МАН-ын захиа

УИХ дахь  МАН-ын бүлгээс УИХ-ын нэр бүхий 17 гишүүнд  бүлгийн дарга С.Бямбацогтын мутартай "захиа" илгээжээ. Гол утга нь "давхар дээлийг" чинь тайлах тухай хэлэлцэх хуралд битгий ирээрэй"  гэсэн байна.  Мөн "ард түмэн харж байгаа" учраас хуралд ирж суух гээд үзээрэй гэж анхааруулжээ. Хуралд суух эрхийг нь  "хасах" болсон шалтгааныг "ашиг сонирхолын зөрчилтэй" учраас гэж нэрлээд, хоёр ч хуулийн заалтыг иш татсан байна. ("Давхар дээл" гэдэг нь УИХ-ын гишүүн аль нэг яамны сайдын ажлыг хавсарч хийхийг хэлжээ.)     (  http://politics.news.mn/content/175422.shtml холбоосоор орж уг "захиаг" бүрэн эхээр нь уншаарай. )

МАН-ын захиа
Энэ захианы агуулга, зорилго үндэслэлтэй эсэх тухай ярихаас өмнө нэр томъёоны ойлголтоо нэг мөр болгож авъя. "Ашиг сонирхолын зөрчил" гэж юу вэ?  2012 онд батлагдсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуульд юу гэж томъёолсоныг харъя. Уг хуулийн 3.1.3.-д, " "aшиг сонирхолын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг  ойлгоно" гэжээ. Тэгэхээр "хувийн ашиг сонирхол" гэдэг "юм" яригдаад байнаа даа.

Мөнөөх захианы логикоор бодвол "сайдын албан тушаал" ба "хувийн ашиг сонирхол" хоёр "хүйн холбоотой" болж таарах гээд байгаа биз? Тэгэхээр МАН-ынханы ойлгож  байгаагаар "сайдын албан тушаал" хувийн ашиг сонирхол агуулсан бөгөөд энэ албан тушаалтай холбоотойгоор  хувийн ашиг сонирхол нь хөндөгддөг юм байна. МАН-ынхан төр засгийн аливаа албан тушаал, сонгуульт ажлыг хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашиглаж ирсэн бөгөөд одоо ч мөн тэгж үздэг хуучин сэтгэхүйгээрээ яриад байгаа нь илт байна.  Тийм болгосон нь буруу болохоос биш, уг нь тийм байх ёсгүй юм л даа, "номоороо" бол. Ууган нам гэж насаараа "далайлгах" улс төрийн энэ хүчин "номын" дагуу л  ярих ёстой юм, уг нь. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг  төрийн албыг "хувийн" болгож ирсэн  өөрсдийнхөө  "уламжлалыг"  л хэлчих шиг боллоо.

МАН-ынхан одоогийн эрх баригчдыг "унагах" бүхий л арга замыг хайж байна. Ерөнхий сайдыг  огцруулах, төрийн сайдуудаас сугалж унагах гээд бараагүй. Ерөнхийлөгчөөс "давхар дээлний" тухай асуудал хөндсөн нь МАН-д "азны юм" болж, энэ асуудлаар далимдуулан одоогийн сайд нарыг "огцруулахаар" шийдэж, энэ зорилгодоо хүрэхийн тулд мөнөөх 17 гишүүнийг  "хуралдаа  ирээд үзээрэй" хэмээн тулгах, айлгахын завсар аашилж байгаа нь энэ.

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 8.2.-т зааснаар "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэжээ. Энэ заалтыг МАН-ын зорилгод дүйцүүлж үзвэл, жишээ нь, Х.Тэмүүжин гишүүний  ашиг сонирхол (хувийн ашиг сонирхол нь) "зөрчигдөх"  учраас Хууль Зүйн сайдын албан тушаалыг давхар хашуулах эсэхийг хэлэлцэх хуралд суухаас (албан үүргээ гүйцэтгэхээс) татгалзах ёстой юм байна. Хууль Зүйн сайдын алба Тэмүүжин гишүүний хувийн ашиг сонирхолыг хангадаг албан тушаал болж таарах гээд байна. Хэрэв ингэж үзэж байгаа бол МАН-ынхан эхлээд үүнийгээ нотлох хэрэгтэй. Сайдын албан тушаалыг  Тэмүүжин гишүүн хувийн ашиг сонирхолдоо яаж  ашиглаж байж вэ гэдгийг. Хэрэв хүндээ биш гэж үзэж байгаа бол, хэн нэгнийг сэжиглээгүй бол, энэ "ашиг сонирхолын зөрчлийн" шалтгаанаар УИХ-ын гишүүдийг хуралдаа суухыг боль гэдэг тэнэг шаардлагаа татаж, уучлалт  гуйх хэрэгтэй.
Харин хүндээ байгаа бол нотлох баримтуудаа гаргаж тавиад огцруулах асуудлыг тавих хэрэгтэй. Ингэж чадвал МАН-ынхан өөрсдийнхөө тавьсан хавханд орохгүйгээр мултарч гарах боломж бүрдэнэ. Тэгж эс чадвал "мэхт мэхэндээ" гэдэг шиг юм болж, шившгээ тарина.

 2012 онд шинэчлэн батлагдсан "Тамхины хяналтын тухай" хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид  "Та ашиг сонирхолын зөрчилтэй учраас энэ хуулийг хэлэлцэх хуралдаанд битгий суугаарай" гэсэн утгатай захиа хэн ч  өгсөнгүй. 2005 онд энэ хууль анх батлагдахад ч ийм захиа ирээгүй. Монголдоо монополь, тамхи үйлдвэрлэдэг Монгол тамхи компаны эзэн учраас Ц.Дашдорж гишүүн тамхитай холбоотой хууль хэлэлцэхэд "ашиг сонирхол" нь хөндөгдөх хүний нэг мөн. МАН-ынхан тэр үед ийм захиа бичсэн бол намынхаа гишүүнийг "эвгүй байдалд" оруулах байсан биз ээ. Гэвч юу боллоо гэж тэгж "тэнэгтэхэв".
Олны дунд хүлээлттэй байгаа "Архины хяналтын тухай" хуулийг хэзээ нэгэн цагт хэлэлцэж эхлэх  үед  "архины бизнесээр талхаа олж идэж байгаа" УИХ-ын гишүүдэд ийм "захиа" очих болов уу? Архин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг, импортлодог аж ахуйн нэгжтэй УИХ-ын гишүүд АН, МАН-ын аль алинд нь бий. Тийм болохоор "ашиг сонирхолын зөрчилтэйг нь анхааруулж, чөлөө авахыг сануулсан" захиа лав энэ хоёр намынхан бичихгүй байх. Харин бие даагчид бичиж тарааж магадгүй. Хүсвэл шүү дээ. 

МАН-ын "захианд" дурдсан бас нэг заалт болох  "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуулийн 9.6.-д буй  "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ" гэдэг заалт мөн л оносонгүй. Сайдын албан тушаал хаших нь УИХ-ын гишүүний хувьд  "ашигтай, сонирхолтой" бөгөөд албан тушаалаас нь  болиулах тухай асуудал  нь уг гишүүний хувьд "ашиг сонирхолын зөрчилтэй" гэдгийг МАН-ынхан эхлээд нотлох хэрэгтэй. Тэгж эс чадвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйлдэлд саад хийхийг оролдсон, УИХ-ын гишүүдийг гүтгэсэн, нэр хүндэд нь хохирол учруулсан "ялд" унах нь байна шүү. Тийм учраас УИХ-ын нэр бүхий  17 гишүүн өөрсдийн хашиж буй  сайдынхаа албан тушаалыг "хувийн ашиг сонирхолдоо" ашигласан баримт нотолгоог даруй олж авахаар яаравчлагтун. "Давхар дээлний асуудал" хэлэлцэж эхлэхээс өмнө амжуулах хэрэгтэй шүү.  Тэр л та нарыг аврана.  Good luck!

пи.эс: Давхар дээлийг ер нь халах нь зүйтэй байх. Гэхдээ одоо нэгэнт тогтчихсон бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж бужигнуулах шаардлага алга. Харин 2016 оноос эхэлж хэрэгжүүлэхээр зохицуулж, зохих хуулиндаа өөрчлөлт оруулаад цаг нь болохоор мөрдөөд  явах нь зөв болов уу гэж бодно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол