Дэнзэн "Дүлзэн" мөн үү?

Г.Дэнзэн (ЗГХЭГ-ын дэд дарга)
Ерөнхий сайд Алтанхуягийг унагаахын тулд МАН-ынхан өө дутагдал хайж баахан  давхижээ. Гэтэл Ерөнхий сайдын хамаатны нэг охин Г.Дэнзэн гэдэг   залуутай үерхдэгийг олж мэдчихээд шар тос олсон үнэг шиг баярласан гэж байгаа. Мань хүн  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын (ЗГХЭГ) дэд дарга хийдэг юм байна. Бас энэ албан тушаалынхаа дагуу  Эрдэнэс МГЛ компаний ТУЗ-ийн гишүүн, Эрдэнэс Таван Толгой (ЭТТ)  компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) даргаар ажилладаг аж.  Мөн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн,  Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Удирдах Зөвлөлийн гишүүн юм байна. 

Ингээд энэ нөхрийг тендэрт оролцож албан тушаалаа ашиглан тендэр авсан гэж шуугиулж эхэллээ. Алтанхуягийг шууд л хүргэндээ тендэр "авч өгсөн" гэж гүжирдэв. МАН-ын пиар амжилттай болж олон ч хүн Ерөнхий сайдын "хүргэн"  Дэнзэн их "муу" хүн гэж ойлгов. МАН-ын улаан фенүүд улай дээр овоорсон хэрээ шиг баярлан гуагалдав.  Твиттерийн элийрэгчид ч дутахааргүй шүүрэн авч  элийрцгээв.

Дэнзэн  ямар "гэм" хийчихээд  ад үзэгдэх болов оо  гэдгийг авч үзье:

1. Эрдэнэс Таван Толгой компаний удирдлагын зардлыг 65%-иар (!) бууруулсан

Яаж бууруулав аа? Эрдэнэс Таван Толгой компани 4 захиралтай бөгөөд тэдний  2  нь гадаадын иргэн юм байна. Энэ 2 хүнийг ажлаас нь халжээ. Яагаад халав?  Энэ хоёр захирлын хувьд ЭТТ компанид хийж бүтээсэн ажил гэхээр юм байхгүй мөртөө өндөр цалин авч элдэв зардлаа компаниар төлүүлж байжээ. Англус Марк гэгч нь  жилийн 500 сая  (сарын 42 сая) төгрөгийн цалинтай, 4000 ам.долларын (!) түрээсийн байранд амьдардаг байсан гэнэ. Мөн  Харвардын сургуульд магистраар сурч байсан зардлаа компаниар төлүүлж байж. Ийм байж болох уу?

Нөгөө захирал нь Эйрланс Янг гэдэг хүн байж. Тэр хүн хувийн компанид ажиллахын хажуугаар ЭТТ компаниас  жилийн 350 мянган ам.долларын (сард 30 мянган доллар) цалин авах гэрээ хийсэн байна.  Юу хийсэн гэж сард 40 гаруй сая (!) төгрөгийн цалин авдаг билээ?

2. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд ашиг гэж 15 сая төгрөг өөрсөддөө олгуулсан хэргийг илрүүлсэн

Төрийн банкны ТУЗ-ийнхөн банк ашигтай ажилласан гээд өөрсдийгөө олон сая төгрөгөөр "шагнасан" нь ёс зүйгүй асуудал бөгөөд буруу хэмээн мэдэгдэж энэ мөнгийг буцаан олгуулсан нь Дэнзэнгийн хийсэн "гэм". Мэдээж  энэ  хэрэгт холбогдсон хүмүүс мань эрийг шүд зуун зүхэж буй.

3. Зөрчил илрүүлж арилгуулж байгаа

ЗГХЭГ дотор дотоод хяналт, аудитын асуудлаа хариуцаж байгаагийн хувьд төр засгийн ажилд гарч байгаа, байсан элдэв зөрчил, булхайг илрүүлж ил гаргасан юм байна. Төрийн албан хаагч, дарга нар маш их зөрчил гаргадаг байсан, одоо ч үргэлжлүүлж байгаа тухай асуудлыг ил тод болгон зөрчлийг арилгуулж байгаа. Улсын мөнгөөр гадаадад зугаалах, байр сууцны хөнгөлөлт үзүүлэх, шагнал олгох зэргээр төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж  байсныг  илрүүлж, арилгуулж байгаа нь олон хүний нүдэнд орсон "шороо" болох шалтгаан болсон байна. 

 Хэвлэлийн "баатар" Дэнзэн өөрөө тендэрт оролцдаггүй, оролцох ч үндэслэлгүй гэж байна. Ер нь дээрх хоёр жишээнээс харвал Монгол улсад хэрэгтэй л юм хийж гэдэг нь харагдаж байна. Энэ хийсэн ажлыг нь юу ч биш болгож, хийсэн эзнийг нь харлуулж, муулж байгаа нөхдийг  Монгол улсын эрх ашгийн эсрэг хүмүүс гэж ойлгохоос өөр аргагүй.
Бидэнд нэг л хэмжүүр бий. Тэр нь,  чи Монгол Улсын эрх ашгийн төлөө юм хийсэн үү, эсрэг юм хийв үү гэдэг хэмжүүр.

Одоо илэрч байгаа идсэн уусан, угаасан цэвэрлэсэн мөнгөний хэргүүдийг үйлдэгчид бол Монгол Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас доогуурт тавьж, зарим тохиолдолд улсын эрх ашгийн эсрэг гэмт хэрэг хийсэн жинхэнэ "Дүлзэнгүүд"  юм. Энэ хэргүүдийн тухай хэвлэлээр зөндөө л бичиж байгаа учраас энд давтахгүй.  Харин Дэнзэнгийн хувьд ингэж чичлүүлэх биш, эсрэгээр магтах ажил хийгээд байгаа юм биш үү?
    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё