Хууль зүйн сайдыг хэн сайн муулах вэ?

Хууль Зүйн сайдыг хэн сайн муулах вэ "тэмцээн" улс даяар өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ тэмцээнд манай хэвлэл мэдээллийнхэний, сөрөг хүчнийхэн, шинэчлэлийг эсэргүүцэгчидийн олон "баг, тамирчид" идэвхтэй оролцож байна. Энэ "уралдаан" сэтгүүлч Б.Ганчимэг ("Үндэсний шуудан" сонин) ба Л.Мөнхбаясгалан ("2-р суваг" телевиз) нарын "загатнасан газар нь маажих" шиг болж ура хашгираад улай үзсэн хэрээ лугаа адил дайран орчвоо.  Хэтийн зорилго нь  ганц Тэмүүжин ч биш, ерөөсөө Алтанхуяг тэргүүтэй засгийг, улмаар АН-ыг "гутаах" явдал болой.  Ингээд уг "тэмцээнд" оролцогч энэ хоёр "тамирчны" сүүлийн үеийн "амжилтаас" танилцуулая.

---------------------------------------------------------------------------------------------------------

Б.Ганчимэг
Саяхан Б.Ганчимэг  ажлаасаа халагдсан цагдаагийн хурандаа Ш.Ганболд гэгчтэй ярилцлага хийж Тэмүүжин сайдыг "муулуулжээ".(Ярилцлагыг эндээс уншина уу:   http://ganchimeg.niitlelch.mn/content/6075.shtml  )
Хууль зүйн сайд "хов живээр" шийдвэрээ гаргаж энэ хурандааг ажлаас нь халсан  гэнэ. Гэвч мань хурандаагийн хэлээд байгаа шиг  "хов жив" буруутай биш харин өөрийнх нь байр суурь, үзэл бодол нь сайдынхтай зөрчилдсөнөөс болсон  юм биш үү? Хурандаа маань хэлсэн үгэндээ "Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ уламжлал, шинэчлэлийг хослуулаад савалгаа хохирол багатай явъя гэсэн юм" гэжээ. Энэ л байр суурь нь ажлаасаа халагдах шалтгаан болж. Элдэв ховноос болж халагдсан гэдэг худлаа байна. Ер нь нэг нийтлэг зарчим ярихад, "багийн ахлагч" (сайд) нь өөрийнх нь заасан зааврын  дагуу тоглохгүй (ажиллахгүй) гэсэн "тоглогчийг"  (хурандааг) багтаа тоглуулахгүй нь хэнд ч ойлгомжтой.  Энэ хурандаа ч мөн адилхан хэрвээ өөрийнх нь  удирдлага дор байгаа хэн нэг нь өөрийнх нь хэлсэнээс өөр  юм яриад байвал хамтрахаас татгалзаж тэр хүнийг  зайлуулах нь тодорхой. Ерөөсөө хаана ч ийм жишиг байдаг. Сайд шинэчлэл хийнэ гээд байхад хурандаа өөдөөс нь "уламжлалтай" хослуулна гээд "хачин юм" яриад байж л дээ. Бүх юм ойлгомжтой.

Ярилцлагыг цааш уншвал, Ганчимэг сэтгүүлч "шахсаар" байгаад мань хурандааг бас "сандлын хэргээр" хэлмэгдсэн болгож байх юм. Сандал гэснээс тийм сандлыг Америкийн патентээр хийсэн гэж хятадууд гомдоллож гэнэ. АНУ-д  дээр үед хэрэглэдэг байсан байж болох юм. Цахилгаанаар юм уу тариагаар амийг нь хороох цаазын ялтай хэрэгтнүүдийг иймэрхүү төрлийн сандалд хүлсэн  байгаа харагддаг. Манайд сумын цагдаа "ганцаардаж", бас сэжигтэнг барьж хүлэх "юм" олддоггүй  учраас тэр сандал хэрэгтэй гэнэ. "Паарнаас гавлах", "шонгийн модноос хүлэх" зэргийг орлох юм байх. Мөн ярив аа! Сумын цагдаад хэдэн сандал өгөх юм? Нэг сандал өгнө гэвэл хоёр ба түүнээс дээш тооны хүн барьж саатуулах хэрэг гарвал ганц сандлаа хэнд нь хэрэглэх юм? Жаахан амьдралтай юм ярьж баймаар. Угтаа бол сумын цагдаад хэдэн гав, бусад зэвсэг хэрэгсэл, сэжигтэнг тусгаарлах торон хаалттай өрөө бүхий бяцхан байшин байхад л болно.  Сэжигтэний хоёр гарыг ард нь гавлаад л тэр тусгай өрөөндөө хийгээд цоожилчиход л хангалттай биш үү? Хүний дөрвөн мөчийг гавлаад суулгадаг тэр сандалын зориулалт нь шал өөр юм аа. Ямар ч тэнэг хүн тарчлаах зориулалттай гэдгийг хэлнэ.

Асуусан, хариулсан хоёр таарсан "таар шуудайнууд" гэдэг нь энэ ярилцлагаас илт. "Ярилцлагын мастер" гэгдэх  сэтгүүлч маань асууж байнаа: "Яг энэ шинэчлэл гэдэг зүйл юу болоод хувирчихав аа? Олон талын үр дүн гарах ёстой шүү дээ" гэж. (Шинэчлэл гэдэг нь хийгдээд дуусчихсан аятай). Хуулийн салбарт иж бүрэн шинэчлэл хийхийн тулд олон хууль шинээр бичигдэж батлагдах ёстой. Энэ процесс дуусаагүй байна. Шинэчлэлийн зарим хуулиуд батлагдсан, заримыг нь өргөн барьсан боловч хараахан хэлэлцэгдээгүй байна. Холбогдох бүх хуулиудаа шинэчлээд, түүндээ зохицуулж систем, бүтцээ өөрчлөөд дууссаны дараа үр дүн эхнээсээ харагдаж эхлэх ёстой. Өнөөдөр хуулиуд нь бүрэн батлагдаж гараагүй, дагалдах  өөрчлөлтүүд эхлээгүй байхад "үр дүн" нэхээд байдаг нь Ганчимэгийн "тэнэгийнх" биш, зориудын явуулга байхгүй юу. Цаадах нь ч өөртөө  таарсан хариулт өгч "цэцэрхэх" нь мэдээж. Ингэж нэрээ баастах хэрэг Ганчимэгт байсан л юм байх даа. Хайран ч нэр.

Оросод бэлтгэгдэж буй Монголын хуулийн байгууллагын боловсон хүчин
Сайд салбарынхантайгаа уулзахдаа "ЗХУ-д төгссөн хүмүүстэй хамтарч ажиллахгүй" гэж хэлсэн гэнэ. Би итгэхгүй байна. Тэгж хэлдэг тэнэг хүн биш. Өнөөдөр ч Монголчууд Оросын сургуулиудад, жишээлбэл, Оросын Дотоод Хэргийн яамны Белгородын Хууль Зүйн Институт зэрэг сургуульд   сурч байгаа. Тэнд мэргэшсэн хүмүүсээ төгсөж ирэхээр нь ажиллуулахгүй гэвэл Тэмүүжин шиг тэнэг хүн олдохгүй биз. Миний бодоход сайдын хэлсэн санаа бол хуучин арга барил, бодлогоор ажиллахгүй шүү гэсэн санаа байсныг гуйвуулж мушгисан юм болов уу даа. Оросууд манай оюутнуудын визийг удаашруулсан шалтгаан нь Тэмүүжингийн хэлсэн үгнээс болсон гэнэ. Нотолгоо нь хаана байна? Өнөөдөр ч хэний ч нэрийг хамаагүй бариад, юу ч гэж зохиож, мушгиж гуйвуулж болдог болж дээ. Оросын элчингийн визийн консул нь сайдын хэлсэн үгэнд "гомдоод" (шаралхаад гэх юм уу?) Орос руу явах манай оюутнуудад визээ өгөхгүй байсан гэнэ!  Оросууд арай "жижгэрсэн"  юм шиг санагдахгүй байна уу?

Хурандаа маань хууль зүйн салбарт хийж байгаа (хийгдсэн?) шинэчлэлд "муу дүн" тавихаар байна гэжээ. Дөнгөж хийж эхлэж байгаа, дуусах болоогүй ажилд  одоо дүн тавьж байна гэнэ дээ, ямарав дээ жанжин минь? "Цагдаа нийтээрээ гутралд байх шиг байна л даа" хэмээн "ган үзэгт" сэтгүүлч маань "гайхал" хурандаад "ташуур" өгч байх юм. Өнөөх нь ч явж өгч байнаа. Шинэчлэлийн үр дүнд лав 300 цагдаагийн цалин хасагдана гэнэ (энгийн цагдаа биш дарга нар бололтой), байгууллагын соёл үнэт зүйл, мэргэжлийн мэдрэмж байхгүй боллоо гэнэ, иргэд цагдаа руугаа ойртож, ойлгож эхэлж байсныг үгүй болголоо гэнэ.  Дарга нарын цалин хасагдаж,энгийн цагдаагийн цалин нэмэгдэж байвал болж байна шд. Хурандаа Ганболд "дарга" юм болохоороо "дарга нарын давхаргын" эрх ашгийг өмөөрөх нь зүй. Тэр байгууллагын үнэт зүйл энэ тэр "алга боллоо" гэдэг бол хоосон цэцэрхэл. Үгээр наадах дуртай сүржигнүүрүүд байдаг даа, яг л тэр. Цагдаа ямар нэр хүнд муутай байсныг хэн ч хэлнэ дээ. Энгийн ардад арслан барс шиг, эрх мэдэлтнүүдэд хав гөлөг шиг аашилж, мөнгөтэйд нь үйлчилж, ядарсаныг нь дээрэлхэж, авилгаар ажлаа явуулдаг байсан даа. Үүнийг нь "ойлгоод" иргэд цагдаа руугаа "ойртож" эхэлж байсныг Тэмүүжин баллаад хаячихлаа гэнэ шүү. "Таньдаг цагдаа" бол эрэлт ихтэй "бараа" байсан юм шүү. Энэ бүх завааныг өөрчилж цагдааг мөнгө олдог албан тушаал биш харин иргэддээ үйлчилдэг "үйлчлэгч" болгох нь ард түмний эрх ашгийн хэрэг. Тийм ч учраас иргэд Тэмүүжин сайдын энэ салбарт хийж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг их дэмжиж байгаа юм. Хэн эсэргүүцээд байна гэхээр хуучин шигээ байлгах гэсэн сонирхолтой, жишээлбэл энэ Ганболд хурандаа мэтийн хүмүүс "боож үхэх" гээд байгаа юм.

"Та нар бүгдээрээ авилгачид, бүгдээрээ ялзарсан" гэж сайд биднийг доромжиллоо гэнэ. Яг ингэж хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийдөө бол үнэн шд. Тийм л байсан юм чинь. Үнэнийг нь хэлэхээр өрвөлзөж байгааг нь харахгүй юу! Нэг л их ариун сайхан амьтад байсан юм шиг. Цагдаа, шүүхийнхэн ард иргэдээ яаж ялгаварлан гадуурхаж, хэргийг өөрсдийнхөө үзэмжээр  (мөнгө, эрх мэдэлтнүүдэд ашигтайгаар) шийдэж ядарсан иргэдээ хэлмэгдүүлж байсан жишээ гэх юм бол тоогоо алдана. Айл өрх болгон шахуу хэлмэгдэж байсан гэхэд хилсдэхгүй, учир нь яруу алдарт МАН-ын буянаар баян ядуугийн давхарга бий болж, ядуус нь олонх массаа төлөөлдөг болоод удаж буй. Цөөхөн баячууд нь цагдааг, шүүхийг худалдаад авчихсан хэрэг. Цагдаа шүүх тэдэнд л үйлчилдэг байсан. Ийм байхад "та нар авилгачид" гэхгүй өөр юу гэх юм? Дарга цэрэг гэлтгүй цагдаагийн форм бол мөнгө саах хэрэгсэл болчихсон байсан даа. Жирийн цагдаа гэхэд л гудамжаар  тэнэж яваад худалдаа эрхэлж болохгүй газар зогсож бараагаа зарж буй ядарсан наймаачныг хөөж явуулна хэмээн айлгаад "татвар" авдаг байсан биз дээ? Хэнд ч танил хамгийн энгийн жишээ бол энэ. Тэгээд цааш нь нуршвал их юм ярьж болно. Хууль сахиулагч нэрээр иргэдээ айлгаж дарамталж, хэрвээ авилга өгч гарыг нь цайлгавал нүдээ аниад явчихдаг, үгүй бол элдвээр үйлийг нь үздэг байсан даг. Энэ бүх байдал манай хүчний байгууллага, шүүхэд хавтгайрсан байсан гэхэд болно. Шүүх эмнэлэг нь хүртэл хэн "хөгжим захиалсанд нь" тааруулж  задлан шинжилгээний дүн хариуг найруулан бичдэг байсан биз дээ. Үүнийг "ялзарсан" гэхгүй юм бол өөрөөр юу гэх юм?

Хөрөнгөлөг хурандаа нарын давхарга алга болсон гэж энэ сэтгүүлч боддог гэнэ. Цагдааг сайхан харагдуулж, өмөөрөх гэж ядаж байна даа хөөрхий. Ноцтой хувийн шалтгаан байдаг биз дээ, зайлуул. Ганчимэгийг олон жилийн өмнө хөрөнгөлөг хурандаа нарын тухай бичсэний ачаар тэр "давхарга" устаж алга болсон юм байх. Үгүй ээ мөн хүчтэй бичиж шүү. Устаж алга болтол нь шүүмжилж дээ. Гэвч их эндүүрч байна даа энэ авгай. Ийм үзэгдэл өөрөө "ухамсраараа" юм уу эсвэл хэн нэгэн сэтгүүлч шүүмжлээд биччихээр "ичсэндээ" алга болчихдог, зогсчихдог юм биш. Тэр үеийн жийп унаж хаш хөөрөг барьсан хурандаа нарын залгамж халаа тэрхүү ажил мэргэжлийн "уламжлалыг" хадгалаад хөгжүүлээд л явна уу гэхээс биш хална гэдэг бол үлгэр.   Хүн гэдэг угаасаа шуналтай амьтан юм болохоороо боломжийг нь нээгээд өгвөл улам л дайрна уу гэхээс болино гэж байхгүй. Харин сүүлийн үеийнхэн нь арай хашир болгоомжтой байдаг болсон байж магадгүй юм. Тэд өмнөх үеийнх шигээ Ганчимэгт хаш хөөргөө "үзүүлж", жийпээрээ "гайхуулж" тэнэгтэхгүй байгаа учраас хүмүүсийн нүдэнд торохгүй байгаа биз ээ. Гэвч сайн (эрэн сурвалжилдаг) сэтгүүлч бол тэр байтугайг ил гаргаад ирж чадна л даа, мэдээж хүсэл байвал шүү дээ.

Эрхэм хурандаа маань "цагдаа өөрөө өөрийгөө шилгээж цэвэрлэх гэж хичээж байна" гэсэн байна. Хавтгайдаа ялзарчихсан масс яаж өөрөө өөрийгөө "шилгээж" цэвэрлэх юм? Бас нэг сайхан хоосон  цэцэрхэл. Өөрөө өөрийгөө "цэвэрлэх" нь битгий хэл, цэвэрлээд өгье  гэхээр элдвээр эсэргүүцээд байгаа биз дээ? Мэдээж аливаа шинэчлэл эсэргүүцэлтэй тулгардаг нь жам. Гэхдээ энэ салбарт хийх өөрчлөлт их хэцүү бөгөөд удаан явагдах шинжтэй. Хууль эрх зүйн талаас нь өөрчлөөд тавьчихлаа гэхэд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тархинд, ухамсарт хийх өөрчлөлт тийм ч амаргүй байх болов уу. Ялангуяа массынхаа толгой дээр нь олон жил "сандайлж" суусан хурандаа Ганболд мэтийн хуучинсаг удирдлагууд нь хуучнаа хадгалж үлдэхийн тулд юу ч гэж ярьж, юу ч хийж мэдэх шинжтэй.  Тэрээр цагдаагийн олон мянган албан хаагчдын дотор болж буй "чимээгүй эсэргүүцэл"-ээр сүрдүүлж байна. Мөн "ямар ч хүний тэвчээр хязгаартай" гэж анхааруулж байна. Янз нь яваандаа чимээгүй эсэргүүцэл нь  "чимээтэй" болж, цагдаагийн арми "бослого" гаргаж  мэднэ шүү гэж айлгаж байгаа бололтой.  Энэ хурандаа нар ингэж өлхөн чадна. 2008 оны 7 сарын 1-ний өдөр болсон  үймээний үеэр иргэд ба цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр "цагдааг алчихсан шүү" хэмээн цуу үг тарааж цагдаа нарын цөсийг хөөргөсөний гайгаар дараа нь 4 хүнийг цагдаа нар хөөж буудаж алсан түүхтэй. Одоо энэ хурандаа нар ямар юм сэдэж бие бүрэлдэхүүнээ "хөдөлгөх" гэж байгаа бол доо. Чимээгүй эсэргүүцэл нүүрлэж байнаа гээд байгаа. Хэзээ ил гарахыг нь харах л үлдэж дээ.

---------------------------------------------------------------------------------------------------------

Л.Мөнхбаясгалан
АН-ынханы дунд бий болсон зөрчилдөөн, эвдрэлцэлд хамгийн их баясаж байгаа хүний нэг нь "Цензургүй яриа" нэвтрүүлгийн Л.Мөнхбаясгалан юм. "Шонхор" телевиз нь хаагдаж дампуурахад эрх баригчдыг хамгийн ихээр зүхэж байсан хүний нэг. Тэр хавиас ер нь АН-ынханд өсөрхөж эхэлсэн   юм уу даа. Тэр тухай нэг нийтлэлийг   энд дараад  уншаарай.
Чадвар муутай байж телевизийн шоу хөтлөх их дуртай нэгэн. Саяханаас  "2-р суваг" хэмээх телевизийг ажиллуулж эхлээд мөнөөх Цензургүй яриа шоугаа хөтөлж байгаа. Эрх баригчдыг муулах ажлыг нь асар ихээр  дэмжсэн   спонсорууд  тэтгэж  энэ телевизийг нь  нээж өгсөн  бололтой. Давхар дээлний тухай болон Тэмүүжин сайдын тухай асуудлаар нэр бүхий этгээдүүдийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад санасандаа хүрч сэтгэл хангалуун яваа. Харин Баттулга сайд, Тэмүүжин сайд хоёрыг  уриад байхад татгалзсан нь  мань хүүхний дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн бололтой. Энэ тухайгаа МАН-ын генсек Мөнхбатад хэлж "гомдоллож"  байна лээ.

МАН-ын яруу найрагч генсектэй хийсэн ярилцлагыг нь сонирхолоо. (Энд дарж үзнэ үү). Чадваргүй хөтлөгч гэдгээ тавьсан асуултаараа нотолж, өөрийгөө "эвгүй байдалд" оруулаад байгаагаа мэдэж байгаа ч юм уу бүү мэд, энэ хөтлөгч. "Сөрөг хүчний дуу хоолой ерөөсөө нийгэмд сонсогдохгүй байна аа" гэж ирээд л "серьёзный" царайлтал хариуд  нь Мөнхбат няцаалт өгч "мад" тавьж байх юм.   Дараа нь МАН-ын бүлгээс Алтанхуягт шаардлага хүргүүлсэн тухай дурдаад өмнө нь тийм шаардлага хүргүүлж байгаагүй  хэмээн мөн л чухал царайлаад аваад хаясан чинь  бас л "буруутав". Хоёр дараалан "эвгүй" байдалд орчихоод тоож байгаа ч шинж алга тэр авгай.

"Эдийн засаг хямарчихаад байнаа, энэ нь амьдрал дээр мэдрэгдээд байна" гэж Мөнхбаясгалан гуай их л итгэлтэй мэдэмхийрч  байна.  Энэ сэтгүүлчийн оронцог эдийн засгийн мэдлэггүй байж мэддэг юм шиг царайлах нь яг л жаахан хүүхэд шиг. Эдийн засгийн өсөлт 11%-тай гарчихаад байхад эдийн засаг хямарсан байдаг юм уу? Харин өсөлт байхгүй, хасахтай гарсан бол хямарсан гэж хэлмээр. Дотоод, гадаадаас шалтгаалсан элдэв хүндрэл, доголдол бол байгаа л байх. Зүгээр энгийн логикоор бодоход л өсөлттэй мөртөө "хямраад" байдаг эдийн засаг гэж байж таарамгүй. Буй болсон хүндрэлүүд, доголдолыг арилгах зорилгоор эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гаргасан нь энэ авгайд их инээдтэй санагдсан бололтой. Хөх инээд нь хүрээд байж ядаж байх шиг. Мөнөөх генсек ч толгойгоо далжигнуулж байгаад л баахан сүржигнэж байна. 2 жилийн дотор сүйрүүлээд унагачихсан эдийн засгийг 100 хоногт босгоно гэдэг нь ид шидийн юм болов уу гэж гайхаж байгаа хэмээн даапаалж суух.

Тэгвэл энэ яруу найрагчаас   2 жилийн дотор сүйрүүлээд унагачихсан эдийн засаг яахаараа 11 хувийн өсөлттэй гэж гараад байдаг юм гэж асуумаар. Сүйрсэн эдийн засаг ийм өндөр өсөлттэй байна гэж  байх уу? МАН засаг барьж байхад Оюутолгойн буянаар баахан доллар оруулж ирээд уул уурхайн ачаар эдийн засаг нь 17%-ийн өсөлттэй байсан гэж байгаа. Тэгвэл энэ үед ард түмний амьдрал нь сайжраад сайхан болсон байсан уу гэвэл худлаа л байхгүй юу. Харин ч ядуурал улам нэмэгдэж, баян ядуугийн ялгаа, авилга хээл хахууль замаа алдсан. Гурван хүний нэг нь нэн ядуу давхаргад багтаж, нөгөө 17 хувийн өсөлт нь ард түмэнд наалдсан юм байхгүй өнгөрсөн. Олигархууд, луйварчид л баяжсан байх. МАН гаднаас баялгаа барьцаалж зээл аваад сар болгон 21 мянгаар тараагаад дуусгасан. Одоо болтол  тэр өрийг Таван Толгойн нүүрсээр Хятадын компанид төлсөөр л байгаа. Ийм л арга барилаар улс орныхоо амьдралыг авч явдаг нам шүү дээ. Төрөх эмнэлэг байхгүй учраас нярай хүүхэд хонгилд унтаж байна гэнэ. Өмнө засаг барьж байсан МАН гаднаас зээл авч бэлэнчилж тарааж байхын оронд төрөх  эмнэлгээ барьж байхгүй яасан юм? Тийм л сайхан болгоод, хөгжүүлээд байсан юм бол сонгогчид яахаараа МАН-ыг "пялаад" АН-ыг сонгодог билээ? 21 мянгыг сар болгон "зүгээр" өгөөд байхад шүү дээ. Худлаа л байхгүй юу.

Хөтлөгч маань,  "Сандал ширээтэйгээ зууралдаад улайрсан шинжтэй байх юм" гэж Тэмүүжин сайдыг  ноцохоо мартсангүй. Нэвтрүүлэгт оролцооч гэж 4 удаа уриад байхад тоогоогүй Тэмүүжин сайдыг ноцохгүй байхын аргагүй биз ээ. Миний урилгыг үл ойшооно  гэнээ чи гээд боож үхэх гэж байгаа биз. Баттулга ч тэр, Тэмүүжин ч тэр энэ авгайн нэвтрүүлэгт оролцох сонирхол нь буурч дур нь гутсан биз ээ. Уг нь бол Цензургүй яриа аль  нэгний талд орж хэн нэгнийг дайрах, нэг тийшээ туйлшрахаас татгалзаж, бодит явдлыг баримттайгаар хөндөж, олон ургальч үзлийг уралдуулж, дүгнэлт хийх эрхийг нь нэвтрүүлэг үзэгчдэд үлдээж байвал жинхэнэ үнэ цэнэтэй бөгөөд сонирхолтой шоу гэж үнэлэгдэх байлаа. Гэвч өнөөдөр энэ шоу үнэ цэнээ алджээ. Хөтлөгч Мөнхбаясгалангийн арга барил нь хэн нэгнийг, ямар нэгэн хүчнийг гутаах, муулах, энэ ажлаа бусдаар хийлгэх, хэлүүлэх хэлбэр рүү орж, илэрхий туйлширсан, хувийн үзэл бодлоо бусдад тулгасан, ятгасан, сурталчилсан маягтай болжээ. Дөрөвдэх засаглал гэгдэх хэвлэл мэдээллийн гол ажил бол бурууд хурц байхын хажуугаар   үнэн мэдээллийг бусдад олж өгөх явдал. Тэрнээс биш хувийн үзэл бодлоо сурталчилдаг этгээд бол дөрөвдэх засаглалын төлөөлөгч биш, зүгээр л хов ярьдаг гудамжны авгай гэсэн үг. Ийм юмыг хов живэнд дуртай хүмүүс л үзнэ. Цензургүй яриа, Халтар царайт хоёр бараг ялгаагүй болжээ гэсэн үг. "2-р суваг" ТВ "Халтар царайт"-аар "пи-ар" хийж байгаа нь өөрөө энэ ТВ-ийнхээ  өнгө төрхийг тодорхойлж байгаа хэрэг. Солонгосын сериалаар "тархиа угаалгаж" нэг хэсэг нь мансуурч байхад бас "Халтар царайт" гэх хошин шогийг дахин үзүүлж байгаа нь  Монголчуудын оюуныг булингартуулахад Мөнхбаясгалангийн оруулж байгаа "хувь нэмэр". Тэрээр энэ үйлдлээрээ ёс зүйгүй, мэргэжлийн бус, авъяас чадваргүй тааруухан нэгэн гэдгээ л нотолчихлоо. Шилдэг нийтлэлч my ass!








Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё