Хар нь хараараа, цагаан нь цагаанаараа байг
С.Баярцогт |
Ардчилсан нам "ардчилсан" учраас хэн дуртай нь дураараа "бурж" болно гэж энэ намын олон гишүүн боддог бололтой. Улс төр бол "багийн тоглолт" гэдгийг эдгээр нөхөд сайн ойлгоогүй юм болов уу даа. Энэ тал дээр АН-ынхан МАН-аас сурах юм их байна. Арвин гишүүнийг "шилрүүлчихсэнийг" эс тооцвол МАН-ынхан дотроо цул бат, нэгдмэл байж чаддаг.
С.Баярцогт гишүүн МАНАН-гийн "бүтээгдэхүүн" бөгөөд Ерөнхий сайд асан С.Баярын "гар хөл" болж байсан хүн. Оюутолгойн гэрээнд Монголын засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурж байсан сайдуудын нэг. Анхнаасаа ийм хохиролтой гэрээ байгуулсан МАН-ын засгийн газар, түүнийг төлөөлж үзэглэсэн С.Баярцогт болон бусад сайд нарын "баасан баасыг" өнөөгийн эрх баригчид "цэвэрлэж" , Монголд хохиролтой олон заалтыг өөрчлөх гэж үйлээ үзэж байгаа. Мэдээж өөртөө ашигтай уг гэрээг хөрөнгө оруулагч тал маань яаж тийм амархан тавиад туучихав гэж. Оронд нь юм "салгахын" тулд манийгаа мөн ч их зовооно доо.
С.Баярцогт гишүүн МАНАН-г санагалзсан юм болов уу даа. Гэвч тэрээр "од" болж тодрох гээд "мод" болчих шиг бололтой. АН тэр үед С.Баярын "хавханд" орж МАНАН-д багтсан боловч сүүлдээ алдаагаа ойлгож МАНАН-гийн засгийн газраас гарсан билээ. Хариуцлага, хариуцлага бас дахин хариуцлага. Энэ ойлголт л АН-ыг МАНАН-гаас гарах үндэслэл болсон юм. Өөрөөр хэлбэл, эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэж. Угаасаа сонгуулиар худлаа үнэн ч олонхи болсон юм бол МАН дангаараа засгаа байгуулаад явах ёстой байтал АН-д хэдэн сайд өгдөг нь "юмыг яаж мэдэхэв" гэсэн муу санаа байхгүй юу. "Хамтарсан" юм чинь эцсийн хариуцлагаа хамтарч хүлээнэ гэсэн санаа. Өнөөдөр МАН-ынхан бүгд ингэж ярьж байгаа. 17%-ийн өсөлт ярихаараа "бид хийсэн" гэх мөртөө бурууг нь хэлэхээр "АН ч бас хариуцлага хүлээлцэх" ёстой гэлцэнэ.
2012 оны сонгуулиар олонхи суудал авсан АН засгийн газраа "Шударга ёс" эвсэлтэй хамтран байгуулсан. Одоо энэ бүтцээрээ явж хугацаагаа дуусгаад л хариуцлагаа хүлээх нь зүйд нийцнэ. С.Баярцогтын хүсэж байгаа шиг МАН-аас хэдэн сайд засгийн газартаа оруулчихвал байдал эрс өөрчлөгдөөд сайжраад эхлэх юм уу? Хэрэв тэгэх юм бол АН-д засаг барих чадвар, ухаан дутмаг байгаа учраас ажлаа хийж чадахгүй байна гэж ойлгож болох нээ? Тэгвэл ерөөсөө улс орныхоо эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхныг бодож, засгийн ажлыг мундаг хийж чаддагаар нь МАН-д засгийн эрхийг шилжүүлчихвэл яасан юм? АН муугаа мэдэж байгаа бол эртхэн эрх дархаа өгсөн нь дээр бус уу? Чадахгүй байж чадна гээд ажил нураах шиг нүгэл байхгүй шүү. Харин чадна гэж амлаад ажлаа авсан бол чадахын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэрнээс биш замын дунд "бид хүчин мөхөсдөж байна, хамтрая" гэх нь инээдтэй. Хамтрах байсан юм бол эхнээсээ л хамтрах хэрэгтэй байсан юм. Гэвч АН эрийн цээнд хүрч засгийн эрхийн төлөө өрсөлдөж сонгогчдын итгэлийг хүлээсэн хүчний хувьд замын дунд элдэв бодолд төөрөлдөж, эргэж хургахгүй зорьсондоо тууштай байж авсан амлалтаа биелүүлэхийн тулд чармайн ажиллах л үлдэж байна.
Замын дунд эрх баригчдыг дэгээдэж унагаах, харлуулах, дунд нь үймүүлэх, хор хутгах, урвуулах шарвуулах зэргээр түмэн зүйлээр оролдож "зовоох" нь тодорхой. Сүүлийн үед энэ байдал их эрчимжэж байна. Дараагийн сонгууль дөхөх тусам энэ "хорлон сүйтгэх" ажиллагаа улам ширүүсэх нь тодорхой. Явцын дунд АН болон бусад хамтрагч нарын дотроос олон "Арслан тайж" тодрох биз ээ. Тэр болгонд тууштай байж гуйвж дайвахгүй нэг цул бат байж л тэсэж үлдэнэ. Энэ удаагийн "Арслан тайж"-аар С.Баярцогт гишүүн тодорч байх шиг байна.
Бүрэн эрхийн хугацаа дуусахад хийсэн ажлаа дүгнүүлж дүнгээ тавиулахын тулд замын дунд элдэв "этгээдтэй" нөхцөх нь туйлын буруу шийдвэр юм. Ажлаа хийж чадсан бол сайн дүнгээ аваад, муу хийсэн бол муу дүнгээ аваад л явах хэрэгтэй. Эцсийн хариуцлагыг тооцох эзэн нь тодорхой, ойлгомжтой байх тухай л яриад байна. Хар нь хараараа, цагаан нь цагаанаараа байвал хүн ялгаж харахад адаглаад амар шүү дээ.
Comments
Post a Comment