Пиарчин шувуухайнууд ба сонгуулийн дараах бодол
Твиттерийн шувуухай |
Сонгууль зарлагдсанаас хойш дуусан дуустал Ерөнхийлөгчөд нэр дэвшигчээ сойсон гурван намын гишүүд, дэмжигчид онлайнаар пиардаж, ёстой л үзэл тарж үсэрч наалдлаа. Ялангуяа энэ твиттер гээч юмаар ёстой л барилцаж авахдаа тулсан даа. Жиргээчид гээд өөрсдийгөө нэрлэчихсэн зүсэн зүйлийн "шувуухайнууд" бие биенийгээ харин ч нэг тоншиж өгсөн дөө. Бүргэд, элээ, шаазгай, хэрээ, болжмор, тоть, шонхор, тас гээд л төрөл бүрийн "жигүүртнүүд" өөрсдийнхөө намын нэр дэвшигчээ цээжээрээ хамгаалан "алалцаж" байв даа.
Ж.Сүхбаатар |
Б.Цогтгэрэл |
Сонгуулийн эцсийн дүнг харахад нэг гайхалтай юм нь МАН-аас нэр дэвшигч нийт 520 мянган санал авч бараг 42%-ийн амжилт үзүүлсэн явдал. Намаас нь санаачилж гаргасан "цэвэр цусны Монгол" хэмээх "шинэ санаачлагаас" болж бусад ястануудын дургүй, уур хоёрыг зэрэг хүргэсэн учраас ялангуяа баруун аймгуудад рейтинг нь буурсан байх гэж таамаглаж байтал харин ч эсрэг үзүүлэлт гарсан байна. Увсад 2 хүний нэг нь, Ховдод гурван хүн дутмын нэг нь аваргын төлөө саналаа өгчээ. Хөвсгөлд ч мөн адил бараг тэнцүү шахам санал авсан байх юм. Хэдийгээр МАН-ынхан аваргыг Хэнтий буюу Чингисийн нутгийн цэвэр Монгол гэж дөвийлгөж сурталчилсан боловч манай бусад олон ястнууд үүнд нэг их ач холбогдол өгөөгүй бололтой. Тийм болохоор аваргын нэр хүнд нь их жин дарсан байх. Хоёр Мөнх аваргууд хүртэл АН-ыг дэмжихийг уриалж "рекламдсан" боловч тусыг олсонгүй, Увсынхан "зөрүүдэлж" тал хувь нь МАН-д саналаа өгчээ.
"Онолын" талаасаа МАН-ын дарга буюу "жавьж" Энхтүвшин нэр дэвших ёстой байсан гэж ярьцгааж байгаа боловч нөгөө талаасаа аваргыг буюу ард түмэнд нэр хүндтэй, хүндлэгдсэн хүн дэвшүүлбэл "улаан нүүр нь хаачихав" гэж тооцоолсон нь бас чиг буруудаагүй мэт. АН-ын "супер" кандидатыг бараг унагаахыг шахав даа! Хэдийгээр Элбэгдорж, Бат-эрдэнэ хоёрын саналын зөрүү 100 мянга боловч өнөөгийн МАН-ын нүүр царай, нэр хүнд ямар байгааг бодолцвол 40% гаран санал авна гэдэг бол аймаар өндөр үзүүлэлт! Өнөөдөр илэрч баригдаж байгаа авилгач, улсын мөнгө хулгайлагч, мөнгө угаагч нар бараг бүгд МАН-ын талын хүмүүс байгаа нь өөрөө энэ намын нэр хүндийг шороотой хутгачихаж байгаа юм. Эрх барьж байсан он жилүүддээ энэ нам яасан олон хувалзнууд төрүүлж бий болгоо вэ гэж дуу алдаж байна, иргэд маань. Хэдий тийм боловч энэ намаас нэр дэвшсэн хүний төлөө ийм их санал өгнө гэдэг нь ганцхан нэр дэвшигчийн хувийнх нь нэр хүндтэй холбоотой болохоос зарим нэг хүмүүсийн тайлбарлаж байгаачлан энэ намд өгсөн санал биш юм. Өөрөөр хэлбэл Бат-эрдэнэ аварга маань өөрийнхөө үрчгэр нүүрээр энэ олон саналыг авсан болохоос МАН эртэй сайндаа аваагүй юм аа гэж ойлговол зохилтой.
Ж.Сүхбаатар нар хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийхдээ 2-р шатны сонгууль явагдах боломж байгаа гэдгийг үгүйсгэхгүй гээд саналыг дахин нягталж үзэх талаар Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажиллана гэж байх юм. Энэ нөхөр АН-ын нэр дэвшигчийн авсан хувь нь 50-аас доош орчихоосой гэж их горьдож байгаа бололтой. Хуулиараа бол аль нэг нэр дэвшигч 50%-иас дээш санал аваагүй нөхцөлд хамгийн их санал авсан (энэ тохиолдолд Элбэгдорж, Бат-эрдэнэ) хоёрын дунд дахин (2-р шатны) сонгууль явуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Элбэгдоржийн санал (СЕХ-ноос өгсөн мэдээгээр 50.23% байгаа) 50%-аас доош орчих юм бол 2-р шатны асуудал гарч ирнэ гэсэн үг.
Гэвч бид орчин үеийн техник, технологийг ашиглаж дэвшил хийнэ гэж шийдээд санал тоолох автомат машинууд багагүй мөнгө зарж худалдаж авсан бөгөөд гараар тоолдог хоцрогдсон аргаа халах хамтын шийдвэр гаргасаны буянаар адаглаад санал тоолох үеэр гардаг байсан булхайг боломжгүй болгож цаг хождог болсон. Харамсалтай нь, МАН-ынхан нөгөө машиндаа "хар машин" гэдэг хоч өгөөд, "но"-той, найдваргүй хэмээн сэжиглээд баахан хэл ам хийж, тэр ч байтугай бараг эргээд гараараа тоолоё гэх ухааны юм ярьж баахан хар пиар хийсэн. Эхлээд дэмжиж хамтарч шийдчихээд дараа нь 180 градус эргэсэн юм яриад унадаг чинь тулхтай намын араншин мөн үү гэж асуумаар.
Өмнөх орон нутгийн сонгуулиар МАН-д ялалт өгсөн аймаг, дүүргүүдээс зарим нь энэ удаа ч гэсэн мөн "хайрандаа үнэнч" гэдгээ нотоллоо. Тухайн үед "улаан аймгаар" тодорч байсан Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр аймгууд , дүүргүүдээс Багануур, Багахангай хоёр аваргын төлөө саналаа өгчээ. "Улаан аймгуудын" жагсаалтанд байсан Дорнод, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан Уул аймгуудын хувьд АН-ын нэр дэвшигчид итгэл үзүүллээ. Тэгвэл "зангаа хувиргасан" аймгууд гэвэл Дорноговь, Булган, Сүхбаатар, Төв, Хэнтий байна. Хэнтий аймгийн хувьд ойлгомжтой гэж болох боловч Төв аймгийн сонголтыг гайхаж байгаа хүмүүс надаас гадна байгаа л байх. Хотод хамгийн ойрхон гэдэг утгаараа мэдээлэл хамгийн сайн авч байгаа газрын хувьд ийм сонголт хийсэн нь мөн л цэвэр бөхийг нь, хүнийг нь шүтсэн байх гэдгээр л тайлбарлагдах болов уу.
МАН энэ удаа популист арга хэрэглээд ч барсангүй. Дашрамд хэлэхэд, Энхтүвшин нэр дэвшсэн бол бараг Удвалтай ойролцоо санал авах байсан биз. АН-ын хувьд амласан амлалт гэж бий. 2016 онд тооцоо бодох учраас олигтой дүн авъя гэж бодож байгаа бол ажлаа сайн хийх хэрэгтэй. Харин тэр болтол сөрөг хүчнийхэн багахан шиг саад болоосой. Мэдээж зөв шүүмжлэлийг эрүүл хүмүүс хүлээж авна. МАН-ынхан сөрөг хүчнийхээ үүргийг зөв биелүүлж сурах хэрэгтэй байна. Өөрсдөд нь тустай. Эрх баригчдад учир утгагүй саад хийгээд ажил уяад хойшлуулаад байх юм бол нэр хүндээ улам баастана гэдгээ мэдэх байлгүй дээ. Чуулганы танхимын хаалгыг диванаар хааж төрийн ажлыг хүчээр тасалдуулж байсан шигээ аашлах юм бол явцгүй шүү. Зөв шүүмжил, бодитой санал тавь, тэгээд эрх баригчид хүлээж авбал тэр биз, хүлээж авах боломжгүй гэвэл олон долоон юм ярьж гай бололгүй ажлыг нь хийлгэ. Тооцоогоо 2016 онд хий. Сөрөг хүчний ажил ердөө энэ. АН ба шинэчлэлийн засгийн газарт хүрд эргүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг иргэд ч шаардаж байгаа. Ийм ч учраас Ерөнхийлөгчийг улираагаа биз ээ. Мандатыг нь өглөө, одоо үр дүнг нь хүлээж суух л үлдлээ.
Comments
Post a Comment