Баастсан нэрийг хусаж цэвэрлэх хэцүү

Монгол Улс хүн ам цөөтэй. "Сайн яривал" бүгд л хоорондоо хамаатан болох гээд байдаг "аюул" бий. Энэ байдал бидэнд их төвөг болж байна. За ямар ч байсан 5, 10 сая хүнтэй болтол байдал сайжрахгүй биз. Хүмүүсийн энэ "найзархаг" харилцаа төр засгийн албаны түвшинд ч, мэдээж хувийн салбарт ихээр ноёлдог. "Арын хаалга", энд тэнд "сайн таньдаг хүн байна уу?" гэх мэтийн үгс бол амны уншлага. Хувийн салбар дахь энэ харилцааг  "захиргаадаж, хянаж" чадахгүй нь мэдээж, харин төр, засгийн  албаны түвшинд  хянах гэж оролдож байгаа. Авилгатай Тэмцэх Газар бол хяналтын нэг хэрэгсэл нь. Бас нэг арга нь хуулийн зохицуулалтаар "барих" арга юм. Энэ аргыг мөрдөж ажилладаг, хянадаг, шалгадаг бусад "хэрэгслүүд" бий.

МАН олон жил засгийн эрхэнд байхдаа дээрх хэрэгслүүдийг зохих ёсоор нь ажиллуулаагүй учраас хууль "гууль" болж,  энэ нь өнөөдөр өөрсдөд нь гай болж байна. "Бурхангүй газар бумба галзуурна" гэдэг шиг "Хуульгүй газар Ху намынхан галзуурч" байсан юм. Өнөөдөр илэрсэн, шалгагдсан, шийдэгдсэн хэргүүдийн эзэд нь тэр үеийн Ху намын (сүүлд нь МАН болсон) "том жижиг хүүхэлдэйнүүд" байгаа биз. Боломж нь бүрэлдээд , дээр нь хүнийх нь совесть "нойл" болчихсон учраас  тэр хүүхэлдэйнүүд "идэж уух"  гээд ухаан зулаггүй дайрдаг юм.

Өнөөдөр АН-ын засаг барих ээлж ирж, муу муухай бүхэнтэй тэмцэж, эмх замбараатай болгоно гэж амлаж, тэр дагуу ч их юм хийж байгаа.  Мэдээж бүрэн эрх нь дуусаагүй, дөнгөж талдаа ороод явж байгаа боловч мэр сэр муу мэдээ чих дэлсэх юм. Ерөнхий сайдын нэг охиных нь  "бойфрээнд"  Дэнзэн гэгчээс болж МАН-ынханд  баахан боорлуулав.   Бас нэг  охин Саранзаяа нь  "Цэвэр агаар сан"-гийн хэрэгт холбогджээ. Тэрээр Сангийн Яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэнээр ажиллаж байхдаа   Цэвэр агаар сангийн данс тооцоо, гүйлгээг хийдэг байж.  Одоогоор шалгагдаж байгаа юм  байна.  

"Цэвэр агаар сан"-гийн дарга Н.Хүрэлсүх гэгч нөхөр болон бусад хамтрагчид нь улсын мөнгө завшсан хэргээр олон жилийн ял аваад сууж буй.  Энэ Хүрэлсүх бол АН-ын хүн. Одоогоор намын нэрийг хамгийн ихээр  "баастсан" нөхөр энэ болоод байна. Өөр ийм "батгана" бүү гарч ирээсэй гэж найдах юм даа. Шинэ засагт алба хашиж байгаа албан тушаалтнууд хэн ч гэсэн хувийн ашиг сонирхолдоо төр засгийн албан тушаалыг ашиглаж болохгүй гэдгийг өглөө босоод шүдээ угааж байхдаа бодож хэвших хэрэгтэй. Урьд засгийн албан тушаалтнуудын шунал ихэдсэнээс  болж яаж "шулам" болж байгааг харж байгаа биз дээ? Тэднийг "дуурайж" та нарын нэг чинь (Н.Хүрэлсүх) араас нь явлаа.

Н.Хүрэлсүх 
Төрийн албан хаагчдад нөхөрсгөөр зөвлөхөд, хэрэв шуналаа барьж чадахгүй, өөрийгөө эзэмдэж төв шударгаар ажиллаж чадмааргүй санагдаад  байвал "Нэг худаг"-ийн "хадаас" болохоосоо өмнө эртхэн албаа өгсөн нь дээр байх шүү. Эрх баригчид ч гэсэн хүнээ сонгохдоо сайн шинжих хэрэгтэй. Хэдийгээр "хүний дотор" нь орж үзэх боломжгүй ч гэсэн хүнийг шинжих аргууд байдаг даа. Бас нэг өөр хэлэх зүйл байна. Эрх бүхий томоохон албан тушаалтнууд өөрсдийн хамаатан, ах дүү, гэр бүлийнхнийгээ өөрсдийн шууд удирдлага дор биш ч гэсэн төр засгийн албанд  болж өгвөл ажиллуулахгүй байвал яасан юм?  Хэрэв үнэхээр таны хүүхэд "хар багаасаа төрийн албан хаагч" болохыг мөрөөдөж байсан бөгөөд өөрөөр амьдрах "боломжгүй" гээд зүтгээд  байвал одоо яая гэхэв. Насанд хүрсэн хүнийг албадаж "хүний эрх" зөрчилтэй биш. Харин "буруу хийвэл чадуу байна шүү" гэдгээ хатуухан хэлж урьдчилан анхааруулах  хэрэгтэй.

Саранзаяагийн хувьд  Ерөнхий сайд одоо хөндлөнгөөс нөлөөлөх хэрэггүй, хэрэв  буруутай нь тогтоогдвол зохих ялаа аваад л яваг. Бодвол эцэг нь зөндөө л хэлдэг  байсан байх, "За чи элдэв юманд орооцолдолгүй, "мөрөөрөө мөөмөө унжуулаад" аятайхан ажлаа хийгээд явж үзээрэй дээ" гэж. Гэсэн хэдий ч хэлсээр байтал "хэл аманд орооцолджээ."  Одоо өөртөө л гомдохоос. Өөрийн нэр ч өнгөрсөн гэхэд  харин эцгийн нэр хүндэд суулгасан сэв  арилах болов уу?

А.Шоовдор
АН, МАН хоёр адилхан хоёулаа "идэж уудаг" гэдэг яриа гараад байгаад гайхаад байх явдалгүй болж. Ийм яриа гарахад "идэвхтэй хувь  нэмэр" оруулсан Н.Хүрэлсүх мэтийг намын гишүүнээс хасаж, дор дор нь хариуцлагаа тооцоод  явах хэрэгтэй. Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрийн дарга байсан А.Шоовдор гэгч "шуналын тулам" байна. АН-ын гишүүн. Баахан тойрон хүрээлэгчтэй болж аваад л улсын мөнгийг үрэн таран хийж, завшиж байсан бололтой. Айж ичих, санаа зовох, ханаж цадах гэдэг ойлголтууд  иймэрхүү нөхдөд байдаггүй аж.

Эрх баригчид үүнтэй яаж тэмцэх вэ? Нэр нүүрээ яаж цэвэр авч гарах вэ? Хууль зөрчиж мөнгөөр орж ирсэн Увсын хоёр гишүүнээ МАН-ынхан "цээжээрээ хамгаалдаг" шиг авир гаргаад байх юм бол АН нэр хүндээ алдаж дуусна. Харин дор дор нь шийдээд , нэрээ цэвэрлээд явбал бас шударга гэж үнэлэгдэнэ. Мэдээж олон хүн дотор сайнтай муутай байх учраас зарим  нэг "муу алим" олон дотор орчихсон явахыг мэдэхэд хэцүү. Харин илэрсэн хойно нь ялгаж аваад хогийн сав руу чулуудчихдаг байвал болж байна. МАН-аас ялгарах гол ялгаа нь энд л байх ёстой. Үүнийг АН-ын удирдлагууд мэдэж байгаа биз ээ гэж найдна.

Б.Энэбиш
p.s. Эрдэнэс Таван Толгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш гадаад руу гарсан тул Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Авилгатай Тэмцэх Газраас (АТГ) түүнийг албан тушаалаал урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байх үед гадаад руу оргон гарсан гэж үзэж байгаа юм байна. Энэ нөхөр бас л АН-ын гишүүн хүн. Бас л нэг "том батгана" байсан байж мэдэхээр байна.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө