Шинэ ба хуучин эрх баригчдын ялгаа

Шинэчлэлийн Засгийн газар
"New Era" судалгааны төвөөс гаргасан санал асуулгаар намуудын үнэлгээг тодорхойлжээ.  Судалгаанд оролцсон  хот хөдөөгийн нийт 2200 иргэдээс 42% нь АН-ыг , 24.5% нь МАН-ыг сонгожээ. Мөн шилдэг 10 улс төрчдийн эхний 3 байранд АН-ын лидерүүд орсон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд. МАН-аас хамгийн рейтинг дээгүүр яваа нь УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ (аварга) байна. 
Хүн бүр  янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь энэ дүнг худлаа гэж байхад зарим нь үнэн гэнэ. Мэдээж хүн болгонд л тодорхой үндэслэл байгаа болоод үнэн, эсвэл худлаа гэж байгаа биз ээ. Миний бодлоор АН-ын нэр хүнд ийм өндөр байгаа нь ганцхан л шалтгаантай: Тэд зээлж авсан мөнгөө зүгээр тараагаад хаячихсангүй, харин тодорхой ажил бүтээн байгуулалтанд зарцуулж байна.  Бодитой "юм" хийж байгаа учраас иргэд талархалтай байна. Ард түмэн сар болгон авдаг байсан 21 мянгаа одоогийн эрх баригчдаас нэхсэнгүй, харин нүдэнд харагдахаар ажилд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас баярлаж байна.

 "Зам тавихаас өөр ажил хийгээгүй" гэж сөрөг хүчнийхэн басамжлан муулж байгаагаас ургуулан бодвол  "зам" гэдэг чухал юмыг ингэж дорд үзэж байгаа нь тун гайхалтай.  Зам дагаж хөгжил гэдэггүй бил үү?  Хот, аймаг доторхи зам  ч бай, аймгуудыг холбосон хөндлөн гулд замууд ч бай, бүгд л хөгжлийн гол суурь дэд бүтэц. Ийм дэд бүтэцгүй ямар ч улс хөгжихгүй. Мэдээж дээр нь төмөр зам гээд зөндөө юм бий.

Замаас гадна бүтээн байгуулалтын нэг том ажил бол барилгажуулалт. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хотын утаа, хөрсний бохирдолт, эрүүл ахуй, амьдрах нөхцөл сайжруулах  зэрэг олон асуудлыг шийдэх хамгийн гол арга нь. МАН-ынхан энэ асуудлыг ярьсаар байгаад л суудлаа өгсөн. МАН-ынхан гоё ярих, бэлэн амлахдаа их сайн боловч ажил хийхдээ даанч их муу. Энэ ялгааг ард иргэд маань анзаарч байна.

Шинэчлэлийнхэн өөр олон шинэчлэлийг ч хийж байгаа. МАН-ынханы "хөхиүлж" ирсэн хүнд суртлыг  арилгахын тулд их олон өөрчлөлт хийж байгаа. Ганцхан  жишээ өгүүлэхэд л,  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас (МХЕГ) хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжид олгодог байсан 88 төрлийн тусгай зөвшөөрлийг 17 болгож цөөрүүлсэн  байх юм. Энэ бол хүнд суртал, авилгыг багасгах, иргэдэд учирдаг байсан чирэгдлийг арилгахад маш чухал алхам. Хүнд суртлын "зовлонг" Монголчууд амсахаараа нэг болсон. Хүнд суртал бол "надад авилга өг"  гэсэн "сигнал" юм. "Таньдаг хүн байна уу?" гээд хайгаад давхичихдаг нь эндээс үүсэлтэй. Тэгвэл  энэ зовлонгоос салах шиг сайхан юм  хаана байна? Муу муухай бүхний эх үүсвэр, чөдөр тушаа энэ байсан юм. Мэдээж нэг өдөр сайхан болчихгүй, хугацаа шаардана.

Ийнхүү эрх баригчид энэ эрчээрээ явбал  үлдсэн хугацаандаа эхлүүлсэн ажлаа дуусгаж 2016 он гэхэд нийгэм болон хувь хүний амьдралд маш их өөрчлөлт авчирсан   байх биз ээ. Тэгж чадвал 16 оны сонгуульд АН болон хамтрагч хүчнүүдэд сонгуулийн сурталчилгаа хийгээд байх  шаардлага  гарахгүй биз.  Тэртэй тэргүй шинэчлэгчид юу хийж, яаж өөрчилсөнийг ард түмэн харах учраас улс орноо энэ янзаараа цааш нь аваад явахыг эрх баригчдад даалгаж , улируулан сонгох нь дамжиггүй. Харин МАН-ын хувьд өрсөлдөгчөө яаж харлуулах вэ гэдгээ бодоод "ухаан алга". Сөрөг хүчнийхэн  энэ "тактикаараа" цаашид ажиллах юм бол харин ч нэр хүндээ улам алдаж, улмаар намаа мөхөөж  мэдэх юм. Тийм учраас намынхаа ирээдүйн хувь заяаг  харуулах сайн төлөгч, мэргэч лам даруй олж мэргэлүүлэх хэрэгтэй. Намын удирдлагад нь "алсын  хараа" дутаж байгаа энэ үед ингэхээс өөр сайн арга байхгүй юм шиг.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө