Хэнийг сонгох вэ?

Хос морьтой, хийморьтой Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэнээс хойш нэр дэвшигчдийг дэмжигчид, шатаавынхан, иргэд хоорондоо бүхий л боломжит зэвсгээ ашиглан дайтаж байна. Мод чулуу, труба, хагархай архины шил, хутга гээд хэрэглээгүй зэвсэг алга. Арай л галт зэвсэг гаргаж ирээд  өрсөлдөгчөө нам буудаж алах нь дутаж байна. Манайхан ч хагаралдаж хоорондоо алалцахдаа сайн улс даа, тэрнийхээ гайгаар гадныхны идэш болж байсан түүхтэй. Сургамж авна ч  гэж  байхгүй, ухаанд нь ухна унаад үхчихсэн гэлтэй. За энэ ч яахав, мөнхийн сэдэв, энэ удаа түр орхиё.

Хэнийг сонгох вэ гэж. Юуны өмнө дэлхийд шившгээ тарьчихалгүй сонгуулиа аятайхан явуулчихая. Хятадын эрлийз, цэвэр цусны тухай  яриагаа болимоор юм. Гадаад улсууд, олон улсын байгууллагуудаас  олон ажиглагч, төлөөлөгч ирчихсэн энэ бүгдийг чинь уншаад, сонсоод сууж байгаа. Бие биенийгээ ингэж доромжлох нь тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй л байх. Хүн нэрээ, тогос өдөө гэгчээр нэр төрөө гадаад ертөнцөд хамгаалж явмаар. "Танай Ерөнхийлөгчийн судсаар манай цус гүйваа" гэвэл юу гэж хэлэх вэ? Хятадууд үнэмшчихээд ингэж ярьвал гайхаад байх юм алга.

Ингэж хутга шөвгө хэрэглэхгүйгээр "махан бодиороо" үзэлцэж сурцгаавал яасан юм? Хийсэн ажил, хийх ажлынх нь тухай мэтгэлцэж, шүүж, шүүмжилж, хэлэлцэж,  соёлтой маргалдаж хэрэлдэж байх ёстой юм уг нь. Тэрнээс биш хүзүүний урт богино, цусны найрлага ярих нь ичиж үхмээр сэдэв биш үү? Бид хэзээ ажил хэрэгч байж сурах улс  вэ?

Гурван нэр дэвшигч маань гурвуулаа МОНГОЛ хүмүүс!  Сайхан Монголчууд. Гурван Ерөнхийлөгчтэй байх боломж одоогоор Үндсэн Хуулиар олгогдоогүй учраас бид нэгийг нь сонгож нөгөө хоёрыг нь "гомдоохоос" аргагүй болж байна. Гэхдээ хэдийгээр сонгогдоогүй ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч  гэдэг утгаараа тухайн нэр дэвшигч маань ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээж явах болно.

Миний шалгуур? Маш энгийн. Одоогийн  Ерөнхийлөгч маань "солигдох" болзол  хангаагүй учраас бид улируулж ажиллуулах нь хамгийн зөв шийдэл. Тэр хүн алдаа хийгээгүй, ахиц авчирсан. Гадаад ертөнцөд тэр хүнээр Монголыг таньдаг. Манай нийгмийн идээ бээр болсон авилга, хүнд сурталтай маш сайн тэмцэж байгаа. Шүүхийн шинэчлэлийг хийж эхлээд явж байгаа. Иргэний оролцоог бодит ажил болгож шууд ардчилалыг дэмжиж байгаа. Цөмийн зэвсэггүй бүс болгож Монгол улсын аюулгүй байдлыг  дэлхийд баталгаажуулсан. Цаазаар авах ялыг халахыг санаачилж дэмжиж байгаа. Хийсэн ажлаас заримыг нь дурдвал ийм. Ажлаа сайн хийж байгаа хүнийг ажлаас нь чөлөөлдөггүй. Элбэгдорж Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, хийсэн ажлын тайланг өөрийн нь сайтаас үзэж танилцаарай:

http://elbegdorj.mn/

Нөгөө хоёр өрсөлдөгчийн тухайд мэдээж оногдсон ажил үүргээ зохих хэмжээнд сайн гүйцэтгэж ирсэн төрийн алба хаагчид, улс төрчид бөгөөд Монгол түмэнд танигдсан хүмүүс. Гэхдээ миний дээр хэлсэн   шалгуурын  дагуу  энэ хоёр хүн энэ удаа өнжих хэрэгтэй болов уу. Би энд элдэв хов жив, хар бараан юм бичихгүй. Тэртэй тэргүй хэвлэл мэдээллээр залхтал явж байгаа.

Батэрдэнэ аваргын тухайд ярих юм байхгүй. Ерөнхийлөгч байж бүрэн чадна. Гэхдээ л дэвшүүлж гаргаж ирсэн нам нь МАН буюу одоогийн сөрөг хүчин. Төрийн өндөрлөгийн нэг нь сөрөг хүчнээс байвал эрх баригчдад хяналт тавих, хүчний тэнцвэртэй байдал хангагдах сайн талтай гэдэг тайлбарыг  бол яг өнөөдрийн нөхцөлд Монголд хүлээж авахад хэцүү. Бид өмнө нь ийм эрх мэдлийн "тэнцвэртэй хувиарлалтыг" хийж л байсан. Харамсалтай нь бие биедээ дэгээ тавиад ажил явагдахгүй бөөн  саад болдог  юм билээ. Ийм алдааг дахиж давтахгүйн тулд нэг талд нь (АН) эрхийг нь өгсөн шиг өгөөд дараа нь хариуцлагаа тооцсон шиг тооцвол хэн хэндээ хар балгүй.

Энэ бол өөр намаас Ерөнхийлөгч сонгогдож болохгүй бас нэг томоохон шалтгаан. Нөгөөтэйгүүр, шинээр ажлаа авсан хүн эхлээд ажилтайгаа танилцаж зүгширтлээ бас багагүй хугацаа  зарцуулна. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийнхээ 4 жилээс бас хугацаа алдана гэсэн үг. Одоогийн Ерөнхийлөгчид   тийм шаардлага байхгүй, хийж байгаа ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах юм.

Удвал сайдын хувьд чин үнэнээ хэлэхэд, Ерөнхийлөгчийн албан тушаал  арай ахадсан ажил юм шиг  санагдаж байгаа. Гээд яахав дээ, намаас нь (Энхбаяраас ч юм уу) нэрийг нь албан ёсоор дэвшүүлсэн болохоор нэр дэвшигчийнх нь  хувьд хүндэтгэлтэй хандах нь зүй. "Эцгийн эрхт ёс ноёлсон" Солонгос улсад эмэгтэй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож болоод байхад манайд болохгүй юм байхгүй л дээ. Ирээдүйд тийм мундаг эмэгтэй гарч ирэхийг хэн байг гэхэв. Өнөөдөртөө цаг нь ч болоогүй юм шиг, тэгээд ч кандидат нь санаанд хүрэхгүй байгаа.

Нэр дэвшигч бүрийн ард зогсож байгаа дэмжигчид, намын гишүүдийн хувьд   мэдээж  сонголт нь тодорхой. Харин нам бус болон сонголтоо хараахан хийж чадаагүй байгаа хүмүүсийн хувьд сайн  бодож тунгаах шаардлагатай. Энэ бичвэрийг ерөнхийдөө  хэний төлөө саналаа өгөхөө мэдэхгүй  "алцганаж" байгаа сонгогчдод зориулсан гэж хэлж болно. Хэнд нь ч өгөхөө мэдэхгүй, эсвэл шийдэж ядаж байгаа хүмүүс миний дээр хэлсэн шалгуурын тухай нэг сайн бодоод үзээрэй. Нэг удаа ч гэсэн гадуур яригдаад, бичигдээд байгаа элдэв хар сурталчилгаа, гүтгэлэг, доромжлол, хов живийг толгойноосоо "авч хаяад", тэгээд ганцхан асуулт өөртөө тавиад үз: Элбэгдорж эхэлсэн ажлаа гүйцээх эрхгүй болтлоо ажлаа муу хийсэн гэж үү?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё