R.I.P , АН !

Rest in piece, AH !
АН удахгүй өөрсдийгөө булшлах нүхээ "ашиглалтанд оруулах" нээлтээ хийж тууз хайчлах гэж байна.  Энэ нүхийг МАН-ынхан аль эрт ухаж эхэлсэн бөгөөд  сүүлдээ АН-ын зарим гишүүд хүч нэмэн ухалцаж эхэлсэн.  Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зоригт нарын нэрс дуулдаж байна. Одоо энэ нүх бэлэн болжээ. Ганц Алтанхуягийг оршуулах нүх биш л дээ. АН-ыг тэр чигээр нь булшлах зориулалттай бэлдсэн том нүх.
Тэр жил АН ганц удаа эрх барих боломжтой байхдаа Засгийн газраа хэдэн удаа огцруулж,  унах нүхээ   өөрсдөө ухаж өгөөд ойчиж билээ. Тэр  алдаанаасаа суралцаагүй бололтой. Нэгэнт л нам болж тоглож байгаа юм бол  "нэг баг" байж, "олгой хагаравч тогоондоо" гэдэг зарчмыг  мөрдөх ёстой юм, уг нь.  Дашрамд хэлэхэд, энэ "сахилга батыг" МАН  тун  үлгэр жишээчээр харуулж байгаа  шүү харин!

АН-ын зарим гишүүд өнөөгийн нөхцөл байдалд зохицоогүй "зан авир" гаргаад байх юм. Өнөөгийн нөхцөл гэдэг нь "намын диктатур" ноёрхож байгааг хэлээд байна л даа.  Өөрөөр хэлбэл,  "нэг баг" болж байж,  олонхиороо гаргасан шийдвэрээ бүгдээрээ дагаж мөрддөг жишгийг "диктатур" гээд байгаа юм.   Нам гэдэг нэрийн дор  нэгэн санаа зорилго бүхий "бүлэглэл" байгуулсаны  утга учир  үүнд орших  ёстой гэсэн үг. Намын дүрэм гэгчид энэ тухай заалт ч байдаг. Та намын бодлого шийдвэрт захирагдана шүү гэж. Эс тэгвэл  намаас "шившигтэйгээр"  хөөгдөхийг анхааруулсан байдаг. Харин,   хэрвээ нам гэгчийг байхгүй болгочихвол (утопи сонсогдож магадгүй боловч  бидний зайлшгүй хийх  ёстой ажил) бүгдээрээ бие дааж сонгогдох   учраас   дивтаат болгон  чөлөөтэй ,  өөрийн үзэмжээрээ санал бодлоо илэрхийлж болох нь ойлгомжтой.  Ардчилсан намын гишүүн учраас "ардчилсан авир" гаргаж байгаа нь энэ гээд дээрх зарчмыг зөрчиж байгаа дээр нэр дурдсан гишүүд зөвхөн өөрсдийгөө ч биш, намаа булшилж байна гэдгээ мэдэхгүй байгаа бололтой. Аминдаа их л шударга зан гаргаж байгаа юм биз дээ.  Харамсалтай нь орчин нөхцөл нь бүрдээгүй байхад буруу  авир гаргаж том алдаа хийлээ дээ.

МАН-ын "хутгуурт" автсан АН-ын дээрх гишүүд өөрсдийнхөө унах нүхийг яагаад ухалцсан нь одоогоор ойлгомжгүй байна. Хэрвээ МАН-ын гаргаж тавьж байгаа үндэслэлийг иш үндэс болгож байгаа бол  чааваас даа  л гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Харин нэгнийгээ унагааж оронд нь өөрсдөө гарах далд зорилго агуулж МАН-д "хүч нэмж" байгаа бол "ойлгож" болж байна. Энэ хоёроос өөр ямар шалтгаан байж болох вэ? Бараг л байхгүй мэт.
Нэг талаас энэ "үзэгдэл" тун харамсалтай боловч нөгөө талаас харвал "нам" гэдэг бүлэглэл ямар хэрэггүй "эд" болохыг бас харуулчихаж байгаа нь  олзуурхууштай гэмээр. Харамсалтай гэдэг нь өнөөгийн нөхцөлд бидэнд хэрэгтэй улс төрийн тогтвортой байдал  алдагдаж байгааг хэлж байна. Ерөнхий сайдыг (болон сайд нарыг)  огцруулах хүнд ноцтой  ямар ч шалтгаан байхгүй байхад ингэж бужигнуулна гэдэг чинь гадныханд биднийг  ямар ч туйлбаргүй, тогтворгүй болж харагдуулж байгаа бөгөөд энэ нь яавч сайн үр дүн авчрахгүй.

Түүнээс гадна, эрх баригчдыг  ажлыг нь  тайван хийлгээд дараа нь хариуцлага тооцохын оронд  нэг хувь хүнээс (Ерөнхий сайд)  шалтгаалаад   Монголын  байдал хүнд  болчихсон юм шиг сурталчилж байгаа нь эрх барьж буй намыг бушуухан булшлах гэсэн  сөрөг хүчний улс төрийн атгаг санаанаас өөр юу ч биш. Алтанхуягийг хусч хаяад оронд нь  Мөнгөнхуяг гэдэг хүн тавиад ч дэлхийн эдийн засаг сайхан болоод (тэр нь Монголд таатайгаар нөлөөлөөд), нүүрс зэсийн үнэ өсөөд, гадны хөрөнгө оруулагчид манайх руу хошуураад унахгүй л дээ. Түүнтэй адил,  хэдэн сайд нарыг нь солиод өөр хүмүүс тавихаар шал өөр болоод унана гэж тархи угааж байгаа МАН-ын ухуулганд автагсад хөөрхий. Улс төрийн тогтворгүй байдал Монголд хохиролтой, харин МАН-д ашигтай. МАН-ынхан үүнийг сайн мэдэж байгаа боловч тэдэнд Монголын эрх ашиг хэзээ ч нэн тэргүүнд тавигдаж байгаагүй гэдгийг тэдний засаглаж байсан он жилүүд нотолно. Гэвч тэд өмхийгөө тавихгүй өнөөг хүртэл хуучин зангаа гаргасаар. Тэр урхинд нь орох "ан" байнга олддог нь   бидний эмгэнэлтэй хувь заяа юм уу даа.
R.I.P. АН! Ум маани бадми хум! Хойд насандаа хонин гүрвэл болж төрөөрэй!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө