Л.Мөнхбаясгалангийн өшөө авалт

Л.Мөнхбаясгалан
Бүсгүй хүний ухаан богино, үс нь урт гэлцдэг.  Алсуур сэтгэх, томоор харах чадвар дутмаг  байдагтай холбоотой байх л даа.  Гэхдээ мэдээж энэ томъёололд  хамаарахгүй онцгой тохиолдол байдаг, гэхдээ цөөхөн. Өөрөөр хэлбэл, ухаан нь урт, үс нь богинохон эмэгтэй байх.
Л.Мөнхбаясгалан гэдэг сэтгүүлч сая нэг нийтлэл бичжээ.  МАН-ынхан твиттерээр ритвийт хийгээд сүйд.  Уншлаа. Үнэхээр ухаан нь богино, үс нь ч богиновтор хүүхэн юм. Уг нь хуучин МАН засаг барьж байх үед их шүүмжлэл бичдэг байсан гэсэн. Одоо их хувирчээ. Юу болов?

Шалтаг л олдвол шинэчлэлийн засаг руу дайрдаг болж. Өс санах шалтгаан байнаа. За байз бодъё. Нээрэн энэ хүүхэн чинь "Шонхор" ТВ худалдаж аваад , "Улс төрийн тойм" сонин  эрхлээд бие даасан медиа "вант улс" байгуулсан л даа. Тэгсэн чинь нөгөө "Шонхор" Телевизийг нь тавьсан шаардлага хангаагүй гэж хэлээд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хаачихсан. Тавьсан шаардлагыг нь Мөнхбаясгалан биелүүлж чадахгүй учраас дахиж энэ ТВ ажиллахгүй болсон аж. Нөгөөтэйгүүр уг ТВ-ийг Кёкүшюзан Батбаяраас худалдаж авсан байж. Муу тоноглолтой ТВ-ийг өөрт нь 10 дахин  өндөр үнээр зарсан гээд  их ууртай байгаа. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй компанийг зарах, шилжүүлэх хориотой гэдгийг мэдэлгүй наймаа хийсэндээ их бухимдалтай байгаа хэрэг.   Ингээд "Шонхор ТВ"  гэдэг "цахилгаан дайн" амжилтгүй болжээ. Энэ муу засгийг зүхэхээс яахав. Шалтаг, сэдэв л олдож байвал шүүрч аваад дайран довтолж  өшөө хорслоо тайлж, тайтгарч байхгүй бол энэ хүүхний дотор  хуримтлагдсан их уур амар сарнихгүй байгаа бололтой.

Энэ удаагийн "хий гаргалтаараа" мань хүүхэн  Тэмүүжин сайдыг онилжээ.  Уг нь аль дээрээс л овоо хараандаа оруулчихаад л яваад байсан юм гэнэ. Нийтлэлийн гарчиг нь "Х.Тэмүүжин сайд аа, Ц.Нямдоржийн зөв байж..."  Өгүүллийн гол утга нь одоогийн Хууль  зүйн сайд Тэмүүжин  юм болгоны тухай "илүү хошуулж", цагдаагийн дотоод хэрэгт "хөндлөнгөөс оролцож", аливаа хэрэгтэй холбоотой мэдээлэл хамаагүй  "бурдаг"  болсон нь буруу бөгөөд хуучин сайд Ц.Нямдорж шиг "мэдэхгүй", "дуулаагүй", "би унтаж байсан" гэх зэрэг товчхон коммент өгчихөөд амаа үдчихээд явж байх  ёстой байсан юм гэнэ. Эсвэл ямар нэгэн халгаатай хэргийг сейфэндээ хав дараад "нуух".   Нямдоржийн энэ "арга барил" зөв байжээ гэж.

Нийтлэлийг эндээс уншаарай:

 http://munkhbayasgalan.niitlelch.mn/content/5231.shtml

Либертари үзэл буюу хувь хүний эрх чөлөөний тухай ойлголтыг  гэмтэнгүүдийн болон сэжигтэнгүүдийн эрх чөлөөг хязгаарлахтай  хамаатуулж нялзаах гэж байгаа бол тэнэг хэрэг. Тэмүүжин сайд  хувь хүний эрх чөлөөг дээдлэгч байснаа одоо биш болж гэнэ. Энэ үзэл бодлынхоо эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа юм байх. Яаж түрэмгийлэл үйлдээд байгаа юм бол гэж бодлоо. Тэгсэн чинь цагдаагийн илрүүлээд байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцоод байгаа нь хууль зөрчиж байна гэсэн тайлбар хэлж.  Энэ нь түрэмгийлэл юм байх. Цагдаа чинь Хууль Зүйн Яамны мэдэлд байдаг санагдах юм. Тэгвэл Тэмүүжин чинь сайдын хувьд харъяа газрынхаа хийж байгаа ажлын тухайд байр сууриа илэрхийлэх, мэдээлэл хийх  эрхтэй баймаар  юм.
Ямар Барилга Хот Байгуулалтын сайд Ц.Баярсайхан гэмт хэргүүдийн тухай мэдээлэл хийгээд байгаа биш.

Тэрээр цааш нь бичихдээ, "Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш дуулиант гэмт хэргүүд илэрч байна. Энэ бол цагдаагийн байгууллагад улс төрийн дарамт үгүй болж, тэд шударгаар ажлаа хийж эхэлсний дохио гэж анхандаа хүмүүс итгэсэн. Харин та хэрэг бүртгэлтийн нууцыг байнга шахам хэвлэлд дэлгэж, мэдээллийн хэрэгслээр илт өшөө авахыг санаархсан, шазуур зуусан мэдээлэл хийх бүрт чинь дээрх итгэл  замхарч байна." гэжээ.

Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд
Үгүй ээ мөн донгосч байна шүү. Хэрэг бүртгэлтийн нууцыг байнга хэвлэлд дэлгэдэг гэнэ. Хууль Зүйн сайдыг ядаж хуульчийнх нь хувьд аливаа хэрэгтэй холбоотой хэлэх, хэлэхгүй юмаа мэддэг гэдэгт итгэдэггүй юм байх даа? Итгэхийг хүсдэггүй гэвэл онох биз ээ. Мэдээллийн хэрэгслээр илт өшөө авахыг санаархсан, шазуур зуусан мэдээлэл хийдэг гэжээ. Авилгачдыг илрүүлж тэдэнтэй тэмцэх нь өшөө авалт юм биз дээ. Мөнгө хулгайлагчдыг, угаагчдыг барих нь бас өшөө авалт уу? Тэдний хэргийн тухай мэдээлэл хийх нь өширхсөн, шазуур зуусан хэрэг юм биз дээ?  Цагдаа, хуулийнхан ийм төрлийн гэмт хэргүүдийг илрүүлээд түрүүчээс нь шүүгээд эхэлсэн явж байгаа. Хүмүүс харин ч талархалтай байгаа шүү. Ингэж дураараа дургиж идэж ууж байсан юм уу гэж гайхан дуу алдаж байгаа. Юуны чинь итгэл замхрах. Шударга сэтгүүлч гэж өөрийгөө дөвийлгөх энэ хүүхэн үгээр наадаж, зохиож бичихийгээ шударга явдал гээд ойлгочихсон бололтой.

Хууль зүйн салбарыг хариуцаж байгаа хүний хувьд Тэмүүжин сайд аливаа  хэрэгтэй холбоотой ямар мэдээллийг  хэзээ өгөх зэргээ Мөнхбаясгалан шиг нэг хөөрүү хүүхнээр заалгахгүй биз ээ. Харин ч хэвлэлийнхэн шуурхай мэдээлэл авдаг болсондоо талархаж байгаа. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, тодорхой мэдээлэл өгөхгүй нууцлаг байлгаад байвал эсрэгээр аливаа хэргийн талаар элдэв цуурхал, гүтгэлэг тархах үндэслэл болох бөгөөд энэ нь эргээд иргэдийн дунд буруу зөрүү ойлголт бий болох муу үр дагавартай. Иргэд хэвлэл мэдээллээр дамжуулж үнэн зөв мэдээлэл хурдан шуурхай авах эрхтэй гэдгийг энэ цээж өвчтэй хүүхэн мэдэж байгаа боловч зориуд ингэж гүтгэн муулж дураа хангаж таашаал авч байгаа нь илт. Ямар хурдан шуурхай мэдээлэл өгдөг юм гэж баалж байгаа сэтгүүлчийг ямар сэтгүүлч гэвэл онох бол?

Ц.Нямдорж (хуучин Хууль зүйн сайд байсан)
Энэ хүүхнийхээр бол явж явж Нямдорж бол их сайн, томоотой, элдэв юманд хутгалдаггүй сайд байжээ.  Цагдаагийн ажилд хөндлөнгөөс оролцдоггүй учраас Энхбаяр хөлөө гозолзуулсаныг мэдээгүй нам унтаж байсан юм даг уу даа. Аргагүй л дээ, ямар Нямдоржид өөр хийх ажил гэж байсан биш. Авилгач, хулгайч, мөнгө угаагч нарыг илрүүлж барина гээд өөрийнхөө намын угшилтай хүмүүсийг мөшгөөд явалтай биш. МИАТ, Татварын Ерөнхий Газар, Ашигт Малтмалын Газрын дарга нарыг шалгаж улайлгалтай биш, Ё.Отгонбаярын авилга өгөхийг шаардаж дарамталсан хэргийг зарлалтай биш, авгайг нь шалгаад барьж хорилтой биш. Нямдоржийн хувьд "ашиг сонирхолын зөрчил" байсан учраас энэ бүгдийн араас явж болохгүй байсан хэрэг.  Мөнхбаясгалангийн хувьд энэ байдал нь Нямдоржийг "сайн хүн" болгож харагдуулсан юм байх.

Гэмт хэрэгтэнгүүдэд нэр төр, эрх чөлөөний үнэ цэнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тэд өөрсдөө энэ нэр төр, эрх чөлөөгөө шороотой хутгадаг учраас тэр. Гэхдээ шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртлээ аливаа  этгээд мэдээж гэмтэн биш боловч сэжигтэн. Энэ сэжигтэн  ямар учир шалтгаанаар баригдаж, хоригдож шалгагдах болов оо гэдгийг олон нийтэд тайлбарлах хэрэгтэй биз? Мэдээж мөрдөн байцаалтын нарийн ширийн, нууцыг хөндөхгүйгээр ерөнхий мэдээллийг нийтэд өгөх ёстой. Төдөн банкинд нээсэн төчнөөн дансаар их хэмжээний мөнгө орж гарсан нь мөнгө угаасан асуудал байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа тул шалгаж байнаа гэж.  Шалгаж байгаа газар нь ч мэдээлж байгаа, Хууль зүйн сайд ч өөрт нь  өгсөн  мэдээллийн дагуу байдлыг илтгэсэн байгаа. Энд Тэмүүжин тэр мөрдөгч, байцаагч нартай зэрэгцэж ороод тухайн хэрэгтэй ажиллаад байгаа юм байхгүй гэдгийг хэн ч төсөөлнө. Харин ажил хариуцсан ажилтнуудаасаа мэдээлэл бол байнга авдаг биз. Ингэх ч ёстой.  Үүнд энэ хүүхэн хорсож, "Тэмүүжинд мэддэггүй юм гэж алга" хэмээн бухимджээ. Сүүлийн үед илрээд буй хэргүүдийн эзэн холбогдогчдыг шалгах, баривчлахын тулд Тэмүүжингээс "зөвшөөрөл" авдаг гэж л хэлэх гээд байх шиг. Энэ ажлыг хийдэг газрууд нь үүргийнхээ дагуу л ажиллаж байгаа. Харин бүр сайн ажиллаж байгаа.

"Би хүний нэр төр, эрх чөлөөг ардчилал нэрээр түрэмгийлэн сэвтээхийн эсрэг байр суурьтай тул үүнийг бичиж байна. Бас аливаа эрүүгийн гэмт хэргийг сонгуульд ашиглахын эсрэг бодолтой тул үүнийг бичиж байна. Мөн нийгэмд ямар нэгэн том хэргийг дуулиан болгон түүнийг илрүүлж гэмт хэрэгтнүүдийг даран сөнөөх сэтгэхүйг бий болгосноор ард түмнийг айлган дарамталж болдгийг ойлгодог учраас үүнийг бичиж байна.  Ардчиллын нэрэн дор аливаа нэгэн хэлмэгдүүлэлт, айдас хүйдэс нийгэмд хуралдах вий гэхээс үүнийг бичиж байна." хэмээн сүржигнэсэн байх  юм.
Ардчилал шударга ёс бол авилгал, гэмт хэрэгтэй даанч зохицон хамт орших боломжгүй юм. Хүний нэр төр, эрх чөлөөг ардчилал нэрээр "түрэмгийлэн сэвтээсэн" тохиолдлыг энэ засгийн үед би сонсоогүй юм байна. Харин авилгач, хулгайч хувалзнуудын нэр төр, эрх чөлөөнд бол  халдсаан. Халдахаас ч аргагүй.

"Эрүүгийн гэмт хэргийг сонгуульд ашиглахын эсрэг бодолтой байдаг" гэжээ. Чи мянга эсрэг бодоод яах билээ. Аль нэг тал нь үл бүтэх  явдалд орооцолдсон бол нөгөө талдаа идэш болдог нь "ертөнцийн жам" юм. Хүссэн хүсээгүй хар пиар болоод л явчихдаг. Энэ дээр нэг их эсрэг мэсрэг энэ тэр гэж цэцэрхээд байх хэрэг алга. Цагдаа өөрийнхөө шугамаар Ё.Отгонбаярын авгайн хэргийг илрүүлээд шалгаад эхэлсэн нь ямар нэгэн сонгуультай давхцаж таарч, дээр нь нэмээд Ё.О нь өөрөө нэг талынх нь томоохон төлөөлөгч болж таарч. Ингээд хар пиар Ё.О болон түүний талын эсрэг цацагдах нь ойлгомжтой. Соёлт гэгдэх бусад орнуудад ч ийм л үр дагавар гарна.  Зүй нь МАН,  Ё.О гишүүнээ сайн загнах ёстой байхгүй юу. Бүр уйлж байгаад загнах хэрэгтэй. Ийм чухал үед ингэж "паакталдаг" яасан хормойгоо чирсэн хог вэ гэж.
Нийтлэлч маань, "Гэмт хэрэгтнүүдийг  даран сөнөөх сэтгэхүй  бий болгосоноор ард түмнийг айлган дарамталж болдог" гэж донгосчээ.  Би л лав айж , дарамтлуулсан юм алга. Гэмтэнүүдийг илрүүлж, зайлуулж байгаад ард олон харин ч баяртай байгаа. Бидний "цусыг сорсон" хачиг, хувалзнуудаас салж нэг санаа амарлаа гэж.

Хэлмэгдүүлэлт, айдас хүйдсийг чинь чиний магтаад долоочих гээд байгаа МАН-ын засаглалын үед иргэд мэдэрсэн юм шүү.  Монголчуудыг тэнгэр тэтгэж тэрхүү дарангуйлагч хүчнээс салгаж өгсөн нь их аз юм.

Тэмүүжин сайдад дургүй хүн бий бий. Ялангуяа эрх мэдлээсээ салсан, идэж уух боломжоо хаалгасан, хийсэн хэрэг нь илэрсэн хүмүүс болон тэдний хамсаатан, гэр бүл гээд олон бий. Заналхийлэл, сүрдүүлэг хүртэл түүнд ирж л байсан. Тэмүүжингийн үр хүүхэд. гэр бүлд нь хараал зүхэл илгээж л байсан. Аягүй бол амийг нь хөнөөх санаатай бодож төлөвлөж яваа ч хүн, бүлэг байж мэдэх. Ийм л эрсдэлийг сөрж энэ дампуурсан хууль зүйн тогтолцоог сайжруулах гэж яваа хүн. Хууль зөрчихгүй бол тэр хэнийг ч оролдохгүй. Оролдох ч ёсгүй. Харин хууль зөрчсөн бол хууль сахиулах байгууллага хэнийг ч ялгалгүй мөшгөх ёстой.  Тэмүүжин "Хууль зөрчихгүй бол би та нараар оролдохгүй" гэснийг нь Мөнхбаясгалан үгчилж ойлгоод, Тэмүүжин цагдаагийн ажлыг хийнэ гээд байна гэж "орчуулжээ". Сайд уг нь хуулийн салбарыг хариуцаж, төлөөлдөг гэдэг утгаараа "би" гэж хэлсэн бөгөөд  энэ нь "хууль сахиулах байгууллага" гэсэн утгаар. Ийм юм ойлгохгүй байгаа сэтгүүлчийн ухааныг  богино гэхгүй тэгээд ямар сэтгүүлчийн ухааныг богино гэх юм? Өрөвдмөөр ч юм шиг.

Л.Мөнхбаясгалангийн цээжинд хургасан уурын манан хий арилтал энэ засаг, засгийн эрх мэдэлтнүүд амар заяа үзэхгүй нь бололтой.  Үг гэдэг хүчтэй. Хувийн өшөө хорслоо тайлах далд зорилгоор   үзэгний үзүүрээ хөдөлгөж байгаа бичээч бол  хийсэн хоолондоо хор хутгаж өгөх тогооч лугаа адил юм. Нөгөөд хорссоноо өөр нэгэнд гаргах, нийтэд нь нялзааж бүхэлд нь хордуулах нь хүн ёсны шинж яавч биш. Бурууг шүүмжилж, зөвийг дэмжинэ гэдэг малгай дор ахархан бодлоо хэрэгжүүлж, том зорилгод санаатайгаар саад хийж байгаа хүн бол нийгмээ бүхэлд нь хорлож байгаа гэсэн үг. Ийм мунхаг бодолтнуудын санааг ялгаж салгах тунгалаг ухаан оршин бий гэдэгт итгэнэ.



 

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө