Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 3-р хэсэг

Баримт 8.

Хэлтсийн дарга танаа

"Соёлын төвийн" даалгаврын тухай

92.5.5

Нууц "Толгойт"-той энэ өдөр харилцахад тэрээр дорхи зүйлийг мэдээлэв. Үүнд:
"... Ян Жун Хуа, засангийн газрын дарга Чойндон хурандаа, эмэгтэйчүүдийн колоны дарга дэд хурандаа, мөн засангийн нэгэн пүүсийн дарга, Цэдэн-Ишийн нөхөр Болд нарын хамт Бээжин явж ирээд долоо хонож байна.
   Ян нарыг нааш гарахын өмнөхөн "Соёлын төвийн" эмэгтэй утсаар Ян-г дуудаж дараах зүйлсийг биелүүлэхийг хүссэн байна. Үүнд:
- "Н"-ийг авгай хүүхэдтэй нь урилгаар ирүүлэх ажлыг зохион байгуулах
-   "Н"-ийн дээд талын даргыг буюу эсвэл засгийн газрын шадар сайдыг, гэхдээ Зөвлөлтөд их дээд сургууль төгссөн хүн байвал сайн, ирэх долдугаар сард багтааж ирүүлэхээр хөөцөлдөх,
- Монголд одоо улс төрийн 15 нам буй, тэдгээрээс чухам аль нь сонгуульд ялах боломжтой, нам бүр ард түмний дунд хэрхэн үнэлэгдэж байгааг судлах, сонгуульд нам бүр программтай оролцох тул тэдгээрийн программыг яаралтай олж ирүүлэх 
зэргийг хүссэн байна,
   Мөн энд буй хятадын ЭСЯ-ы соёлын асуудал хариуцсан ажилтанд "Соёлын төвийн" эмэгтэй захидал явуулж Ян-тай танилцуулсан гэнэ.
   Ян-тай нэг өрөөнд амьдарч буй, түүнтэй цуг Бээжингээс ирсэн англи хэлний орчуулагч хятад залуу саяын бүтэн сайнд Хятад явлаа.
   Уг залуу явахынхаа өмнө энд байгаа Оросын ЭСЯ-наас Орост явах виз авсан юм.  Тэр Бээжингээс шууд Москва явна гэж ярьж байсан, эд нэг л юм хийгээд байна.
   Мөн Ян-тай амьдардаг Жинэнь гэдэг хятад, Монголын ХАА Яамны орлогч сайд гэл үү, газрын дарга ч гэл үү нэг даргын охин бүжигчин Сэлэнгэ-тэй явдаг. Түүний эцэг нь өчигдөр Москвагаас ирсэн тул Сэлэнгэ, Ян, Жинэнь, Ян-тай явдаг /цуг амьдардаг/  монгол хүүхэн нарыг урьж аваачсан" гэснийг илтгэе.

Справка

Ян нь Жинэнь, мөн англи хэлний орчуулагч гэх залуутай 3-уул 15-р байрны 16 тоотын 3 өрөөнд амьдардаг, гэхдээ Жинэнь өчигдрөөс салж /мөн орцын 2-р давхарт/ амьдрах болжээ.    "Толгойт" байрын хөлсөөс халширч, Чингэлтэйд хамаатныхаа шавар байшинд орох гэж буй. Уг нь цуг байвал бидэнд хэрэгтэйсэн.
   "СТ"-ийн ["Соёлын Төв"] даалгавраар Ян шургуу ажиллаж байна. Тэр одоо буцаж явна, ирнэ.

Санал

- нэг даргыг явуулъя
- Ян-гийн тухай х/ч Дамдиндоржид танилцуулна

                                  х/ч       ..............................  Г.Гэрэлчулуун

Баримт 9.

Хэлтсийн дарга танаа

Ян Жун Хуа-гийн тухай

92.7.28

"Толгойт"-той харилцахад Ян-гийн талаар нэмж мэдээлсэн нь:
   "... "Н" сайдыг Бээжинд байх үед  Пен Чун /Ли Пен-ий  орлогч/ , Ян-г хүлээж авч уулзаад, "Чи Монголын Эрдэнэтийн зэсийг оруулах ажлыг чадахын дотор хийх хэрэгтэй. Бид Монголд оронд нь юу дуртайг нь өгнө" гэж хэлсэн байна.
   Ян бол уг нь хөрөнгө бэл муутай хүн. Гэхдээ маш өндөр мэдлэгтэй, тун гайхмаар гүйлгээ ухаантай хүн. Хэний ч итгэлийг хүлээж, эвийг олж харьцаж чаддаг.  Тэрээр ХКН-ын гишүүн бус, хятадын одоогийн удирдлагын бодлогод шүүмжлэлтэй ханддаг, "Бээжинд хэзээ нэгэн цагт цус урсана" гэж ярьдаг.
  Ян Монголд суурьшиж ажиллахын тулд нэлээд зүйл хийж, албаны харилцаатай Монголчууддаа итгэгдсэн байна. Тэрээр хэрэв "СТ"-ийн даалгаврыг биелүүлж чадвал тус төвийн төлөөлөгч болж суурьших бодолтой байна.
   "СТ"-өөс Улаанбаатар дахь хятадын ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан ажилтанд захиа илгээж  Ян-тай танилцуулсан.  Ян уг ажилтантай ЭСЯ-анд орж хоёр удаа уулзсан, чухам юу ярилцсаныг мэдэхгүй.
   Ян надад "Х" сайд намтар түүхээ яагаад нуугаад байгаа юм бол, энэ хүн Хятадад чухам ямар зорилготой очих гэж байгааг сайн судал. Магадгүй, цэвэр судалгаа хийх зорилгоор ч очиж болзошгүй" гэсэн. Би таны зөвлөсөнөөр "Тэр чинь "Н" сайд шиг л газар үзье гэсэн хүн байх. Ер нь ийм зиндааны хүн олж танилцан, урагш явахад нь нөлөөл гэж чи анхнаасаа хүссэн шүү дээ. Одоо тэр хүн хурлын зав зайгаар л явж магадгүй юм, бие нь ч сайнгүй гэсэн" гэж хариулсан.
   Ян сая Хятадын өмнөд мужийн нэгэн худалдааны байгууллагын гадаад харилцааны орлогч дарга, 40-өөд насны эмэгтэйг дагуулж Орос явсан. 1-нд ирээд урагш явна. Ирэхэд "Х" сайдын намтрыг бэлэн болгосон байгаарай гэсэн.
   Ян-г бүх талаар дэмждэг /түүнтэй гэр бүлийн харьцаатай/ "СТ"-ийн хүүхний нөхөр /Бээжингийн Гонконгийн захын орлогч дарга/  наймдугаар сард Ян-тай ирнэ, дараа нь уг хүүхэн ирэх бодолтой гэнэ.
   Энэ хүүхэн албаны дугаартай , гадаад маркийн машин унадаг.
Ян дээр дурдсан гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга хүүхнийг  Улаанбаатарт "Мандухай" буудалд байрлуулж, байнга очиж байсан, мөн тэр эмэгтэйтэй Орос руу цуг явсан зэргээс Болормаа хардаж бөөн хэрүүл болох төлөвтэй" гэснийг илтгэе.

Санал

- Ян маш идэвхтэй ажиллаж буй, мөн түүнд одоогоор зөвхөн "Толгойт"-ыг чиглүүлж ажиллах шаардлагатай, боломжтой үед "Ц"-г ч ашиглаж байгаа хэдий ч түүний харилцаа, арга ажиллагааг судлахад Монгол  хүнийг ашиглах зайлшгүй шаардлагатайг харгалзан гэр бүлийн харилцаатай Болормааг судлах нь зөв байх. Тэд түнжин тасарсан ч Ян-гийн талаар Болормаа ихийг мэдэх болов уу.
- "Н", "Х" нарын намтрыг сонинд бичсэн хэвээр нь "Толгойт"-оор дамжуулж Ян-д өгч явуулах

                  х/ч .................................    Г.Гэрэлчулуун

Баримт 10.

Хэлтсийн дарга танаа

Сун овогт ирсэн тухай

92.10.24

Туслагч "То" дараах зүйлийг мэдээлэв:
"..."СТ"-ийн хүүхний нөхөр, Бээжингийн Гонконгийн захын орлогч дарга Сун [?-гаргацгүй нэр]  өчигдөр нэгэн хятадын хамт Бээжингээс ирлээ. Ян хэдийд ирэх тухайгаа  хэлээгүй байсан, гэнэт ирэв.
   Тэрээр "Н"-тэй ямар ч байсан уулзана. холбоо барих (олох) арга бод гэж надад даалгав. Тэд ирэх хоёрдахь өдөр буцах онгоцны билеттэйгээ иржээ. Ирсэн гол зорилго нь "Монголын байдлыг нүдээр үзэх" гэнэ.
   Түүнтэй цуг яваа 25-26 орчим насны залуу нь нэлээд том дарга байрын зантай, урьд нь Монголд ирж байгаагүй хүн байна.  Уг нь өчигдөр орой "35"-ийнд цуглаж ярилцах ёстой байсан ч гадны хүмүүс байсан тул олигтой юм ярьсангүй, өнөө орой ярилцая гэв. Гол нь "Х"-ийн урилгын асуудал гэнэ.  Уг урилга "35"-д буй, хэзээ өгөх, яахыг /газар дээр нь/ ярилцах гэнэ. Тэр хоёрыг "35", 13-р хорооллын 30-р байрны 31 тоотод байрлуулсан.  Нөхрийгөө очсоны дараа "СТ"-ийн хүүхэн залгаад ирэх гэнэ гэснийг илтгэе.

Справка

- Сун овогт "Н"-ийг явахад уулзаж байсан
- Эд "Н"-той уулзуул гэсэн, та түргэн холбоо барьж өгөөч гэж хүсэв.

Санал

- Эд ийм богино хугацаатай ирж буй нь жирийн хэрэг биш байх, ялангуяа тэр залуугийн биеэ авч яваа байдал, үг яриаг маш нарийн ажиглахыг "То"-д даалгах,
- урилгын асуудал дээр авахыг хэт улайрч сэжиг төрүүлэлгүй, тохиромжтой үед авах талаас нь нөлөөлөхийг зааварчлав,
- Эднийг дагалдангийн хүчээр зөвхөн зургийг нь авч баримтжуулалтанд ашиглах, /байх хугацаанд нь дагах шаардлагагүй, аягүй бол илрэх биз/
- Өнөөдөр багтан "То"-д бичлэгийн техник өгч ярилцлагыг баримтжуулбал ямар вэ?

                  х/ч ................................... Г.Гэрэлчулуун

Баримт 11.

УАБХЕГ-ын 1-р хэлтсийн дарга хошууч Г.Лхагвадоржид

Обьект "Болор"- 1,2,3-ыг ажигласан мэдээ, Дугаар 1

1992-10-27

1992-10-26-ны өдрийн 12 цагаас эхлэн УБ зочид буудлын орчинд хяналт хийхэд:
12 цаг 30 минутад "Болор-1,2,3" гурвуул гарч Лениний хөшөөний дэргэд зогсож  зураг аваад баруун тийш явж  Төв шуудан холбооны урдаас С 26-68 УБ дугаарын Газ-24-д сууж баруун тийш явсаар "Богд Хангай" зоогийн газрын үүдэнд зогсоход гурвуул бууж 12 цаг 40 минутанд орцгоов.
   13 цаг 45 минутанд гурвуул гарч хойш явсаар УИД-ийн урдаас С 78-51 УБ дугаарын Москвич машинд сууцгаан хойш явсаар "Даян дээрх"-ийн урд зогсоход гурвуул бууцгаав.
"Даян дээрх"-ийн үүдний орчим Монгол залуутай уулзан ямар нэгэн зүйл ярилцаж байгаад дотогшоо орцгоов.
   2-р давхрын "Мяндас" компаний дэлгүүрийн худалдагчтай уулзан "Болор-2,3" өмсөж явсан өдөн хүрмээ зараад тасгуудын бараа сонирхон гурвуул гарав.
   ХИД-ийн хойд талын зам дээрээс УБЛ 05-38 дугаарын  УАЗ-469 машинд сууцгаан урагш яван Баянгол зочид буудлын үүдэнд буун валютын дэлгүүрт орцгоов.
   Валютийн дэлгүүрээс янгирын эвэр болон нэлээд зүйл худалдан аваад гарав. Хойш яван Төв шууданд орж ил захидлын тасгаас 3230 төгрөгний марк, ил захидал худалдаж авав.
  16 цаг 15 минутад гурвуул гарч зүүн тийш яван 18 цаг 23 минутад Улаанбаатар зочид буудалд оров.
   20 цаг 11 минутад обьектууд эрлийз байрны хоёр залууг гаргаж өгөөд  буцаж оров.
  21 цаг 32 минутад "Болор-1" гарч УБИС-ын баруун талаас амины машинд гар өргөн сууж 12-р хорооллын 15-р байрны  хойно бууж хойд талын орцоор 21 цаг 45 минутад ороход нь ажиглалтаа зогсоов.

                           Дарга , дэд хурандаа ............................... Д.Дарьсүрэн

Баримт 12.

УАБХЕГ-ын 1-р хэлтсийн дарга, хошууч Г.Лхагвадоржид

Обьект "Болор-1,2,3"-ыг ажигласан тухай мэдээ,  Дугаар 2

1992-10-27

8 цагаас эхлэн гэрт нь ажиглахад:
9 цаг 20 минутад 30-35 орчим насны, дунд зэргийн нуруутай,цагаан царайтай, ногоон өдөн дээлтэй, хүрэн гуталтай Монгол эмэгтэйн хамт хоёр улаан цүнх барин гарч ирээд байрныхаа урд талын орцоор обьект оров. Нэг минутын дараа гарч хоёул яван замаас машинд суув. УБИС-ын урд дээрх эмэгтэй нь буув. Харилцаа гэж үзэн "Шил" гэдэг нэр өгөв. Обьект машинтайгаа баруун тийш яван [нэр гаргацгүй]  нэгдлийн үүдэнд буун дотогш оров.  9 цаг 30 минутад цүнхнүүдээ барин гарч замаас машинд суув.  Улаанбаатар зочид буудлын урд бууж зүүн тийш яван УБИС-ийн урд "Шил"-тэй уулзахад 30х15 см хэмжээний бичгийн цаастай зүйл обьектод өгөөд хоёул 2 минут орчим ярилцаж байгаад обьект салж Улаанбаатар зочид буудалд орсон. Харилцаа нь сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрт ажилладаг бололтой байв.
10 цаг 45 минутад "Болор-1" гарч Харилцаатай уулзаад салж хойш явж байхдаа 30 орчим насны махлаг биетэй, хөх куртик, хар брюктэй  Монгол залуутай уулзаж юм бичиж аван гараараа дохин ярилцаж байгаад хоёул зочид буудалд оров.  5 минутын дараа залуу гарч явав.
   11цаг 00 минутад "Болор-1,2,3"  хоёр улаан цүнх, нэг дипломат цүнх, янгирын эвэр зэрэг зүйлүүдийг барин гарч замаас хувийн автомашинд суув. Баруун тийш яван Буянт Ухаагийн нисэх онгоцны буудалд очиж гадаад вокзал руу орон 2 билет худалдан авав.  12 цаг 00 минутад ажиглалтаа бүрмөсөн зогсоов.

             Дарга, дэд хурандаа .......................................  Д.Дарьсүрэн

(Үргэлжлэл 4-р хэсэгт)
  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё