Коммунист Баттулга

Улсын баатар Э.Бат-үүл УИХ-ын гишүүн Х.Баттулгыг "коммунист" гэдгийг нь сая мэдэж авсан байна. (Бичлэгийг үзнэ үү)


Цэрэг "дайчилж" төмөр зам бариулна гэдэг санал гаргаснаас болж Баттулга ийм гуншин авчээ. Баттулгын санаачилгыг Ерөнхий сайдаас эхлээд олон Монголчууд дэмжиж байгаа. Би ч мөн адил. Бат-үүлийн хэлж байгаагаар бол надаас эхлээд   коммунистууд их олон байгаа юм байна. Ер нь Женко-д  хэлэх нэг санал байна. Ардчилсан Намын гишүүнээсээ татгалзаад  Коммунист нам байгуулбал яасан юм? Нэгэнт л "коммунист" гэдэг чинь  "ил"  болсон юм чинь одоо нуугаад яахав дээ. Би  давхиад л очно. МАН-д ч, МАХН-д ч, Иргэний Зориг намд ч, БНН-д ч олон коммунистууд бий. Тэд бүгд элсэж орно. Тэр байтугай Буянгийн Жагаа намтайгаа намираад л орж ирнэ. Улс төрийн тоймч Ш.Гантулга гуай "Би бол энэ бол намд бол элсэж бол ормоор бол байна" гээд л гүйгээд ирнэ.

Цэргүүдээр бариулна гэдэг нь дарангуйлал биш юм аа.  Энхийн цагт цэрэг армийнхан хаана ямар шаардлага хэрэгцээ байна, тэнд очдог, тусалдаг, ажилладаг явдал ямар ч улсад байдаг. Харин ч бид энэ төслөөр цэргүүдээ эхлээд сургаад дараа нь ажиллуулна гэж байгаа. Цэргүүдээр хийлгэнэ гэдэг нь нэгдүгээрт, тэд сахилга баттай бөгөөд ажил хаяад явах, эсвэл цалин буухаар архидаад байхгүй, хоёрдугаарт, ижил насны үеийн залуучууд бүгд тодорхой мэргэжил эзэмшээд, хугацаагаа дуусахаар мэргэжил дадалтай бөгөөд хармаандаа хэдэн төгрөгтэй гэртээ буцаж ирнэ. Тодорхой үнэлгээ бүхий "капитал" болчихсон байна гэсэн үг. Харин Бат-үүлийн хэлж байгаачлан ажилгүй болгоныг хамж аваад ажиллуулна гэвэл бүтэхгүй. Нэг хэсэг нь ажил хийх дургүй байна, нөгөө хэсэг нь дургүйгээ хүрэхээр ажлаа хаяад явах бэлэн байна, өөр нэг хэсэг нь  цалинг нь голно. Мэдээж ажил хийе гэсэн хэсэг байх нь тодорхой боловч тооны хувьд цөөдөх болов уу гэж эмээж байна. Гэтэл бидэнд ажиллах хүч олноороо хэрэгтэй болно. Хятадууд оруулж ирж хийлгэж байхаар өөрсдийнхөө хүмүүсийг сургаад хийлгэсэн нь зөв гэдгийг Монгол хүн бүр хэлэх биз ээ.

Тийм болохоор хүмүүсийг "коммунистаар" нь цоллож суухын оронд Ардын баатар та арай уужуу бодож ойлгох гээд оролдоод үзвэл яасан юм! Тэнд том бүтээн байгуулалт явагдах гэж байна. Ажлын цар хүрээ, чухал онцлог чанар зэрэг нь өөрөө нэгдсэн зохион байгуулалттай, сахилга баттай, их хэмжээний хүн хүч шаардаж байгаа. Ардын баатар маань арван мянга битгий хэл, нэг мянган хүн цуглуулж чадах уу? Цуглуулсан хүмүүс нь хатуу сахилга баттай,  ажлаа дуустал тэндээ байрлаж ажиллана гэдэг  баталгаа өгч чадах уу? Хэцүү дээ хэцүү. Бид өөрсдийнхөө мууг, байгаа байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өдрийн 30 мянган төгрөгний цалинтай ажил хийх хүн олдохгүй байна гэж дуулдах юм. Уг нь сарын бараг сая төгрөгний цалинтай ажил байгаа биз? Лазан залхуу мөртөө бас цалин голдог, биед амар бөгөөд хөнгөн ажил  илүү сонирхсон, биеийн хүчний ажил хийх чадваргүй сул дорой, шалчгар, хувцасны гол болсон,  тамхи татаж, архи уух, хүүхэндэж шоудахаас өөр сонирхолгүй залуучууд их хөлхөлдөх болж. Ийм хүмүүсийг цуглуулж ажиллуулах гэхийн оронд харганы ноос түүж эсгий хийх нь арай хялбар байх аа гэж  Бат-Үүл баатартаа хэлье дээ.  
Тийм болохоор "коммунистуудаар"  ажлыг нь хийлгэж, харин баатар та оногдсон ажлаа л хариуцвал яасан юм? Өөрт хамаагүй, тэр тусмаа өөрийн намын засгийн хийх гэж байгаа ажил санаачлагыг доош нь хийж, элдвээр дуудаж  энд тэнд ярилцлага өгч шоудаж байхын оронд  урдах ажлаа л сайн хийхээ хичээх хэрэгтэй байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг шиг...
Гацуурт компаний захирал Л.Чинбат баатрыг "солиорсон байна" гэж жиргэсэн байна. Арай солиорчихоогүй байгаа гэж найдая. Төрд хэрэгтэй зайран юмсан.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө