Нам, лам хоёроос салах юмсан
Гэрээний "нууц хавсралт"-ыг зохиогч Н.Дэмбэрэл |
Зүдэрсэн ард түмэн аргаа барж АН-д "хандлаа." Аргаа барсан хэрэг. Үнэндээ аль ч нам нь байсан онцын ялгаагүй байж ээ гэдгийг өнөөдөр харж байна. Цаг хугацаа аяндаа нотолж харуулах юм даа. АН нь МАН-аас айхтар их дээрдээд байсан юм алга гэж хэлээд байна л даа. Хэдийгээр айхтар их биш ч гэсэн юм хийх гэж оролдсоон. Оролдож байгаа. Үүнийг үнэлэх ёстой. Зээл аваад ч гэсэн юм хийж байгаа. Зам тавилаа гэж хараацгааж байна. Замгүй яаж хөгжих гээв?! Зээл авлаа л гэнэ. Зээлгүй хөгждөг улс, хийдэг бизнес гэж хаа ч байхгүй. Мангас хятад, Орос баавгай хүртэл зээлэндээ баригдсан сууж байна. Хойч үе маань төлнө гэж Ерөнхий сайд хэллээ гэж шуугицгааж байна. Мэдээж өөр хэн төлөх юм? Одоо үе чинь "өнхрөөд" өгдөг юм байгаа биз дээ? Алтанхуяг мөнхийн ус уучихаагүй л юм бол бас л цагаа ирэхээр өнхрөөд өгнө. Үхэхээсээ өмнө өрөө төлчихөөд яв гэх нь л дээ! Тэр хүн өөртөө наагаад ашиглачихсан бол тэгэхсэн. Худлаа үнэн ч улс орондоо л зарцуулсан байх. МАН-ыг бодвол үлдэцтэй , хэрэгтэй нэг ч гэсэн зүйл хийж байгаа. МАН юу хийсэн юм? Сар бүр бэлэн мөнгө ам руу чинь цутгаж иргэдээ "эрхийн мангар" болгосон "гавъяатай" л байх. Дэд бүтэцгүй улс хөгжихгүй гэдгийг адгийн тэнэг ч мэдэх л ёстой.
АН гараад ч ажил олигтой явахгүй, дэгээ саад гарч ирээд бие биенийгээ татаж унагаад л байна. Энэ утгаараа аль ч нам нь гарсан ялгаагүй юм байна гэж хэлээд байна л даа. Нам гэдэг "биегүй" чөтгөр өнөөдөр биднийг сүйрүүлж байна. Энэ олон чөтгөрүүд бие биенийгээ хэмлэсээр улс орныг маань ёстой сүйрүүлж байна. Засагт гарсан нэгнийхээ ажлыг гарч чадаагүй нэг нь унагааж, саад болж байна. Хэвшил болсон юм даг уу даа. Сөрөг хүчин гэдэг нэрээр "сөргөлддөг" болжээ. Бид хянах, шүүмжлэх ёстой гэж сөрөг хүч нь хэлж байгаа боловч ачир дээрээ өөрсдийнхөө "дайсныг" (эрх баригчидыг) 4 жилийн хугацаанд муулах, маажих, самардах, гутаах зэргээр шоглосоор дараагийн сонгуультай золгодог нь жам болжээ. АН ба МАХН хоёрын удирдлага хамтын ажиллагааны гэрээ байгуулсанд хорссон МАН-ынхан мөнөөх гэрээний "нууц хавсралт" гэгчийг зохиож тараасан жишээ бол сөрөг хүчин болсон МАН яаж "сөрж" байгаагийн зөвхөн нэг үзэгдэл нь. 2016 онд МАН ялбал энэ байдал мөн л хэвээр үргэлжлэнэ. Бүү эргэлзэгтүн.
Тэгвэл одоо яах вэ? Намуудын "зодооны" золиос болсоор энэ ард түмэн, энэ улс дампуурах гэж үү? Ганц л арга бий. Хамгийн сайн арга биш байж болох ч бидэнд өөр илүү сайн сонголт алга. Надтай адил саналтай хүмүүс зөндөө бий гэдэгт итгэнэ. Би өмнө нь ч бичиж л байсан. Бидэнд нэг л "хүчтэй толгой" хэрэгтэй байна гэж. Өнөөдөр энэ олон хуваагдаж талцсан Монголчуудыг нэгтгэж зангидах нэг л "гар" шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, бидэнд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байна. Бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчийн хэрэг алга. АНУ шиг, Орос шиг хүчтэй Ерөнхийлөгчтэй бол адаглаад хариуцлага хүлээх эзэн нь тодорхой. Ерөнхий сайд гэж албан тушаалыг халъя. Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал адаглаад дураараа зантай Монголчуудын "натурт" тохирно. Бид хүчтэй нэг гарын дор нэгдсэн байхдаа дэлхийд нэрээ мандуулж байсан улс. Хэрэлдэж хэмлэлцээд тарж бутарсан үедээ бусдын боол, босгоны шороо болж байснаа мартаагүй байх гэж найдая. Хүчтэй Ерөнхийлөгчтэй болохтой зэрэгцээд энэ "биегүй чөтгөрөөс" салах хэрэгтэй байна. Намгүй болчихвол Монгол дампуурахгүй ээ! Сонгодог засаглал ярьж худлаа онолддог улсууд одоо дэмийрэхээ больцгоо! Наад дэмийрэл чинь Монголд тус биш ус болж байгааг сохорчихоогүй бол харж байгаа биз дээ? Олон жил харлаа одоо болоо юм биш үү? Хаантай болох гэсэнгүй. Харийнхний гарт "ганц хүн" амархан орно гэж сүржигнэгч нарт санаагаа бүү зовоохтий гэж хэлье. Энэ бүхнийг чинь хуулиараа зохицуулаад хаачихаж болдог юм. Улс орны эрх ашигтай холбоотой томоохон гадаад асуудлууд дээр Ерөнхийлөгч заавал Их Хуралтай зөвлөлдөж нэгдсэн байр суурьтай болж байж "хөдөлдөг" цоож түгжээ хийгээд өгчихөж болноо доо. Казахууд шиг арчаагаа алдахгүй гэдэгт итгэнэ.
![]() |
УИХ-ын гишүүн Уянга |
Бид хамгийн сүүлд хэнтэй тооцоо бодох вэ? Ерөнхийлөгчтэй. Тэр хүн тайлангаа тавиад ажлаа дүгнүүлнэ. Хэрэв сайн хийсэн бол дахиад ажлаа үргэлжлүүлэн хийх боломжийг хуулиар олгох нь зүйтэй. Дахин сонгогдоход тооны хязгаар тавих шаардлагагүй биз ээ. Ард түмэн хийсэн ажлыг нь үнэлээд дахиад сонгоё гэвэл боломж нь нээлттэй байг. Сайн ажил хийж хүнийг халаад яахав дээ. Нас, бие нь алжаахгүй , ажлаа хийж чадаж байвал хийг л дээ. Өөр өөр хүн сонгоод байх ч бас тийм сайн зүйл биш байх.
Бид одоогийн энэ хуучин механизмаар л лав цаашид явж болохгүй нь тодорхой боллоо. Тийм учраас өөрчлөлт хийхээс өөр арга алга. Тэгчих байх, ингэчих байх гэж элдэв юм ярьж мэтгэлцэх цаг зав, хугацаа алга. 20 гаруй жил "парламентийн сонгодог засаглалын" ид шидийг амслаа. Олон намын тогтолцооны "гайхамшигийг" үзэхээрээ нэг боллоо.
Улс төрийн нам байхгүй болчихвол бодлого онол байхгүй болчих юм шиг заримд нь санагдаж эгээ л "өнчин хоцорч" байгаа мэт болж сэтгэл нь тавгүйтэж , аягүй бол уйлж гашуудаж ч мэдэх байх. Одоо байгаа намууд гэгч нь тэгвэл ямар онол бодлогоороо яаж хоорондоо ялгараад байгаа юм гэдгийг асууя. Хариулт нь таг шүү дээ. Зүүн, баруун л гэнэ. Нохой долоо! Тэр нь юугаараа илрээд байгаа юм? Бүгд л халамж амладаг биз дээ? Европын сонгодог гэх намуудын нэр усыг дуурайсан хоосон хуулбарууд чинь Монголын намууд байхгүй юу. Үнэндээ тийм олон онол, үзэл бодлын ялгаа, бодлогын зарчим, залгамж гэх мэт ямар ч уламжлал байхгүй мөртөө зүгээр л дуурайгаад адилхан нэртэй намууд байгуулчихсан. Ногоон нам гэхээрээ байгаль орчноо түлхүү анхаардаг байх ёстой юм аа даа. Ногоон нам л энэ "үүргийг" хүлээх ба бусад намуудад "хамаагүй" бололтой. Ганц жишээ авахад л иймэрхүү утгагүй дүр зураг харагдаж байна. Туйлшрах, талцах дуртай бидэнд нам шиг хэрэггүй юм алга.
Шинэ хотхоны шав тавих ёслол ламгүй бол болохгүй |
Comments
Post a Comment