Ц.Нямдорж "Соёлын төвийн ажилтан" болсон түүх, 2-р хэсэг

Баримт 4.

Хэлтсийн дарга х/ч Г.Лхагвадорж Танаа

"Толгойт"-той харилцсан тухай

1992.1.10

"Толгойт" нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ оны 1-р сарын 8 хүртэл хувийн журмаар Хятадад яваад ирсэн.  Тэрээр Бээжин, Хөх хотуудаар явсан болно. Түүнтэй өнөөдрийн 11-11:30-д байранд нь уулзахад дорх зүйлийг мэдээлэв. Үүнд:
"...Бээжинд очиход миний найзын аавын дотно найз гэх, Хятадын ГЯЯ-ны орлогч сайдаар ажиллаж байгаад ажил нь муугаас нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан Лю Жун Шан гэгч  60-аад насны хүн надтай тэднийд танилцан Бээжингийн нэгэн үнэтэй буудалд өөрийн зардлаараа хоёр хонуулсан.
   Тэр хүн намайг явах үед ингэж захисан: "Чи Монголын Хууль зүйн яамны юм уу, засангийн орлогч сайдаас доошгүй албан тушаалын, маш найдвартай нэг хүн олж Бээжинд миний урилгаар  ирүүлэх ажил хий. Уг хүн хятад хэл мэддэг эсэх нь хамаагүй, бид зохицуулна. Тийм хүнтэй танилцаж ярилцах хувийн зүйл байна. Уг хүн ганцаараа ирэх хэрэгтэй. Чи харин очоод архины халуунаар "чамайг явуулж чадна" гэж хамаагүй хүнд ам гарав аа гэсэн.
   Лю овогт миний яаж Монголд очсон, ажилд орсон зэргийг сонирхож асуусан. Мөн ирэх хүнийг  "албаны урилгаар ч авч болно, ирсэн хойно нь Бээжингийн хамгийн том буудалд нэг сар бүх зардлыг нь даана гэж байсан" гэснийг илтгэе.

Санал
1. "Толгойт" хятадад задарсан байж болно.
Ийм нөхцөлд хятадууд:
- Харанхуйгаар ашиглаж мэдээ олох
- Эсвэл давхар элсүүлж биднийг дэгээдэх буюу тоглолт зохиох
2. "Толгойт" задраагүй байж болох
Ийм нөхцөлд хятадууд түүнийг ашиглан тагнуулын мэдээ олох, хүн судалгаа хийлгэх зорилт тавьсан байж болох
Иймд аль ч тохиолдолд бид:
- мэдээнд ач холбогдол өгч тодруулах
- энэ боломжийг аль ч нөхцөлд ашиглах, туршиж үзэх нь зүйтэй байх
Справка
- Лю овогт "Толгойт"-д хаяг утсаа өгч "ойрын үед хариу мэдэгдээрэй" гэсэн байна.
- энэ удаа тухгүй уулзсан тул дараа дахин уулзахаар болзсон

                                    а/x .....................  Г.Гэрэлчулуун

Баримт 5. 

Хэлтсийн дарга танаа 

"Толгойт"-той ажилласан  тухай

1992.1.16

"Толгойт"-оос үүний өмнө мэдээлсэн зүйлийг тодруулахаар энэ өдрийн 14-14:50-д уулзалтын байранд ажиллахад дараах зүйлийг нэмж мэдээлэв. Үүнд:
"... манай байрны дөрөвдүгээр давхарт суудаг, одоо Багануурын колонид гэрээгээр мэргэжилтнээр ажиллаж байгаа , 42 настай, өмнө нь Бээжингийн хивсний үйлдвэрт инженер байсан Ян Жун Хуа-тай цуг Бээжинд тэднийд очсон юм. Тэр эхнэр хүүхэдтэй, тэд нь Бээжинд амьдардаг. Ян-гийн эцэг нь "соёлын хувьсгалын" үед алагдсан гэсэн. Ямар ажилтай байсныг мэдэхгүй.
   Тэднийг байж байтал аавынх нь сайн найз гэх, ГЯЯ-анд орлогч сайд байгаад зөвлөлтийг хамгаалж хурал дээр ярьсанаас буруутаж ажлаас чөлөөлөгдсөн гэх 60-аад насны хүн ирж надтай танилцсан.
   Тэр хүн намайг Бээжингийн "Чиньнан Пандэй" гэдэг буудалд бүх зардлыг дааж хоёр хонуулсан. Зөвхөн нэг орны хөлс хоногт 70 юань байсан. Тэр мөн Ян Жун Хуа-г уг буудалд байлгасан.
   10 хүний зориулалттай ширээн дээр гурвуулхнаа хооллодог байлаа. Лю Жун Шан надаас,
- Монголын амьдрал ямар байна
- Оросууд ямаршуу  байдалтай байна
- Монгол улс байгалийн их баялагтай атлаа яагаад ядуу амьдарч байна
- Чи 70-аад онд Монголоос яагаад буцаж ирсэн
- Ноцтой асуудлаар буцаагдсан атлаа яагаад Монголд буцаж очив,
- Ямар замаар ажилд оров, хэн туслав,
гэхчлэн асууж ярилцаад "Одоо нэр төрөө бодож сайн ажилла" гэж зөвлөсөн.
   Мөн миний эндхийн "Гадаадын мэргэжилтний үнэмлэх"-ийг их сонирхож орчуулуулж авсан.
Тэнд миний ажлын хаягийг бичсэнийг мөн их сонирхож байсан.
Тэр өөрийгөө Зөвлөлтийг дэмжсэн зүйл хурал дээр яриад буруутсан гэж байсан.
   Намайг Засангийн буюу Хууль Зүйн Яамны орлогч сайдын хэмжээний найдвартай танил олж ирэх, 2-р сарын 18-нд ирүүлэхээр ярилцаад утсаар түргэн хэлээрэй гэсэн. Уг хүнийг "Бээжин пандей"-д хүссэн хугацаагаар нь (10 хоногоос 1 сар гэсэн) байлгаж бүх зардлыг нь даана, ярилцаад найдвартай хүн  бол улс төрийн юм ярилцана гэсэн. Өөр тодорхой юм яриагүй.
 
   Манай доод давхрын залуу энэ бүтэн сайнд яваад энэ сарын 28-нд ирэх юм. Иймд энэ хүний нэр, хаягийг өгвөл 28-нд урилга ирнэ гэсэн үг.
   Хятадын цагаан сар хоёрдугаар сарын 15-нд дуусах тул уг хүнийг 18- 19-нд ирүүлбэл сайн байна гэж байсан гээд тэр хүний нэрийн хуудас, мөн өөрөө хаана ямар ямар ажил хийж байснаа гараараа бичиж өгсөн нь энэ гээд дөрвөлжин дэвтрийн хуудсан дээр хөх балаар хятадаар бичсэн зүйлийг өглөө. /орчуулуулж хавсаргав/

Справка 

"Толгойт"-ын доод давхрын залууг мэдэхгүй. Нууцад "Н"-ийн хаягийг өгч "Энэ бид хоёр хувийн дотно танилууд. Хятад явж юм цуглуулмаар байна" гээд байхаар нь таны хэлсэн зүйлийг санал болгоход зөвшөөрсөн.  Гэхдээ энэ цэвэр хувийн асуудал тул та маш сайн нууцлах хэрэгтэй. Та бид хоёрын харьцааг ч мэдэхгүй, би таныг миний сайн танил  хятад, ийш тийш явдаг хүнтэй танил байх нь зүгээр гэж ойлгуулсан шүү. Та миний тухайд ийм л утгаар яриарай гэж халхавчлав.
   Ян овогтоор бүтэн сайнд захидал явуулах, мөн Бээжин рүү утсаар ярих болов.

Санал

1. Ян-г ирэхэд нь холбогдох нөхөд анхааралдаа авах нь зөв байх
2. "Толгойт"-ын утсыг ням гаригийг дуустал хяналтанд авах
3. Урилга ирвэл явах хүнтэй "Толгойт"-ыг танилцуулах, бид зааварчлах

Жич: "Нууц"-ад Ардын Хувьсгалын 70 жилийн ойн медалиар шагнуулсаныг хэлж, үзүүлж баяр хүргэв.

                            а/х         ...................................  Г.Гэрэлчулуун

Баримт 6.

Хэлтсийн дарга х/ч Г.Лхагвадорж танаа

"Соёлын төвийнхөний" тухай

92.3.21

"Толгойт"-той мөн өдрийн 10-11 цагт ажиллахад дараах зүйлийг мэдээлэв. Үүнд:
   "... Ян  Жун Хуа  18-нд ирсэн.  Түүнд Соёлын төвийн Цао Да Пэн, Тун Шо Бин /эмэгтэй/ нар "Н"-оор дамжуулан Монголын засгийн газрын шадар сайдыг Хятадад "Н"-той хамт ойрын үед ирүүлэх арга хэмжээ ав" гэсэн үүрэг өгсөн гэнэ. Иймд яаж ийгээд аль нэг шадар сайдыг ойрын үед явуулах талаар Ян их яарч байна.
   Ян-д тэд "Н"-д дамжуулаарай гэж нийт 83 ширхэг өнгөт зураг явуулжээ, энэ бол хэдэн зуун юань гэсэн үг. Уг гэрэл зургуудын үзэж байгаад би биднийг тэнд байхад яриа уулзалтад нэг их зүйл ярихгүй, зайдуу суучихаад бидний хэлсэн ярьсныг тэмдэглээд байсан нэг авгайг "Энэ юуны дарга юм?" гэхэд Ян, "Энгийн хувцастай Дотоод Яамны ажилтан шиг байна лээ" гэж хэлэв.
   "Соёлын төвийн" өмнөөс "Н"-ыг урьсан, тус төвийн гадаад харилцааны дарга эмэгтэй саяын ярьдаг авгайтай нэг өрөөнд суудаг байсан. Миний ажиглаж мэдсэнээр Ян Жун Хуа нь гадаад харилцааны дарга уг эмэгтэйтэй далдуур явалддаг, чухам тэр эмэгтэй л намайг өдий зэрэгтэй явуулж байгаа юм гэж ярьдаг. Уг эмэгтэйн /Тун Шо Бин-ий/ нөхөр Бээжин дэх Монголын Элчин сайдын яамны дэргэд байдаг том барааны захын дарга Сун Хао [?] юм.
   Энэ төвийн ажилтнууд Бээжинд бидний очсон буудлуудад мөн конторлодог нь ажиглагдсан. Тэд шууд хармаанаасаа түлхүүр гаргаад өрөөгөө онгойлгож  байсан.
   Тун Шо Бин , Цао До Пэн нар Ян-д Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг судлахыг даалгажээ. Мөн тэд эндээс нэг тонн зэсийг 700-750 ам.доллараар худалдан авах эрх олгосон байна.
   Миний дүгнэж  байгаагаар  энэ төв ямар ч үнээр болсон Монголын засгийн газартай холбоо тогтоож, энд төлөөний газраа ямар нэгэн хэлбэрээр байгуулахыг бодож байна. Энэ төвийнхөн зөвхөн До яамныхан төдийгүй засгийн газраас ч хүн оролцсон байдаг бололтой.
   Хятадууд ийм бодлого явуулж байгаа нь Монгол улс Оросоос хөндийрсөнийг ашиглаж сайд дарга нарыг нь татах аргаар Монголыг талдаа татах том бодлого явуулж байна. Чухам нарийн учрыг мэдэхгүй. Иймд та нар эдний бодлогыг сайн мэдээрэй.
   Ян Амгалан дахь 162-р ангиас танк худалдан авахаар хөөцөлдөж байгаа. Нэг тонныг нь /сайн ган тул/ 750 ам.доллараар авах юм. Харин их бууг нь тайруулах, дотрыг нь тэслүүлэх яаардлага тавихад Монголчууд эвдэлгүй, байгаагаар нь ачуулах гэж шаардаж байгаа гэнэ.
   Төвийнхний ярианаас үзвэл хятадууд Монголоос хогийг нь ч болсон ачих хүсэлтэй, даанч гааль болохгүй юм гэж байсан.   Өчигдөр Ян дээр цагдаагийн нэг дэд хурандаа, мөн хотын ЦГ-ын эргүүлийн дарга  хошууч Төмөрбаатар нар ирж 400 тонн төмөр гаргаж чихэр будаа, даавуу авахаар ярилцсан.  Тэд нэг дэхийн 9 цагт ЦГ-ын нэг сайд дээр уулзахаар болсон.
   Ян-г анх паспортын Цэдэн-Ишийн нөхөр Болд урьж авчирсан, дотно танилууд шүү.
   Ян надад "Ямар ч байсан Соёлын төвийн даалгаврыг биелүүлж үнэлэгдэе" гэж байсан гэснийг илтгэе.

Справка

Танкийн талаар "тэслэх, бууг тайрах" нь "Ц"-ийнхтэй зөрж байна.

Баримт 7.

Хэлтсийн дарга х/ч танаа

"Соёлын төвийн" тухай

92.4.18

Нууц "Толгойт" хувийн журмаар Хятадад яваад ирсэний дараа дорхи зүйлийг мэдээлэв. Үүнд:
"... Бээжинд "Соёлын төвийн" эмэгтэйтэй түүний нөхрөөр дамжуулан уулзав.  Тэр эмэгтэй надаас "Ян чамаар юм хэлүүлэв үү?" гэхэд би "Юун тухай?" гэхэд тэр "Монголын дээгүүр дарга нараас дахиад хүн авмаар байна" гэхэд нь би, "Би "Н"-той ажил төрлийн шугамаар л танилцсан байсан. Түүнээс өөр төрийн том дарга нартай би яаж танил байж чадах вэ дээ" гэв.  Тэр надаас,
- Монголд гурван сард юмны үнэ нэмэгдсэн гэсэн, яагаад нэмэгдэв,
- үнэ нь нэмэгдсэн ч дэлгүүрт нь бараа таваар элбэг байна уу,
- "Н" хариад санал сэтгэгдэл нь ямар байна,
- тэр дахиж ирэх болов уу гэж асуухад би зохих хариултуудыг өгсөн.:
   Дараа нь тэр надад, "Манайх Соёлын харилцааны төв гэдэг нэртэй боловч төрийн хариуцлагатай яамны улсууд шүү дээ. Үүнийг байнга санаж яв, бусдад бүү задруул" гэсэн.
   Энэ удаа уг төвийн төв байрны танилцуулгыг надад өгсөн. Түрүүн "Н" нарыг очиход энд хүлээж аваагүй, том буудлуудаар авч байсан юм. Ян нар энэ сарын 21-нд нааш гарахаар захиалгаа өгсөн гэсэн. Ян-тай цуг Бээжингийн нэг зочид буудлын гүйдэг нярав, бригадын дарга хоёр хятад ирнэ. Тэр 2 нь намайг [надад?] Бээжинд хоол өгч үйлчилсэн. Тэр хоёр "албан ёсоор 100000 /нэг зуун мянган/ юаньтай очно. Уг мөнгөөр 2 өрөө байр авч , Орос Польшийн хооронд наймаа хийнэ, хөл дээрээ босвол Монголд жижиг үйлдвэр байгуулах бодолтой. Гол нь визийг очоод нэг жилээр сунгуулах хэрэгтэй. Үүнд чи тусал, виз сунгуулсан хүнд мөнгө хайрлахгүй" гэж байв.

Справка

1. "Толгойт" нь мөн уг төвийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Мао Гуо Хуа-г "энэ хүн бол [ ? ]-ийн До яамны хүн байна" гэж ярив.
- эмэгтэйн нөхөр удахгүй Монголд ирэхийг хөөцөлдөж байгаа гэнэ.

Санал

- Ян-гийн талаар холбогдох нөхөд анхаарч байгаа биз ээ. Ян-тай холбоотй эмэгтэйг Монголд ирүүлэх талаар "Толгойт"-оор хэлүүлэх
- Ян-г ирэхэд нь урдаас ямар даалгавартай ирсэнийг "Толгойт", "Ц" нараар тодруулгах


                                      ....................................   Г.Гэрэлчулуун

(Үргэлжлэл 3-р хэсэгт)



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё