МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа                  

Таны уран гоё донгодсон захиаг аваад  "Өт хүртэл  биедээ хүрэхэд атирдагийн" адилаар хариуг нь барьж байгааг хүлээж авна уу. Би өргөсөн андгай, хүлээсэн үүргээ хэнээр ч хэлүүлэлтгүй, тэр тусмаа Тан шиг уран хөхөөгөөр сануулалтгүй мэдэж байгаа гэдгээ хэлье.
Таны тоочсон бүх асуудал ганцхан эх үүсвэрээс улбаатай гэдгийг эхлээд хэлчих нь зүйтэй байх. МАН-ын "ард түмнээ ядуурлаас гаргах" гэж оролдоод бүтээгүй өнгөрсөн он жилүүдийн унхиагүй  бүтэлгүйтэлийг  энд нуршихаас төвөгшөөж, зөвхөн сүүлийн жилүүдийнх нь тарьсан балагийг  эргэж сануулая.

2008 оны сонгуулийг луйвардаж , гэмгүй хүмүүсийн цусаар мялааж эхэлсэн эрх барьсан анхны өдрөөс л та нар улс орноо өөд нь татах биш харин өөрсдийгөө хөлжүүлж бэлжүүлэх ажилд шуурхайлан орсон. Албан тушаалын наймаа, авилга хээл хахууль, лиценз,  гарын үсгийн наймаа замбараагаа алдсан. Манай улсын орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдийн дэлхийн зах дээрх үнэ өссөн таатай боломжийг ашиглахын оронд үрэн таран хийж халамжийг хавтгайруулж иргэдийнхээ  бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн. Мөнгөтэй байхдаа  хийж бүтээсэн ганц үлдэцтэй юм байна уу? Байхгүй.

Оюутолгойн гэрээг  шахаж давчуулан хөнгөн гоомой юм хийсний балаг одоо хүртэл яригдаж байна.  Таван Толгойн нүүрсийг барьцаалж зээл аваад тараагаад өгчихсөнийг одоо болтол нүүрсээрээ төлж байна. Та нар иргэд сонгогчдынхоо саналыг бэлэн мөнгө тарааж татах гэсэн муу арга чинь 2012 оны сонгуульд нэг их хэрэг болсонгүй, харин итгэл нь алдарсан ард түмэн бидэнд найдаж саналаа өгсөн. Бид ч итгэлийг нь даахын тулд гаднаас мөнгө босгож, бүтээн байгуулалт, дэд бүтцээ сайжруулахад зарцуулж байгаа. Бид та нарын 20 жилд  тавьж чадаагүй замыг 2 жилд тавьсан. Бидэнд үзүүлэх харуулах хийсэн юм байна. Үлдэж байгаа хугацаанд ч улам ихээр бий болно.

Та нар буухаасаа өмнө гадаадын хөрөнгө оруулалтын тухай хачин заалт бүхий хууль баталсанаас болж гадныхан цэрвэж эхэлсэн. Дээрээс нь та нарын хийсэн Оюутолгойн түүхий гэрээтэй холбоотой хэрүүл маргаанаас болж гадны хөрөнгө оруулагчид үл итгэх болсон.  Үүнээс болж долларын урсгал багасч хомсдол үүссэнээс болж төгрөгийн ханш буурсан юм.  Энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой, учир шалтгаантай.  Та нарын баасан баасыг бид цэвэрлэх гэж ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр манай гол түүхий эдийн үнэ унасанаар орлого маань багассан ч бид амжилттай мөнгө босгож эдийн засгаа энэ хүнд үед хохирол багатай авч гарсан шүү.  Зээл авдаггүй, зээлээр хөгжөөгүй улс гэж байдаггүй юм. Хувь хүн хүртэл зээл авч бизнесээ эхлүүлдэг, өргөжүүлдэг. Үүнийг шүлэгч хүн ойлгоход хэцүү  гэдгийг ойлгож байна.

Ардчилалын нэг зарчим байдаг юм: Хэн нэгний гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутай гэж үзэж болохгүй гэж. Хэрэг нь шийдэгдэж үнэн мөн нь тогтоогдоогүй байхад миний ахлах зөвлөх болон охиныг минь гэмт хэрэгтэн мэт дуудаж бичиж байгаа нь Та дээрх зарчмыг уландаа гишгэсэн увайгүй нэгэн болохоо нотолж байгаа бус уу?
Та нарын гайхуулах дуртай 17%-ийн өсөлт гэгч бол үнэндээ Монголынхоо хамаг газар нутгийг лиценз нэрээр гадныханд худалдсаны дараа орж ирсэн хөрөнгө оруулалт болон  Оюутолгойн хөрөнгө оруулалтаас бий болсон түр зуурын мөнгөжилт, манай түүхий эдийн үнэ гайгүй өндөр байсан тэр зурвас үеийн орлого  зэргээс шалтгаалж үүссэн хөөсрөлт байсан юм.  Уул уурхайн салбараас бий болсон өсөлт байсан болохоос биш та нар үйлдвэрлэлээ хөгжүүлээд эдийн засаг өсчихсөн байсан юм биш гэдгийг учир ойлгодог хүмүүс мэдэж байгаа. Тэр их өсөлттэй байсан хугацаанд та нарын барьсан цэцэрлэг, эмнэлэг, төрөх газар гэж байна уу? Байхгүй. Тавьсан зам байна уу? Байхгүй.  Харин ч эсрэгээр аливаа барилга байшинг ашиглалтанд өгөх хугацааг зориудаар сунгаж удаашруулаад жилийн жилд төсвөөс мөнгө батлуулж улсыг шулдаг байсан асуудал илэрч бөөн шуугиан болж байсныг арай мартаагүй байх гэж найдна. Төсвийн мөнгийг яаж шамшигдуулдаг байсаныг өнөөг хүртэл илэрсэн олон хэрэг нотолж байна. Төсөвт орох ёстой байсан орлогыг хүртэл хувьдаа авдаг байсан хэрэг илэрсэн биз дээ? Та нар ингэж л төр засгийн ажлыг явуулдаг байсан шүү дээ. Одоо нэг их шударга ариухан амьтад болох гээд яах вэ дээ. Ичих нүүр гэж байгаа бол жаахан ч гэсэн нүүрээ далд хийж баймаар.

Бид хийсэн ажлаа 2016 онд тайлагнана. Тэр цагт сонгогчид маань биднийг амлалтаа хэрхэн биелүүлсэнийг дүгнэж дүнгээ тавина.  Тэр болтол уран донгодохоо азнаж, харин бидний ажлаас санаа авах сурах юм байвал бичиж тэмдэглэж авч байвал алс хэтдээ өөрт чинь хэрэг болж магадгүй гэж зөвлөе.
Бид хамтран зүтгэгч МАХН-тай гэрээ байгуулж та нарын уурыг хүргэсэндээ харамсаж байна. Гэлээ гээд та нар гэрээний нууц хавсралт гэгч юмыг зохион бичиж миний гарын үсгийг дуурайлгаж зурдаг чинь арай л жудаггүй, арчаагүй үйлдэл биш үү? Цагаандаа гарна гэдэг л энэ байх даа.  Та нар хэзээ иймэрхүү балиар арга барилаасаа салах юм бэ? Ерөнхий нарийний хувьд нэг багцаа хугацаа хэлчихвэл  иргэд маань нэг баримжаатай болно доо. "Санаа муут яван хатна..." гэдэг зүйр үгийг эрх биш мэднэ биз?

Та нарын хүссэнээр огцордог гэж юу байхав дээ. Дахиад хэлье: Бид амласан ажлаа хийж дуусгаад хугацаагаа болохоор дүнгээ тавиулна.  Ардын намын хүсэл бол ард түмний хүсэл биш ээ.  Харин та нар энэ улс төрийн хямралыг үүсгэж дэврээдэг арчаагүй үйлдлээ зогсоож ард түмний сонголтыг хүндэтгэж, эрх авсан хүчний ажлыг нь хийлгэхийг хичээнгүйлэн хүсье. "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэдэг л болоод байна.  Би хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж өөрийнхөө ажлыг эцсийг нь дуустал хийж гүйцээгээд тооцоогоо бодуулах болно. Тэрнээс биш хэн нэгэн уран донгодогчийн мэдэмхийрсэнээр огцордог хүн биш.

Эцэст нь хэлэхэд,  ийм ичиж үхмээр захиа бичиж суухын оронд чаддагаараа ганц хоёр дөрвөн мөрт тэрлэж суувал арай дээр мэт санагдах юм. Хүн  ер нь чаддаг, баримжаалдаг юмаа л оролдох ёстой юм шүү гэдгийг хэдэн оймс илүү элээснийхээ хувьд зөвлөчихье. Наад захиагаа орчуулаад гадны сонин сэтгүүлд явуулаад үзээрэй. Тэгээд нүүрээ хаана хийж нуухыг чинь харах юмсан.  Таны үрчгэр улаан нүүр ч яахав, Монголын нэрийг баастаж орхино.  Монголын нэг том улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын бичиж байгаа захиа гэж нэг дунд сургуулийн сурагчийн захиа шиг л юм болж гээд гадныхан шоолох биз. Ерөөсөө битгий явуулаарай.

Жич: Танд хаягласан энэ захианы гарчигт үг үсгийн болон утгын алдаа байхгүй шүү.


                                Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 
   
                                2014 оны 10 дугаар сарын 29

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө