Дорноговийн дарга нар хариуцлага хүлээх ёстой биш үү?

Хангийн боомт (Дорноговь)
Дорноговь аймгийн Хатанбулаг сумд буй Ханги-Мандалын боомтоор  урагшаа мах гаргах гэж оролдсон Монголчуудаас  нэг малчин нас барсан тухай мэдээ цацагджээ. Шалтгаан нь хөлдүү мах биеэрээ ороож нууж гаргах үед биеийн байдал муудаж амиа алдсан бололтой. Биеэрээ хүйтэн мах битүү ороож хүлсэний  улмаас зүрх ч юм уу ямар нэгэн эрхтэний ажиллагаа доголдож аминд нь хүрсэн болов уу. Ингэж эрүүл мэндээ золиосолж, амь насаа хүртэл эрсдүүлэн байж ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь тус аймгийн удирдлагуудын хоорондын зөрчилдөөн гэнэ. Аймгийн ИХТ-ын дарга, Засаг дарга хоёрын хэрүүлийн золиос болсон хэрэг.  Энэ хоёр албан тушаалтны хувийн зөрчил, атаархал, солиорлоос болж энгийн иргэд хэлмэгдэж, чирэгдэж, амиа хүртэл алдаж байна. ИХ-ын дарга нь хилээр мах гаргаж болно гэтэл Засаг дарга нь болохгүй гэсний улмаас хил дээр махтай очсон иргэд  аваачсан махаа нууж гаргах ийм арга сэдсэн юм байна.  (Дэлгэрэнгүйг эндээс уншаарай)

Дорноговийн Засаг дарга П.Ганхуяг
Шат шатны дарга нарын иймэрхүү зөрчил, зүй бус үйлдлээс болж иргэд хохирох тохиолдол хаа сайгүй. Шуудхан хэлэхэд иймэрхүү сэтэр зүүсэн бугнууд бидний амьдралд их гай болж байгаа. Хэдийгээр бүгд л дээрээ удирдлагатай боловч тэрүүхэн тэндээ биеэ дааж, тусгаар тогтносон вант улсын хаан маягтай аашилдаг. Удирдлагын зохион байгуулах арга барил муу, арчаагүй байдлаас болж иргэд ингэж хохирч байгаагийн хариуцлагыг жишээ нь дээрх аймгийн хоёр дарга хүлээх үү? Иргэд нь амиа алдаж, хутга мэсэнд биеэ гэмтээж байхад тэр хоёр сэтэртэй эрхэмүүд  айраг эргүүлээд л явж байсан биз дээ. Иргэдийнхээ сонирхол, эрх ашгийг хамгаалах ёстой дарга нар одоо үхсэний хохь гээд явж байгаа байх даа. Хэн та нарыг биедээ хүйтэн мах ороож гар гэсэн юм, айн!? Тийм ээ, өнөөдөр эцсийн дүндээ туйлдаж ядарсан иргэд маань л буруутан болоод үлддэг. Ямбатангууд арьсаа хамгаалаад л өнгөрдөг.

Дорноговийн ИХТ-ын дарга Г.Ганбаатар
Дорноговийн Засаг дарга нь тус хилийн боомтыг нээхэд тууз хайчлалцаад л, хятадуудын гарыг шүүрч бариад л үнсэх нь холгүй ёсорхож харагдана. Боомт байнгийн ажиллагаатай болсон нь нэг хэрэг, харин үйл ажиллагаа нь яаж явагдах, юу гаргах, оруулах, хэмжээ дамжаа, хугацаа зэрэг бүх асуудлаа  хятадын талтай тохирч, жин тан болгож албан ёсоор тохиролцож баталгаажуулсан  байлтай. Тэгвэл  нутгийнхаа иргэдэд энэ тухай тодорхой ойлголт, мэдээлэл өгсөн юм уу? Тууз хайчлах амархаан. Харин дараа нь ажлаа зохион байгуулж чадахгүй ийм эмгэнэлтэй бөгөөд замбараагүй байдалд хүргэсэн нь мөнөөх дарга нарын ажлаа хийж чадахгүй байгаагийн нотолгоо. Энэ аймгийн Засаг Дарга, ИХТ-ийн дарга хоёрын хоорондын зөрчилдөөний тухай энд тэнд элдвээр л бичих юм. Уг нь хоёулаа АН-ын гишүүн боловч юундаа ингэж хэмлэлцдэг юм бүү  мэд.  Нэг намын хүмүүс ингэж чоно хонь болцгоож өөрсдийнхөө  намынхаа нэр хүндийг баастай хутгаж байгаа юм чинь  ирэх сонгуульд энэ нам Дорноговьд  яаж ялах билээ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө