Өмчөө харамлан өмөлзөх эх орончид

Монгол Улсын иргэн Абдул Карим
Монголчууд Абдул Каримаар ойрд жаал амьсгаллаа. Нэг араб нөхөрт хотын төвд байдаг нэгэн  чухал газраа алдчихлаа хэмээн сандарцгаасан нь тэр. "Салаавч" Ч.Ганхуяг Монголчуудаас хандив цуглуулж уг хэвлэлийн байрыг авах компанит ажил өрнүүлсэн боловч барсангүй. Хамгийн өндөр санал хэлсэн  Абдул үнэ хаялцах энэ дуудлага худалдаан дээр ялжээ. 24 тэрбум төгрөгөөр хуучин Сүхбаатарын нэрэмжит гэгддэг байсан хэвлэх үйлдвэрийн барилгыг авах нь тэр. Сошиал ертөнцөөр тэр аяараа шуугисаны "ачаар" Абдулыг авсан өмчөөсөө татгалзахад хүргэж дөнгөсөн Монголчууд одоо тэр өмчийг Таван Богдын босс Ц.Баатарсайхан авахаар болсонд сэтгэл нь амрав бололтой.

Нэгэнт өмчөө "буцаагаад авчихсан" учраас сэтгэл тайвширсан бидний нэг хэсэг нь  бүх юм болоод өнгөрсөн хойно Абдулд "хайр зарлаж" матрын нулимс унагав. Хотын мээр Э.Бат-Үүл, өнөөх өрсөлдөгч "салаавч" Ч.Ганхуяг нар захиа бичиж сүйд болцгоов. Бат-Үүлийн захиандаа бичсэнчлэн, тэр араб нөхрийг айлгаж дарамталсан  явдал гараагүй байх л даа. Үүл баатар жаахан сүржигнэчих шиг болсон. Харин анхнаасаа ингээд хэл ам дагуулж, Монголчуудын дургүйцлийг төрүүлсэн учраас төвөгшөөж, авсан өмчөөсөө татгалзахаар шийдсэн биз ээ.

Ч.Ганхуяг
Мань эр Монгол эхнэртэй юм гэсэн, бодвол тэр эхнэр нь ч бас хэлсэн  биз.  Ямартай ч Ганхуяг мэт нь оройлон удирдаж, сенсаацалж,бөөн шуугиан болгож чадсаны үр дүнд өмчөө эргүүлж "олж авлаа."  Абдулын дэнчинд тавьсан 710 сая төгрөгөөр улсынхаа сан хөмрөгийг баяжуулсан Ч.Ганхуяг нарт баяр хүргэе!

Тэр Абдул аягүй бол тагнуул байж мэднэ шүү. Одоо тэр нөхрийг сайн шалгуулах хэрэгтэй. Монгол эхнэр аваад, тэр ч байтугай Монгол улсын иргэн болчихсон энэ хүн харваас нэг л сэжигтэй. Аягүй бол саарал ордны хажууд өндөр барилга бариад л ордон дотор болж байгаа бүх үйл явдал, яриа хөөрөөг сонссдог, бичдэг аппарат суулгаад манай төрийг тагнах санаатай байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Араб хүн юм бол муслим шашинтай л байгаа байх. Исламын улс гэгдэх бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоох хэрэгтэй.

За тэгээд эцэст нь, Монгол улсынхаа аюулгүй байдал, Монголчуудынхаа сайн сайхны төлөө хараа соргог, чих хурц байсан бүх жиргээчид болон дээр нэр гарсан хүмүүст талархал дэвшүүлж, баяр хүргэсүгэй!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө