Бид нар бүгдийг шатаана!

Монголд нийлүүлсэн "хар машин"
Ерөнхий сайдын  дүрсийг шатааж "сор залсан" бид чинь сая "луйварчин хар машиныг" шатаах үйл ажиллагааг амжилттай зохион  байгууллаа.  Бид санаа нэгдэж чадвал юуг ч шатааж чадах ард түмэн билээ. "Бид нар бүгдийг сөнөөнө, бид нар бүгдийг бүтээнэ!" гэж дуулдаг байх аа. Бүгдийг нь сайхан сөнөөчихөөд дараа нь сайхан бүтээцгээе.

Гай болсон "хар машин" чи бидний саналыг луйвардах гэж аль газраас ирсэн шулам бэ?  Жаахан эрэл хайгуул хийвэл энэ "гайтыг" хийдэг компани нь  АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төв нь байрладаг  Доминион Воүтинг Системс (Dominion Voting Systems)  хэмээх хувийн компани юм байна. Уг нь бол Канадын компани юм билээ, гэхдээ АНУ-ын ижил төрлийн бизнес эрхэлдэг 2 компанийг  худалдаж аван  томорч, улмаар одоо байгаа газраа нүүж суурьшсан юм уу даа.  За тэгээд Канад, АНУ юуны ялгаа.

"Хар машин" шатлаа
Компанийн сайт дээр бичсэнээр бол 100 мянган ийм машин дэлхий даяар хэрэглээнд байгаа юм байна. За энэ дотор Монголд нийлүүлсэн 2446 машин багтана.  Өнөөдрийг  хүртэл Монголоос өөр газар энэ хар машиныг шатаасан явдал гараагүй нь хэргийн учир машиндаа биш, хүндээ байгааг харуулах шиг. Тэгж бодвол машинаар "сор залах" нь инээдтэй тэнэг хэрэг биш үү? Харин тэр машиныг зүй бусаар ашигласан хэргийн эзнээр "сор залах" нь шударга баймаар. Зүй бусаар "ашиглагдсан" машины буруу гэж юу байхав, хэрэв тийм явдал болсон бол. Ер нь тэгээд саналын хуудсыг гараар  тоолдог байхад л элдэв луйвар, заль их гардаг байв даа. Худлаа гэх хүн ховор байх. Нөгөөтэйгүүр, энэ чинь дэвшил учраас техник, технологи ашиглах нь адаглаад цаг хугацаа хэмнэнэ. Дахиад  сануулахад, хүн л буруу хийхгүй  бол машин худлаа тоолохгүй. Тиймээс машиныг зүхэж тэнэгтэхээ больцгоож, харин зөв ашиглах, буруу гар орчихоос хамгаалах, хөндлөнгийн элдэв нөлөөллөөс сэргийлэх, хяналт шалгалтаа сайжруулах  тухай л санаа тавьж, бодол санаагаа  солилцвол дээр юм шиг.

Сайнаараа гайхуулдаггүй юм аа гэхэд муугаар бас дуудуулаад баймааргүй л байх юм. Саналын хуудас тоолдог машин нь "но"-той учраас Монголчууд "хар машинаа" шатааж гэнэ ээ гэж онигоонд ороод яахав. Ийм  алиа жүжиг тавьсан тухай  мэдээ аягүй бол аль хэдийн Денверт хүрчихсэн байж ч мэднэ. Тэр хотод чинь олон Монголчууд амьдардаг юм шүү дээ. Чих нь халууцсан байх даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө