Хүүхдийн парк- хэрүүлийн алим

Паркийн тоглоом  дээр
Хүүхдийн парк  буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн (ҮСАХ) гэх энэ газар Монголчуудыг хуваагдаж талцуулсан сэдэв болжээ. Сонгууль болох гээд намаараа хэд хуваагдчихаад ид "үзэлцэж"  байх энэ цагт бас хүүхдэд "хайртай", "хайргүйгээрээ" хоёр тал болоод байлдаж байна, бид.
Ер нь бол талцаж байлдах чинь Монголчуудын "хобби" эрт цагт байсаар ирсэн, одоо цагт ч байж л байна, ирээдүйд ч байсаар байх болов уу. Яана даа. "Бидний улс эв саналаа нэгтгэн..." гэж нэг мундаг үг бий, даанч тэр нь хэзээ ч манай хөрсөн дээр буухгүй "агаарын үг" болж үлдэх юм шиг байна.
Юу болоод, яачихаад "Хүүхдийн парк" хэрүүлийн алим болчихоод байгаа юм бэ гэдгийг сонирхоё.

1. Социализмын үед ҮСАХ ямаршуу газар байв аа?  Ер нь бол зэлүүд маягтай, тоглоом цөөхөн, том талбай эзэлсэн, таримал мод овоо ихтэй байсан санагдана. Төөрдөг байшинд нь "төөрчихсөн" хүүхдүүд энд тэнд буланд нь хүнд, хөнгөнөөр бие засчихсан байдаг байж билээ. Нууранд нь буй загас жараахайг сэмхэн дэгээддэг "хулгайн загасчид" ч байсан. Хүчин гэх мэтийн гэмт хэрэг олон гардаг байсан нь их "зэрлэг" газар байсныг илтгэнэ.  Мангасын амаар гулгаж үзээгүй хүүхэд байхгүй биз. Өмд хамдаа урдаг байсан л гэх, надад тийм "азгүй явдал" тохиож байсангүй. Гулгуур нь гөлмөн төмрөөр хийсэн байсан бөгөөд энд тэндээ сэтэрсэн юм байсан л байх. Паркийн тоглоомуудыг арчилж торддог ажил муу хийгддэг, анхаарал бага тавьдаг байж л дээ. Улсын юм гэхээр хүйтэн цэвдэг ханддаг байсан нь ойлгомжтой.

Төслийн удирдагч Батнягт
2. Одоо энэ газар хувийн өмч болжээ. Бодь групп гээч компани  ихэнх хувийг нь эзэмшдэг эзэн нь болсон юм байх. Хотын захиргаанд  үлдсэн цөөхөн хувь нь оногдож байна. Давуу эрхтэй эзэмшигч Бодь компани  төсөл хэрэгжүүлээд эхний ээлжинд гадаа ил байдаг хэсэгт нь "өөрчлөн байгуулалт" хийгээд дууссан гэж төслийн удирдагч Батнягт гэдэг залуу ярьж байна. Олон жил үргэлжилсэн энэ төсөл ҮСАХ-ийн "алдагдсан" газрыг буцааж авах зарим нэг ажлаас болж хугацаа алдсан юм гэнэ. Төслийн дараагийн үе шатанд  үлдсэн газар нь битүү дээвэр дор амралт үйлчилгээний газрууд байгуулагдахаас гадна бас 2 зочид буудал босох юм байна.  Ингээд цогц байгууламж болох ёстой аж.

М.Энхболд
3. Миеэгомбын Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа 2004 онд  Японы Иточу компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болж хувь эзэмшлээ 74:26 гэсэн харьцаагаар тогтоожээ. Өөрсдөө 26%-ийг эзэмшинэ гээд гэрээ байгуулчихаж. "А" зэрэглэлийн бүсэд байх энэ 35 га газрыг ингэж үнэгүйдүүлж өгсөн нь ямар сонирхол байсан байж таарах вэ гэж толгойгоо гашилгаж сууна.
Эндээс л "Хүүхдийн паркийг" тараан бутаргах үйл ажиллагааны эхлэл тавигдсан юм шиг. Бодь группын Баясгалангийн хэлж байгаагаар паркийг 13 хувааж өгөх тухай бас яригдаж  байсан гэнэ. Өнөөдрийн байдлаар ихэнх газар нь Бодь групп ба нийслэлийн хамтарсан компаний мэдэлд мөн 74:26 гэсэн харьцаагаар харъяалагддаг юм байна.  Бодь групп ба нийслэлийн хамтарсан компани өнөөдөр 32 га эзэмшиж байгаа  гэнэ.  Нийт хуучин байсан 35.7 га  газраас нь "тасалж" аваад "тусгаар тогтносон" 3  хэсэг газар бас байгаа аж.

4. Энэ "тасархайнууд" хэний ямар газрууд вэ?
Эхний "тасархай" болох, хуучнаар "Туяа" ресторан буюу одоогийн "Сөүл клуб" гэдгийг Төрийн өмчийн хороо тухайн үед хувьчлаад зарчихсан учраас энэ байгууламж ҮСАХ-ийн мэдлээс гарчихсан юм байна. Хуулийнхаа дагуу хувьчлагдаад хүний өмч болчихсон эд аж.

"Туяа" ресторан "Сөүл клуб" болжээ
Хоёрдахь  нь Мон-Уран компаны Наранхүүгийн мэдлийн 1 га газар юм байна. Мөн л хуучин Нийслэлийн засаг дарга байсан Г.Мөнхбаяр албан тушаалаасаа буухын өмнөхөн 1 га газрыг нь өгчихсөн аж. Бодь болон нийслэлийн хамтарсан компани тэр газрыг буцааж авах гээд шүүхдээд бараагүй, Дээд шүүх Мон-Уран компаний талд шийдвэрээ гаргасан учраас "алдчихжээ".
Г.Мөнхбаяр 
Гуравдахь  "тасархай"  нь "Монтана" компаний мэдлийн 0.4 га газар. Тухайн үед Очирбат Ерөнхийлөгчид сууц барьж өгөх гээд Монтана компаниас авсан газрынхаа оронд ҮСАХ дотор газар өгсөн юм байна. Шүүхдээд мөн буцааж авч чадаагүй алдсан. Энэ газар дараа нь "Шангрила"-д нэгтгэгдээд явах үедээ хэмжээгээ томсгосон юм байна.

Эдгээрээс гадна  бас хотын дарга байсан Энэбишийн хүү Мөнх-Очир гэдэг хүний мэдлийн нэг тасархай, бас өөр нэг компаний эзэмшиж байсан тасархай гээд газрууд байсан бөгөөд харин эдгээр эзэд нь тэр газраа ҮСАХ-д буцаагаад өгчихсөн (зарчихсан) юм байна. Энэ үйлдэлд нь тэдгээр хүмүүст талархууштай.

Д.Баясгалан (Бодь группын ТУЗ-ын дарга)
5. Одоо Бодь болон нийслэлийн хамтарсан компаний мэдэлд үлдсэн газар нь 32 га болж байна. Үүнийхээ хагасыг нь ил тоглоомтой хэсэг болгоод нөгөө хагас дээр  нь битүү байгууламж, буудал зэргийг барих төлөвлөгөөтэй гэнэ. Тэр битүү байгууламж нь жилийн 4 улиралд ажилладаг бөгөөд соёл үйлчилгээний арга хэмжээ явагдах  заал танхимтай, тоглоом тоглох газартай, гуанз ресторантай, кино театртай, газар доор машины  зогсоолтой байх аж.
ҮСАХ-гийн ирээдүйн төрх (төслөөр)
Батнягтын хэлж байгаагаар ил тоглоомын газар нь улиралаасаа хамаараад байнга ажиллах боломж хязгаарлагдмал бөгөөд тийм  болохоор иймэрхүү цогц байгууламж барьсанаар ҮСАХ-ийн үйл ажиллагааг ашигтай, тасралтгүй явуулах боломжтой болох юм байна. Мэдээж ганцхан зун ажилладаг тоглоомууд  байгаад энэ том паркийг авч явна гэдэг бүтэхгүй байх л даа.

6. Ил хэсэгтээ нийтдээ 30 тоглоомтой байхаар ажил хийгдэж байгаа аж.  Тооны хувьд цөөдөхгүй гэнэ. Тоглоомуудаа Хон-Конгоос авдаг гэнэ. Тун саяхан нэг тоглоомных нь гинж нь тасарч тэнд байсан хүмүүсийг түгшээсэн хэрэг гарчээ. Эндээс улбаалаад анхаарах нэг асуудал гарч ирж байна. Тоглоомнууд хэр найдвартай, аюулгүй вэ?  Тэр Хон-Конгийн тоглоом зардаг компани чанарын, аюулгүйн баталгаа гаргаж өгдөг үү? Энэ чинь хүний амь настай холбоотой асуудал учраас  Батнягт ба түүний команд саяын ослоос дохио авсан байх гэж найдаж байна. Гинж нь тасрана гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хүүхэд үрэгдвэл яана?  "Хулхи", чанар муутай гинж байв уу? Цаад нийлүүлж байгаа компаниасаа баталгаа авахгүй бол эргээд буух газаргүй болно шүү. "Галзуу хулгана" гэдэг чинь бас л "эвгүй" тоглоом. Хэр найдвартай вэ? Сууж яваа бүхээгтэйгээ салаад "сансарт" нисээд явчихгүй гэсэн баталгаа  байна  уу? Тоглоомуудаа угсарч эвлүүлэхдээ ном дүрэм, заавраа хэр сайн дагаж хийж байна вэ?

7. Өнгөрсөн жилээс эхлээд "Хүүхдийн паркаа аваръя" хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо манлайлаад  явуулж эхэлсэн бөгөөд МЗХ-ы Ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэнээр энэ жил мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм байна.
МЗХ-ны Ерөнхийлөгч Мөнхбат
Ганц "Хүүхдийн парк" ч биш, хуучин "хүүхдийн" гэсэн тодотголтой байсан байгууламж, обьектүүдийг ("Бамбарууш" кафе, Өсвөрийн Залуу Техникчдийн Ордон, Хүүхэд залуучуудын Соёлын төв, кино театр  г.м) буцааж авах зорилготой аж. Авах биш, "аврая" гэж байгаа юм байна. Санаа нь дээрх обьектүүдийг бүгдийг нь хуучин зориулалт, чиглэлээр нь ажиллуулая гэсэн утгатай. Төрийн мэдэлд авах нь.

Мөнхбатын хэлж байгаагаар бол анх Иточу гэдэг компаний мэдэлд байсан эзэмшил Бодь группт шилжиж очсон ажиллагаа хууль зөрчсөн ноцтой хэрэг бололтой.  Тэрээр энэ мэт хэргээр  шүүхэд хандахаасаа өмнө нийслэлийн өмчийн харилцааны газрын шийдвэрийг харзнаж байгаа юм байна.  Паркийн асуудлыг хөндсөн "100 чухал сэдэв" нэвтрүүлэг гарсаны дараа Мөнхбат нар хэвлэлийн хурал зарлаж  уг нэвтрүүлгээр МЗХ-ны нэр төрд халдсан гээд нэр бүхий этгээдүүдийг (Нийслэлийн засаг дарга байсан Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр болон Бодь группыг) шүүхэд өгнө гэжээ. (Миеэгомбын Энхболдыг "мартчихсан" юм байх даа?)

Б. Болдсайхан
"Hero entertainment" студи нэвтрүүлгээ яаж хийх нь тэдний эрх. Баатар найруулагч яаж зохиомжлох нь түүний эрх. "Нэг талыг" барих уу, "хоёр талыг" барих уу гэдэг нь хөтлөгч Б.Болдсайханы асуудал. Зочноор уригдаж оролцчихоод дараа нь "нэг талыг" барилаа гэж гоншигонох юун. Жишээ нь би ч гэсэн энэ сараачуураа яаж бичих нь Мөнхбатад падгүй хэрэг. Миний энийг уншчихаад "нэг талыг барилаа" гэдэгтэй адил юм болж.  Уучлал гуй л гэнэ, доромжиллоо л гэнэ.  "90-ээд оны залуус бүгд гажигтай, тэднээр бөгсөө арчина" гэсэн үг өгүүлбэр нэвтрүүлгийн явцад огт сонссонгүй! Гэтэл Болдсайхан, Батнягт нар тэгж хэлсэн гэнэ. Гүтгэнэ гэдгийг чинь энэ Мөнхбат харин жинхэнэ утгаар нь хийгээд байгаа  юм биш үү?  Тэр нэвтрүүлгийг үзсэн хүмүүс гэрчлэх байлгүй дээ.

8. мнөх хүмүүсийн алдаан дээр юм хийх гэсэн залуучууд хоорондоо үзэлцээд байгаа  харамсалтай" гэж  "100 чухал сэдэв"  нэвтрүүлгийн хөтлөгч Анужин хэлж байна. Үнэндээ тийм л юм болоод байх шиг.
П.Анужин
Хотын захиргааны нөхөд өмнөх удирдлагуудын шийдвэр буруу байсан, үнэтэй газрыг үнэгүйдүүлсэн учраас бид эзэмших хувиа нэмнэ гээд төслийн бүх ажлыг царцаачихсан гэж ойлголоо. Аливаа  маргааныг шүүхээр шийдвэрлэх ёстой байтал хотын эрх мэдэлтнүүд дураараа шийднэ гэвэл бид чинь буцаад социализм руугаа явахаас өөр аргагүй болж байгаа  юм биш үү?  Паркийн газрыг "хувааж таслах", "хувийн болгох" ажлыг чинь аль урьдын МАН-ын засаглалын үед ажиллаж байсан М.Энхболдоос эхлүүлж "шавыг нь тавиад" дараагийн дарга нар Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар үргэлжлүүлэн хийсэн аж. Явж явж 37 га газар гурав хуваагдаад одоогийн энэ байдалд хүрчээ.

9. Дээр хэлсэнчлэн "Хүүхдийн паркийн" газраас "тасалж" авсан газрууд бүгд хувийн өмч болоод эцсийн шатны шүүхээр ороод маргаан нь эцэслэн шийдэгдсэн байгаа. Дахиж шүүхдэх боломжгүй. Одоо тэгээд энэ хэрүүл маргааныг  яаж таслах вэ?
Паркийн газрыг "аврахаар" тэмцэж буй Мөнхбатын талынханд гурван хувилбар  байна:

9.1. Паркаас  "алдагдсан"   газруудыг (Сөүл ресторан, Наранхүүгийн авсан газар, Монтана компаны авсан газар) хүчээр (албадан) буцааж авах нэг хувилбар. Мөн дээрээс нь Бодь группын эзэмшиж байгаа 74%-ийг буцааж аваад хотын захиргаа өөрийн эзэмшлээ 100% болгох нэг хувилбар байна. (Хуучин паркийн бүх газар 100% буцаад улсын мэдэлд очно гэсэн үг)
9.2. Паркийн газраас "тасраад" явчихсан 3 хэсгийг орхиод зөвхөн Бодь группын эзэмшлийг буцааж хотод авах хувилбар байж болох юм. Тэгвэл нийслэлийн мэдэлд 32 га бүхлээрээ очно гэсэн үг.
9.3. Бодь группын эзэмшиж буй 74%-ийг бууруулж 50%-аас доош болгож ихэнх хувийг улсын мэдэлд авах бас нэг хувилбар байж болно. (Нөгөө хувийн өмч болоод тасраад явчихсан газрууд хөндөгдөхгүй үлдэнэ)

Дээрх гурван хувилбарын аль нь ч биеллээ гэсэн Бодь группын төсөл бүрэн зогсоно.


ҮСАХ ирээдүйд ийм болно гэнэ
Бодь групп болон тэднийг дэмжигчдийн хувьд одоо хэрэгжүүлж байгаа төслөө дуусгаад энэ газрыг нийслэлийн бахархал болсон, хүмүүсийн очих дуртай газрын нэг болоосой гэж хүсэж байгаа. Төслийн зургийг харвал ҮСАХ их л гоё болох юм байна. Таван  одтой зочид буудал хоёрыг барих гэлээ гэж эмзэглэх хэрэг байна уу? Гадаадын зочид, жуулчид байрлах нүд тахалсан сайхан буудлын тоо нэмэгдэж байвал сайн л биз. Чингис буудлаас өөр олигтой буудал бий бил үү? Би ч гэсэн энэ төсөл хэрэгжээсэй гэж бодож дэмжиж байна.

10. 2012 онд УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байсан Л.Эрхэмбаяр гэдэг нөхөр Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч байхдаа хотын эзэмших хувь нь
 дэндүү бага байна, нэмэх хэрэгтэй гэж  2010 онд "тэмцэж" байсан.
Л.Эрхэмбаяр
Саявтархан Иргэний Танхим дээр хэлэлцүүлэг болоход тэнд оролцож байсан оюутнууд бүгд паркийн газрыг буцааж авах саналыг дэмжиж алгаа ташиж байсан гэнэ. Хөрөнгө оруулсан компаниудад  "хохь чинь, одоо газраа авнаа" гэж хэлэхэд  баясан хөөрч байсан гэнэм. Хувийн өмчийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэж удахгүй дуулцгаах юм байна, манай залуучууд.
Хэрвээ паркийг ингээд "хүчиндээд" авчих юм бол парк маань улам гоё болох болов уу? Төр бол хамгийн муу менежер гэдэг үг бол  худлаа гэдгийг манай төр засгийн эрхмүүд нотлоод өгөх юм байгаа биз, харж л байя.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё