Нийтийн эрх ашиг минийхээс дээгүүр

Нийтийн эрх ашиг нэг хүнийхээс дээр тавигддаг гэдгийг Монголчууд ойлгож хэвшиж сурах  цаг болжээ. Мэддэггүй нэгэндээ мэдрүүлэх  хэрэгтэй болж. Хар амиа боддог бэртэгчин зан Монгол зан мөн үү, биш үү?  Мөн ч байж мэднэ. Нүүдэлчний биеэ даасан байх сонирхол, чадвар, "зожигорхуу" амь зуулгаас гаралтай байж мэдэх. "Хар гэртээ хаан" гэдэг нь тэр газраа "тусгаар тогтносон" гэдгээ хэлж байгаа хэрэг. Хэн нэгний хараат байх сонирхолгүй, "дошин дээрээ "атаман" байх гэсэн хүсэл. Өнөөгийн Монгол улс ба түүний эргэн тойрны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан Монголын олон аймгууд бүгд л тус тусдаа "хар амиа" бодон оршиж байсан түүхтэй. Зүгээр ч үгүй бас байнга хоорондоо хэмлэлдэнэ. 13-р зуунд тэнгэр ивээж Чингис хааныг илгээсний ачаар тэр олон аймгууд нэгдэж нэг улс болон хүчирхэгжсэн болохоос биш өнөөдрийн моодонд ороод байгаа хэллэг шиг "Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гэж хашгираад "ухамсраараа" нэгдчихсэн юм биш л дээ. "Зожиг" юмнуудыг нэг хүчтэй гараар зангидсан гэсэн үг.  Хүчээр л нэгтгэхгүй бол сайн дураараа нэгдэж эвсэнэ гэдэг бол Монголчуудын хувьд "үлгэр". Гэтэл нөгөө зангидаж байсан "гар" нь тэнгэрт хальсаны бараг маргаашаас нь эхлээд хоорондоо уралцаж ирсэн байдаг. Энэ мөнхийн хагаралдаан Монголын эзэнт гүрнийг мөхөлд хүргэж, улмаар бусдын эрхшээлд оруулж, улс орон нь, иргэд нь зовж тарчлах үндсийн үндэс болсоныг бүгд мэднэ.

Өнөөдөр ийм цөөхүүлээ болтлоо хорогдож, уугуул газар нутгаасаа урд хойд хөршдөө булаалгах хүртлээ доройтсон нь харь улсууд хүчтэйдээ ийм болгосон юм биш, харин бид арчаагүйдээ ингэж дарлуулж ирсэнийх. Харин ч өдий зэргийн газар нутагтай үлдсэндээ тэнгэрт талархаж явах хэрэгтэй. Хамгийн харамсалтай нь бидний энэ бэртэгчин муухай зан өнөөг хүртэл  хадгалагдаж ирсэн байгаа юм.  "Цусанд нь" байгаа юм уу даа.  Уг нь бодоход, ийм цөөхүүлээ үлдчихээд бие биенээ хайрлаж, хоорондоо бараг л төрсөн ах дүү шиг баймаар байгаа юм. Хаа явсан газраа биесээ дэмжээд л, туслаад л. Гэтэл үгүй юм аа. Гадаадад байгаа хэд нь бие биенээсээ дөлж зугтаад л , дотоодод байгаа нь бие биенээ алж хяргачих шахаад. Ямар "мудак" хүмүүс гэхээрээ ийм байдаг юм? Тэгсэн мөртөө "Монгол" гэж цээжээ балбана. Монголоо хайрлахгүй юм бол өөрийгөө Монгол гэж нэрлээд яах ч юм билээ.

Өнөөдөр 2-р Чингис хаан төрөөд ч байдал дээрдэхгүй байх л даа. Цаг үе нь өөр болжээ. Харин энэ цаг үеээ дагаад хүмүүсийн ухамсар хандлага өөр болмоор байтал мөнөөх л "тамын тогоо"-ныхоо жүжгийг тоглосоор. Бие биедээ дэгээ тавьсаар, ар нуруунд нь хутга шаасаар. Монголчуудын жинтэй хэсэг нь  ингэдэг болохоор бүр дасал болчихсон бөгөөд үүнд  хэн ч "гайхахгүй". Амиа бодох явдал бол "хэвийн үзэгдэл" бөгөөд "нормаал". Юуны чинь нийтийн эрх ашиг!? Би л болж байвал бусад нь яах нь надад ямар хамаатай юм, аан? "Хар хүний өмнөөс шар хүн" гэгчээр чи муу юу юм айн?  Эсвэл, "хүний хэрэг надад ямар хамаатай юм, яршиг цаашаа" гэх.

Өнөөдөр толгойтой нь ярихаас биш "хонгоны мах"-тай ярьдаг цаг үе биш болсон. Монголчууд 100 хувь "мудак" гэвэл арай хэтэрсэн юм болно. Тэгэхээр "мудак" хэсгээ сурган хүмүүжүүлэх, гэгээрүүлэх ажил нөгөө хэсэгт нь ноогдож байгаа биз? Үүнийг хэрэгжүүлэхэд "оройлон цойлогч, удирдагч" хэрэггүй л дээ. Харин хүн бүр л тухай бүрд нь бяцхан сэнхрүүлэг хийчихдэг байвал болох нь тэр. Дэмжиж байгаа нь тэр үед нь дэмжээд хүч нэмээд өгөх хэрэгтэй. Зэрэг зэрэг тал талаас нь хэлээд өгөхөөр тэр "мудак" юм бодож эхлэнэ. Харин бага насныханд сургуулийн наснаас нь эхлээд энэ хамтач, нийтэч, тусархуу үзлийг төлөвшүүлэх нь зүйтэй. Энэ бол багш, сурган хүмүүжүүлэгч нар нь хэрэгжүүлж, боловсролын системийн хэмжээнд хийгдэх ажил учраас хүн бүр оролцох боломжгүй. Гэхдээ мэдээж гэр бүлийн хэмжээнд ээж аав нь томоохон үлгэр дуурайл болох учиртай.

Иргэдэд явах зам алга
Нийтийн эрх ашгийг өөрийнхөөсөө доогуур тавьсан хамгийн энгийн бөгөөд хүмүүсийн мэдэх жишээг авч үзье. Нийслэлд байдаг Тасганы овооноос хойшоо Телевизийн эцсийн буудал хүртэл хийсэн автозамын өргөтгөлийн ажил дууссан боловч уг замын хажуугаар тавих ёстой байсан явган хүний зам хагас дутуу хийгджээ. Зам даган явган явж байгаа хүмүүс явган хүний замгүй хэсгээр автозам дээгүүр машинуудад дайруулчих шахан зэрэгцэн явахаас өөр аргагүй болдог гэнэ. Амь насанд тун эрсдэлтэй хэрэг! Өвлийн цас гулгаатай үед бүр аюултай! Яагаад явган хүний зам ингэж алаг цоог тавигдсаныг хүмүүс гадарлаж байгаа байх:  Явган хүний зам тавих хэсэгт хашаа нь таарсан айлууд газраа чөлөөлж өгөөгүй учраас тэр. Чөлөөлж өгсөн олон айл байхад өнөөг хүртэл чөлөөлж өгөөгүй айлууд байж л байна. Газраа чөлөөлж (бүтнээр нь эсвэл хэсэгчлэн) өгөөгүй айлууд нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Тэдний буруугаас болж явган хүний зам тавигдаагүй хэсгээр машин зам дээр зорчиж байгаад хүний амь эрсдэх, насаараа тахир дутуу болж хохирох мэтийн асуудал тэдэнд огт хамаагүй юм байх. Тэдэнд бусад Монгол иргэдийнх нь  амь нас, аюулгүй байдал "чепуха" гэнээ.

Мэдээж тэд газраа хувьчлаад авчихсан бол засгаас зүгээр булаагаад авчихгүй, харин тодорхой үнэ санал болгож газрыг нь авч зам тавъя гэсэн байгаа. Гэвч тэд татгалзсаныг бодоход бас гайгүй эдийн шуналтай нөхөд бололтой. Засгийн санал болгосон үнийг чамласан бололтой. Тэгээгүй бол бусад айлууд шиг газраа чөлөөлөөд өгчихгүй яав гэж. Одоо төр засаг эцсийнхээ аргыг хэрэглэхээс өөр замгүй болж дээ. Албадан чөлөөлүүлэх. Нийтийн эрх ашиг нэг буюу нэжгээд хүнийхээс дээгүүр тавигддаг юм шүү гэдгийг нотлох л үлдэж байна.  Уг нь энэ албадлагын шатанд хүрэхгүйгээр иргэд өөрсдөө тэр  "шуналтангуудтай" хувиараа "тооцоо хийгээд" асуудлыг шийдэж болох л байсан.  Их амархан. Тэднийг үхтэл нь ичээж, залхаах хэрэгтэй. Яаж гээч? Тэр бөглөө болсон айлуудын хажуугаар гарч байгаа (тэдний буруугаас болж машин зам дээгүүр таваргаж яваа) хүн болгон "Газар чөлөөлөөд өгөөч ээ, хараал идмэр ээ!" гэж хашгираад явж өнгөрөх хэрэгтэй. Хүн бүр  хэлэх хэрэгтэй. Ганцаараа биш хэдүүлээ явж таарвал хоолойгоо нийлүүлээд хашгирах хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ гараараа тэр хашаа руу нь зааж чичлэ. Манайхан чинь муу мөртөө худлаа сүсэгч юм болохоороо олон хүнд өдөр болгон "хараал идмэр" гэж хараалгаад байвал сэтгэлд нь юм бодогдож, шөнө хар дарж зүүдлэх магадлал их буй. Санаа сэтгэл нь тавгүйтэж, аягүй бол Гандан ч явж мэдэх байх. Тэгээд очиж үзүүлсэн лам нь , "Та нар тэр газраас үтэр түргэн нүүхгүй бол олон хүний хараал идэж хахаж үхэх  нигууртай юм байна" гээд л хэлчихэд тэр айл маргааш нь ум хумгүй газраа төр засагтаа зарчихаад л алга болно.

(зүүн гараас) Ч.Ганхуяг, Болдсайхан  нар
Уг нь  санаагаар болдог бол, хохирогчид (машин замаар таваргаж байгаа хүмүүсийг ингэж нэрлэе) маань тэмцлээ хүчтэй болгохын тулд тэр айлуудын хашааны хажуугаар өнгөрөх болгондоо түүхий өндөг шидэж хашаа байшинг нь "мялааж" байвал бүр гоё. Эсвэл хуванцар бортоготой ус ч юм уу. Даанч өндгөөр мялаах чинь манай нөхцөлд эдийн засгийн хувьд гарзтай болчих учраас дэмий юм байна. Өндгөө өөрсдөө шараад идсэн нь дээр байх. Хуванцар бортоготой ус ч гэсэн хайран юм байна. Тэгээд ч цаад айл нь түүж аваад дахивар (хоёрдагч түүхий эд) авдаг газар өгөөд мөнгө болгочих биз. Шуналын туламнуудыг тэгж мөнгөжүүлээд хэрэггүй.  Ер нь тэгээд юм чулууддаг "барууны арга" одоохондоо манайд зохимжгүй юм байна. Иргэд маань баян болохоороо энэ аргыг хэрэглэдэг болно биз дээ.  Харин үүний оронд нөгөө МАН-ын залуу сайд байсан, Хас банкны Ч.Ганхуяг, эмч Болдсайхан нар шиг зэрэгцэж зогсчихоод "Хитлер" ёсолгоогоор сайхан салаавч гаргавал болж байна. Ёсолж байхдаа дээрх үгээ  чанга дуугаар хэлэх хэрэгтэй.  Ичих булчирхай нь үхжиж муудаагүй  бол тэр айлууд их удаан тэсэхгүй л байсан даа. Гэвч одоо төр өөрийнхөө арга хэмжээг аваад газрыг нь чөлөөлүүлээд явган хүний замаа тавих юм шиг байна. Ганц энд ч биш бас өөр газруудад иймэрхүү "Аман хуурын Соном өвгөн" шиг  гарууд ажилд садаа болж нийтийг хохироож байдаг л  сурагтай. Хэрэв тийм явдал тохиовол хохирогчид яаж ажиллахаа мэдэж авсан байх гэж найдая.  Ер нь тэгээд төр засаг иймэрхүү "Сономуудтай" анхнаасаа нялууралгүй хатуу тэмцэж, нийтийн эрх ашгийн төлөө төмөр нударгаа харуулж баймаар. Эс тэгвэл иргэд хохироод байх нь байна шүү. Иргэд  маань ч гэсэн жаахан арчаатай байж сурцгаая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё