Ерөнхийлөгч Элбэгдорж бол хөгийн хог

Ж.Сүхбаатар (МАН-ын нарийн бичгийн дарга)
Аяа яа яа! Аймаар хэллээ шүү. Хэн хэлсэнийг таах уу?  Ж. Сүхбаатар! Ерөнхийлөгчийг бол шууд л нүүр лүү нь нулимаад тэгээд дээрээс нь дэвсэлж орхижээ. Тэгээд дараа нь шээчихэж.
За эрт урьдын цагт хааныхаа өөдөөс ингэж хэлсэн бол "сэлэм гялс, толгой бөндгөс". Одоо цагт сэлмээр толгой авахаа ч больж, хүний эрх мэрх гээд сайхан болжээ.

Гэхдээ л ёс жудаг гэж байх ёстой. Бидний даган дуурайх дуртай хөгжсөн орнуудад энэ ёс жудаг (этик) гээч юмыг их эрхэмлэдэг юм байна. Ялангуяа массыг төлөөлж байгаа, тодорхой субьектийг төлөөлж байгаа төрийн болон засгийн өндөр албан тушаал бүхий эрхэмүүд энэ ёс жудагийг барихгүй бол болдоггүй бичигдээгүй шахуу хууль байна. Тэд бол хувь хүн, жириийн иргэн гэдгээрээ биш албан тушаал, сонгуульт ажил, төлөөлж буй институцийнхээ "нэрийн хуудас" болж харагддаг, ойлгогддог учраас их болгоомжтой байхгүй бол болдоггүй аж. Өөрөөр хэлбэл, хэлж ярьж байгаа, хийж байгаа үйлдлээ үргэлж хянаж бодож явах ёстой гэсэн үг. Эс тэгвэл массын шуурган галд өртөж нүүрээ нуух, хөлөө гишгэх газаргүй болдог. Үр дүнд нь жирийн иргэний зиндаа руу "огцорч", "нүднээс далд орохоос" өөр аргагүй байдалд хүрдэг ажээ. За иймэрхүү жишээ зөндөө л байдаг.

Манайд бол арай өөр юмаа. Нэгд, ёс жудаг гээч юмаа хаяад бид олон арван, магадгүй зуун  жил болсон, хоёрт, энэ юмаа эргээд олж авахад бас төдий дайны хугацаа хэрэгтэй юм шиг. Тэгэхээр одоо бол жишээ нь, мөнгөөр  санал худалдаж авч сонгогдчихоод ичихгүй гишүүн гээд пээдгэр алхаж болж байна, иргэдээ буудаж алчихаад гадаадад зугтаж гараад залуухан авгай аваад хүүхэд гаргуулчихаад жаргаж болж байна, улсын мөнгийг сайхан угааж цэвэрлээд индүүдээд өөрийн болгож болж байна, авгайг минь  шоронд хийчихээд "энд тэндээс нь чангааж" оролдлоо гэж Ерөнхийлөгчөө гүтгэж болж байна, өөрсдийнхөө байшинг шатаачихаад улсын мөнгөөр ТТ гэдэг ордон бариулчихаж байна гэх мэт.

Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүний өрөөндөө. (МАН-ын "франц" далбаа, Монгол Улсын төрийн далбаатай "эн зэрэгцэж" харагдана.)

Энэ Ж.Сүхбаатар гэдэг нөхөр бол "жирийн" хүн биш ээ. УИХ-ын гишүүний туслах хийж байгаад "жинхэлж" 2008-2012 онд   гишүүнээр сонгогдож байсан хүн. Байнгын Хорооны дарга хийж байсан.  Жирийн хүн биш учраас над шиг хэн дуртайгаа  элдвээр хэлээд доромжлоод явах  ёсгүй юм. Тэр тусмаа улсынхаа Ерөнхийлөгчийг. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй л дээ. Төрөө хүндэтгэх ёстой гэдэг утгаараа. Эвэртэй ямаа Ерөнхийлөгч байсан ч бөхийж хүндэтгэнэ гэсэн үг. Гэтэл Ж.Сүхбаатарын хэлж байгааг хар даа. Энэ хүн Элбэгдоржийг хүний хувьд үзэн яддаг, болдогсон бол  боогоод алчих сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байж болноо. Гэвч тэрийгээ ил тод илэрхийлэх нь зохимжгүй гэдэг  нь дээр  тайлбарласан  ганцхан шалтгаантай холбоотой. Иймээс тэрээр,  нэгд, МАН-ын Нарийн бичгийн даргын сонгуультай учраас намаа төлөөлж байгаа, хоёрт, Их Хуралд байхдаа том албан тушаал хашиж байсан болохоор зохих ёсны этиктэй байх  ёстой хүн юм , уг нь. Гэтэл маниасаа дээрдэх юм огт алга.

Тэр жил (2011 онд) МАН засаг барьж байх үед Ж.Сүхбаатар "том" байлаа. УИХ дахь Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга хийж байв даа. Нэгэн хуралдаан дээр мань эр ихээр уурлаж С.Эрдэнэ гишүүнийг "Эрүүгийн элемент царайлсан новш" (ЭЭЦН) гэж доромжилсон юмдаг. Хэвлэлийнхэн шуугилаа. Дараахан нь ууртай дарга маань Эрдэнэ гишүүнээс нууцхан уучлал гуйсан юм гэнэ лээ. Ямар харсан биш. Эрдэнэ гишүүнийг "ЭЭЦН" гэчихээд уур нь гарсан хойноо ухаан орж уучлалт гуйсан юм чинь Ерөнхийлөгчийг уурандаа "Хөгийн хог" гэчихсэн хүн чинь бодвол удахгүй уучлалт гуйх байх гэж бодох юм. Уур нь гарсан бол шүү дээ. Мэдээж гараагүй бол, эсвэл улам л уурлаад яваа бол уучлалт гуйхгүй л дээ. Тэгвэл уур нь хэзээ гарч дуусахыг л хүлээх болж дээ, Ерөнхийлөгч минь.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё