Ламбугайн мэргэжил

Өсвөрийн лам нар
Монголд хамгийн амархан "ажил" бол ламын ажил болой. Ой тогтоолт  сайн бол  лам болоход ядах юмгүй. Жаахан ном цээжлэх болох байх. Тэгээд л насныхаа "талхтай" боллоо гэсэн үг. "Ажил", "халтуур" мундахгүй. Тэгээд ч одоо Монголчууд бүгдээрээ шахуу "сүсэгтэн" болж байгаа юм чинь лам нарын ирээдүй бол сайхан гэрэлтэй гэгээлэг харагдаж байна.  Нэг Монгол сүсэгтэн амьд яваа насандаа хэдэн удаа сүм хийд орж, хэчнээн удаа ямар ямар ном уншуулдагийг тооцвол их тоо гарна. Энэ тоог сүсэгтнийхээ тоогоор үржүүлчихээр хэдэн ч ламын "амьдралын баталгааг хангах"  тоо гарах нь  ойлгомжтой. Тийм болохоор л лам хүнд "ажилгүй болно", "ажлаасаа халагдана" гэсэн ойлголт байхгүй сайхан.

Сүм хийд дээрээ "үндсэн ажлаа" хийхээс гадна бас хувиараа энд тэнд дуудлагаар "халтуур" хийж орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж манай лам нарт бий. Тэгээд л шинэ сар гараад он солигдох бүрд л өчнөөн олон хүмүүсийн суудал нь ийш тийшээ "хөдөлчихдөг" учраас тэрийг нь "янзлах" гэж бөөн ажил  ундарна. Тухайн жилдээ өмсөх зүүх, идэх уух, худалдаж авч болох, авч болохгүй гэх мэтийн заавар зөвлөгөөг хүн болгонд өгч засал масал хийх гээд түмэн ажил бий. Үхсэн хүний ажил явдал, сэхсэн хүний тууз хайчлах гээд сайн муу бүх л юманд  явдаг лам нар маань ясны бие хаа сайтай, ажилсаг шаргуу хүмүүс. Улсын мөнгө хулгайлж, хумсалдаг хувалзнуудыг бодвол бор зүрхээрээ яваа "ажилсаг шоргоолжнууд".

Сая Дүнжингарав худалдааны төвийн нээлтэнд  1008 лам уригдан ирж  "Баян Намсрай" гэдэг ном уншжээ. Ийм л эрэлт хэрэгцээ ихтэй "мэргэжил"  юм шүү дээ. Шав тавих, тууз хайчлах ажлууд бол ламгүйгээр хийгдэхээ больсон цаг. Хэрвээ лам нарыг урихгүй бол шав тавьсан ажил чинь хэзээ ч бүтэхгүй, бүтсэн ч удахгүй дампуурах ба шинээр туузаа хайчилсан  бизнес чинь бүтэл муутай, ашиг орлого багатай байна гэж мэд. Тийм учраас л ламгүй юм байж угаасаа болохгүй болчихоод байна шүү дээ. Олон тусмаа сайн. 1008 лам урина гэдэг чинь  гайхамшиг. Одоо тэр худалдааны төвийн худалдаачдын арилжаа наймаа нь цэцэглэх шиг болж, орлого нь үер мэт цутгаж  ирэх болно. Харж л байгаарай.  Тэр түрээслэгчид удахгүй "Баян Намсрай" мэт баян болцгооно. За яамай даа.

Сүсэгтэн олон маань уншуулсан номныхоо тоогоор бол  хийморь нь сэргэж, ажил үйлс нь бүтэж, орлого нь нэмэгдэж, оюутнууд улсынхаа шалгалтанд  баталгаатай тэнцэж, Америкийн консулын зүрх нь хайлж визийг бөөн бөөнөөр нь дарж өгөх ёстой байлаа. Гэвч тийм юм болсонгүй. Консулын өөдөөс цацсан шар будааны шившлэг нь багадаад хүчирсэнгүй юу, эсвэл ламбугай маань номоо гүйцэд уншсангүй юу. Арай хулхидах муу аргад сурч байгаа юм биш байгаа, энэ лам нар чинь? Чойжамц дарга энэ тал дээр анхаарна биз дээ.

Ер нь тэгээд ийм амархан ажил байхад чинь манайхан өөр элдэв бусын хэрэгтэй хэрэггүй мэргэжил энэ тэр гэж хөөцөлдөж явах хэрэггүй л баймаар. Диплом гэх хоосон цаасаар ч яах юм билээ. Тэгээд ч одоо манай яруу алдарт МАН дээд боловсролыг "үнэгүй" болгоно гэж байгаа юм чинь тэр диплом, ромб хоёр чинь бүр л үнэ цэнээ алдана биз дээ? Үнэгүй юм үнэгүй л байдаг даа.  Тэрэнд орвол нэг орхимж нөмөрчихөөд л, жижүүрийн хэдэн мэгзэмтэй болчихвол бие хаагаа нэг их зовоохгүй, хуушуур бууз, хэвийн боов идэж, шар тосоор гулгисан шиг насыг барвал хичнээн таатай. Ай даа, төсөөлөхөд л шууд арааны шүлс аман дотроо ялгараад жавьж дүүрээд ирж байна шд.

Чойжамц дарга улам олон хүнийг "ламын ажилд" авах хэрэгтэй байна. Монголчуудынхаа тусын тулд  хийж байгаа том буян юм даа. Тэр лам бэлддэг  сургуульд тоо моо, физик мизик гэсэн хэрэггүй юм заахаа болимоор юм. Зарим сургууль нь больсон сурагтай байна лээ. Их сайн. Тэр тоо физиктэй, физикгүй болно зүгээр. Бурхныхаа хэдэн номыг цээжлээд л, түвдээр уншаад сурчихвал болох нь тэр. Хөдөө хотгүй олон сүм хийд барьж сүндэрлүүлэх хэрэгтэй болох байх даа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж.  "Лам" мэргэжилтэй олон боловсон хүчнээ багтааж шингээх олон сав энд тэнд баримаар байна шд. Чой даргад энэ зэргийн холын хараа бий биз ээ гэж мунхаглана.

Цаашлаад нэг санал хэлэхэд, бидний Монголчуудын нэлээхэн хэсэг нь "мэргэжлийн
лам" болчихвол тэднийг төлөөлсөн төлөөлөл бас төр засагт байхгүй бол болохгүй болов уу. Яваандаа тийм шаардлага хүссэн хүсээгүй гарч ирнэ. Төрийн гурван өндөрлөг гэж одоо байгаа. Үүнийг харин яваандаа дөрөв болгох нь зүйтэй. Дөрөвдөх өндөрлөг нь манай олон лам нарын төлөөлөл болсон  нэг хүн байх ёстой юм. Одоогийнхоор бол Чойжамц дарга л сонгогдоно гэсэн үг шүү дээ. Хууль юмандаа жаахан засвар энэ тэр оруулах болох байх, за тэр ч яахав хийж болохгүй ажил биш. Мөн түүнчлэн лам нар маань бас "салбарын яамтай" болмоор байгаа юм. Яамаа юу гэж нэрлэх дээрээ тулбал аятайхан нэр олдолгүй дээ. Монгол хэл  баян шүү дээ.

За тэгээд эцэст нь хүүхэд залуучууд, эцэг эхчүүдэд уриалах юм байна. Ийм сайхан биед амар, баталгаатай ажлын байр байхад энэ рүү зүтгээч ээ, хүмүүс ээ! Яах гэж хүн болж төрсөн юм? Сайхан идэж ууж жаргаж цэнгэж байгаад л үхэх гэж төрөө биз дээ? Тэгвэл хамаг амьтны тусын тулд, биш ээ хамаг хүүхдийнхээ  тусын тулд чанарын шаардлага хангасан хүүхдүүдээ лам болгож сайхан амьдруулцгаая! Залуус минь биеэ зовоохгүй ажлын байрны төлөө урагшаа!
Монголын лам нар улам олон болтугай гэж ерөөгөөд энэ удаа өндөрлөе дөө.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё