Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв

Хятадын эдийн засаг Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг. Монголынх байтугай дэлхийн эдийн засагт нөлөөлдөг улс. АНУ-ын дараа орж байгаа дэлхийн 2 дахь том эдийн засаг. Тийм ч учраас Монголчуудын хувьд өмнөд хөршийн байдал мэдээж их сонирхолтой байгаа нь ойлгомжтой.  Тэгвэл өнөөдөр Хятадын эдийн засаг ямар байдалтай байна вэ?
Товчхондоо хятадын эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө буурч байна. Энэ бууралт нь  ирэх он жилүүдэд  ч үргэлжлэх юм гэнэ. Энэ тухай хятадын болон дэлхийн эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд бичиж байна. 

Сүүлийн 5 жил гаруйн хугацаанд  гарсан хамгийн бага өсөлтийг саяхан зарлалаа. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 7.3% гарч гэнэ. Орон сууцны зах зээл дэх хүндрэлүүд, жижиглэн худалдааны бууралт, өрийн өсөлт зэрэг нь эдийн засагт дарамт болж байна. Эдийн засгийн өсөлтийн энэ бууралтыг яаж зогсоох тухай   Хятадын удирдлага толгойгоо гашилгаж сууна.
Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлт 10% байснаа 8% болж буурсан байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт 20%-иас 16% болтлоо буурчээ. Олон шинжээчдийн "төлөгт бууснаар"  ирэх онуудад ч  эдийн засгийн өсөлтийн бууралт үргэлжлэх аж.  Зарим нь 2015 онд 6.8% болно гэнэ. Зарим нь 2015-2019 онуудад 5.5% болтлоо буурах бөгөөд  , 2020-2025 онуудад бүр 3.9% хүртлээ буурна гэж тооцоолж байна.
 
Мэдээж энэ бууралтууд нь Хятадын эдийн засагтай зүрх судсаараа холбоотой дэлхийн бусад орнуудын, түүний дотор Монголын эдийн засагт маш их нөлөөтэй. Муу нөлөөтэй.
Хятад улс Латин Америк, Ази, Африкийн түүхий эдийн гол худалдан авагч, АНУ ба Европын барааны томоохон зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их авдаг орон. Зарим тооцоогоор Хятадад  дэлхийн эдийн засгийн өсөлтийн дөрөвний нэг нь оногддог гэдэг.
Бидний урд хөрш энэ мангасын "бие чилээрхвэл" уршиг нь Монголд байтугай дэлхийд хүнд тусна. Тусаж ч байгаа. АНУ болон ганц нэг Европын орныг  эс тооцвол одоогоор эдийн засгийн байдал хаа сайгүй л "гундуу" байна. Харин бид энэ байдлыг үл анзааран популист хэрүүлээ хийн хэмлэлцэж, хэн нэгэнд бурууг тохон "огцруулна", "зайлцгаа" хэмээн орилолдож байна. Үнэндээ хэн нэгэн хувь хүнээс хамаараад байх асуудал мөн үү гэдгийг эрх биш бодмоор. Гэвч энэ байдлыг  далимдуулан тодорхой улс төрийн зорилгоор  ашиглаж,  өрсөлдөгчөө дарж авах гэсэн  нам хүчин, хүмүүсийн  явуулга улам хүчээ авч арай дэндэж байна. Хүмүүсийн тархины "кругозор" ийм жижигхэн болчихсон юм уу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө