Хар машин ба давхар дээл

МАН-ын даргалсан уулзалт
Сүүлийн үед МАН  "араатны хааны" дүрд тоглож "жижиг амьтадаар" өөрийгөө хүрээлүүлэн АН руу үе үе архирах болов. Өөрийнх нь хүчин мөхөсдөж бие нь доройтсон тул хань хамсаатан , дэмжигч нар хэрэгтэй болжээ.  Өмнө нь МАН-ыг "хаан" сууж байх үед "дарлуулж",  луйвардуулж байсан "амьтас" түүнийгээ мартчихаад сүүлээ шарвалзуулан "хөгшин арслангийн" өмнө хойно орон далдаганах болжээ. Саяхан бас л мөнөөх "ойн жижиг амьтадыг" дуудан хурал хийжээ. Цуглаан дээр үнэг, чоно, шилүүс гээд бүгд л "хааныхаа" архиралтыг нэгэн дуугаар түрж,  адгийн муу АН-ыг тасар татан хаясугай хэмээв.

Өмнөх сонгуулийн гол луйварын нэг нь (мөнгө тараахаас гадна) санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг тоолох явдал байсныг өнөөдөр МАН-тай хошуу амаа нийлүүлээд байгаа бусад намууд мартлаа гэж үү?  Тооллого дээр яаж луйварддаг байлаа, тэр үеийн эрх баригч МА(х)Н? Ядаж тооллогоо зөв явуулж байя гээд автомат тооллогын машин аваа биз дээ?  Машин "намчирхана" гэж байхгүй байх. Харин хүн бол хачин намчирхдагийг залхталаа үзсэн бид.  Одоо болохоор тэр "гайтай"  хар машин луйвардчихсан аятай ярьцгаах юм. Бараг л тэр машиныг АН-д  ахиухан санал тоолдог болгоод "програмчилсан" гэх нь холгүй. Тэгж ярьвал тэр машиныг чинь бидний тахин шүтдэг АНУ-ын "империалистуудаас" аваа биз дээ? Тэд хуудуутай юм хийнэ гэж байхгүй. Нэр нүүрээ боддог улс.

2000 оны сонгуулиар МА(х)Н үнэмлэхүй олонхи (72) суудлыг авсан. Мөн тэр ондоо 12 сард Үндсэн Хуульд өөрчлөлт оруулсанаар (29-р зүйл) Их Хурлын гишүүн "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран"  хийх "эрхгүй" болсон билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон  Яамны сайдаар хавсарч ажиллаж болно гэсэн үг. ("Хавсрахгүй" байсан ч болно гэсэн үг бас мөн бөлгөө). 2000 оноос хойш МА(х)Н нийтдээ 8 жил төр барьсан биз?  Найман жил "давхар дээлтэй" явсан биз? Явсан.  Өнөөдөр АН засаг барьж байна. Анхнаасаа төр засгийнхаа боловсон хүчний хувиарлалтыг "тогтсон  заншлын" дагуу хийгээд ажиллаад ирсэн байгаа. Сонгуульт бүрэн эрхийн хугацааныхаа  1.7 жилийг  өнгөрөөгөөд байна. 2016 он бол  тооцоо бодох жил. Нэгэнт хүн хүчний зохион байгуулалтаа хийгээд ажиллаад эхэлчихсэн хойно нь "давхар дээлээ" тайлаач ээ гэж шаардаад байх нь ямар  хэрэгтэй юм гэж асуумаар байна. АН "давхар дээлний" асуудлыг шийдэхгүй гээгүй, харин нэгмөсөн 2016 оны сонгуулиас хойш өөрчлөлтөө хэрэгжүүлээд явъяа л гэсэн юм. Замын дунд нь ингэж холио солио хийж бужигнуулах ямар шаардлага байнаа гэж.

Гэтэл "сөрөг хүчин" гэдэг шинэ нэрэндээ дасан зохицож чадахгүй байгаа МАН өөрийнхөө "дарангуйллын" үед хийсэн Үндсэн Хуулийн өөрчлөлтөө өнөөдөр гэнэт "буруу" гээд,  сонгуулиар юу ч үгүй хоцорсон бусад "наманцаруудыг" уриалан эрх баригчдыг буруутгахын тулд буруутгах гэж улайрч байна. Намын эрх ашгийг улсынхаас дээгүүр тавьдагийн жишээ бол энэ юм. Ард түмний сонголтыг хүндэтгээд эрх баригчдын ажлыг нь хийлгэ. 16 онд тооцоогоо бод. Аливаа ажлыг хийгээд дууссан хойно нь сайн, муу гэж дүгнэдэг биз дээ? Ажил нь дуусаагүй, хугацаа нь болоогүй байхад л "дүгнэх" гээд дайраад байх юм. Алтанхуяг огцроод Мөнгөнхуяг гэдэг Ерөнхий сайдтай болчихвол  дэлхийн зах зээл дээр гаргадаг манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөөд, бид мөнгөжөөд, амьдрал сайжраад ирнэ гэж бодоогүй биз дээ, арай? Тэмүүжин сайдыг "Жамуха" сайдаар солиод, Ганхуяг сайдыг "Төмөрхуяг" гэдэг хүнээр солиод, Эдийн Засгийн Хөгжлийн сайд Батбаярыг "Лутбаяр" нэртэй хүнээр солиод, Улаан сайдын оронд "Ногоон" гэдэг сайд тавиад ч нэмэргүй,   "дүндээ дүн". Яагаад гэхээр хэн ч солигдсон байсан орных нь хүн эрх барьж байгаа хүчнүүдээс л томилогдоно. Тэр хүмүүс намынхаа бодлого, зорилтын дагуу өмнө ажиллаж байсан хүмүүсээ залгамжлаад л явна.

Тэр огцруулах гээд байгаа хүмүүсийн оронд МАН-аас сонгогдохгүйгээс хойш ингэж "шоудах" ямар хэрэг байнаа гэж. МАН-д бол их хэрэгтэй.  Тэд 16 оны сонгуульд одооноос "бэлдэж" байгаа нь энэ. Шинэчлэлийн Засгийн газрыг наана нь  болж өгвөл хэдэн ч удаа хамаагүй огцруулж, Ерөнхий сайд, яамдын сайд нарыг аль болохоор л "харлуулж" байвал эрх баригчдын нэр хүнд муудаж, ирэх сонгуульд  МАН  олон суудал авах боломж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа нь ойлгомжтой.  Үүнийг УИХ-д суудалгүй бусад намууд мэдэж байгаа боловч "ялсан тал руу нь ялагдсантай нь хамсаж дайраад, дундаас нь ашиг хонжоо хайдаг Монгол зангаар" ийнхүү МАН-ын далласан цагт нь  давхиж очиж  байгаа нь тэр. Гэвч тэд ингэж "хавсайдаад" ирэх сонгуульд  суудал авч чадах болов уу? Цагаа болохоор МАН тэднийг түлхээд хаячихаж өлхөн чадна. Тэр цагт амаа бариад ч нэмэргүй байх вий. МАН-ын энэ "зөвшилцөл" нэртэй шоунд  үнэндээ "сөргөлцөл" гэдэг нэр илүү зохино. Тэд эрх барьж байхдаа хэзээ "нээлттэй" уулзалт хийж бусдыг сонсоё гэж уриалан дуудаж, урилга заллага илгээдэг байлаа? Тэгэхээр энэ бүхэн чинь жүжиг л байхгүй юу. Энэ жүжгэнд "том бага дүр аваад"  тоглож байгаа бусад намууд нь хөөрхий. Эцсийн дүндээ энэ бүх тоглоомын золиос болж байгаа Монголын ард түмэн хөөрхий гэж.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол