Рэст ин пийс, Баабар!

Баабар
Баабар намаасаа гарахаар шийджээ.  АН-ынхан "гашуудаад", МАН-ынхан бөөн баяр! АН сүйрлээ гэлцэн орилолдож байна. Улай үзсэн хэрээнүүд шиг баясан гуагалж байна. Өрөвдмөөр  инээдтэй харагдаж байгаагаа өөрсдөө мэдэхгүй байгаа бололтой.  Баабар бол АН биш. Баабар бол хэн ч биш. Тэр хүн улс төрийн тавцангаас  аль хэдийн буугаад  явчихсан  чөлөөт  иргэн.  Тэрээр намынхаа батлахыг буцааж өгөөд намаасаа гарах ёстой гэдгээ мартаад саяхан тэрийгээ гэнэт санасан уймраа нэгэн. МАН-ыг төлөөлж УИХ-д суугаа Л.Энх-амгалан гишүүн АН-аас албан ёсоор гарахаа "мартаад"  МАН руу гүйчихдэг шиг. Мартах гэдэг чинь маниас өмнө байсан юм шүү дээ. 

Сул иргэн маань эх орондоо дэндүү хайртай учраас эргэн тойрон болж байгаа зүй бус, зохисгүй хэрэг явдлын тухай тэвчиж чадахгүй олон долоон юм ярьж бичиж суудаг хүн.  Хүний өөрийн хамаагүй зад шүүмжилж, санаа бодлоо илэрхийлдэг иргэн. Бусдын л адил. Би ч мөн зүгээр ангайгаад сууж чадахгүй бас хэрээрээ чалчих гэж оролдоно. 

Өөрийн гардан байгуулалцсан  ардчилсан  хүчний удирдлагуудын болон түүнээс сонгогдон төр засгийн өндөр албанд очсон  зарим нөхдийн ёс зүйгүй зан авир, үйлдэлд дургүйцсэн мань эр гутрахдаа ийм улсуудтай хамт нэг намд цуг нэр зүүж явахаа больж  гаръя гэж шийдэж л дээ. Тэгээд ч улс төрийн идэвхтэй амьдралаас хөндийрөөд  удаж байгаа бөгөөд намтай, намгүй амьдралаа аваад явж чадаж байгаа өрхийн тэргүүн.  Түүнийг "төрд хэрэгтэй зайран" гэх боловч тэрээр "Надад   улс төрч байх авъяас заяагаагүй" гэдгээ ил тод хэлээд зайгаа барьж чадсан эр. Ийм тэс шулуун зан түүнийг "тэнэг" харагдуулдаг байж мэдэх боловч чадахгүй байж чадна хэмээн худлаа дүр эсгэж, баг нүүрэндээ наагчдын хажууд энэ бол "мужик" зан. 

Чадваргүй , зэрэмдэг, тахир дутуу тархитангууд Монголын төр засгаар дүүрчээ. Ийм хүмүүсийн дуураймлууд, залгамжлагчид, даган баясагчид  Твиттер, Фейсбүүкээр нэг гуагалж, Баабарыг "зайлсанд" хөөрөн баярлаж хундага тулгаж байна. Ийм л шаарнууд энэ орны эрүүл эд эс болгоныг  сорж идэхээр шүлсээ гоожуулан ээлжээ хүлээх зуураа бурууд хурц хэнийг ч гэсэн шантарч мухардахад баярлаж байгаа. Гэвч бадарчин баярлах болоогүй. Баабар үзэгнээсээ салахгүй, үгнээсээ няцахгүй, яагаад гэвэл энэ бол түүний чаддаг юмны нэг. Тэр чаддаг юмаараа бахархаж, сагсуурдаг зантай учраас орхино гэж горьдох хэрэггүй. Чөлөөт иргэн, нам бус тэрээр "тоншуул" хэвээрээ байж , Монгол хэмээх модонд шигдсэн улаан, хөх өтнүүдийг суга суга татан хаясаар насыг барах хүн гэж мөрийцсөн ч бэлэн байна. Энх-амгалан гишүүн шиг 1000 доллар тавьж чадахгүй л дээ, гэхдээ хоосон мөрий тавих гэж юу байхав, нэг доллар тавъя. 
АН-ын гишүүн  Батбаяр  та үүрд амгалан нойрсоорой.  R.I.P. Baabar! 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө