Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 1-р хэсэг
Ц.Нямдорж |
Энэ удаа би зарим нэг хүнд "эх оронч" болж харагддаг, өөрөө "эх оронч" болж "жүжиглэдэг" нэгэн хүнтэй холбоотой хэргийн тухай сөхөж яримаар санагдлаа. Энэ хэрэг олон жилийн өмнө болоод өнгөрсөн боловч өнөөдөр ч "ач холбогдлоо" алдаагүй. Сургамж гэдэг утгаараа. Нөгөөтэйгүүр, уг хэрэгт холбогдогч гол баатар нь өнөөдөр "шагнуулсан" юм шиг УИХ-д заларчихаад бас болоогүй бусдыг элдвээр хэлж гүтгэж суугаа нь огт таалагдахгүй байгаа учраас хийсэн хэргийг нь эргэн сануулж, "Чи өөрөө ийм хүн шүү дээ" гэж хэлмээр санагдсан юм. (Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баттулгыг нууцаар Хятад, Солонгосын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан гэж гүтгээд буруудсан)
Энэ хүн бол та бүхний сайн мэдэх Ц.Нямдорж гэгч болой. Одоо УИХ-ын гишүүн. 1990-1992 онуудад Хууль Зүйн тэргүүн дэд сайдын албыг хашиж байсан. 2000-2005 ба 2008-2012 онуудад Хууль Зүй, Дотоод хэргийн сайд, 2005-2007 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр 22 дахь жилдээ ажиллаж байгаа хүн.
Энэ хүн Хятадын нууц албанд "үйлчилдэг" байсан гэвэл та итгэх үү? Тэр үед Хууль Зүйн сайд байхдаа шүү! Харамсалтай нь энэ бүхэн үнэн гэдгийг манай Тагнуулын байгууллагаас алдагдсан маш нууц гэсэн тамгатай материалууд гэрчилж байгаа юм. Тухайн үед МАН-ын Хууль Зүйн сайд байсан хүн ийм "хэрэг" хийсэн нь илрээд асуудал үүсэнгүүт нам нь хамгаалаад аваад үлдэж байсан. Одоо Тэмүүжин сайдыг элдэв хов живээр шалтгаалан МАН-ынхан унагах гэж улайрч байна. Гэвч Тэмүүжин гадаад орны тагнуулын байгууллагад "биеэ үнэлээгүй" юм аа. Хуучин ба шинэ сайдуудын хооронд ийм том ялгаа бий. Хятадын "тагнуул" байсан хуучин сайд нь өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод эх оронч царайлан эрх баригчид руу боломж л гарвал шүлсээ үсчүүлэн дайрч байна. Тэмүүжин рүү ч дайрсан, сая бас Баттулгыг зүхэж харагдана лээ.
Тэгвэл хэдэн жилийн өмнө юу болоод өнгөрөв өө гэж. Манай тагнуулынханы цуглуулсан мэдээллээс харахад Ц.Нямдорж Хятадын Соёлын төв гэдэг нэрээр халхавчилсан тагнуулын байгууллагын ажилтнуудтай уулзаж, мэдээлэл өгч, бэлэг сэлт авч байжээ. Төрийн сайд хүн хувиараа ийм "нууцлаг гадаад айлчлал" хийж, гадны сэжиг бүхий этгээдтэй харилцана гэдэг бол байж болшгүй үзэгдэл бөгөөд сайдын суудлаас нь ховхлоод зогсохгүй төрийн эсрэг гэмт хэрэг ч гэж үзэх үндэслэл болох учиртай. Гадаад улсын сонирхолд Монгол улсын өндөр албан тушаалыг ашигласан байна шүү дээ. Гэвч энхрий хайрт МАН нь мань эрийг өмөөрөөд хир халдаагаагүй. Энэ бол ойлгомжтой, угаасаа ийм л совесть-той нам. Тухайн үед Тагнуулын газрын нууц материал алдагдаж, Нямдорж сайдын хэрэг илэрч эхлэнгүүт мань эр сандарч "Ард түмэндээ би нэг сайхан сэтгэл онгойтол ярьчихмаар байгаа юм" гэж "уйлан дуугарч" байсан боловч харин ч эсрэгээрээ хийсэн болгоноо булзааруулж, нам нь ч хамгаалаад үлдэж билээ.
Манай тагнуулынханы мэдээнүүдэд Нямдорж сайд "Н" гэдэг нэрээр дурдагдсан байна. Харин тэр "Х" хэмээх өндөр албаны хүн нь хэн гэдэг нь тодорхойгүй. Баримтуудаас харахад, "Н" сайд хятадуудтай орооцолдоод "байдал нь хүндрээд" ирэнгүүт манай тагнуулынхан өөрт нь хандан анхааруулж, тухайн нөхцөл байдлыг ашиглан мань эрийг "double agent" болгосон дүр зураг ч харагдаж байх шиг. Жеймс Бонд болохдоо шахсан юм даг уу даа. Ингээд олон юм нуршилгүй нийтэд ил болсон баримтуудыг дурдаж Монголын төрд ажиллаж буй энэ нөхрийн "адал явдлыг" дахин нэг дурсаж, түмний сонорт хүргэе. Сэтгүүлч Г.Уянгын (одоо УИХ-ын гишүүн) энэ хэргээр хийж байсан "Маш нууц" хэмээх нэвтрүүлгийн 1-р хэсгийг энд дарж , 2-р хэсгийг энд дарж үзнэ үү.
Баримт 1.
Тао-той уулзсан тухай
- Та хэдэн оноос Нямдоржийг таньж мэдэх болсон бэ?
- Миний бие 1990-ээд оноос Нямдоржийг мэдэх болсон юм. Би толины үйлдвэр Хятадаас оруулж ирсэн юм. Дэндэв, Шагдарсүрэн хоёртой толины үйдвэрийн талаар гэрээ хийж ажилласан. Санжаасүрэнтэй мөн уулзсан. Хууль Зүйн Яамны орлогч сайд Нямдоржийн өрөөг надад зааж өгсөн юм. Миний бие толины мөнгө авахаар уулзсан юм. Нямдорж Даваа-очирыг шахаж 3 вагон банз өгүүлсэн юм. 2 вагон нь Эрээн хотод очсон. 1 вагоныг нь замаас нь нэг хүн авсан байсан. Түүнээс хойш 8,9 сарын дараа Засангийн удирдах газарт Нямдоржтой тааралдсан. Хэрэг болбол контороор уулзаарай гэсэн. Үүнээс 1 сарын дараа Нямдоржтой Санжаасүрэнгийн өрөөнд уулзахад... [ утга ойлгомжгүй өгүүлбэр]. Түүнээс хойш Санжаасүрэн толины үйлдвэрийн ажлаар Хятад руу явсан болно. Амгалангийн хорих ангийн даргын орлогч Лхагвасүрэн "Нямдорж надтай хамт Хятад яваад ир" гэсэн бөгөөд Лхагвасүрэн өөрийн машинаар галт тэргэнд гарган өгч, Нямдорж 4-р вагонд байгаа гэсэн. Надад 5-р вагоны билет авч өгсөн. Би замдаа 4-р вагонд ороход Нямдорж, Ян Жун Хуа-тай хамт, өөр 2 явуулын Монгол хүнтэй байсан болно. Замдаа Нямдорж, Ян хоёр вагон ресторанд оръё гэсэн. Би орохгүй гэсэн. Эрээн дээр очоод Нямдорж, Ян, би гурвуулаа ресторанд хоол идсэн.
...Ян замдаа надад "Бээжинд очоод чи зоволтгүй, биднийг угтаж авна, байранд байлгана" гэж байсан. Би үүнийг нь Нямдоржид орчуулж өгсөн. Бээжинд очтол вокзалаас Тун Шо Бин... биднийг угтаж машинаар авсан. Тун Шо Бин-ээс гадна 2-3 эрэгтэй хүн байсан. Нэг цайвар өнгийн Бенз машинаар угтсан. Бенз машинд Тун Шо Бин , Ян, Нямдорж гурав суусан. Би өөр машинд суугаад Тэндэ Дашин гэдэг буудалд ирсэн. Буудлын жижүүр Нямдорж, Ян, бид гурвын паспортыг үзэж бүртгэн, уг буудлын 8-р давхарт гарган, 2 эмэгтэй лифтнээс гарч ёслоод Нямдоржид "Энэ таны байрлах өрөө" гэж зааж өгсөн. Үйлчлэгч өрөөнд байгаа хөргөгч г.м зүйлийг танилцуулж дуртайгаа уугаарай, өглөө би тэмдэглэж авна гэсэн. Намайг Нямдоржоос нэлээд хол байрлуулсан. Ян гэртээ очихоор явсан. Уг зочид буудлын ресторанд Тун Шо Бин, Ян, Нямдорж, бид 4 хоол идсэн. Бид[энд] 750 граммын архи өгсөн. Нямдорж архи уухгүй амсаад тавьсан. Тун Шо Бин урьдаас бэлтгэсэн график хуваарь машинаар бичсэн зүйлийг танилцуулсан. Хаана очиж, юу хийх вэ г.м.-ийг танилцуулсан. Нямдорж эдгээрийг зөвшөөрлөө гэж хүлээж авсан. Тун Шо Бин, Нямдоржийн дуртай хоолыг идүүл гэж хэлсэн.
Маргааш өглөө нь Нямдорж тосонд шарсан байцаанд дуртай гээд сонирхож идсэн. Тосонд шарсан боорцог шиг юм 2-ыг идсэн. Үүний дараа Ян, Нямдоржтой хамт өрөөнд нь орж хувцсаа солиод 2 машин ирсэн түүнд суугаад явсан. Эхний машинд Тун, Ян, Нямдорж, дараагийн машинд би, Тун-гийн нөхөр явсан.Эндээс гараад нэг том зочид буудалд авч очсон. Тусгай өрөөнд оруулсан. Тэгэхэд Цао Да Пэн, Мао Гуо Хуа, орос хэлний орчуулагч хятад хүн, Лю Шиа Мин угтаж хүлээж авсан. Тэд хоорндоо танилцаж, Нямдоржоос хаана ямар тушаалын ажил эрхэлдэг, хэдэн жил ажилласан, хэдэн малтай, ам бүл хэд үү, хэн хэн бэ, өөрөө машинтай юу, байранд уу, гэрт байдаг уу гэж Мао Гуо Хуа асууж ярилцсан. Мао жижигхэн цүнхтэй байсан бөгөөд цүнхнийхээ жижиг товч шиг юмыг дараад байсан. Цүнхээ нуруундаа үүрчихсэн байсан. "Манай байгууллага Соёлын Төв таньтай хамтарч ажилламаар байна" гээд "Танай Эрдэнэтийн зэсний үйлдвэр , мөн төмрийн ордтой газрыг бид сонирхож байна. Та энэ талаар Засгийн газарт асуудал тавьж чадах уу?" гэх мэтээр ярилцсан. Мао хятадаар асууж, Нямдорж оросоор ярьж, орос хэлний орчуулагч хятад залуу орчуулж өгсөн. 1 цаг гаруй уулзаж ярилцсан. Тэндээсээ Бээжингийн "Байнда" [Панда?] гэдэг зочид буудалд дээрх ярианд оролцсон хүмүүс бүгдээрээ тусгай өрөөнд (жаазаар тасалсан) хоол идсэн. Тэгээд 1 цаг амар гэж анхны буудалд хүргэж өгсөн. Нямдорж Бээжинд 6-7 хоносон. 2,3-р сарын [?] 18-ны өдөр буцаж Улаанбаатарт ирсэн юм.
Бээжинд очсоны дараа өдөр нь Нямдоржийг Хятадын сайд гэх Ли Жиань Бээжинд байх өөр нэгэн том буудалд хүлээн авсан. Нямдоржтой [хамт] Ян, Тун, орос хэлний орчуулагч хятад залуу нар Ли Жианьтай уулзсан. Намайг оролцуулаагүй. Намайг гадаа байж байгаарай гэж Ян хэлсэн юм. Ли Жиань 1 цаг орчим Нямдоржтой уулзсан. Эндээс гараад Ли Жиань өөр нэгэн Хойд далай (Бэй лай) гэдэг зочид буудалд хоол өгсөн. Хоолон дээр Ли Жиань үг хэлж, "Өөрийг чинь ирсэн явдалд их баярлалаа" гэж Нямдоржтой хундага тулгасан. Ли Жиань дараа уулзана гэж Нямдоржид хэлж байсан. Үүний дараа анх буусан буудалдаа 1 цаг амраад Тун Шо Бин машинаар Соёлын Төв гэдэг нэртэй байгууллага дээр аваачсан. Бидний буусан буудлын баруун урд 5 давхар том байшин байсан. Нямдоржийг байр контороор оруулж цай өгсөн. Яриа орос хэл дээр явсан. Үүний дараа Тун, Ян-д хандаж "Та нар машинаараа гадуур юм үзэж яв" гэсэн. Бээжингийн хамгийн том дэлгүүрээр орсон.
Энэ өдрийн орой Засгийн газрын ажилтан хүлээж авна гэсэн байсан. Тань Ань Минь-ий талбайн хажууд Засгийн ордонд аваачсан. Тэнд Пан Сун Үминьжои [?] хүлээн авч, тэрээр өөрийгөө Засгийн газрын ажилтан гэж танилцуулсан. Энэ уулзалтад Тун Шо Бин, Ян, Лю Жин овогт эмэгтэй, орос хэлний орчуулагч, Нямдорж, мөн би байсан. Энэ уулзалт 2 цаг гаруй болсон. Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, намуудын тухай гэх мэт асуудлаар ярьсан. Орчуулга орос хэл дээр явагдсан. Пан Сун нь сонин аялгаар ярьсан тул би сайн ойлгоогүй.
Пан Сун Засгийн ордонд Нямдоржид зориулж хоол өгсөн. Хоолны дараа зургаа авахуулсан. Пан Сун нь Тун Шо Бин-д үүрэг өгч Тэнжиньд очуулж юм үзүүл гэсэн. Маргааш нь Тэнжинь явсан. Тун, Ян, Тун-гийн нөхөр, Мао Гуо Хуа, орос хэлний орчуулагч, Нямдорж бид явсан. Тэнжинь хотын дарга Нямдоржийг зочид буудалд хүлээж авч уулзсан. Тэнжинь-ий байдалтай танилцуулсан. Тун-гийн нөхөр, намайг буудалд үлдээсэн. Уулзалтанд намайг оролцуулаагүй хоол өгсөн. Нямдоржид нэг хайрцагтай юм, мөн цагтай ширээний чийдэн бэлэг болгож өгсөн. Тэнжиньгээс орой нь машинаараа буцаж ирсэн. Буудалдаа байрласан. Ян, Нямдорж хоёр хоёулхнаа шөнөжингөө архидсан. Ян нь ойр зуурын юм орос, монголоор ярьдаг юм. Нямдорж бөөлжсөн. Ян нь бөөлжсийг надаар цэвэрлүүлсэн. Тун-г ирэхээс өмнө цэвэр байх ёстой гэсэн юм. Нямдорж өглөө нь 200 гр дахиж уугаад "Дотор ёстой сайхан боллоо" гээд хоол идсэн. Ян. Нямдорж би гурвуулаа хооллосон. Энэ өдөр Тун ирж Бээжингийн амьтны хүрээлэнг үзүүлсэн. Энд (хүрээлэнд) үдийн хоол идсэн.
Мао Гуо Хуа , Цао Да Пэн хоёр Нямдоржтой 3 удаа тусдаа уулздаг байсан. Намайг оролцуулдаггүй, шөнө Нямдоржтой уулздаг эсэхийг мэдэхгүй. Ер нь Ян, Нямдорж хоёр орой бүр шөнөдөө нэлээн уудаг юм (архи, пиво). Цэвэрлэгч шилийг нь өрөөнөөс нь гаргаж тавьдаг юм. 5180 [таван мянга нэг зуун наян] юаны архи, пиво, ундаа хэрэглэсэн тооцоо гарсан. Үүнийг Тун Шо Бин төлбөрийн тооцоонд гарын үсэг зурсан. Өрөө нь нэг хоногт 160 долларын төлбөртэй байсан. Орой бүр хувцас хунарыг нь цэвэрлэж байсан. Оймс цамц зэргийг бүгдийг нь угааж цэвэрлэж индүүдэж өгдөг байсан юм. Ян нэг удаа Нямдоржид 17-ны өдөр бэлэг ав гэж 800 юань өгсөн. Энэ хүрэх үү гэсэн. Нямдорж "Хүрнэ ээ" гэсэн.
Түүгээр Нямдорж авгай хүүхэддээ...дэлгүүрээс чихэр, 40 ширхэг шувуутай архи авсан. Авгайдаа авна гэж бөгж үзэж байсан. 2 Альбом зураг хийж сүүлд нь өгсөн юм. Тун Шо Бин-ий нөхөр Нямдоржид дээлийн торго, хөөрөг (их гоё хайрцагтай, дээр нь шувуутай) өгсөн. Ногоон туяатай цагаан хөөрөг өгсөн. Улаан (толгой) бөглөөтэй юм билээ. Цао Да Пэн, Мао Гуо Хуа хоёр хайрцагтай (цаасан) юм бэлэг гэж Нямдоржид өгсөн. Бээжингээс УБ руу гаргаж өгөхөд Тун Шо Бин, Мао Гуо Хуа, Ян, Тун-гийн нөхөр үдэж гаргаж өгсөн. Вокзал дээр Мао Гуо Хуа Нямдоржид том шар өнгийн хатуу дугтуйтай юм өгсөн. Хятадын Элчин сайдын яамны ажилтан Ван-д өгөөрэй гэж өгсөн. Нямдорж тэр дугтуйтай зүйлийг аваад цүнхэндээ хийсэн. Замдаа Нямдорж, Ян-ы буянаар Бээжин үзлээ, сайхан байлаа, их л хөрөнгө гарлаа, үүний ачийг яаж хариулна гэх мэт зүйл ярьж байсан.
(Болд, Цэдэн-Иш хоёр Ян-ыг урьж авчирсан юм). Бээжингээс УБ руу гарах галт тэргэний билетийг (Нямдоржийн) Тун Шо Бин авч өгсөн юм. УБ хотод Нямдоржийг засангийн цэргийн формтой хүн тосож авсан. Ян, Нямдорж хоёрыг хооронд нь Болд, Цэдэн-Иш нар танилцуулсан юм билээ.
Тун Шо Бин-ий нөхөр , түүний таних хүн гэсэн 2 хүн Улаанбаатарт ирэн Нямдоржтой УБ зочид буудалд уулзсан юм. Болд орчуулагчаар ажилласан байх.
Ян, Нямдоржтой уулзаж ярилцаж байх үедээ Бээжинд дахин айлчлуулж болно, Бээжин явах уу, урилга олж болно, авгай чинь явах уу гэх мэтээр ярьсан юм билээ.
Нямдоржийг Бээжинд айлчлуулсаныг олон түмэн мэдэх ёсгүй, радио хэвлэлээр ярих бичих шаардлагагүй гэж Ян ярьж байсан юм. Бээжинд байхад нь Нямдоржийг ийм тийм дарга хүлээн авсаныг бусад хүнд ярьж болохгүй шүү гэж байсан юм. Тун Шо Бин, Нямдоржид утсаар харилцаж холбоо барьж ярьж болохгүй шүү, Ян-гаар дамжуулж захиа явуулж болно гэдгийг анхааруулж байсан болно.
Нямдоржтой уулзсан дээрх нэр бүхий хүмүүс хоорондоо "Ань шань бу" буюу аюулаас хамгаалахын ажилтнууд гэж ярьж байсан. Нямдоржтой уулзсан ярианы тэмдэглэлийг Лю овогт нүдний шилтэй эмэгтэй хөтөлдөг байсан.
Соёлын Төвийн ажилтнуудын яриа, тэдний Нямдоржтой уулзаж ярилцсан байдлаас дүгнэж үзэхэд жирийн хүмүүс биш гэдэг нь ойлгогдсон. Соёлын төв гэдэг нэр өгөөд үүний дор ажилладаг хүмүүс байна лээ.
Нямдоржийг Бээжинд айлчлуулсан явдал нь Нямдоржоор Монголын байдлыг судлуулж, түүнтэй ажиллах гэж байгаа мэт санагдсан.
Баримт 2.
Соёлын төв гэх байгууллагын тухай
Танилцуулах мэдээ
БНХАУ-ын "Хятадын олон улсын соёлын харилцааны төв" гэдэг байгууллагын ажилтнуудын ярьсанаар уг төв албан ёсны бус, гэхдээ дээд байгууллагын зөвшөөрлөөр ажиллаж байгаа ажээ. Хятадын 17 хотод салбартай, жилд гадаадын 4-5 мянган зочдыг хүлээн авдаг байна. Энэ төвийн үйл ажиллагааг БХАТИХ (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал)-ын Байнгын Хорооны дарга Пен Чун удирддаг байна.
Уг төвийн нэрээс үзэхэд тус байгууллага БНХАУ-аас бусад орнуудтай соёлын асуудлаар харилцах ажилд идэвхтэй оролцох ёстой мэт. Гэтэл манай улстай соёлын харилцаа хөгжүүлэхээсээ илүү тус улсын улс төрийн дотоод байдал, эдийн засгийн хямрал, тухайлбал, гадаад орнуудаас манайд үзүүлж буй зээл тусламжийн хэмжээ, өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн ажиллагааны талаар судалгаа хийх, мэдээ сэлт олох талаар идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа удахгүй болох Ардын Их Хурлын сонгуулийн талаар гойд анхаарч байгаа бөгөөд манай улс төрийн намуудын үзэл баримтлал, нэр хүнд, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, ялах боломж зэргийг сайтар судлан мэдээлэхийг зарим хүнд даалгажээ.
Энэ төвтэй дотно харилцаатай зарим иргэн манайхаас "актлагдсан" гэх танк, хуягт худалдан авч урагш гаргахыг оролдож байгаагийн зорилго нь "судалгааны" буюу манай байлдааны зарим техникийн чадавхийг тогтоох, зэвсэглэлээ шинэчлэн сайжруулахад ашиглах гэсэн далд санаатай байж тун болзошгүй юм. Танкийг нэг тонныг нь 750, хуягтыг 1 тонныг нь 450 ам. доллараар тус тус тооцон худалдаж авахаар хөөцөлдөж буй болно. Иймд эдгээр техникийг худалдахдаа цаашид цэргийн судалгааны ямар нэгэн зориулалтаар ашиглах боломжгүй болгох нь зүйтэй юм.
Мөн тус төв Эрдэнэтийн зөс молибдений үйлдвэрийн талаар сонирхож, "Монголчууд энэ үйлдвэрээ бүрэн ашиглаж чадахгүй байгааг судлан, чадвал 1 тонн зэсийг 700-750 ам. доллараар худалдан авах бодолтой байна.
Энэ төвтэй байнгын харилцаатай дээр дурдсан хятад иргэд оёдол, тамхины хамтарсан үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр түншлэх пүүс, хоршоолол хайх талаар идэвхтэй хөөцөлдж буй болно.
"Хятадын олон улсын соёлын харилцааны төв нь манай төр, засгийн хариуцлагатай албан тушаалтнаас Хятадад түр хугацаагаар урилгаар аваачихыг оролдож байгаа нь анхаарал татаж байна.
Баримт 3.
БНХАУ-аас Монголд суугаа Элчин Сайдын Яамны соёлын атташэ нөхөр Жао Вэньжун-д
Вэнь Жун нөхөр минь ойрын өдрүүдэд чамд шинэ байдлын талаар захиа бичиж чадалгүй байсаар одоо л бичиж байна. Хятад Монголын соёлын харилцааг хөгжүүлэхэд шинээр хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хэд хоногийн өмнө төвөөс найзаараа дамжуулж танилцуулсанаар Монгол Улсын Хууль зүйн яамны сайд Нямдорж хувиараа манай энд жуулчилж ирсэн юм. Би түүнтэй хэдэн удаа уулзаж ярилцлаа. Бид сайхан танилцаж төвтэй харилцаа тогтоох, хамтран ажиллаж худалдаа наймаа хийх, соёл техникийн талаар харилцаа тогтоох тухай ярилцав. Энэ тухай Бээжинд сайхан сэтгэгдэлтэй хоцорсон ба бодит байдлын талаар дараа дэлгэрэнгүй ярилцахаар болов. Энэ бол харилцах нэгэн гүүр болж өгч байгаа юм. Чи Монголд байгаа учраас түүнтэй харилцахад дөхөм хялбар тул түүнийг чамд танилцуулж байгаа юм. Ажил хэргийн талаар ЭСЯ-аар дамжуулан харилцаж төвд мэдэгдэж байх хэрэгтэй. Нөхөр Гуо Хуа чамд захиа бичих гэж байсан боловч тэр гадагшаа ажлаар яваад Нямдоржийг буцахын өмнө Бээжинд уулзсан. Тэр буцаж ирээд энэ захиаг бичүүлсэн ба байдлын талаар төвд танилцуулсан. Эндэх байдал их сайн байна. Энэ тухай дараа бодит байдлыг судлаад мэдэгдэе. Бээжинд уулзах ерөөл тавъя.
Да Пен 1992.2.10
(орчуулсан Лхамсүрэн)
Үргэлжлэл 2-р хэсэгт.
Comments
Post a Comment