Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа

Г.Мөнхбаяр (Нийслэлийн засаг дарга асан. 2008-2012)
Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 оны сүүлээс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагчаар ажиллаж ирсэн хүн. 2012 онд Эрдэнийн Бат-Үүлд албаа хүлээлгэж өгсөн. Ажиллаж байх хугацаандаа элдэв гуншин цол их л авч байж. Жишээлбэл, Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс "Хэвлэл мэдээллийг дэмжигч 2010 оны шилдэг улс төрч"-өөр шалгарч байсан, Өнөөдөр сониноос тухайн оны "Есөн алдартны" нэгээр тодруулж байсан, БОАЖЯ-аас зарласан "Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх ажлыг амжилттай зохион байгуулсан аймаг, сумыг сонгон шалгаруулах"  уралдааны дүнгээр сүүлийн 2 жилд ой хээрийн  түймэр гаргаагүй нийслэл хот тэргүүн байр эзэлж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байжээ. Хотод "ой хээрийн түймэр" гарах газар байдаг юм уу? Сум, аймаг шалгаруулна гэчихээд хотод шагнал өгөөд мээрийг нь "мандуулаад" байдаг. "Долоох" гэдгийг үзүүлж өгдөг байсан байгаа биз? За энэ ч яахав, үндсэн асуудалдаа оръё.

Өдрийн сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр саяханы нэг нийтлэлдээ,  улсын мэдэлд шилжсэн газрыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШБЕГ) харъяа Банк, Хадгаламж Зээлийн Хоршоодын төлбөр барагдуулах ажлын Албанаас  хотын төвд байх 2.5 га газрыг  "дуудлага худалдаагаар"  70 сая төгрөгөөр зарсан тухай бичжээ.  Аль 2009 онд болоод өнгөрсөн явдал. Одоо сөхөгдөж байгаа нь энэ. Уг нь зах зээлийн үнээр нь зарвал тухайн үеийн (2009 оны) ханшаар 2 тэрбумаас дээш үнэ хүрэх байж. Гэтэл хуучин эзэмшигч нь зөвхөн "эзэмших" эрхтэй байсан учраас  угаасаа эзэмшигч нь эрхээ алдсаны дараа хуулийн дагуу төрийн өмч болох ёстой газар байсан юм байна. Тэгээд ч 70 саяар зарсан нь хэт үнэгүйдүүлсэн хэрэг бөгөөд ийм хэрэгт авилга орсон байх нь магадлал маш өндөр. "Дуудлага худалдаанд" ганц компани ороод л анхны нэрлэсэн үнээр нь авчихаж байгаа юм. Сэжиглэх үндэслэл байгаа биз?

Хадгаламж зээлийн  хоршооны эзэн алдарт Ж.Мэндбаяр уг газрыг 15 жил  эзэмших эрхтэй байсан бөгөөд аж ахуйн нэгж нь "дампуурсаны" дараа уг газар ШШБЕГ-ын мэдэлд очжээ. Харамсалтай нь тэд  "хуурамч"  дуудлага худалдаа явуулж төрийн өмчийг ингэж үнэгүйдүүлсэн байна.  Ганц энэ ч биш, олон "дампуурсан" гэгдэх ХЗХ-дын хураагдсан өмчийг үрэн таран хийж, хохирогчдыг "давхар хохироосон" үйлдлийг ХЗХ-дын хохирогчид жишээ аван ярьдаг. ШШБЕГ-ын  олон албан тушаалтан авилга, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр  шалгагдах нь тодорхой. Хэзээ вэ гэдэг л байна.

Уг нийтлэлд бичигдсэнээс харвал, мөнөөх луйвар явагдаж байх үед Нийслэлийн засаг дарга байсан Г.Мөнхбаяр бас уг хэрэгт оролцсон байж мэдэхээр байна.  Яагаад гэхээр  2009 оны 12-р сард Мөнхбаяр дарга захирамж гаргаад уг газрыг эзэмших эрхийг "дуудлага худалдаагаар" авсан гээд байгаа М.Эрхэмбилэг гэгчид өгчээ. Гэтэл үүнээс 10 сарын өмнө  (2 сард) Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сундуй эрхийг нь шилжүүлэхээс татгалзаж, "Энэ бол төрийн мэдлийн газар" гэж хэлж байжээ.  Газрын Албаны дарга нь татгалзсаар байтал нөхдүүд (ШШБЕГ, Эрхэмбилэг г.м) мань даргыг "алгасаад" шууд хотын даргад нөлөөлж захирамж гаргуулж чадсан байна. Захирамж гаргасан хотын дарга асан Мөнхбаяр өнөөдөр үүнийг юу гэж тайлбарлах бол?

Хямдхан "шар тос" авчихсан Эрхэмбилэг  (Хятадын барилгын компанид дэд захирал хийдэг гэнэ) болон түүний "команд" мөнөөх газраа орон сууцны хороолол барихаар яаравчлан ажилдаа оржээ. Нэгэнт баригдаад эхэлчихвэл яаж ч чадахгүй гэсэн итгэл дүүрэн. Одоо хотын захиргаа, Авилгатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагууд уг газар аливаа үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоох хэрэгтэй байна. Хэрэг явдал шийдэгдэх хүртэл. Хуулийн дагуу бол уг газар төрийн мэдэлд очих нь тодорхой. Харин мөнөөх нууцлаг "дуудлага худалдаатай" холбоотой авилгын болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг байгаа эсэхийг шалгаж шийдэх нь эрх баригчдын үүрэг. Энэ мэт хэрэг үүгээр дуусахгүй хойшид ч мөн илрэх биз. Тухай бүрд нь таслан шийтгэж улсыг хохиролгүй болгож, буруутныг гэсгээж байхыг шударга ёсыг эрхэмлэгч хэн бүхэн шаардаж байна.

Одоо ч хүнд итгэхэд бэрх болж дээ. "Бурхан" шиг гэж бодож явсан хүмүүс "хонины арьс нөмөрсөн чоно" байсан нь илэрч олон хүнийг гайхшруулж, гомдоох явдал  цөөнгүй гарч байна. 2 жилийн өмнөхөн  сэтгүүлч Ганчимэг нэгэн нийтлэлдээ Г.Мөнхбаяр даргыг чухам л эгэлгүй даруу ховор сайхан хүн гэж "долоох нь холгүй"  магтаж байсан даа.  Одоо авилга авсан нь нотлогдвол  юу гэж хэлэхийг таашгүй. УИХ-ын гишүүн , өмнөх засгийн үед Боловсролын сайд байсан  Ё.Отгонбаярыг бусдаас авилга авахаар дарамталсан, их хэмжээний мөнгийг  эхнэрийнхээ нэрээр нээсэн олон дансаар нааш цааш нь "гүйлгэж" байсныг сонссон олон "Ийм хүн байсан юм уу?!" хэмээн уулга алдацгааж байсан.  Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс  "Нэг худагт" хэд хоног суув даа.  "Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа"  гэдэг үнэн үг шүү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол