Төвийг сахих нь зөв үү, буруу уу, аль нь вэ хө?

Монгол Улс төвийг сахисан бодлого баримтална гэдгээ Ерөнхийлөгч маань НҮБ-ийн индэр дээрээс дэлхийд зарласан. Зөв, буруу гэлцэн манайхан талцаж эхэлсэн дээ. Гэм биш зан. Тэгвэл төвийг сахина гэдэг нь ямар учиртайг "олж мэдэхээр" Гадаад яамныхан хэдэн "тагнуулаа" Швейцарь улс руу илгээжээ.  Явсан хүмүүсийн хийсэн дүгнэлтийг сонирхоё:
Төвийг сахина гэдэг нь Швейцарийн хувьд  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийнхаа  халдашгүй дархан байдлаа хангах арга зам , улс төрийн арга хэрэгсэл байжээ.

Тэгвэл бид төвийг сахих замаар тусгаар тогтнол, аюулгүй байдалаа хангаж чадах уу?  Дэлхийн байдал амар тайван болох нь байтугай харин эсрэгээрээ талцаж муудалцсан хэвээрээ, бүр дайн самуун ч гарч мэдэхээр байна. Хойд хөрш маань байсхийгээд л энд тэнд цэрэг дайны ажиллагаа явуулж, "хүн амьтантай" муудалцан шөргөөцөлдөж байх юм. Урд хөрш маань ч ялгаагүй далай тойрсон хэдэн улстай  газар нутгийн маргаантай, хэрүүл уруултай  хэвээрээ.
Бид тэгвэл тиймэрхүү хэрүүл, зодооноос хол байх нь өлзийтэй бус уу?  Хэн нэгэн хөрштэйгөө элдэв гэрээ байгуулж, харилцан үүрэг хүлээх нь эргээд бусад улсуудтай харьцах харьцаанд саад болох, сөргөөр нөлөөлөх магадлалтай. Зөвхөн хөршүүдтэйгээ ч биш, ер нь хэнтэй ч элдэв эвсэл, түнш болох гэрээ хэлэлцээр байгуулах, аль нэг талыг дэмжих бодлого явуулах, тунхаглах нь бидэнд хэрэггүй гэж бодно.  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хэлцэл яриагүй байна шүү.

Тэгвэл ийм төвийг сахих (ардын аман хэллэгээр бол "мөрөөрөө мөөмөө унжуулж явах" гэнэ) бодлого баримтлана гэж зарлах нь маш буруу явдал болсон гээд байгаа хүмүүс ямар үндэслэл гаргаж байгааг үзье. TV5 телевизээр Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг хоёр хөрш гайхаж хүлээж авсан гээд л ичих ч үгүй бурж байх юм. Гайхаж байна гэдгээ  Путин, Си Зин Пин хоёр ТВ5 руу утасдаж хэлсэн аятай итгэл дүүрэн мэдээллээ. Ямартай ч яаж мэдэж авсан гэдгээ, өөрөөр хэлбэл эх сурвалжаа хэлэлгүйгээр хуучин Гадаад хэргийн сайд байсан Эрдэнэчулуун гэгчийн ярилцлагыг үзүүлж байна. Эрдэнэчулуун гэдэг хүний яриа уг мэдээний эх сурвалж нь байсан бололтой. Мөнөөх экс сайд маань хоолойгоо шахан байж, хөмсгөө зангидан хэлж байна:
- "Хятадад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгээр гарсан албан мэдэгдэлд энэ тухай ганц ч үг дурдаагүй байна. Та нар уншаад үзээрэй. Энэ чинь юу гэсэн үг вэ?" 
Эрдэнэчулуун гуайн санаа бол тэр албан мэдэгдэлд Хятад улс Монголын энэ бодлогыг дэмжсэн, "хүлээх зөвшөөрсөн" гэдгээ бичиж оруулах ёстой байсан гэж байгаа бололтой.  Эсвэл эхлээд Си Зин Пин-ээс "зөвшөөрөл" юм уу эсвэл "саналыг" нь авах ёстой байсан  гэж хэлж байгаа юм болов уу? Бид чинь тусгаар улс биш бил үү?  "Энэ чинь юу гэсэн үг вэ?" хэмээн уулга алдаж байгаа экс сайд Монгол  Улсын тусгаар тогтнолд эргэлздэг  бололтой.

Тэрээр мөн "НҮБ-д тогтоол батлагдаагүй" гэж хэлж байна.  Аливаа улсын төвийг сахих гадаад бодлогыг НҮБ-ийн тогтоолоор "албан ёсны" болгодог гэж дуулаагүй юм байна. Тийм ёс дүрэм байхгүй.  Мөн Оросын тал Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой зөндөө асуулт тавьсан гэнэ. Манайхан ганцад нь ч хариулт өгөөгүй (өгч чадахгүй?) сууж байгаа юм байх. Хэрвээ асуулт тавьсан юм бол хариулах л байлгүй дээ. Бодоход өмнө байгуулсан гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал тавьсан биз. Гадаад бодлогодоо  төвийг сахих байр суурь баримтлах болсонтой уялдан   (Хятад болон Оростой) урьд өмнө байгуулсан холбогдох гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүй болгох юмнууд  мэдээж байгаа байх. Бодвол тэр тухай асуудал тавьсан биз ээ. Үүнд гайхаад, эсвэл бөөн "драма" болгоод, эгээтэй  л Монгол Улс эвгүй байдалд ороод "баларсан" аятай сүржигнэх хэрэггүй юм. Шаардлагатай өөрчлөлтүүдийг нь хийгээд л явах нь тодорхой.

Ямартай ч Монгол улс 13-р зууны Монгол шиг хүчирхэг бөгөөд дэлхийн бодлогыг тодорхойлогч байж чадахаа больсон энэ цаг үед бид  нэгэнтэй нь түншилж, нөгөөтэй нь дайсагналцах хэрэггүй. Хэдэн хэсэгт хуваагдаж талцсан  ороо бусгаа энэ дэлхийд төвийг сахисан гадаад бодлого л Монголд өлзийтэй. Элдэв талуудын хэрүүл маргаанд татагдан орох, тийм байдалд оруулж мэдэх аливаа тохиролцоо, үүрэг хүлээсэн гэрээ хэлцэлээс татгалзах,    энхийг баримтлах бодлогоо  ингэж зарлах нь зөв гэж бодно.  Энэ бодлого нь хөршүүдтэй харилцах харилцаанд муугаар нөлөөлнө гэж байх ёсгүй. Хэрвээ хөршүүд маань таагүй хүлээж авч байгаа бол тэд алсын муу санаатай байдаг юм байнаа  гэдгийг л нотолчихлоо гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, тэд аль аль нь Монголд нөлөөгөө хадгалах, хараандаа байлгах, өөрсдийнхөө хамсаатан байлгах, шаардлагатай бол өөрсдийн элдэв үйлд татан оруулах гэсэн атгаг санаа нь хэрэгжих боломжгүй болох  учраас дургүйцэж байна гэхээс өөр тайлбар  олдохгүй нь. Бид төвийг сахилаа гээд тэдэнтэй эдийн засгийн болон бусад харилцаагаа муутгахгүй нь ойлгомжтой юм чинь тэдний энэ авирыг өөрөөр яаж тайлбарлах билээ?  Монгол хэний ч "багт" орж тоглохгүй гэсэн шийдвэр нь тэдний дургүйг хүргэж байж магадгүй. Багийнхаа нэг "тоглогчийг" алдчихлаа гэж. Гэтэл бид чинь өөрийнхөө толгойг өөрсдөө "мэддэг" болоод 25 жил болчихсон биш бил үү?

Казахстан, Армен, Киргизстан гээд л хуучин ЗХУ-ын "тасархайнууд" эргээд "нэг баг" болж тоглохоор шийдэж байна. Нөгөө талд мэдээж барууныхан буюу НАТО.  Америкийн нөлөөллийг эсэргүүцэж Хятад бас Орос болон түүний хамсаатнуудтай эвсэж байна. Хуучин дайн, хүйтэн дайн эргээд л сэргэж байна. Бидэнд  өнөөдөр хэн нэгний талд орж бусадтай "байлдах" шаардлага, хүсэл алга.  Талцал бидэнд сайн юм авчрахгүй. Биднийг "хуучин багаасаа" гарлаа гэж хөршүүд маань таагүй хандаагүй л юм бол өөр ямар шалтаг шалтгаан байж таарах вэ?
Ингээд бид өөрсдөө  "толгойгоо мэддэг" гэдгээ баталж энэ шийдвэртээ үнэнч зогсох, эсвэл "хуучин багтаа" эргэж орох ийм сонголтын өмнө зогсож байна даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө