Цаазын ялгүй Монгол

Тоймч Ш.Гантулга
Олон улсын тоймч хэмээх Ш.Гантулга хэлж байна:  - "Нийгмийн ёс суртахуун хэзээ сайжрах вэ гэхээр хүүхдүүд одоогийн насанд хүрэгчдийнхээ үнэнч  шударга байгааг нүдээрээ  харсан цагт ёс зүй гэж бий  болдог юм аа. Бүх  хүнийг үгээр ойлгуулах ямар ч арга байхгүй.  Муу хүмүүст ямарваа нэгэн ойлголт өгөх цорын ганц арга бол тэднүүсээс хэдийг нь олны өмнө цаазаар авах явдал юм. Тийм цочроо ороогүй цагт нийгэмд ямарваа нэгэн ёс суртахууны өөрчлөлт хэзээ ч гарахгүй юм аа. Өөрөөр хэлбэл, ёс зүй гэдэг чинь шударга ёсон дээр тогтож байдаг юм. Буруу хэрэг хийсэн хүн, хулгай хийсэн хүн заавал шийтгэлээ амсдаг тийм нийгэмд ёс зүй байдаг юм."   (https://www.youtube.com/watch?v=zWSRygtVclI )

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлж байна: - "Төр хүн алах эрхгүй."  Соёлт ертөнцөд дэлхий нийтийн хандлага цаазын ялыг халах зүг рүү байгаа өнөө цагт Монголчууд бид бас энэ дундад зууны үеийн ялаас татгалзах ёстой гэнэ.

Хэнийх нь зөв бэ? Гантулга гуайн хэлж байгаа үг дийлэнх Монголчуудын таашаал, дэмжлэгийг  хүлээх магадлалтай. Амийг амиар гэж. Гэтэл Монгол улс дэлхий гэдэг айлын нэг гишүүн. Тийм болохоор бусад гишүүнийхээ жишгийг дагахгүй бол бас ганцаардах гэмтэй. Зожигроод бид юу хожих юм? Бид сонголтоо хийх хэрэгтэй. Дэлхийн ихэнх (144) улс энэ ялнаас татгалзаж байгаа юм байна. Цаазын ял гэдэг өөрөө их хэрцгий, хүнлэг бус, зэрлэг үйл явдал гэж хэлж болно.
Улс үндэстнийхээ онцлог зан чанар, уламжлалаа, ёс заншилаа бодвол бид буруутныг хатуу гэсгээж ирсэн түүхтэй ард түмэн. Хүн алсан алуурчид амьд явах эрхгүй гэдэг  ойлголт, зарчимтай улс.  Гэтэл Тэмүүжингийн хэлж байгаад бас бодох юм байна. Нэгэнт л төрийн өмнөөс гэмтэнг яллаж байгаа юм чинь төр өөрөө алуурчин байж бас болохгүй. Нөгөө талаас гэмтэнг тонилголоо гээд хохирлыг нөхнө гэсэн ойлголт байхгүй. Тэгтэл хохирогчийн ар тал гэмтэнг амьд байгаа гэж бодохоос шөнө бүр хар дарж зүүдэлдэг бол бас хэцүү. Улс мөн тэр хогийн шаарыг үхтэл нь тэжээх хэрэгтэй болно. Үүнд багагүй зардал гарна. Ингэж бодвол буудаж хаячихаад булчихвал амар мэт.
Ийм л эсрэг тэсрэг үзэл бодлын сөргөлдөөнөөс л сонголт хийх хэрэгтэй гэсэн үг.

Монгол Улс 2012 онд олон улсын зохих гэрээнд нэгдэж орсоноор цаазын ялнаас татгалзсан улсын тоонд багтжээ. Сая батлуулсан шинэ хуулиар цаазын ялыг хассан  дуулдана. Хэрэв тийм болсон бол хүнд гэмт хэрэгтнүүдийн эдлэх хамгийн хүнд ял нь бүх насаар нь хорих шийтгэл байх болов уу. Гэхдээ төр гэмтэнг үхэн үхтэл нь зүгээр тэжээхгүйгээр хоригдож байх хугацаанд нь ажил хийлгэж хөлс хүчийг нь ашиглаж байх хэрэгтэй. Зүгээр торны цаана суулгаад тэжээгээд байх хэрэггүй. Адаглаад тэд идсэн хоолныхоо мөнгийг төлж байвал төрд дарамт бага ирнэ.

Бусад нөлөө бүхий болон ойр хөрш орнуудад цаазын ял байдаг эсэх тухай сонирхоё:

Америкт цаазын ял бий, гэхдээ 50 мужаас 31-д хэрэгжүүлж байгаа.  "Цааш нь харуулахдаа"  олон арга хэрэглэж ирсэнээс одоо стандарт болсон  нь тариа шахаж үхүүлэх арга юм байна. Эхлээд  дүүжилж байснаа дараа нь хортой хийгээр хордуулдаг, зогсоож байгаад бууддаг,  эцэст нь цахилгаан гүйдлээр цохиж хөнөөдөг байснаа одоо судсанд нь тарьдаг болжээ.  2014  онд 35 хэрэгтэнг цааш нь харуулсан ба улс даяар нийтдээ 3002 хүн "там" руу явах тийзээ авчихсан хүлээж байсан байна.

Японд бол цаазын ял авсан хүнд тэр өглөө нь мэдэгдээд, сүүлийнх нь хүссэн хоолыг нь идүүлээд л дүүжилчихдэг юм байна. 2014 оны 8-р сарын байдлаар 126 хэрэгтэн "оочер"-оо хүлээж байсан мэдээ байна. Хамгийн сүүлд 2015 оны 6-р сарын 25-нд Цукаса Канда гэгч 44 настай эрэгтэй хүн  дүүжлүүлжээ. Тэрээр өөр 2 хүний хамт нэгэн эмэгтэйг дээрэмдсэний дараа амийг нь зэрлэгээр хөнөөсөн бөгөөд харин хамсаатных нь нэг нь цагдаад сайн дураараа мэдээлэл өгч тусалсаныхаа шанд насаараа хоригдох ял авч, нөгөө нь давж заалдаад цаазын ялаа бүх насаараа хоригдох ялаар солиулсан аж.

Орос улсын хувьд цаазын ял тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн боловч "онолын" хувьд хэрэгжүүлэх боломж байгаа аж. 1996 оноос хойш нэг ч хүн цаазлаагүй  байна. Цаазлах арга нь буудаж алах.
Урд хөрш Хятадын хувьд дэлхийд хамгийн олон хүн цаазалдаг орон, гэхдээ хүн амтайгаа харьцангуй олон тоогоор цаазалдаг орнууд гэвэл  Иран, Сингапур гэнэ.
Сан Франциско хотод байрлах Дүй Хуа хэмээх ашгийн бус хүмүүнлэгийн байгууллагын таамагласанаар жил бүр Хятадад 5000 хэрэгтэн цаазлуулдаг  байсан гэнэ. Яс тоог нь нууцалдаг нь ойлгомжтой.  Харин 2013 онд  цаалуулсан хэрэгтний тоо 2400 болж буурсан мэдээ байна.
Цаазын ялыг хэрэгжүүлэхдээ буудаж алдаг байснаа сүүлийн үед  тариа шахаж үхүүлдэг болжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд   буудаж алах аргыг хэрэглэдэг гэнэ.

ХБНГУ-ын хувьд одоо цаазын ял байхгүй. Баруун Герман 1949 онд, Зүүн Герман (БНАГУ) 1987 онд цаазын ялыг халсан. Өмнөд Солонгос улсад цаазын ял бий.  Хамгийн сүүлд 1997 онд цаазын ялыг гүйцэтгэсэн байна. 2009 онд  Канг  Хо Сун гэгчид цаазын ял өгсөн бөгөөд 2013 оны байдлаар 60-аад хүн ийм ял сонсчихоод байгаа юм байна. Канг-ийн хувьд өөрийн  эхнэр, хадам ээж болон бусад 8 эмэгтэйн аминд хүрсэнийхээ төлөө цааз авсан боловч энэ ялыг хэрэгжүүлэхийг түр зогсоосны улмаас цаазлуулахаас хүлээгдэж байгаа аж.
Казахстаны хувьд 2003 оноос энэ төрлийн ялыг түдгэлзүүлсэн байгаа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө