Чи юу гээд солиороод байгаа амьтан бэ, Арслаааан?

Г.Арслан (УССТ-ийн дарга)
"Шударга иргэдийн фронт" хөдөлгөөний тэргүүн Г.Арсланг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Төв бассейн буюу Усан Спорт Сургалтын Төвийн (УССТ) даргаар ажиллаж эхлээд удаагүй байгаа. Өөрөө усанд сэлэх дуртай гэдэг. Бассейний даргаар тавьсан нь ч оносон томилгоо мэт.
"News week" сонинд өгсөн ярилцлагадаа  тэрээр Төв Бассейны  санхүү хэвэндээ орсон тухай хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнөх дарга нарын үед хулгайд  "алдагддаг"  байсан  ашиг  бүтнээрээ  үлддэг болжээ.  Хулгайч нарыг нь зайлуулчихаар  ашиг нь үнэн зөв гарсан байна. Хэн хулгайлдаг байсан нь ойлгомжтой. Мань эрийг тэнд даргаар очихоос өмнө удирдаж байсан албан тушаалтнууд хумсалдаг байжээ. Хувалзнууд Төв бассейн ашгаас сорсоор байгаад бүгд цүдийтэлээ  таргалаад гарцгаасан байна.

Тэд хэн байв?  Өмнөх 10 жилд Төв бассейн даргаар ажиллаж байсан Дөрвөнжин, Ганбат нар "цус сорогчид" байжээ.  Арслангийн тооцсоноор тэд өдөрт 1.5-2 сая (!) төгрөг хулгайлж байсан гэнэ. Дөрвөнжин дарга хувийн худалдааны төвтэй болсон аж.  Энд ажиллаж байсан  няравын хашаанд гурван том хаус, 10 гаруй жийп машин сойлттой байна гэнэ. Дээврийн засвар хийлгэх гэж нэг компанид 50 тэрбум төгрөг өгсөн боловч  одоо болтол ажил хийгдээгүй байна гэдэг чинь  тэр мөнгийг хусчихсан л гэсэн үг болж байна. Принтерийн хор авна гэж 6.7 сая төгрөг зарцуулсан л гэнэ. Тэр "муу" бассейн тийм их хороор яадаг юм бол? Бас л луйвар биз. Энэ мэт их "но" байгаа бололтой.

Холбогдох газрууд нь харин энэ мөрөөр орж мэдээллийг шалгах хэрэгтэй шүү. Энэ мэт  хулгай бол МИАТ, Татварын газрын хэргүүдийн "жижигрүүлсэн хувилбар" юм. Улсын мэдлийн  албан газар, байгууллагуудад иймэрхүү хулгайчид үүрлэчихээд дураараа цусалж байсан нь энэ засгийн үед илэрч байгаа. Ийм боломжийг тухай үед засгийн эрх барьж байсан МА(Х)Н олгож, өөгшүүлж байсан учраас энэ намд "хайртай" залуус олширч бүгд л тийшээгээ шургалж "хувалз", "хачиг"  болохыг мөрөөддөг байжээ.  Төрийн албанд орох, дарга болох сонирхол үүнээс улбаатай. Х.Баттулгын хэлдгээр, олон хувалз, хачгууд "дээлээ нөмөрч" байгаа.

Арслангийн хэлсэнээр Төв бассейнийг өөд нь татвал Монголын усан спортод ч хэрэгтэй, ард нийтийн эрүүл мэндэд ч их тустай  ажил болох юм. Өмнөх хувалзнууд байгууллагаа өөд нь татах биш, өөрсдийгөө "өөхлүүлэх" л ганцхан сонирхолтой явж ирсэн учраас бассейнд солих, өөрчлөх, шинэчлэх ажил их үлджээ. Цаашлаад Арслангийн хэлдгээр өргөтгөж, томруулбал гадаадын том тэмцээнийг зохион байгуулах ч боломжтой, манай тамирчид дэлхийд өрсөлдөхөд үндсэн нөхцөл, бааз болох сайн талтай. Адаглаад хүүхэд багачууд бие хаагаа хөгжүүлэх сайхан газартай болно. Усанд сэлэхэд биений бүх үе мөч, булчин ажилладаг юм гэнэ лээ. Тэр утгаараа  усанд сэлэх бол муухан биеийн тамирын дасгал хийхээс хамаагүй  дээр аж.
Хотын удирдлага, бусад албан тушаалтнууд тэр саналыг нь дэмжээд өгвөл залуусдаа их том буян болно доо.

Мэргэжлийн хяналтынхан, авилгатай тэмцэх газрынхан Арсланг шалгаж болноо. Мань эр "хувалз" биш учраас байгууллагын ашиг нь үнэн зөв гарчээ. Тэрийг нь харин шалгаад гаргаад ирэх хэрэгтэй. Арсланд ч хэрэгтэй. Хаанаас яаж тэр их ашгийг бий болгож чадав гэдгийг хүмүүс мэдэг л дээ. Мэдээж өөрийнхөө мөнгийг байгууллагынхаа дансанд хандивлаагүй нь лав.
Дээрх хоёр байгууллагынхан харин Арсланг шалгадаг шигээ өмнөх удирдлагуудын хулгайлсан, ашигласан байж болох тухай мэдээлэл, баримтыг бас шалгах ёстой. Яахаараа 100 сая төгрөгийн ашигтай газар 1.5 сая төгрөгийн ашигтай "ажиллаад" байсан юм бэ гэдгийг магадлах хэрэгтэй. . Зөрүү нь хаашаа "алга  болдог" байв гэдгийг ол. Олоод улсад буцааж тушаалгах хэрэгтэй. Тэгээд зогсохгүй хулгайч хувалзнуудын "дээлийг нь нөмөргөөд" байх ёстой газар руу нь явуул. Ингэж байж л  эдийн шуналтай хүмүүст сануулга өгнө. "Хувалздах" чинь одоо явцгүй болсон юм байна шүү, тэгээд ч "баба" юм байна гэдэг мессэжийг  тараана гэсэн үг.

Н.Батаа (УБ орлогч дарга)
Хамгийн сүүлд нь нэг зүйл хэлье.  Энэ бол нэлээн дээхэн болсон явдал юм. Хотын даргын орлогч (санхүү эдийн засаг хариуцсан) Н.Батаагийн амьдардаг гэх байшин, сууцныхан хог хаягдлаа Төв бассейны мэдлийн газар талбай дээр аваачиж асгаад байсан юм байна. Арслан энэ тухай гомдол мэдүүлсэн чинь  Батаа дарга "Чи өдөөд байна уу" гэж "өдсөн" байгаа юм. Дараа нь  УССТ-ийн хуулийн зөвлөх Төмөрсүх гэдэг хүн Батаа дарга руу залгасан чинь "Чи юу гээд солиороод байгаа амьтан бэ?" гэж загнажээ.  Арслангийн хэлдэг үнэн. Төрийн алба Батааг эвдэв үү, төрийн албанд очихоосоо өмнө "эвдэрчихсэн" байв уу гэдэг асуулт  байна. Хэрэв эхнийх нь үнэн бол  Батаа дарга  харьцааны соёлд суралцах хэрэгтэй юм байна. Дараагийнх нь  үнэн  бол энэ хүн төрийн албанд тохирохгүй юм гэж ойлгоход  болно.
Алдаагаа ойлгоод, Арслангаас уучлал гуйгаад, зан харьцааны  соёл дээрээ анхаараад явбал болохгүй юмгүй л дээ. Хүн алдаж болно, гэвч алдаагаа ухамсарлаад засаад явах л чухал.

Төрийн алба хашдаг "том дарга" гэхээрээ ард иргэдтэйгээ "чи" гэж дээрэлхэж харьцдаг, нүдний хөдөлгөөнөөр хөдөлгөдөг, гуйлгадаг, их зан гаргадаг, хүнд суртал гаргадаг гажиг чинь өмнөх  засагтайгаа далд орох ёстой юм. Бат-үүл дарга эрхбиш энэ тухайд орлогчтойгоо ярилцсан байх гэж найдая.



  http://www.youtube.com/watch?v=ddAGZkzVUCI&feature=player_embedded#!

Арслантай хийсэн ярилцлагыг дараах холбоосоор орж уншаарай:

http://www.news.mn/content/146384.shtml

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё