"Буцалтгүй тусламж" буюу Монголбанкны Ерөнхийлөгч "Санта Клаус" болсон нь


Монголбанкны нэр бүхий захирлууд "туйлын ихээр ядарсан" тул тус банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "машид ихээр өрөвдөж" , тушаал гарган мөнөөх ажилтнууддаа буцалтгүй мөнгөн тусламж өгч, өглөгч  нэгэн гэдгээ нотолсон баримтуудыг УИХ-ын гишүүн Уянга олж тавиад шуугиулж байсан нь саяхан. Монголбанкны удирдлагууд "хэргийн эзнээр" Ш.Чулуунбаатар хэмээх ажилтнаа "тодруулжээ."  Уянга гишүүн хүний амьдралыг "орвонгоор нь хөмөрсөн"  хэрэгт орж байх шиг байна.   Банкны "нууцыг" задруулсан гэх Чулуунбаатар ажилгүй болж, хүүдээ санаа зовсон эх нь Уянгатай уулзжээ. Чулуунбаатар мөн гишүүнд хандаж захиа бичсэн байна. (Захиаг доор уншина уу)

Алдагдсан нууц гэгдэх мэдээллээс харвал Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргал   аргагүй л баян Араб шиг аашилж, сая саяар нь цацсан нь нотлогдож байна.
Монголбанкны Ерөнхийлөгч  ингэж  Саудын Арабын хунтайж  шиг загнах эрхтэй   юу? Энэ асуултанд хариулахын тулд Монголбанк гэдэг байгууллага ямар учир жанцантай газар вэ гэдгийг сонирхоё. Өөрсдийнх нь сайтад бичсэнээр Монголбанк бол төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд  бөгөөд Төв Банкны хуулинд заасны дагуу дараах үйл ажиллагааг явуулдаг аж:

- мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
- мөнгөний бодлого боловсруулж  хэрэгжүүлэх
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
- банкны үйл ажиллагаанд хяналт тавих
- банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
- гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах

Эндээс харвал Монголбанк маань  хувийн компани биш, харин "улсын байгууллага" юм байна. Золжаргал Ерөнхийлөгч бол ямар нэгэн хувийн компаны Ерөнхий захирал биш гэдэг нь  тодорхой боллоо. Хувийн компани биш юм бол  Ерөнхийлөгч Золжаргал ингэж баруун солгойгүй цацах мөнгө хаанаас "олдог" билээ? Монголбанк ашгийн төлөө байгууллага биш биз дээ?  Дилерүүд нь ингэж их ашигтай ажилласан юм болов уу? Ямар ч байлаа гэсэн ингэж саяар нь өгдөг нь "улсын" мөнгөөр гараа угааж байгаа хэрэг бус уу?
За тэгвэл ямар ажилтай хэн гээч нь буцалтгүй тусламж авч вэ?  Уянга гишүүний олж авсан баримтаас харвал дараах хүмүүс "бурзайжээ" :

1. С.Болд  (Ерөнхийлөгч Золжаргалын зөвлөх) -------------------------- ------------- 180 сая төгрөг
2. Д.Чимид-Юндэн (Тамгын газрын захирал)   ----------------------------------------    90 сая
3. Х.Дэлгэр  (Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал) ----- 139.5 сая
4. Д.Ганбат  (Хяналт шалгалтын газрын захирал)  ------------------------------------  139.5 сая
5. П.Сүхбаатар (Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал) -----------------   80 сая
6. М.Амгалан (Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал) ------------------------   63 сая

Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд Захирлуудын Зөвлөл гэж  Ерөнхийлөгчдөө зөвлөх эрхтэй, Ерөнхийлөгчийнхөө тушаалаар сонгосон   бүрэлдэхүүнээр, тогтоосон журмын дагуу ажилладаг бүтэц байдаг аж. Буцалтгүй тусламжийг  авсан дээрх нэр бүхий 6 ажилтан  энэхүү Зөвлөлд багтдаг юм байна. (Доорхи зургийг үзнэ үү. Эх сурвалж: Монголбанкны сайт)

Захирлуудын Зөвлөлийн гишүүд


Дээрх гишүүдээс гадна их хэмжээний буцалтгүй тусламж авч  бурзайсан олон "азтан" байнаа. Тухайлбал, Д.Ган-очир хэмээх азтан 137.5 сая (137 аравны таван  сая буюу 137 сая 500 мянга гэж унш) төгрөг "хожсон" бол Н.Амар 62 саяыг гарджээ. Н.Нинжин нарын 23 "азтан" тус бүр 50 сая төгрөг  авсан байна. Би зөв тоолсон бол лав 54 хүн тус бүр  "буцалтгүй тусламж" нэрээр  45 сая төгрөг  авч гялайжээ. Валют, эдийн засгийн газрын С.Ангарцэцэг хэмээгч нөхөрт 48 сая төгрөг өгч "буцалтгүй тусалжээ."    Баримтаас харахад дээрх "бэлэгнүүдийг"  өгсөн хугацаа нь өөр өөр байна. Ихэнх нь  2012-14 онуудад  олгогджээ.


Хамгийн сүүлийн үеийнх нь гэвэл 2015 оны 8 сарын 1-нд Ш.Эрдэнэбаатар гэгч  50 саяын "азтангаар"  тодорсон байна.  Мөн 2015 оны 6 сард "Н.Амар "шагналынхаа үлдэгдэл" болох 8 сая төгрөгийг гардсан гэж  тэмдэглэжээ. Бодвол өмнө нь дутуу өгчихсөн байсан бололтой. Би  энэхүү баримтанд дурдагдсан бусад "аахар шаахар" зарлагуудыг энд "тоож ярихгүй." Харин дээрх хүмүүст  өгсөн энэ олон сая төгрөг хаанаас гарсан бэ гэдгийг сонирхож байна. Золжаргал хармаанаасаа гаргаагүй нь лав байх. Тэгвэл Монголбанкны сан хөмрөгөөс гарсан болж таарна. "Улсын мөнгө" байсан гэсэн үг. Улсын мөнгийг ингэж дураараа цацаж болох уу?  Оногдсон төсвөө дураараа зориулалтын бусаар юм уу, эсвэл хэтрүүлж зарцуулсан  албан тушаалтан, удирдах ажилтан ял зэм хүлээдэг биш бил үү?


Ерөнхийлөгч Золжаргалын  зөвлөх (мөн тус банкны Ерөнхий эдийн засагч) С.Болд гэдэг хүн "буцалтгүй тусламж" авахаар тийм "ядарсан хүн" үү? Хангалттай л цалин авдаг баймаар.  Үнэндээ зорилго санаа нь "туслахдаа" биш, зүгээр л "буцалтгүй тусламж" нэрээр бие биенийгээ шагнаж, "тойрон хүрээлэгч" нараараа өөрийгөө улам "нягт тойрон хүрээлүүлэх", тэднийг дохио зангаагаар хөдөлдөг хүүхэлдэйнүүд болгох явдал байсан байх.  Мөнгийг нь авсан хүн мөнгө өгсөн "буянтныхаа" эсрэг дуугарах уу? Ерөөсөө л энэ. Тийм биш дээрх "баян банкирууд" олон саяын буцалтгүй тусламж авах өөр ямар шалтаг шаардлага байж болохыг нэг л ухаж өгөхгүй нь.  Мэдэж байгаа нь хэлээд өгөөрэй.

"Нууц" задруулсан гэх Ш.Чулуунбаатарын захиа:



УИХ-ын гишүүн Г. Уянга танаа
Таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
Шинэбаатар овогтой Чулуунбаатар миний бие тантай уулзах хүсэлтийг таны туслахад хэд хэдэн удаа тавьж байсан боловч таны цаг зав хомс байгааг харгалзан энэхүү захидлыг хүргүүлж байна. Би сүүлийн нэг жил шахам хугацааны туршид өөрийн амьдралтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танд учирлахын тулд энэхүү захиаг бичлээ. Миний бие 2010 онд Турк улсад сурлагын амжилтаараа Турк болон олон улсын оюутнуудыг манлайлан, шилдэг оюутан шагнал хүртэж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, их сургуулиа төгсөж ирсэн билээ. Эх болсон орныхоо хөгжил дэвшилд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах чин хүсэл маань намайг эх орон руу минь хөтөлсөн юм. Улмаар 2011 оноос ажил амьдралын гараагаа Монгол банкинд эдийн засагчаар эхэлж, Монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байлаа. Богино хугацаанд ахлах эдийн засагчийн албанд дэвшиж Монгол банкны баярын бичиг, үнэ бүхий зүйл, шилдэг ажилтанд хоёронтоо нэр дэвшиж нэр төртэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж байлаа.
Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр та өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монгол банктай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлсний дараа энэ асуудалд Монгол банкнаас намайг буруутгасан юм. Ингээд миний хөдөлмөрлөх эрхийг энэ оны 3 сараас хойш хааж, ажиллуулахгүй байгаа бөгөөд мөн халсан шийдвэр гараагүй. Энэ хугацаанд эд хөрөнгийн асар их хохирол, сэтгэл санааны гүн хямралд орлоо. Монгол улсын иргэн хүний хувьд өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулах зорилгоор Монгол банкийг хариуцагчаар татан Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэний талд буюу миний талд шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр тийм боловч Монгол банкнаас намайг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн бөгөөд 2015 оны 10 сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Харамсалтай нь би тантай энэ амьдралдаа уулзаж байгаагүй, таныг танихгүй, тантай ямар ч холбоогүй байтал энэ асуудалд намайг буруутгах боллоо.
Иймээс та хууль хяналтын байгууллагад үнэн бодит байдлыг тайлбарлаж, энэ хэрэгт намайг гэм буруугүй гэдгийг нотолж өгнө үү хэмээн таниас хичээнгүйлэн хүсье.
Захиал бичсэн Ш.Чулуунбаатар
2015 оны 12-р сарын 16-ны өдөр

Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчийн булхай ил болж , Чулуунбаатар гэдэг ажилтан нь хэлмэгдэж байна. Хэн ч задруулсан бай хамаагүй, хамгийн гол нь энэ "зарчимгүй явдал" илэрсэн нь чухал юм. "Баян араб" Золжаргалыг шалгах хэрэгтэй болжээ. Уянга гишүүн түүнийг АТГ-т өгсөн нь зөв болж.  "Буцалтгүй тусламж" авсан этгээдүүд гэнэтийн их орлогодоо ноогдох татвараа төлсөн болов уу, ингэхэд?


Яаж ч бодоод би энэ "буцалтгүй тусламжийг" ойлгохгүй юм байна. Төр засгийн алба хашиж байгаа ямбатнууд маань "улсын мөнгийг" иймэрхүү аргаар "иддэг" муу зуршилтай болсоныг нотлох ганц тохиолдол энэ биш юм. Нийслэлийн болон дүүргийн Иргэдийн Хурлынхан "урамшуулал" нэртэй цалин авдаг. НИТХ-ын төлөөлөгч бүр улиралд 13 сая төгрөг авдаг гэсэн. Цалин авдаггүй гэх боловч үнэндээ энэ урамшуулал гэгч нь цалин аж. 13 саяыг 3-т хуваавал төлөөлөгч бүр сард 4 сая төгрөгний цалинтай юм байна.  Гэвч үүнийгээ  цалин биш, харин тойрогтоо зарцуулдаг мөнгө гэж тайлбарладаг. Төлөөлөгч маань тойрогтоо сард 4 сая төгрөг зарцуулдаг гэж үү? Юунд вэ? Бэлэг сэлт, энд тэнд шавар шохой худалдаж авч өгөхөд саяар нь зарцуулах уу? УИХ-ын гишүүд мөн  тойрогтоо ажиллах зардал гэж 90 сая төгрөг авдаг гэж байгаа. Юу хийгээд 90 саяыг дуусгачихдаг нь их сонин. Энэ мэтээр гоё сайхан нэр өгөөд л саяар нь, тэрбумаар нь тоглож байна, манай эрхтэн дархтангууд. Эдийн засаг хэцүү байна, элдэв зардлаа хасая, таная гэх боловч үнэндээ хоосон лоозонгоос хэтэрдэгггүй  бололтой.

Монголбанкны "Санта Клаус" шиг өгөөмөр өглөгч Ерөнхийлөгч олширвол энэ улс өөдлөхгүй биз ээ. Ядаж байхад энэ мэтийн хулгай луйвар ил болоод ч нэмэргүй нь гачлантай. Эрх мэдэлтэнгүүд хэн нэгнийг хэлмэгдүүлээд л өөрсдийгөө цэвэр аваад гардаг. Буруу хийснийг нь  байх газар нь байлгаж, зохих ялыг нь өгөөд явах боломжгүй тийм тогтолцоо өөрсдөө бий болгочихоод одоо түүнийхээ лай ланчгийг эдэлж байгаа юм уу даа, бид. Олон толгойтой байх ийм л гайтай. Эцэс сүүлд нь хариуцлага тооцох хүн байхгүй, хариуцлага хүлээлгэх буруутан олдохгүй ингээд замхардаг байхгүй юу. АТГ-аас Золжаргалыг шалгах л байх, нэр зүүж. Гэвч явж явж энэ мэтийн хэрэг эцэстээ юу ч биш болоод л өнгөрөх вий гэж эмээнэ. Гэлээ гээд дуугүй байгаад байх нь бас буруу. Хамгийн гол нь иргэдийн дэмжлэг идэвхтэй оролцоогүйгээр энэ бүхэн өөрчлөгдөхгүй учраас л хүн бүр өөрийнхөө сувгаар дуу хоолойгоо сонсгож байж үр дүнд хүрнэ. Дэндүү хүлцэнгүй бөгөөд амиа бодсон зан гаргаад байх  юм бол тэр тийм , энэ ийм байна гэж гомдоллох нь тэнэг хэрэг. Энийг л ойлгох хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө