Төр засаг минь түмэн олноо аварч хайрла!

Дахиад л нэг хүүхэд галд шатаж амиа алдсан тухай мэдээ! Ямар хэцүү юм бэ?!  12 настай охин байсан гэнэ. Хайран, хайран! Бид ингээд хүмүүсээ "зүй бусаар" алдаад байх юм бол яаж өсөж олон болох билээ? Уг нь бол сэргийлж болох л юм шүү дээ. Бүрэн сэргийлж чаддаггүй юм аа гэхэд маш бага тоонд барих боломжтой.  Энэ жил гэхэд галын аюулд  58 хүн амиа алдсаны  12 нь бага насны хүүхэд байсан гэнэ.  Энэ 58 дээр түлэгдэж бэртсэн 34 хүн (үүний 10 нь хүүхэд байсан) нэмэгдэнэ.
Мэргэжлийн байгууллага сэрэмжлүүлдэг л гэнэ. Сэрэмжлүүлэхээс өөр ажил хийж чадахгүй байна уу? (Мэдээг эндээс уншаарай)

Галын аюул хэлж ирэхгүй, хийсээд л ирнэ. Хүн л юм болсон хойно алддаг, мөн хүний  шууд  оролцоогүйгээр гал гарах тохиолдол элбэг. Гал хаана ч, хэзээ ч гарч болно. Хамгийн гол нь аюул тохиолдсон нөхцөлд хохиролгүй (ялангуяа хүний амь эрсдүүлэхгүй) буюу маш бага хохиролтой гарах боломжийг бүрдүүлэхэд л тэр мэргэжлийн гэгдэх байгууллага, удирдлагууд анхаарах ёстой юм. Тэрнээс биш хоосон сэрэмжлүүлээд яахав дээ.

Утаа мэдрэгч дохиоллын төхөөрөмж
Тэгвэл ямар боломжийн тухай яриад байгаа хэрэг вэ? Ерөөсөө л цаг алдалгүй дохиолол авдаг байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Энэ дохиоллыг өгдөг төхөөрөмж нь  гадаад  орнуудад  өргөн худалдаалагддаг, хуулиараа орон гэртээ байрлуулсан байх ёстой гэгддэг, гарын атганд багтахаар жижигхэн эд юм. Галын голомт дээр байгаа хүмүүс энэ төхөөрөмжөөс дуут дохио авсанаар амь насаа аврах боломжтой болно гэсэн үг. Ихэнх тохиолдолд шөнийн цагаар унтаж байх үед гарсан галын утаанд угаартаж амиа алддаг учраас энэ дохиоллын төхөөрөмж маш чухал. Унтаж байгаа хүн сэрэхээр чанга дохио өгч сэрээдэг энэ утаа мэдрэгч нь зайгаар ажилладаг учраас хаана ч байрлуулж хэрэглэх боломжтой. Хоёр гол зүйлийг анхаарах хэрэгтэй:
- Таазны ойролцоо буюу утаа хамгийн түрүүнд дэгдэж очих газар байрлуулах
- Зайны цэнэг   нь дууссан үед (зайны цэнэг дуусч байвал дохио өгдөг) даруй сольж, үе үе тест хийж шалгаж байх

Аж үйлдвэрийн газар, обьект гэхээсээ илүү ахуйн чанартай гал айл өрхөд гарах нь элбэг байдаг. Энэ нь  элдэв цахилгааны хэрэгсэлийн  холболтыг мэргэжлийн түвшинд хийлгэдэггүй  (албан газрууд арай өөр хандаж мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг), мөн ил далд элдэв галын эх үүсвэр өргөнөөр ашигладагтай холбоотой. (зуух, пийшин, ил далд плитка, цахилгаан халаагуур г.м)
Иймээс хамгийн түрүүнд айл өрхүүдийг ийм төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлмээр байна. Хууль тогтоогчид зохих хууль журмандаа ийм төхөөрөмж заавал тавих тухай оруулж, хуульчилж өгмөөр байна. Хэдийгээр энэ нь "албадлагын" шинжтэй мэт боловч цаагуураа Монгол төр иргэдээ хамгаалж байгаа гэсэн үг юм. Дээр өгүүлсэн  галд амиа алдсан 12 настай охин Монгол улсын иргэн бөгөөд энэ улсын үнэт баялаг байсан. Тэр охиныг хамгаалах нь Монгол төрийн үүрэг байсан юм. Энэ үүргээ биелүүлэхгүй хойрго хандаж ирсэний улмаас энэ жил гэхэд ийнхүү 58 иргэнээ бид алджээ.  Хайран хүмүүс минь.

Энэ утаа мэдрэгч төхөөрөмжүүд олон янз, зориулалттай боловч худалдаж авах боломжгүй айхтар өндөр үнэтэй эд биш. Төр засгаас зориуд холбогдох газар, яамд чиглэл өгөөд ийм төхөөрөмжүүд бөөний үнээр нь оруулж ирэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Яаж, хэнээр гэдэг нь тэдний шийдэх асуудал. Тендэрээ зарлах  уу, хэн нэгэнд нь хариуцуулах уу гэдгээ ярилцаад шийднэ биз. Хамгийн гол нь энэ барааг Эрээний бараа шиг хэд нугалж ашиг олохгүй байх болзлыг тавих хэрэгтэй. Мөн мэдээж  хэн ч худалдаад авчихаар хямд үнэтэй байх ёстой. Хариуцаж хийх байгууллага, яам нь энэ ажлыг өвч бүрнээр зохион байгуулах үүрэг хүлээх нь ойлгомжтой. Ухуулга сурталчилгаанаас эхлээд л, хэрэглээ, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэх мэтээр. Шаардлагатай бол  ядуу иргэддээ үнэгүй авч өгсөн ч болно.
Иргэнийхээ амь насыг эрсдэлээс сэргийлэх, хамгаалах, аюулгүй амьдрах нөхцлийг хангах төрийн үүргээ биелүүлэхийн тулд энэ ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна.

p.s. Дээрх сэдэвтэй холбоотой нэгэн хуучин бичвэрийг энд дарж уншаарай

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө