Орос, Украины байдал шалдар булдар

Таних тэмдэггүй хувцастай цэргүүд
Назарбаев баахан "ногоон хувцастай" зэвсэглэсэн казах цэргүүд (хувцас дээр нь ямар нэгэн армийн таних тэмдэг үгүй) Баян-Өлгийд нууцаар оруулаад тэнд байгаа төр засгийн байгууллагуудыг эзлэн авлаа.  Тус бүс нутгийн олонхи болсон Казахууд тусгаар тогтнолынхоо төлөө хэмээн жагсаж, Монгол Улсаас салан тусгаарлаж Казахстанд нэгдэх тухай Баян-Өлгийн иргэдийн  дунд санал асуулга явуулна гэлээ. Тэд өөрсдийн удирдагчдаа сонгож зохион байгуулалтанд оров. Монгол Улс хариу алхам хийх гэж байх зуур Казахстаны армийн цэргүүд Баян-Өлгийд аль хэдийн нэвтрэн оржээ. Үндэс угсаа нэгтэн Казах хэлтнүүдийн эрх ашгийг хамгаалах нь Казахстаны үүрэг хэмээн зарлалаа. Олон улс Казахстаны алхамыг буруушаах боловч санал асуулга явагддагаараа явагдаж, нутгийн Казахууд санал нэгтэй Казахстанд нэгдэн орох хүсэлтэйгээ  илэрхийлэв. Монгол Улс утга учиргүй дайтаж хүний амь сүйдэхээс болгоомжилж, дипломат аргаар үзэх боловч амжилт олсонгүй. НҮБ-ээр яваад ч олигтой үр дүнд хүрсэнгүй, Баян-Өлгийг де факто "алдах" нь энэ.  За "Монгол хувилбараар" нэг иймэрхүү дэглэлттэй жүжиг Крымд болж Орос улс дэлхийг дахиад бужигнуулж орхилоо. Муу ёрлох биш, харин Монголын толинд  буулгавал  нэг иймэрхүү дүр зурагтай юм болоод өнгөрлөө гэж жишиж байгаа юм. Тэр жил Оросууд Гүржид "алганы амт" үзүүлсэний үр дүнд Абхаз ба Өмнөд Оссет хоёр салан тусгаарласан билээ.

Дээр  өгүүлсэн "ногоон хувцастангууд" нь Оросын армийн цэргүүд биш, "Би ямар учиртайг мэдэхгүй, өөрсдийгөө хамгаалах сайн дурынхан биз" гэж байсан Оросын Ерөнхийлөгч  тийм биш гэдэг нь батлагдаад ирэхийн цагт  "Бид хэл угсаа нэгтнээ хамгаалах зорилготой" гэж тайлбарласан нь худлаа хэлснээ хүлээн зөвшөөрсөн мэт. Олон улс үндэстнүүд энэ түрэмгийллийг буруушааж байгаа нь тодорхой. Гэвч нэг сонирхолтой баримт бол Израйльд буй орос хэлтэй Еврейчүүд энэ асуудлаар яг хоёр хуваагдсан байгааг судалгаагаар тогтоожээ. 50% нь Путиныг дэмжиж, үлдсэн тал нь эсэргүүцжээ. Хуучин Зөвлөлт засгийн болон сүүлд салсан тусгаар улсуудын засаглалын үед ч гэсэн хэлмэгдэж, гадуурхагдаж, хавчигдаж байсан Еврейчүүд ингэж хоёр хуваагдана гэдэг сонин. Еврейг үзэн яддаг Антисемитистүүд Орос, Украйн болон бусад республикуудад одоо ч зөндөө буй. Оросыг дэмжиж буй Израйлийн орос хэлтэй Еврей нар тийшээ нүүж очсон  шалтгаанаа  ерөөсөө  хувийн амьдралаа сайжруулах зорилго байснаас биш  үнэндээ гадуурхагдсанаас үүдэлтэй гэж үздэггүй бололтой. Еврей гэдэг үндэс угсаагаа ашиглаж арай дөнгүүр амьдралтай улс бараадсан юм уу даа. Зарим нь ч "хулхи" Еврей байсан юм бил үү, хэн мэдлээ. Ямар ч байсан хэлмэгдүүлж байсан субьектдээ таатай ханддаг нь  хачирхалтай  юм.

Ерөнхийлөгч Путины зөвлөх Глазьев барууны хориг арга хэмжээний хариуд эсрэг арга хэмжээ авна гэлээ. Америк доллараас татгалзах, улс хороондын тооцоог рублээр эсвэл Хятадын юаниар хийж эхлэх, Оросын банк дахь  гадаадын иргэдийн дансыг царцаах арга гэх мэтийн хэмжээнүүдийг санал болгож байна. Заримаас нь хэрэгжээд эхэлжээ: Оросын эмнэлэг, больницуудыг барууны ямар ч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдаж авахыг хоригложээ. Дутуу төрсөн хүүхдийн инкубатор энэ хоригт орсон  бөгөөд Орос улс дотооддоо үйлдвэрлэдэггүй аж.

Иосеф  Кобзон
"Эх оронч" Оросуудын хувьд "хуучин" газар нутгаа буцааж авч байгаа нь тун сайшаалтай зүйл болж, үүнийгээ илэрхийлж Ерөнхийлөгчөө дэмжсэн захиа бичиж "тойруулжээ".  Урлаг соёлын 85 зүтгэлтэн гарын үсгээ зуржээ. (Манайхан ч мөн иймэрхүү захиа "чулуудахдаа" их дуртай). Дуучдаас олон Монголчуудад танил болсон Олег Газманов, Иосиф Кобзон, Михаил Боярский нарын нэрс байна. "Бурановские бабушки" хамтлаг бас дэмжиж гарын үсгээ зурсан гэнэ. Хөөрхий эмээ нар юун дээр зурж байгаагаа мэдсэн болов уу?
Алдарт Кобзоны төрөлх хот Днепропетровск (Украин) хотын иргэд түүний энэ үйлдэлд дургүйцэж, Украйны Ардын жүжигчин цолыг нь хураахыг шаардаж, уг хотод босгосон хөшөөг нь буулгана гэжээ. Мөн уг хотын сүлд дууг Кобзоны дуулсанаар дахиж эгшиглүүлэхээс татгалзаж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Путины үйлдлийг эсэргүүцэж  байгаа хүмүүсийг "5-р цувааныхан" гэж нэрлэж байгаа юм байна. Эдгээр хүмүүсийг төлөөлж бас нэр бүхий 32 хүн гарын үсгээ зурж захиа бичжээ.
Орос Украины ард түмний найрамдал Крымын хэрэг явдлаас болж "асуудалтай" болж байх шиг.  Ерөнхийлөгч Путин хэдийгээр албан ёсоор "Ах дүү Украины ард түмний төлөө Оросууд үнэхээр санаа тавих" тухайгаа илэрхийлж бйагаа боловч энэ нь Украинчуудад тусахгүй байна. Энэ үүрэг амлалтанд нь хариу болгож 23 настай Украин охин ингэж бичжээ:

Никогда мы не будем братьями
ни по родине, ни по матери.
Духа нет у вас быть свободными-
нам не стать с вами даже свободными.

Монголын албан ёсны байр суурь "төвийг сахисан" гэж байгаа. Гэвч иргэд маань хувь хүний ёсоор дүгнэлт хийж, зөв бурууг  хэлэлцэх нь ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл. Том  гүрэн хүч түрэн бусдын газар нутаг руу орж, "тасдаж" авах нь зөв үлгэр мөн үү гэж. Манай хойд хөршийн хувьд Оросуудын асуудал бас "бидний асуудал" болдог. Тэр утгаараа энэ хэрэг бидний сонирхолыг татах ёстой юм. Орос энэ хэргээсээ болж баруунтай сөргөлдөөд эхлэлээ. Мэдээж энэ нь Оросын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тэр "давалгаа" бас л Монголд ирж жижигхэн "цунами" үүсгэх гэмтэй. Ингэхээр хойд, урд хөршид байдал тогтворгүй, бужигнаантай байвал бидэнд бас муу нөлөөтэй. Нөгөө талаар бид бас дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн учраас төр засгийнх нь  хэмжээнд албан ёсны байр суурь нь хэдийгээр "тодорхойгүй" гэж гарсан  боловч иргэд нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, зөв бурууг тунгааж байвал эрүүлийн шинж гэж бодно.

Comments

  1. Ингэж сэтгэл хөдлөлөөр туйлширч дүгнэж болохгүй ээ Казахстаны Назарбаев Монголд өнгөлзөж чадахгүй Казахтан Монгол хоёр Хятад гэж заналт дайсантай Орос гэж болзошгүй дайсанаар хүрээллүүлсэн Тэгээд Казахстан Монголтой хиллэдэггүй Юун БаянӨлгий вээ Назарбаев Москвагийн тушаал хүлээсэн Казахстаны 4 сая Оросуудаас эмээж сандарч бхад

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол