, ЦСУНТ,НАБТ
-       Зураг төсөл: УБЗТИнститутын 160, 97а,б, 228, 236, 6, 7а,б, номерын төсвүүд болон 3872 номерын зураг
-       Барилгыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон: БТБШ газрын 1974-02-15

Үнэнд дийлэгдээд ирэхийн цагт МАН-ын шүлэгч дарга  дээр дурдсан шиг хачин юм ярьж бухаж  байгаа нь энэ. Энэ МАН-ынханд "совесть" гэж нэг юм байна уу? Нэг намын дарангуйллын үед бүх юм "тэднийх" байсаан. Одоо цаг өөр болсон. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг болсон. ССАЖЯам тэр барилгыг зориулалтынх нь дагуу ашиглаж ард түмнийхээ хүртээл болгоно гэнэлээ. Тодруулбал, динозаврын музей болгох юм уу даа. Тун сайн хэрэг. МАН-ынхан тэр музейг баар сав, дэлгүүр, албан газар болгон хувиргаж, түрээсийг нь "саагаад" их орлого олж байсан  даа. Уг нь тэр орлогынх нь тодорхой хувийг улсад нөхөн төлүүлбэл шударга болох юм, гэвч байшингаа бүрэн бүтэн салгаж авч байвал дээдийн заяа болж байх шив дээ. Олон ч жил МАН-ын "саалийн үнээ" болсон доо зайлуул, тэр барилга.

Монголчууд нэг сайхан динозаврын музейтэй болох эсэх нь МАН-ынханд үнэндээ сонин биш байж, гэвч аргагүй "хүчинд автаж", "буруу харж уйлан, зөв харж инээж байгаад" өгөхөөс өөр  гарцгүй болох шив дээ. Бас зүгээр ч өгчихөж чадахгүй, "Бид өгье  гэсэн чинь..." гэж худлаа донгосох ямар хэрэг байсан юм гэж. Намын эрх ашгийг ард иргэдийнхээ эрх ашгаас дээгүүр тавьдагийг нь батлах нэг том баталгаа боллоо доо, энэ барилгын хэрүүл.  Эцэс сүүлд нь иргэдийн дургүйцэл ихсээд ирэхийн цагт намын нэр хүндэд муу болуужин хэмээн болгоомжилж музейг өгөхөөр шийдэж. Мөн ч их муу хэлүүлж байж "ухаарах" шив.

Увсын сонгогчид  Төрийн ордны гадаа 

МАН-ынханы хараал цуглуулж байгаа бас нэг хэрэг бол нөгөө "улайдаггүй" Увсын хоёрын хэрэг. Мөнгө тараагаад сонгогдож болдог нь зөвдөөд байгаа бол МАН-ынхан хуулиа мөрдөх, хүндэтгэх    гэж худлаа уран гоё ярьдгаа болих хэрэгтэй. Харин ч Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод мөнгө тараах, амлахыг чөлөөтэй болгосон заалт оруулахын төлөө тэмцэх ёстой бус уу? Тийм заалт санаачлаад батлуулчихвал тэр Увсын үйлтэй хоёр зөвдөж, амар тайван унтаж чаддаг болно. Тэр хоёрын штабт ажиллаж мөнгийг нь тараах ажлыг гардаж хийсний төлөө  шүүхээс ял авсан бүх хүмүүсийг цагаатгах хэрэгтэй болно. МАН-ын "мөнгөний депутат" Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёрын хууль зөрчсөн үйлдлийг илчилсэн иргэд эцэст нь хүний "мууд дурласан" хүмүүс болж хувираад орон нутагтаа ад үзэгдэж МАН-ынханы дарамтанд өдий болтол явж ирсэн байна. Аргаа бараад Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй, тэр эрхийг нь хөсөрдүүлж, бүр өөрсдийнх нь тайван амьдралд элдвээр саад дарамт учруулж байхад төр засгаас, хуулийн байгууллагаас анхаарч хамгаалахгүй байгаад бухимдаж Монгол Улсын иргэншилээс татгалзана гэж "айлгаж" байна.  Луйвраар сонгогдсон хоёрын  зөв юм бол бид "буруутсанаараа" зайлая гэж. Хаашаа зайлахаа хэлсэнгүй. Гэхдээ миний бодлоор иргэншлээсээ татгалзах нь буруу шийдвэр. Харин ч иргэн хэвээрээ байж тэмцэх ёстой юм. МАН-ын хүний амь золиослон байж босгож авсан шинэ байрных нь өмнө очих суугаад тэмц. Час улаан Увсын тойргоосоо нүүж Улаанбаатарт ирцгээ. Нийслэлд та нарыг өмөөрч дэмжих  хүмүүс олон. Монголоосоо явж, луйварчдын бах тавыг хангахын оронд тэд нарыг ялж дийлтлээ тэмцэгтүн.

Ингэж хараал "идэж" байх нь МАН-ынханд ямар ч хэрэгтэй байсан юм бол?  Буруу юман дээр л "Вазари" алдаад байгаа нь энэ намын удирдлагын мунхагынх биз ээ. Намаа ингэж "алаад" байгааг гишүүд нь ойлгохгүй байна гэж үү?  Эсвэл ойлгосон ч таг дуугүй байна уу? Уг нь аливаа намын нэр хүнд гэдэг бол их л чухал эрхэм зүйл баймаар, гэвч энэ намын удирдлагуудын энэ байр суурь эсрэгээр намаа "хорлож" байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм удирдлагатай нам хол явахгүй нь тодорхой. Цаг хугацаа харуулна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол