Ёс зүй гэнэ үү?

Ёс зүй нэвтрүүлэг зохиогч П.Анужин
Ёс зүй гэж юу вэ?  Энэ нь олон янзын ёс суртахууны зөрчилдөөнийг авч хэлэлцдэг ухагдахуун бөгөөд буруу ба зөвийн тухай ойлголтыг илэрхийлдэг гүн ухааны томъёолол  гэнэм. Ethics гэдэг грек гаралтай үгээр олон улсад ойлгож хэрэглэдэг.
Монголчууд ёс зүйгүй болсон тухайгаа Hero entertainment хамт олны  хийсэн "Ёс зүй" хэмээх нэвтрүүлгээс өмнө аль эрт "мэдчихсэн" байсан юм.  "100 чухал сэдэв"-ийн хүрээнд харин ийм сэдвээр нэвтрүүлэг хийсэн нь энэ чухал асуудлыг  хөндөж, гаргаж тавьсанаараа их чухал сайн хэрэг болсоныг магтах хэрэгтэй. Нэвтрүүлгийг  энд дарж   үзээрэй.  

Нэвтрүүлэгт оролцогсод бүгд л сайхан бөгөөд зөв ярьж байна. Зарим нь бүр бахархмаар гоё, цэцэн цэлмэг бөгөөд ухаантанаас дутахгүй уран үг хэлж байна. Гэвч "байгаа оносон" хүн алга. Өөрөөр хэлбэл, шалтгааныг нь тогтоогоод тэгээд одоо  яах вэ гэдэг дээр тогтож ярьсангүй.   Ёс зүйгүй болчихсон бид одоо яах вэ гэж. Дээдэс болон доодос нь ёс зүйгүй болчихсоныг бүгд мэдэж байгаа юм чинь одоо цаашаа хэрхэх билээ  гэдгээ л түлхүү ярих хэрэгтэй байна.  Өнөөдөр үнэндээ бүгд  л адилхан болчихоод хэн нь хэнийгээ чичлэх юм? Дорж гэдэг хүнийг Ерөнхий сайдаар тавиад , АН-ыг МАН-аар солиод ч нэмэргүй. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй биз? Яагаад гэвэл өнөөдөр бүгд л адилхан нэг тэрэгний дугуйнууд болсон учраас тэр шүү дээ. Ард иргэд маань төр засагт гарсан хүмүүс, намыг үгээ олохгүй муулж байна. Баячуудыг, шударга болон шударга бус нь чухал биш, бүгдийг нь үзэн ядаж байна. Өнөөдөр ялыг нь өгөөд бүгдийг нь хусаж хаяаад оронд нь чамайг гаргаад тавьчихвал чи мөн л удахгүй тэдний ижил болно. Чи эсвэл авилга авч баяжаад л, эсвэл гарын үсгээ арилжаад л, ах дүү, төрөлдөө ажил, албан тушаал олж өгөөд л , лиценз олгуулаад л, газар өгөөд л эхлэнэ. Учир нь чи өнөөдрийн ёс зүйгүй болчихсон нийгмийн нэг эд эс нь юм.

С.Баярцогт (УИХ-ын гишүүн) 
Тэгэхээр одоо  бие биенийхээ "хар"-ыг гайхаж чичлэхийн оронд цаашдаа Монгол үндэстэн, Монгол Улсаа яаж өөрчлөх, яаж хөгжүүлэхээ ярьж хэлэлцмээр байна. Яаж?
Яаж гэдгийг  ярилцахаасаа өмнө бид өөрсдийгөө "таниж мэдэх" хэрэгтэй.   Бид өөрсдийгөө "мэдэхгүй" байна. Бид Азийн нэг үндэстэн. Тэр дотроо бид Азийн бусад үндэстэнээс их ялгаатай. Хэрвээ адилхан байсансан  бол бид өнөөдөр Япончууд шиг, Солонгосчууд шиг улсаа хөгжүүлчихсэн байх байсан биз?  IQ буюу оюун ухаанаараа тэднээс бид дутахгүй. Тэгэхээр шалтгаан нь өөр юманд байгаа биз? Бид  амьдрах орчин, амьдралын хэв маягаасаа  үүдэлтэй соёл, заншил, ахуй, зан авир, ухамсар сэтгэлгээ нь өөр улсууд.  Тэр "өөр" чанар нь харамсалтай нь бидэнд тус биш ус болоод байна. Бид үүнийгээ ойлгож ухамсарлачихаад засах хэрэгтэй байна. Гэхдээ энэ тийм амархан санааны зоргоор өөрчлөгддөг зүйл биш байх. Учир нь энэ "дутагдал" бидний яс маханд шингэчихсэн  болохоор тэр. Хар арьстангууд эм сүвтэй хүн харахаараа шүлсээ залгин  шилэмтдэг шиг. Хүүхэмсэг зан, хормойн дон тэдний цусанд нь шингэсэн байдаг шиг Монголчуудын энэ бусдаас өөр чанар бас байгалиас өвлөгдөж ирдэг байх нь.   Бид бүгд л муугаа мэдэж байна, түрүүчээсээ ил тод яриад хөндөөд эхэллээ.

У.Хүрэлсүх (УИХ-ын гишүүн асан)
Бидний ийм болсон учир шалтгаан  бидний "натурт" байна. "Хунтайж" Хүрэлсүхийн хэлж байгаа шиг "ёс зүйтэй" улс төрчдийг гаргаж тавибал сайхан болчих юм биш л дээ. Дээр би хэлсэн дээ, бид бүгд адилхан гэж. "Муу" хүмүүс нь дээшээ гарчихаад "сайн" нь доороо үлдчихээд байгаа юм биш.
Нүүдэлчний "натур" бол суурин соёлоос шал өөр юм. Бид үүнийгээ сайн мэдрэхгүй байх шиг. Бетонон байшинд  амьдарч, кофе ууж, компьютер хэрэглэсэнээрээ бид суурин соёлтой болчихож байгаа юм биш. Тэр ёс зүй, сэтгэлгээ гэдэг чинь энэ  материаллаг юмнаас чинь шал анги зүйл. Бидний араншин өөр гэдгийг илтгэх ганц  жишээ авъя:

- Биеэ даасан байх дуртай  (дошин дээрээ хаан байх хүсэлтэй, хэн нэгэнд захирагдах дургүй) бөгөөд бэртэгчин зантай
Энэ балиар сэтгэлгээ бидэнд их гай авчирсан. Бид Монголын эзэнт гүрэн задарч унасанаас хойш энэ зангаасаа болж хохирсоор сөнөхийн даваан дээр ирсэн улс.  Хоорондоо дайсагналцаж алалцсаар эцэстээ бусдын идэш болж дарлуулсаар нэгэн цагт мандаж хүчирхэгжиж байсан улс дэлхийн хамгийн ядуу дорой улс болж хувирсан нь үнэн.  У.Хүрэлсүхийн жишээ татаад байгаа "Цогт хунтайж" кинонд мөн л Монголчууд хоорондоо дайтаж бусдын хоол болж байгаа тухай өгүүлдэг. Монголын эзэнт гүрэн яагаад задарсан тухай саная. Дараа нь яагаад Манжийн дарлалд орсон билээ?  Бид өөрсдийнхөө түүхийг үзэхэд л бүх юм ойлгомжтой.

Чингис хаан тархай бутархай аймгуудыг нэгтгэж нэг улс болгосоноор Монголчуудын хувиа бодсон занг нэг хэсэг дарж чадсан. Нударгаар. Түүнийг өөд болсоноос хойш харамсалтай  нь түүнтэй эн зэрэгцэх залгамжлагч байсангүй. Ингээд дахиад л "шуудайд хийсэн үхрийн эвэр" шиг хоорондоо арсалдаж эхэлсэн. Үр дүн нь ойлгомжтой. Сургамж авсан уу? Огт үгүй. Манжийн үед  зарим нь бүр дайсанд урваж өөрсдийнхөө ах дүүсийг даралцаж байсан гэж байгаа.
Энэ дүр зураг өнөөдөр үргэлжилж байна. Ялгаатай нь цус нөжгүй дайн хийж байна даа. Нийгэм талцаж, намчирхаж, нутгархаж, гарал үүслээрээ бүлгэрхэж байна. Хоёр өөр намд элссэн авгай нөхөр хоёр туйлширч, өрх гэрийнхээ амьдралыг сүйрүүлж байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн амьдралын бүр анхан шатны "нэгжид" тохиож байгаа гаж үзэгдэл, эмгэнэл!
Лам нэг хэсэг гай болсон, одоо нам гай болж байна. Түвдийн шашин оруулж ирээд Монголд гийгүүлсэн гавъяа гэвэл юу ч байхгүй  дээ.  Хийсэн хор харин их бий. 100 мянган эрчүүдийг лам болгож , хөдөлмөрийн ямар ч бүтээмжгүй "цус сорогч" шимэгч хорхой болгоод зогсоогүй,  гэр бүл болохыг хориглосоноор хүн амын өсөн үржихүйд шууд саад  хийсэн явдал болсон.
Олон намтай болсоноор талцах дуртай Монголчуудын "өвчинг" хөдөлгөж сэрлийг сэрээсэн.   Талцсаар байгаад өөрсдийгөө "алж"  байна. Зарим нь ч сураагүй биш, гадагшаагаа хошуугаа худалдсан явдал гарсан. Хүнийхээ тоонд ахадсан олон нам бий болж, нутгийн зөвлөлүүд, элдэв гуншинтай ТББ-ууд, нийгмийн хөдөлгөөнүүд  цөөхөн хэдэн Монголчуудыг сайхан "хувааж" аваад "өмчирхөж" байна. Энэ солиорол бидний нүдэн дээр явагдаж байхад бид хоосон ярьсан хэвээрээ л байна.  Одоо тэгвэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ улс хэцүүдлээ. Хэрвээ хүмүүс үүнтэй санал нийлж л байгаа бол хөдлөх цаг болжээ. Хөдлөнө гэдэг нь хогийнхоо шүүрийг бариад гудамжинд жагсана гэсэн үг биш шүү. Хөдлөнө гэдэг нь өөрчлөлт хийнэ гэсэн үг.

Яаж өөрчлөх вэ?   Товчхондоо бидэнд нэг л толгой хэрэгтэй байна. Олон толгойны хэрэг алга. Олон толгойтой байх тусам хоорондоо хөлөө жийлцээд урагшаа явахгүй дороо хий эргээд байна.  "Нэг толгой" гэдэг нь хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал. Ерөнхийлөгч нь их эрх мэдэлтэй байна гэсэн үг. Одоогийнх шиг бэлэг тэмдгийн чанартай Ерөнхийлөгч, аж ахуйн нярав шиг Ерөнхий сайд, "цоохор цэрэг" шиг  элдэв юм цугларсан  Их Хуралтай бид олигтой урагшлахгүйгээ мэдэж авлаа. Улс шиг улс болж, нэг олдох насандаа сайхан амьдарч хойч үедээ баян тансаг сайхан улс үлдээе гэж байгаа бол бид өөрчлөлт хийхээс өөр замгүй болж.  Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хална. Ерөнхийлөгч засгийнхаа ажлыг удирдаад явна. Их Хурал нь хууль тогтоох ажлаа хийхийн сацуу гадаад этгээдтэй харилцах томоохон асуудлууд дээр Ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Ерөнхийлөгч, Их Хурал хоёр бие биенээ дэмжиж, хянаж ажиллана.

Юуны өмнө улс төрийн намуудыг татан буулгах хэрэгтэй. Ерөөсөө намаар яах юм? Намгүй ардчилал байж болохыг дэлхийд үзүүлье. Намгүйгээр Монголын эзэнт гүрэн оршин тогтноод дэлхийг захирч байсан байх аа?  Намгүй яаж Их Хурлаа байгуулах юм гэж үү? Яагаад болохгүй гэж? УИХ-ын гишүүн болж төрд зүтгэе гэсэн мэдлэг боловсролоороо, туршлагаараа шаардлага хангасан гэж бодож байгаа хүмүүс  нэрээ дэвшүүлээд л өрсөлдөнө биз. Бие дааж нэр дэвшиж байна л гэсэн үг биз дээ? Өрсөлдөх боломжийг нь харин хөрөнгө мөнгө харгалзахгүй ижил тэнцүү хангаад өг. Хөрөнгө мөнгө намдаа хандивлаж жагсаалтаар (ногоон гэрлээр гэсэн үг) шууд орж ирэх , элдэв албан тушаал намын нэрээр авах, намаараа бүлэглэж зохион байгуулалттай хуйвалдах зэрэг бусармаг үйлдлүүд хаагдана. Хувь хүн намдаа барьцаалагдаж зөв гэсэн үзэл бодлоосоо ухардаг байдал арилна. Нам руу хошуурч талцдаг гаж солиотой үзэгдэл алга болно.  Иргэд сонгогчид шаардлага хангасан эрдэмтэй мэргэд, боловсролтой нэр дэвшигчдээс сонгож Их Хурлаа байгуулна.

Ийн маягаар байгуулагдсан УИХ намчирхаж төрийн ажил гацаахгүй, бүгд биеэ дааж саналаа  гаргах ба  ардчилсан зарчмаар олонхийн саналаар  эцсийн шийдвэрээ  гаргана.  Элдэв хуйвалдаан, хуулийн аргаар (намын листээр г.м) Их Хуралд шургалдаг байдал арилна. Гол нь гишүүд шударгаар, зөвхөн өөрийн зөв гэсэн үзэл бодлоороо  саналаа өгдөг болно.  Нэр дэвшигч бие даах учраас өөрийгөө шаардлага хангасан гэж итгэж буй хэн бүхэнд нэрээ дэвшүүлэх эрх нээгдэнэ. Харин популист байдлыг арилгахын тулд тухайн иргэн өөрийн оршин сууж буй тойрогтоо  нэр дэвшихийг хориглох нь зүйтэй. Мөн шаардлагатай бол  тойргуудын хэмжээ, тоог ч  өөрчлөх хэрэгтэй.

Ерөнхийлөгчөө мэдээж ард түмнээсээ сонгоно. Нэр дэвшигч нь мөн бие дааж нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. Нэгэнт намаас нэр дэвшихгүй учраас ард түмний олонхийн санал авсан Ерөнхийлөгч том эрх мэдэлтэй байхаас гадна хэрвээ тангарагаасаа няцсан үйлдэл гаргавал хамгийн хатуу цээрлэл хүлээхийг бас хуульчилж зааж өгөх хэрэгтэй.  Эрх мэдэл, хариуцлага хоёрыг нь өндөр тавьж өгөх нь нэгд, элдэв саадгүй ажил хийх боломжийг нь хангах, хоёрт, хариуцлага алдах, ёс зүйгүй үйлдэл, алдаа гаргавал хатуухан ойчно гэдгийг нь анхааруулж байна гэсэн үг.

Дээд Шүүхийн шүүгчдийг сонгодог, нэр дэвшүүлдэг, баталдаг арга хэлбэрийг шаардлагатай бол дахиж хэлэлцэхэд болохгүй юмгүй. Шүүгч нарын тухайд их гомдол гардаг. Илэрхий хэн нэгэнд үйлчилсэн шийдвэр олон гарч байгаа учраас ард иргэд ам муутай байгаа хэрэг. Ийм байдал гаргуулахгүй арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Шударга ёс тогтоодог газар, хүмүүс нь ийм байдлаар ажлаа хийгээд байвал иргэдээсээ ёс зүйтэй байх, шударга байхыг нэхэх нь утгагүй юм. 

Ингэж өөрчлөлт хийсний дараа хуулиа боловсронгуй болгоод хамгийн гол нь  яс мөрдүүлдэг болох хэрэгтэй. Бид бий болгосон "машинаа" ажиллуулж чадахгүй байна. Хуулиа мөрдүүлдэг, шударгаар хэрэгжүүлдэг болчихвол ёс зүйгүй байдал арилна. Муу зүйл хийвэл шийтгэл хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулчихвал бид хүүхдүүдээ мөн тийм ухамсраар хүмүүжүүлнэ. Тэгэхээр одоо "сайн буюу зөв хүнээ" олж тавих тухай ярих нь утгагүй юм.  Харин бүх механизмаа зөв номынх нь дагуу ажиллуулаад эхэлбэл зөв хүмүүс аяндаа бий болж сэтгэлгээ цэвэршиж, ухамсар сайжирна. Монгол хүний "нүүдэлчин сэтгэлгээ" тийм ч амархан арилахгүй бөгөөд үе үе "цухалзах"  боловч нийгэмдээ ийм дэг журам тогтоочихвол хүссэн хүсээгүй хазаарлагдсан  морь шиг болно. Магадгүй олон зуун жилийн дараа нүүдэлчин соёл, ахуй устаж алга болоход  энэ "дураараа бөгөөд бэртэгчин " зан бас арилах биз ээ. Тэр болтол ч "нударгаар" (хуулиар) барихгүй бол болшгүй. Уг нь манай хуулиуд тийм ч муу биш байх, тэр тусмаа сүүлийн үеийнх нь гадны хөгжилтэй гэх орны хуулиудын хуулбар юм чинь яагаад ч муу байж таарахгүй. Хамаг гол учир нь хэрэгжүүлдэггүй, гуйвуулдагт л байгаа юм. Энэ "нугалааг" гаргадаггүй байлгахын тулд л бидэнд "нэг хүчтэй толгой" хэрэгтэй байна.

"Хүчтэй удирдагч" гэж ярьсанаараа  би мэдээж "дарангуйлагчийг" мөрөөдөж үгүйлээд байгаа юм биш. Гэхдээ энд нэг юм хэлэхэд, өмнөх системийн (социалист) үед ийм сайхан байж , ингэж сэтгэлээсээ ажилладаг байж, ийм хүнлэг хамтач байж, хувиа боддоггүй байж  гэхчлэн дурсаж байгаа хүмүүс үнэн ярьж байгаа боловч яагаад тийм байсан юм бол гэдгийг ухаж боддоггүй бололтой. Тэр үеийн хүмүүс "сайн" байсан, өнөөдрийн хүмүүс "муу" болчихсон юм биш л дээ.  Социализмын үед манай танай  нам гэж талцдаггүй байж, "нэг толгойтой" байж. Буруу ч гэсэн тухайн зарчмаа яс мөрдүүлдэг байсан учраас тодорхой хэмжээгээр дэг жаягтай байжээ. Энд тэр системийн буруу зөвийн тухай биш харин нэг удирдлага дор чадуу байж  үр дүнд хүрч болдог гэдгийн жишээ болгож дурдлаа.  Өндөр хөгжсөн гэх ардчилсан орнуудад яагаад муу муухай нь бага, сайн нь их байна гэхээр бас л хуулийн хатуу чанга бөгөөд шударга хэрэгжилт, түүнд "ногтлогдсон" иргэдийн ухамсар тэр хэмжээгээр өндөр болсонтой холбоотой. Тэгэхээр ардчилал бий болсоноос хойш Монгол улс баларлаа гэж ярьдаг хүмүүсийн дүгнэлт хоосон ор үндэсгүй юм аа гэдэг нь харагдаж байгаа биз? Хэргийн учир нь "ардчилал" гээч юманд биш байх нь.

Казахстан шиг нэг хүнийг насаар нь тахидаггүй юм аа гэхэд хэрвээ хүчтэй Ерөнхийлөгч маань улс орноо босгоод, ард иргэдээ өөд нь татаад ирвэл сольж холиод яахав дээ. 4 жилээр улируулаад л сонгоод байж болно биз дээ? Тэр боломжийг нь хуулиараа олгочих хэрэгтэй. Сайн ажил хийж байгаа хүнийг солих шаардлага алга. Эрт цагийнхаар бол нэг "сайн хаан" л байгаа биз. С. Баярцогт гишүүн дээрх нэвтрүүлэг дээр  хэлж байсанчлан Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийж Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох л энэ байдлаас гарах хамгийн сайн арга.
 С. Нарангэрэл гуайн хэлээд байгаачлан "Монголын төр эзэнгүй болчихсон" гэдэг нь мөн л тэр "хүчтэй нудрага" хэрэгтэй гэдгийг   хэлээд байгаа хэрэг.     Ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй, хэн нэгэн дарангуйлагч гарч ирээд Назарбаев шиг юм болно гэж байгаа хүмүүс яаж мэдээд байгаа юм? Тэгж их айгаад байгаа юм бол тийм болгохгүй түгжээ, дэгээг нь хийгээд өгчихөд болох юм биш үү?
"Эзэнтэй" болчихоод хууль номоо ягштал мөрдүүлээд эхлэвэл  хувиа бодогсод төр засаг руу толгойгоо шургуулах сонирхолгүй болно. Яагаад гэвэл, тэд нар тийшээ ороод  хувьдаа ямар ч ашиг хонжоо, давуу байдал олж гаргаж авч чадахгүй болох учраас тэр. Тэр боломжийг нь хаачих юм чинь.  Орсон нэг нь тийм оролдлого хийвэл хатуу цээрлэл амсана. Ингээд төр засгаар "тоглож" болдоггүй гэдгийг харуулаад явахад ёс зүйгүй нэг нь мөрөө хөөж, харин  улсынхаа төлөө, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллая  гэсэн чин хүсэлтэй бөгөөд ёс зүйтэй нэг нь   тийшээ зүтгэдэг болно.   Ингээд ирэхийн цагт төр засгийн  хүмүүс нь ёс зүйтэй, ард иргэд нь тэдний үлгэрээр зөв боловсон болох учиртай. Мэдээж сурталчилгаа, сургалт ухуулгын ажил янз бүрийн хэлбэрээр байнга тасралтгүй явагдаж, ирээдүй хойч үеэ оюун санаа, ёс суртахууны хувьд зөв бэлдэж байх нь чухал.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, өнөөдөр нэг хүнийг нөгөөгөөр орлуулах, нэг намыг өөр нэгээр  солих  тухай ярих биш харин бүтэц тогтоцоо өөрчлөх тухай хэлэлцэж шийдэх цаг болсон байна. 24 жил энэ хоёр намд ээлжилж молигодууллаа гэж ярихын оронд нам гэдэг  барих биегүй, шийтгэх аргагүй үл үзэгдэгчээс салж, хувь  заяагаа өөрсдөө мэддэг болцгоох тухай ярилцах хэрэгтэй байна. Уучлал гуйцгааж байгаа нь "жудагтай" мэт харагдаж байгаа боловч өнөөгийн нөхцөлд илүүц үйлдэл юм. Төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан ба одоо хашиж байгаа хүмүүсийг, намуудыг   ард түмнээсээ уучлалт гуй гэдэг  "кампанит ажил" өрнөж магадгүй болоод явчихлаа. Хүрэлсүх, Баярцогт гээд түрүүчээсээ дуугарч  эхэлж байх шиг. Бидэнд одоо тэр уучлалтууд хэрэггүй ээ. Одоо бидэнд өөрчлөлт л хэрэгтэй. Ингэж чадвал бүх юм үндсээрээ өөр болох учиртай.

Жич: Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй тухай 2011 онд бичиж байсан нэг нийтлэлийг маань энэ далимд сонирхоно уу гэж урья. Энд дарж  уншина уу.
Дараахан нь, 2012 онд,   Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Үндсэн Хуулинд ямар өөрчлөлт оруулж болох тухай бас саналаа бичиж байсан байх юм.  Энд дарж уншаарай. Энэ нийтлэлдээ харин улс төрийн нам гэдэг субьект хэвээр байхаар тооцож  бичсэн байна. Хэрвээ улс төрийн нам гээчийг байхгүй болговол мэдээж олон заалт, үг үсэг хасагдах болно. Өнгөрсөн жилүүдийн байдлаас дүгнэж үзэхэд  намгүй болох  нь өлзийтэй юм шиг.  Намгүй бол болшгүй санагдаад байгаа бол  бүх намууд нэгдээд "Монгол Улсын төлөө" гэдэг нэртэй нам байгуулчих л даа.  Энэ намдаа тэгээд бүгдээрээ гишүүнээр  элсэе.

  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө