Цагдаа ах аа, санал байна

Сайн байна уу, цагдаа ах аа?

Таны бие тэнхээ сайн, ажил алба өндөр биз дээ. Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй би сайн байнаа.  Хот хүрээ орох завгүй би хэдэн үг нээтээр дайлаа.

Хот хөдөөгүй архидалт газар авч Монгол түмнийг ганц хорлож байнаа. Архитай нь биш хүнтэй нь ажиллавал ил үр дүнтэй байх гэж санах юм. Үүний тулд хэрэглэж болох нэг арга бол ичээх, жигшээх арга  байна. Хүний сэтгэхүй, сэтгэл зүй  дээр тулгуурласан гэх юм уу даа.  Ухаандаа тухайн хүнийг ичээж хашраах  аргаар архинаас жигшээх юм.

Томоохон төв суурин, хот газар эрүүлжүүлэх гэдэг нэртэй газрууд байдаг. Энд хүнийг зөвхөн  түр саатуулаад,  маргааш нь эрүүл болсон хойно нь суллаад явуулдаг.  Тодорхой хэмжээний төлбөр бас авдаг гэсэн. Цагдаад орлого олж өгдөг газар гэмээр.
Энэ байдлыг өөрчлөөд тухайн хүнийг эрүүл болсон хойно нь тодорхой хугацаагаар ажил хийлгэдэг болговол яасан юм? Жишээ нь, хотын, аймгийн төвийн  гудамжны цэвэрлэгээнд дайчилж болно шүү дээ. Гурав хоног тохижолт үйлчилгээний компаний хүмүүстэй цуг ажиллаг. 

Гурав хоног гудамж  цэвэрлэсэн, эсвэл  олон нийтэд тустай хөдөлмөр эрхэлсэн хүн дахиж эрүүлжүүлэх байранд бараг л очихгүй болов уу.  Харин тухайн хүний ажлын  газар нь  3 хоногийн  албадан хөдөлмөр эрхлэх болсон тухай албан ёсоор мэдэгдэх нь зүй. Албан газар, компаниуд 3 хоног ажил завсардуулсан ажилтандаа  хариуцлага тооцож болох авч  үүгээр далимдуулж ажлаас нь халж болохгүй. Эрүүлжүүлэх газар харин элдэв төлбөр авахаа больсон нь дээр байх аа. Тухайн хүнийг дахиж тийшээ зүглэхгүй болгож хашраах л гол зорилго  байхаас мөнгө олох нь  чухал биш гэж бодож байна.

Согтуу жолоочийн тухайд хатуухан арга хэмжээ авахаар дүрэм журмандаа өөрчлөлт оруулахгүй бол хэрээс хэтэрлээ. Хот хөдөөгүй согтуугаар машин жолоодож хүний амь хороож байна. Согтуу жолооны ард суусан л бол машиныг нь хурааж, хэний эзэмшилд байхаас үл хамаарч улсын орлого болгодог  баймаар байна. Аваар осол гаргасан бол зохих хуулийнхаа дагуу шийтгэх нь зүй. Автын аваараас болж хохирогчдын эмчилгээний болон бусад зардлыг хохироогч буюу түүнийг төлөөлөх этгээд гаргахыг хуулиар зааж өгөхгүй бол иргэд хохироод үлдэх явдал их болжээ. 

Сүүлийн үед хуучин засгийн үед элдэв албан тушаалд шургалсан шунахай хүмүүсийн мөнгө завшсан, угаасан гэх хэргүүдийг цөөнгүй илрүүлж байгаа тухай сонсоод их баярлаж, талархаж явдаг шүү. Шинэ засгийн буянаар цагдаа нар маань шударгааар хуулиа мөрдүүлж, алагчилгүй үүргээ гүйцэтгэдэг болсон нь баярлууштай. Цаашид мөн энэ эрчээрээ улам сайн ажиллах юм шүү.

Бас нэг санаа зовоосон асуудал байнаа. Сонин хэвлэлээс л олж мэдэх юм. Бодвол та бүхэн мэдэж байгаа биз дээ. Энэ бол залуу эмэгтэйчүүдийн тухай юм. Миний сонссоноор хятадын Эрээн хотод Монгол охид олноороо биеэ үнэлж амьдардаг гэнэ. Тэд Монголд ирээд элдэв өвчин тараавал яана?  Монголд ДОХ-ын халдвартай хүмүүс нэмэгдэж байгаа гэсэн. Хятадад ийм өвчтэй хүн хэд ч байдаг юм, бүү мэд. Бодвол замбараагүй олон биз. Тэр охидуудыг Монголд буцааж авчрах талаар та бүхэн бодсон төлөвлөсөн ажил байгаа юу? Хайран сайхан охид! Хятад өөрөө коммунист улс болохоор биеэ үнэлэхийг хорьдог л байлгүй, тэгвэл тэд нартай хамтраад хүмүүсээ буцааж авчрах ажлыг тэдний цагдаатай хамтраад зохион байгуулж болмоор.

Мөн Монголд байгаа тоосгоны үйлдвэрүүдэд (Налайхад гэсэн байх аа) ажилладаг хятадуудад Монгол охид очиж биеэ үнэлдэг гэж дуулсан. Зөөж аваачдаг машин тэрэгтэй Монгол хүмүүс ч байдаг гэж.  Энэ мэт бусармаг явдлыг зогсоохгүй бол хэтэрлээ. Ядуугийн зовлон байх ч арай ингэтлээ доошоо орох үндэстэн биш дээ. Тэд маань ирээдүйн эхчүүд шүү дээ.

За тэгээд та нартаа ажлын амжилт хүсье.  Шударга нэр төртэй ажиллаж ард түмнийхээ дэмжлэг, итгэлийг хүлээж явна гэдэгт итгэж байна шүү.

Хүндэтгэсэн,

Өмнийн говийн тэмээчин бүсгүй Монголжингоо


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё