Ч.Содномцэрэн та ажлаа хийгээч ээ!
Ч.Содномцэрэн |
Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) гэж нэг "намчирхсан" байгууллага байнаа. Эсвэл "намчирхаагүй", хэн нэгэнд "худалдагдсан" ч байж мэдэх. Ямартай ч энэ байгууллага болон түүний толгойлогч Ч.Содномцэрэн гэгч өнөөг хүртэл хуулийг уландаа гишгэж ирлээ. Үүнийх нь төлөө энэ хороог тэр чигээр нь огцруулбал таарна. Хуулиа мөрддөггүй ийм хүмүүс иргэд сонгогчдыг даапаалж, өмнөөс минь "хэлээ гаргаж" байна шүү дээ.
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн |
Увсын хоёр гэж алдаршсан (Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн) Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар 2012 оны сонгуулиар овоохон мөнгө цацаж ихэнх сонгогчдын саналыг худалдаж авсаны хүчээр УИХ-д орж ирсэн билээ. Овоо ч мөнгө зарсан байх, их ч санал авсан. Гэвч уг хэрэг илэрч, мань хоёрын мөнгийг нь тарааж хамаг л "хар бор" ажлыг нь хийсэн хүмүүс шүүхээс ял авчихаад байхад Чойжоо. Хүрлээ хоёр гишүүнийхээ үнэмлэхийг өвөртөлчихөөд гэмгүй дүр эсгэсээр, "хууль тогтоогч" хэмээх эрхэм алдрыг бузарласаар явна. (дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү). Хэний "ачаар" энэ хоёр УИХ-ын гишүүний үнэмлэх авч, мөн өнөөг хүртэл ингэж явна вэ? Мэдээж нөгөө "намчирхсан" эсвэл "худалдагдсан" СЕХ ба түүний дарга Ч.Содномцэрэн гэгчийн "ач буянаар" шүү дээ.
ОУПСТ-ийн шагнал |
Олон Улсын Парламентын Судалгааны Төвөөс (ОУПСТ) 2013 онд шилдэг сонгуулийн байгууллагад олгодог шагналыг авсан гэж байгаа. СЕХ-ны даргын хувиар өөрийнх нь нэрийг шивсэн бичээс бүхий энэ цомыг "сонгуулийн ардчилалын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээж, сонгуулийн үйл явцыг богино хугацаанд шинэчлэн боловсронгуй болгож, сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсаны" төлөө олгожээ. 2012 оны сонгууль үнэхээр шинэлэг бөгөөд шударга талдаа болсон нь үнэн. Одоо муу хэлэгдээд байгаа тооллогын хар машиныг анх удаа хэрэглэсэн гээд дэвшил байсаан. Гэвч сайны хажуугаар саар болсон мөнгөөр санал худалдаж авсан хэрэг гарсаныг одоо болтол нэг тийш болгож шийдээгүй нь СЕХ болон дарга Содномцэрэн нарыг ажлаа хуулийн дагуу бүрэн гүйцэд хийсэн гэж хэлэх аргагүй болгож байна. Харин ч бүр хууль бус энэ үйлдлийг хаацайлж, хэн нэгний захиалгаар санаатай хөдлөхгүй байна гэж хардахад хүргэж байна. Шагнал өгсөн ОУПСТ гэдэг байгууллага мөнгөөр сонгогдсон хоёр гишүүний талаар юу ч хийхгүй таг дуугүй "хамгаалаад" байгаа Содномцэрэн даргын тухай сонссон юм болов уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж СЕХ-ны 20 жилийн ойгоор илгээсэн мэндчилгээндээ, "Та бүхэн хуулиа дээдлэн үнэнч шударгаар ажиллан, сонгуулийн аливаа луйвар, маргаан гарахаас тууштай сэргийлж чадна гэдэгт гүнээ итгэж байна" гэж бичиж байжээ. Гэвч Ерөнхийлөгч маань Содномцэрэн болон түүний командад дэмий итгэж байжээ гэхэд болохоор байна. Учир нь сонгууль дуусаад бараг 2 жил өнгөрчихөөд байхад хууль зөрчсөн гэмтэнгүүд УИХ-д суусаар байна. Нам хүчнүүд болон тухай тойргийн сонгогчид, иргэдээс энэ тухай анхааруулж шаардлага хүсэлт гаргасаар байтал СЕХ үл тоож өдийг хүргэлээ. Бидэнд цаашид ийм нөхдөд итгэж энэ чухал албыг хашуулах шаардлага үгүй болсон мэт. Энэ байгууллагын бүрэлдэхүүнийг санал болгож томилсон Ерөнхийлөгч, УИХ энэ хачин байдалд дүгнэлт хийж яаралтай арга хэмжээ авахгүй бол хууль дүрэм мөрдөх, шударга ёсны тухай хоосон яриад яахав дээ.
Содномцэрэн дарга тангарагаа өргөж тамгаа авав |
Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн Содномцэрэн гуай та тангарагаа биелүүлж чадахгүй гэвэл зайгаа тавьж өгсөн нь дээргүй юу? Өөрийн чинь өмнөх дарга, МАН-ын "улаан хамгаалагч" нэгэн байж байгаад ажлаа өгсөн Н.Лувсанжав гэгчээс тамгаа хүлээж аваад "адис" авч байхдаа өгсөн тангарагаа мартсан бол тамгаа өгөөд зайлбал яасан юм? ОУПСТ өөрийн чинь энэ "хачин занг" мэдээгүй байж болно, харин сонгогчид маань бүгд мэдэж, харж байгаа шүү. Та эсвэл МАН 16 онд ялах байх хэмээн "алсыг харж" тал засаад, хамгаалаад байгаа юм уу? Эсвэл ингэж тэгсхийж байгаад ажлаа өгөөд "дэвшээд" явчих санаа байна уу? Эсвэл нам хүчнүүдийн хооронд "хайчинд орчихоод" хөдөлж болохгүй байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн юманд (ирээдүйд амлах албан тушаалд) "барьцаалагдчихаад" байна уу? Эсвэл өөр учир шалтгаан байна уу? Ямар ч байсан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэний зориг, төрийн албан хаагчийн зангараг гаргаж энэ ойлгомжгүй байдлаа тайлбарлаж арга хэмжээ авах цаг болжээ. Нэр хугарахаар яс хугар гэж. Муу нэртэй, луу данстай "хадан гэр" рүүгээ явах тийм ч сайхан зүйл биш дээ.
Өмнөд Солонгосын түнштэйгээ |
Манайд бол тийм "жудаг" байхгүй. Харин ч эсрэгээрээ, мөнгө тараасан бичлэг нь интернэтээр тарчихаад байхад, "Би од болчихлоо" ухааны юм бодож явдаг бололтой. Увсын "хоёр од" юу бодож явах нь хэнд ч хамаагүй, харин хууль дүрмээ баримталдаг, хууль хэнд ч тэгш үйлчилдэг шударга төр нийгэм байгуулая гэж байгаа бол энэ мэт завхарлыг дор дор нь засаад, нийгэмд зөв мессэж өгөөд цаашаа явах хэрэгтэй. Үүнийг манай иргэд сонгогчид ч шаардах ёстой. Мөнгөөр биеэ үнэлдэг янхан шиг биднийг янхан болгогч тэр луйварчид бидний толгой дээр "зайдалчихаад" төр барина гэж байхгүй шүү!
Comments
Post a Comment