Инчоны дараах бодол

Өмнөд Солонгосын Инчонд болсон  17-р Азийн тоглолтонд (тивийн олимп юм даа)  Монголын тамирчид муугүй  оролцлоо. Нийтдээ 21  медаль авсаны  5  алт,  4  мөнгө,  12  нь хүрэл байна. Медалийн тоогоор тэргүүн байранд хятад (342 медальтай), удаах байранд Өмнөд Солонгос (234) , гуравт Япон (200) оржээ.  Нийт 45 орноос Монгол Улс медалийн тоогоор 15-р байранд оржээ.

Азийн Олимпийн Хорооноос (АОХ) зохион байгуулсан энэ удаагийн тэмцээн багагүй хэл амтай болж өнгөрлөө. Ялангуяа тэмцээний шүүлт илэрхий буруу, нэг талд үйлчилсэн байдлаар цөөнгүй шийдэгдсэнээс болж Солонгосчууд бусдын хараал зүхлийг багагүй хүртэж улс үндэстнийхээ нэрэнд цөв суулгав.

Спорт уралдаан гэдэг өнөө цаг үед ойртон танилцах, нөхөрлөх, бие биенээ таньж мэдэх гэхээсээ илүү хэн нь илүү мундаг гэдгээ харуулж, олон медаль авч нэрээ гаргах гэж  оролдсон "цусгүй" тэмцэлдээн болж хувирчээ. Ийм үед хөрөнгө мөнгө хайрлахгүй луйвар хийдэг болсон байна.  Спортын гол зорилго нь аажмаар замхарч байна гэж хэлбэл бараг хилсдэхээргүй болж.  Танилцах дотносох, нөхөрлөх биш харин бие биенээ үзэн ядсан, харааж зүхсэн явдал  гарах нь элбэг  болж. Энэ нь мэдээж нөгөө буруу шүүлт, луйвартай холбоотой.  Энэ луйвар нь спортыг "улс төр" болгосоны хар гай юм.

Монголчууд энэ луйвраас ангид байж чадсангүй. Төгсцогт маань (бокс)  луйвардуулчихлаа гэлцэж байна. Манай жюдочдын хоолонд эмэгтэй хүний "дамский" хийж доромжилсон хэрэг гарсан. Мөн Монгол Улсын далбааг доош нь харуулж мандуулсан. Веб сайт дээрээ Монгол гэхийг Монгол-хятад гэж бичсэн нь хятадын харъяаны юм шиг харагдуулахыг зорьсон мэт ойлгогдохоор байлаа. Энэ мэтээр улсыг маань, тамирчдыг маань доош нь хийсэн нь Монголчуудын дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн нь ойлгомжтой. За тэгээд бусад орны тамирчид, иргэд ч мөн ам муутай  үлдэж байх шиг. Луйварчин солонгос гэж их зүхэж байх шив дээ. Интернэтээр  л нэг шуугиан.
Дараагийн Азийн тоглолт 2018 онд Сингапурт болох юм байна. Дахиж л ийм хараал идсэн тоглолт бүү болоосой.

Эзэн орны луйврыг элэглэсэн зураг
Монголчууд спортын 23 төрөлд оролцжээ. Бөх болон боксын тухай бага зэрэг улиглая. Товчхондоо, боксоор нутгийн тамирчинг нам цохиж унагахгүй л бол  бага зэрэг давуу байх бол ялах баталгаа биш гэдгийг манай "зодоочид" үргэлж бодож, мэргэжлийн хэмжээнд бэлдэх хэрэгтэй байна. Бөхийн төрлөөс жюдо л гайгүй байна. Чөлөөт, сонгомолын төрөлд хэрэг алга. Бөх гэж "мэддэггүй"   Энэтхэгийн  эрэгтэй тамирчид (чөлөөтөөр 65 кг-д) алт , (чөлөөт,61 кг-д)  мөнгө, (чөлөөтөөр 74 кг-д) хүрэл авч байх юм. Манай чөлөөтийн тамирчид, дасгалжуулагчид ичээсэй. Сонгодогийнхон ч ялгаагүй ичих хэрэгтэй. Энэтхэгчүүд боксоор (эмэгтэй, 51 кг) бас алт авсан.  За тэгээд бас нум сум гэж "мэддэггүй" Энэтхэгийн эрэгтэй тамирчид багаараа алт, эмэгтэй нь хүрэл  авчээ. Ганцаарчилсан эрэгтэйд  мөнгө, эмэгтэй нь хүрэл авсан байх юм. Нум сумаар дэлхийг байлдаж байсан бидний Монголчууд ичиж үхмээр юм. Бид  яагаад  энэ төрөлд "улаан нойл" байнаа? Энэтхэгтэй харьцуулдаг нь бид тэднийг бодвол бөхийн баян уламжлалтай ард түмэн. Нум сумаар харваж өсдөг хүмүүс.  Тэд тэрбум гаруй хүнтэй, бид 3 сая ч хүрэхгүй гэдэг нь шалтаг. Хүний олноор болдог бол тэд хятадын дараа орох ёстой болж байнаа даа.

Ер нь нэгэнт л улс орны нэр хүндтэй асуудал болж хувирсанаас хойш нэрээ гаргаж дэлхийд танигдах, улсаа мундаг харагдуулахын тулд тодорхой амжилт гаргах боломжтой, бидний уламжлалд байгаа төрлүүдээр дагнаж, бусад "хэрэггүй" төрлөөр "занимаалдаж" мөнгө үрэхээ боливол яасан юм?  Хөнгөн атлетикээр л гэхэд зээрэнцэг холхон шидчих чадалтай эмэгтэй тамирчин олж бэлдэж чадахгүй байна уу? Хүндийн өргөлтөнд бас л найдвар баймаар санагдах юм.
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас бодлого боловсруулж тодорхой зорилготой ажилламаар санагдана. Бид ямар төрлүүдээр амжилт гаргах потенциалтай байна гэдгээ гаргаж аваад л ажилламаар. Хуучин уламжлалт амжилт гаргаж байсан төрлүүдээ (бокс, бөхийн чөлөөт ба сонгомол , нум сум) сайжруулах хэррэгтэй байна. Ялангуяа бөх (жюдогоос бусад) болон бокс дээр ухарсан байрнаас урагшлах цаг болжээ. Тамирчнаа бэлдэж чадахгүй байгаа дасгалжуулагч, амжилт гаргаж чадахгүй байгаа тамирчдыг сайн шахаад болохгүй бол сольж өөрчлөх, сэлбэх хэрэгтэй. Сайн амжилт гаргасан тамирчны санхүүгийн баталгааг хангах тал дээр Ерөнхийлөгч санаачлагатай ажиллаж байгаа. Ганцхан манай тамирчдаас өөрсдөөс нь их юм шалтгаалж байна.

Дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт гаргахын тулд аль алиныг нь шахахаас аргагүй. Яаж ч эргэж мэдэх төрлүүд дээр (бокс, бөх) луйвардуулчихлаа гэж дараа нь гоншигнохгүйн тулд  "цэвэр дарах" (бөх) юм уу "нам цохиж" (бокс) ялахаас өөр арга алга. Сая Инчоны эмэгтэй боксын 57 кг-д Энэтхэгийн тамирчинг илт илүүрхэж байхад л нутгийн (Өмнөд Солонгосын) боксчинд ялалт өгсөн жишээ байна.  (Энэ тухай бичсэнийг сонирхвол ийшээ орж уншаарай) Үүнтэй харьцуулахад Төгсцогтын луйвар  бол юу ч биш.  Төгсцогт маань тэр Энэтхэг тамирчин шиг илт давуу байж чадаагүй. Эзэн орны тамирчинг нам цохих юм уу, ядаж  1-2 удаа тоолуулахгүй бол ялна гэдэг тун эргэлзээтэй нь харагдаж байна.  Манайхан үүнийг мэдэж л байгаа, мэдсээр байж чадахгүй байна гэдэг нь бэлтгэл муугийнх. Сүүлийн раунд дээр "мах" болчихдог бол  яаж илүүрхэх вэ дээ.
Ганц Отгондалай л нүүр тахаллаа. Гэхдээ л бас илүүрхэж чадаагүй, гэвч аз түшсэн юм биз ээ.
Отгондалай хэрвээ нутгийн тамирчинтай финалд таарсан байсан бол юун алт.
 
Энэ удаагийн Азийн тоглолт дээр медаль авах боломжтой, горьдлоготой байсан төрлүүд дээр хоосон хоцорсон туршлагаасаа сургамж авч Сингапурт болох дараагийн тоглолтонд арай өнгөлөг оролцох болтугай гэж ерөөе дөө.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө

Хатигний тухай