Мал өссөн нь малчдын гавъяа

С.Бямбацогт (news.mn-ий зураг)
МАН-ын  ирээдүйтэй  залуу боловсон хүчин гэж олон хүн, түүний дотор миний бие, итгэж харж явсан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сүүлийн үед санаанд оромгүй үг хэлж, авир гаргах болов. Залуу хүн арай албан тушаалдаа аагирхаж байгаа юм биш байгаа?

"Малын өсөлт хуц ухнатай холбоотой"  гэж саяхан нэг "мэргэн үг"  хэлсэн нь гай болж малчдыг гомдоожээ. Тэд хэвлэлийн хурал хийгээд сүйд. Мань эрийг малчдаас албан ёсоор уучлалт гуй гэж шаардлаа. Арга ч үгүй юм даа. Хуц ухна ч яахав, малчдын "оролцоогүйгээр" нэг юм харайгаад хээлтүүлчихэж чадна л даа. Харин гарсан төл, зутруу эхийг нь асарч тойглож, анхаарал халамж тавьсаны хүчинд эндэж хорогдолгүй мал болгож чаддаг. Энд л манай малчдын гавъяа  оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл малчид маань нойртой нойргүй, халуун хүйтэнд хичээж зүтгэж ажилласаны дүнд малын тоо өсчээ. (Малын тоо толгой хэт олширсон, билчээрийн даац хэтэрсэн гэх асуудлууд тусдаа яригдах ёстой.)

МАН-ын бүлгийн дарга малын өсөлтийг дан ганц хуц ухны гавъяа болохоос та нарын гавъяа биш гэж хэлээд өнөөгийн эрх баригчдыг "ичээх" гэсэн биш өөрөө эвгүй байдалд орсон нь энэ.  Залуу хүн үгээ бодож ярихгүй бол ингэнэ. Тэр тусмаа ийм чухал албан тушаал сонгуультай хүн болж өгвөл "худлаа цэцэрхэхээс" зайлсхийж байсан нь дээр шүү гэдгийг анхааруулж хэлье. Иймэрхүү "сул амнаасаа" болж элдэв зохисгүй үг унагачихаад дараа нь уучлал муучлал гуйгаад "балардаг" жишээ дэлхийгээр нэг бий л дээ. Гэхдээ тэдний нэг болж амьтанд адлагдаж явах юун сайхан байв гэж. Залуу хүн арай л түргэдээд байна. Нөгөө Ж.Сүхбаатар шиг улсынхаа Ерөнхийлөгчийг "новш" гэж нэг өдөр  хэлэх вий дээ.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол