МАН-ыг сонгоод нэг алхам ухрах уу?

www.zaluu.com  сайтын явуулж байгаа "рейтинг тогтоох" судалгаагаар "Таны сонгох 76"-ын жагсаалтыг  одоогийн  УИХ-ын гишүүн, хуучин цагт Хууль Зүйн сайд хийж байсан Ц.Нямдорж тэргүүлж байна. (Доорхи зургийг үзнэ үү)

 Айргийн тавд Ардын Намын 2 хүн (М.Энхболд, Д.Лүндаажанцан) багтжээ. Ардчилсан Намаас Р.Амаржаргал нэрийг нь тахалж байх шив дээ. Бие даагч С.Ганбаатар  тавд  "хурдалж" байна.

Шинэ цагийн Монголчууд бид юмыг их амархан мартдаг болжээ. Өчигдөр л харийнханд "хов" зөөснийхөө шанд Бээжин нугасаар дайлуулж, бөөлжитлөө нанчид зооглож, бэлэг сэлт, бэлэн мөнгө авч байсан Ц.Нямдорж гэгч энэ хүн өнөөдөр "хамгийн их хайр татсан" улс төрч болчихсон явж байна. (Энэ тухай ЭНДЭНДЭНД, бас ЭНД  дарж уншина  уу)
Тэрээр Х.Баттулга гишүүнийг гүтгэж шүүхээр буруутаж явсан бөгөөд өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл тоож яваа нэгэн. (Энд ДАРЖ уншаарай)
Хууль Зүйн сайд байсан хүн хууль шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болно  гэдэг  ойлголттой явдаг бололтой. Аман дээрээ бол их гоё ярьдаг хүн дээ. "Ардын хүүхдийг..." гэж ирээд л. Энэ хүн сайн үйл гэхээсээ муугаар нэрээ олон дуудуулж байсан "улс төрч." Муу дээр муу гэгчээр хүмүүсийг элдвээр хэлж доромжлохдоо сайн. С.Баярцогт Оюутолгойн асуудлаар С.Ганбаатартай телевизээр мэтгэлцэхдээ хөөрхий бие даагчийг мэдлэг боловсролгүй гэж яаж басамжиллаа? Яг түүн лугаа адил  бусдыг дайрдаг бүдүүлэг этгээд.

Өөрөө мэдлэг боловсрол дулимаг гэдгээ бас сайн мэддэггүй байдал харагддаг. Аль социализмын үед олсон мэдлэг, ойлголтоо мөнхийн зөв бөгөөд бүрэн төгс гэж боддог нь илт. Цаг үеэ дагаж мэдлэгээ сайжруулах, шинээр суралцах ёстой гэдгийг ухаардаггүй юм уу  гэлтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээс болоод банкууд 8%-ийн зээлээ зогсоосоныг эрх баригчдын хийсэн ажил гэж зарлаад, "Банкууд аа, та нар 8%-ийн зээлээс бултахгүй шүү!" гэсэн юм яриад сууж байгаа хүн дээ. Нэгдүгээрт, ҮХЦ бол АН-ын буюу эрх баригчдын "мэдлийн" байгууллага биш, хоёрдугаарт, банкууд чинь бизнесийн байгууллага учраас эрсдэлд орохгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүй ёсны үйлдэл.
Ер нь бол 10% байсан юмыг 8% болгож "заваан балиар" юм хийсэн гэж зүхэж байгаа хүн.  Яахав дээ, ядарсан иргэд нь багахан хүүтэй зээл авчихвал тэдэнд арай хөнгөн  гэж бодоод энэ хүүг бууруулаа биз дээ. Харин Нямдоржийн   нүдэнд энэ нь "балиар" харагдаж байгаа юм байна. Зөвхөн баячууд биш, бас бусад нь байр савтай болог л дээ. Нөгөө талаар бид чинь "капиталзм" байгуулна гээд шийдчихээд бизнесийн байгууллага (банкууд) эрх ашгаа бодсон шийдвэр гаргангуут "та нар зугтахгүй шүү" гээд зандраад байдаг бас сонин юм шүү. Социализмаа санагалзсанаас зайлахгүй. Зүй нь мань гишүүн зохисгүй шийдвэр гаргасан ҮХЦ-ийг харааж зүхэх ёстой байсан юм. Гэвч кругозор бага хүнийг яалтай ч билээ.

Удаах байранд "давхиж" яваа Р.Амаржаргал гишүүний тухайд гэвэл нэг их сайндаа ч юм уу, онцгойдоо тийм өндөр "санал" аваагүй байх л даа. Гол нь тэрээр АН дотроо "тэрслүү үзэлтэн"  учраас МАН-ыг  дэмжигчдийн  "талархлыг" хүлээсэн бололтой. Жагсаалтын гуравт жирийж яваа "хурдан хүлэг" бол М.Энхболд. Олон жил УБ хотын даргын алба хашиж байхдаа, мөн Ерөнхий сайд байхдаа  Спорт цогцолборын барилга барихтай холбоотой 450 сая төгрөгийн авлигын хэрэгт Т.Бадамжунайн хамт нэр холбогдож, бас газрын наймаа цэцэглүүлсэн гэсэн "хүндэтгэлийг" хүлээсэн этгээд. (МА(Х)Н-ын "томчуудтай" холбоотой хэргүүдийн жагсаалтыг  ЭНДЭЭС сэргээгээд нэг харчихаарай) .
Жагсаалтын дөрөвт яваа нөхөр бол бусдыгаа бодвол хэл аманд өртөөгүй цэвэр яваа гэхэд бараг болно. Тавд бичигдсэн С.Ганбаатар гишүүний тухай мэдэхгүй хүн үгүй биз,

Топ тавд МАН-аас 3 хүн байна гэдгийг хоёр янзаар тайлбарлаж болно. Нэг бол  намынх нь нөхдөөс кампаничилсан ажиллагаа явуулж саналыг ихээр "цуглуулсан" (Жак Вэтэрфордын "Чингис хаан"  ном  онлайн санал асуулганд Монголчуудын масс дэмжлэгийг  авч түрүүлдэг шиг), эс бол  ерөөсөө иргэд маань толгой нь эргэчихсэнтэй холбоотой байх. Сүүлийн таамаглал магадлал өндөр байж мэдэх юм. Хэрэв тийм бол 2016 оны сонгуульд МАН гайгүй өндөр санал авч магадгүй. Олонхи болдоггүй юм аа гэхэд олонхийн ажилд "саад" болоод байх хэмжээний суудал авчихвал өнөөдрийн байгаа дүр зураг бас давтагдана. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний энэ "бөөрөнхий сонголт" дахиад л бидэнд чөдөр болно гэсэн үг.  Бид  тодорхой сонголт хийх хэрэгтэй байна. Эс бол "өөх", үгүй бол "махыг" сонгоё. "Булчирхай" хэрэггүй. Аль нэгийг нь сонгосон шиг сонгоод, эрхийг нь өгсөн шиг өгөөд, ажил хийх боломжийг нь олгочихоод дараа нь үр дүн дээр нь тооцоо хийх нь хэн хэндээ ойлгомжтой амар.  Аливаа юм тодорхой байх сайхан. Хэдийгээр АН олонхи болж чадаагүй (хамгийн олон суудал авсан ч гэсэн) боловч бусад хүчинтэй эвсэх, аргадах зэргээр ажлаа боломжийн хэмжээнд явуулж, багагүй өөрчлөлт дэвшлийг бий болгож чадсан гэвэл хоосон магтаал гэхгүй байх. Ямартай ч МА(Х)Н-ын эрх барьж байсан өнгөрсөн он жилүүдэд хийгээгүй ажлыг энэ богино хугацаанд санаачилж, хийж чадсан. Харин одоогийн сөрөг хүчин бол худлаа ярьж, хувалз шиг таргалахаас өөрийг хийгээгүй өдий хүргэсэн нь үнэн.  Жишээ болгоход,  эрх баригчдын хийсэн дэд бүтцийн ажлуудыг л хар.

2016 онд эргээд МАН-д засаг барих эрхийг нь өгөх юм бол бид нэг алхам хойш ухрана. Эрх мэдлээ алдсан хувалзнууд  энэ хугацаанд их л "өлсөж цангасан" нь ойлгомжтой. Цангасан мал худаг руу дайрдаг шиг тэд эрх мэдэл дахиад авангуут "цангаагаа" тайлах гэж улайрах нь мэдээж. Тулхтай гэж "томордог" нам маань "тухтайхан" шиг идэж ууж эхэлнэ.   Сонгосон бид харин араас нь элдэв юм донгосолгүй, тайван амгалан байж, саад бололгүй "идүүлээрэй дээ."
Хөөрхийс гэж, 4 жил "өлсгөлөн" явсан амьтас  ойлгомжтой шүү дээ. (Ё.Отгонбаяр мэтийн банкинд олон данстай "баян" эхнэртэй нэг нь "тарга тэвээрэг" алдаагүй байх магадлалтай)  "Өлссөн ах нар"  маань нэг хэсэг ухаан зулаггүй   идэх байх гэхдээ  гайгүй "гэдэс гараад"  ирэхээрээ бид хэддээ жаахан илүүчилнэ гэдэгт харин бүү эргэлзэгтүн. Шавхруу ч гэсэн ах намын хишиг. Залбираад л сууж бай. Чойжилсүрэн гишүүний "буяныг" Увсын ард түмэн яаж баярлан алгаа тосож авч байлаа, санаж байна уу? Ах намын буяныг бид бас л тэгж хүлээж авах хэрэгтэй. Сонгосон л бол амаа хамхиад, алгаа тосоод сууж байх хэрэгтэй. Үгүй гэвэл ажил хийснийг нь сонгож, илүү ихийг хийхийг шаардаж, боломжийг нь олгох нь бидний эрх ашиг. Хоёр муугаас арай дөнгүүр нь одоогийн эрх баригчид. Хоосон урианд уярч, хорин төгрөгөнд алгаа тосохоос өмнө сайн бодоцгооё. Уран үгтэйг нь биш, хийсэн ажилтайг нь сонс. Ажлыг нь дуустал нь хийлгэ. Харин боломжийг нь олгож, эрхийг нь өгөхөө  мартаж болохгүй, Өгвөл өгсөн шиг  өгөх хэрэгтэй гэдгээ ч бас битгий мартаарай. Бидэнд "булчирхай" хэрэггүй. Сонголт тань мэргэн байх болтугай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө