Улсын баатар "дайн" зарлав

Э.Бат-Үүл (Нийслэлийн захирагч, Улсын баатар)
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотой бөөн шуугиан болж байна. АН-ын лидэрүүдээс Э.Бат-Үүл баатар үүнийг эсэргүүцэж, боож үхэхээ шахан  дэвхцэж байна. Мөн  Нийслэлийн ИХТ-ийн дарга Баттулга "ханьсаж" байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийгөө зүгээр л бусдын "идэш" болгочихлоо. Бусад гэдэгт нь Шинэчлэлийн Засгийн газар болон Ерөнхий  сайд Алтанхуягийг дарж унагаах гэсэн нам хүчин болон хувь хүмүүсийг  хэлж байна л даа. Зарим нь энэ засаг унаж байвал бидэнд алсдаа ашигтай гэсэн хэтийн муу санаагаар  ажиллаж байхад зарим нь зүгээр л Алтанхуягаас болоод одоо ийм байдалд хүрчихлээ гэсэн мунхаг бодлоор хандаж байх юм.  Эхний бүлгийн зорилго ойлгомжтой, харин дараагийн бүлгийн хүмүүст хэлэхэд "алтан бөгстэй, мөнгөн цээжтэй" хүн олж тавиад ч бүх юмыг сайн сайхан болгочихгүй гэдгийг ойлго. Сэрүүн зүүднээсээ сэрцгээ. Бидний хүч чадлаас үл хамаарах, нөлөөлж болшгүй хүчин зүйлүүд гэж байна. Гадаад хүчин зүйлүүд. Мөн урьд өмнө засаглаж байсан мунхагуудын хар балгаар бий болсон алдаанууд их гай болж байгаа. Энэ бүгд нийлээд өнөөдрийн хүнд байдал бий болсон юм шүү. Дэлхийн улс орнууд бүгд л бие биенээсээ хамааралтай, эдийн засаг нь хоорондоо "гинжлэгдсэн" байдаг болохоор  "алтаар хуяг хийж өмссөн" энэ залууд бүх бурууг тохох нь тэнэг хэрэг.  Тэнэг тэнэгтээ бүр хамгийн мулгуу тэнэг үйлдэл.

Дэлхийн 2 номерын эдийн засаг гэгдэх болсон Хятад улсын эдийн засгийн өсөлт мөн ялгаагүй буурсаар ирэх онуудад 5% хүрэх тооцоо хийж байна. Хятадууд өөрсдөө 7%-д барина гэж байгаа боловч энэ нь тэдний дур хүслээр болчихдог эд биш бололтой. Оросуудын өсөж байсан эдийн засаг бас л буураад бүр хасах руугаа орох гэж байна. Манай  17%-д хүрч амьтны амыг ангайлгаж байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр дан оронтой тоо руу буужээ. Ялангуяа урд хөршөөс эдийн засгийн хувьд хамааралтай болсон манай орны хувьд Бээжинд "найтаахад" УБ-д шууд "ханиад" хүрч байна. Түүхий эдийг ямар ч үнээр хамаагүй маш их хэмжээгээр худалдаж аваад нөөцөлсөн хятадууд өнөөдөр "цатгалдаад" (үйлдвэрлэлийн хэмжээ буураад түүхий эдийн хэрэглээ нь буураад ирэхээр) гаднаас түүхий эд авахаа багасгаж, энэ нь эргээд түүхий эдийн үнэ шалдаа буухад хүргэж байна. Хятад хэмээх агуу том мангасын ам руу түүхий эдээ цутгаж байсан бүх орон орлого нь багасч сандрана биз дээ? Австрали, Индонезээс авахуулаад л...
Тийм болохоор, тайван байцгаа, та  нарын толгой шоовон байна гэж хэлье. 

Алтанхуягийг зүхээд байгаа хүмүүсээс асууя:  Тэгвэл тэр оронд нь тавих ид шидтэй Ерөнхий сайд чинь хэн гэдэг хүн хаана байна вэ?  Дорж гэдэг хүнийг  "тодрууллаа" гэхэд тэр хүн чинь алга урвуулах шиг сайхан болгож чадах уу? Ямар баталгаа байна?
Улс төрийн муу санаа, зорилгоор энэ засгийг огцруулах гэж байгаа МАН-ын сөрөгчдийг бол "ойлгож" болж байна. Хэдийгээр энэ үйлдэл нь улс орны тогтворгүй байдал, гадаад ертөнцөд харагдах, үнэлэгдэх байдал, нэр хүндэд маань  муугаар нөлөөлөх боловч, дахин хэлэхэд, МАН-д энэ бүхэн огт сонин биш нь ойлгомжтой. Тэд хэзээ л ард түмнээ бодож байлаа. 90 оноос хойш  голдуу л тэд нар төр барьсан биз дээ?  Одоо зарим хүмүүс ярьж байна: АН төр барьж чадахгүй юм байнаа, МАН нь дээр байж гэж.  Ха ха. МАН-ын 20 шахам жил засаг барьж тоглосоныг АН-ын 2 жилтэй харьцуулаад байгаа юм уу? Тэгвэл илүү олон жил  эрх мэдэлтэй байснаараа МАН өдийд Монгол улсыг диваажин болгочихсон байх ёстой байсан биш үү?

Энэ засгийн газрын гаргасан гээд байгаа жижиг сажиг алдаа (хэрвээ байгаа бол), дутагдал зэрэг нь мэдээж шүүмжлэл авах ёстой, тэгээд засагдах ёстой бөгөөд дахиж давтагдахгүй байх  ёстой асуудлууд болохоос биш засгийг унагаах, Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний "онц ноцтой гэмт хэрэг" биш болов уу. Зарим нь энэ мэт жижиг алдаан дээр дөрөөлж байгаа байх, гэхдээ ихэнх нь амьдрал муудлаа, эдийн засгийн өсөлт буурлаа гэх мэтийн "том асуудлууд" гаргаж тавьж байна. Дээр бичсэнчлэн, эдгээр том асуудлууд чинь  энэ хүнээс огт хамааралгүй хүчин зүйлүүдээс болж үүссэн учраас үүний төлөө  Алтанхуягийн "толгойг авах" нь шударга бус юм аа гэж  хэлэх байна.

Алтанхуягаар "сор залах" сонирхолтой хүмүүсийн нэг нь 2-р суваг ТВ-ийн Мөнхбаясгалан юм.  Дээхнээс л  энэ засгийн газрын эсрэг дуу хоолой болж, энэ засгийн тухай муу хэлүүлэх, турхирч болох хүмүүсийг удаа дараа ТВ-дээ урьж "боргуулж" байгаа нөхөр.   Энэ удаагийн "идэш" нь Бат-үүл баатар боллоо.  Алтанхуягийн хүргэн Дэнзэн гэх (уг нь яг албан ёсны хүргэн ч биш л юм гэсэн, охиных нь найз залуу юмдаг уу даа) 27 тэрбум төгрөгний тендэр аваад ажлаасаа огцорсон л гэнэ. Энэ Дэнзэн гэмт хэрэг хийсэн бол шүүхээс шийтгүүлээд явж байх ёстой хүн. Гэвч өөрөө энэ хэл амнаас болж ажлаа өгсөн бололтой. Таван Толгойн ТУЗ-ын дарга  хэвээрээ байгаа гэнэ. Гэмт хэрэгтэн, ёс зүйгүй буруу үйлдэл хийсэн хүнээр ТУЗ-ын дарга хийлгэж болдог юм уу? Гэвч Мөнхбаясгалан мөнөөх Дэнзэнг гэмтэн мэтээр ярьж байна. Ерөнхий сайдын охин мөн Цэвэр агаар сангийн асуудлаар шалгагдаж байгаа юм гэсэн. Энэ хэрэг шалгагдаж дуусаад, шүүхээр ороод үнэн зөв нь шийдэгдээгүй байхад энэ авгай мөн л тэр охиныг буруутан мэтээр ярьж сууна.  Ерөнхий сайдын зөвлөх хийдэг нэг нөхөр бас хоригдож шалгуулж байгаа. Мөнгө шамшигдуулсан байж магадгүй гэдэг үндэслэлээр. Энэ бүхэн эцэслэж шийдэгдээгүй, зөв буруу нь зохих газруудаар тогтоогдоогүй байхад  Мөнхбаясгалан тэднийг аль хэдийн "адгийн муу" хүмүүс мэтээр гаслан шагширч байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмтэн гэж үзэх ёсгүй гэдэг ардчилсан зарчмыг энэ сэтгүүлч уландаа гишгэж хүний нэр төрийг өөрийнхөө эфирийг ашиглан гутааж байгаа нь энэ хүн ямаршуу нөхөр вэ гэдгийг харуулж байгаа бус уу?  Иймэрхүү сэтгүүлч гуншинтангууд иргэдийн тархинд  ингэж л "хорын үр" тарьж байна.  Харин баатар маань энэ асуудал дээр зөв байр суурь илэрхийлж байгаа харагдсан.

МАХН-ын дарга Н.Энхбаяр
Алтанхуягийн хийсэн энэ гэрээ нь юу нь гаж буруу болчихсон юм бэ гэдэг дээр тогтож яръя.  Одоогийн засгийн газар яаж байгуулагдсан билээ? Сонгуулиар суудал авсан МАН-аас бусад бүх хүчинтэй  АН хамтарч  байгуулсан засаг  шүү дээ. МАХН- МҮАН-ы Шударга ёс эвсэл, ИЗНН  хэмээх хоёр хүчинтэй хамтарч байгаа. Харин МАН-тай эвсээгүй учраас МАН-ынхан их ууртай байгаа. Тиймдээ ч өдийг хүртэл сөрөг хүчин нэрээр "сөрж"  ирсэн.
Тэгвэл АН-ыг төлөөлж АН-ын дарга Алтанхуяг өнөөгийн хамтрагч хүчний нэг болох МАХН-тай  ирэх он жилүүдэд хамтрах тухай гэрээ байгуулжээ. Цочоод байх юу байна?  Хамтарч засаг барьж байгаа улс төрийн нэг намтай цаашдаа хамтрах л тухай гэрээ.  Ийм гэрээ байгуулахдаа АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороогоор  (ҮЗХ) хэлэлцэх ёстой байсан гэдэг нь нам дотроо хэлэлцэж  шийдэх ёстой асуудал.  Хэрвээ АН-ын дүрмэнд ийм заалт байсаар атал Ерөнхий сайд зөрчсөн бол нам дээрээ хэлэлцэж шийднэ гэсэн үг. Харин намаас гадуур энэ асуудлыг тэнгэрт тулгаж, Ерөнхий сайдыг огцруулах, талцаж байлдах тухай ярьж байгаа нь тэнэг хэрэг.  Ажаад байхад энэ хэлээд байгаа заалт нь зөвхөн шалтаг мэт.  Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсанд гол учир нь байна уу?  Өөрөөр хэлбэл, Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм шиг.  Тэгвэл Энхбаяр гэдэг хүн өмнө нь "хүний адаг" байсан бол өнөөдөр урьдын гэмээ ухамсарлаад өөр хүн  болчихсон байвал яахав? Хүн өөрчлөгддөг.
Ажаад байхад энэ Энхбаяр гэгч хүн зарим  хүмүүсийн зүрхэнд нь орчихсон бололтой. Гэхдээ хүн гэдэг талаас нь авч үзье л дээ. Тэр хүнд зүрх сэтгэл, тархи байдаг бол өнөөдөр буруугаа ойлговол ойлгохоор болсон байх ёстой. Ичих нүүр, жудаг гэж  байгаа бол дахиж төр засгийн өндөр албан тушаалд очих гэж улайрахгүй биз гэж итгэнэ. Төрийн өндөрлөг гэгдэх 3 албан тушаалыг гурвууланг нь хашиж байсан хүн шд.  Дахиад Ерөнхий сайд болох гээд зүтгэчихвэл ард иргэд яаж хүлээж авах бол гэдгийг бодохтойгоо болсон байлгүй дээ, тэнэг л биш бол.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг (АН-ын дарга)
Бат-Үүл баатрын хэлж байгаа нэг зүйл бол Алтанхуяг өөрийн өчүүхэн шунал хүсэл, эрх ашгаа бодож бусад юмаа золиосолж байна гэдэг яриа. Засгийн бүтцэд өөрчлөлт хийх нэрээр 7 сайдаа "золигт гаргалаа" гэж байна. Өөрийгөө аврахын тулд гэж байгаа шүү. Одоо намаа (АН) золиосоллоо гэсэн юм ярьж байх юм. Эндээс харвал баатар маань  Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж бодож явдаг байсан юм шиг. Гол учир нь Энхбаярт ч байсан юм биш гэж ойлгогдохоор. Тэгсэн мөртөө Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа гарахад Алтанхуягийг өмөөрч байсан гэх. Мөн  МАН-ынхан гарын үсэг цуглуулж явахад АН-ын гишүүн Батзандан гэдэг товариш тэд нартай нэгдээд гарынхаа үсгийг зурчихсанд  дургүй байсан гэж ярих.  Гэтэл өнөөдөр Алтанхуяг, Энхбаяр хоёр гэрээ байгуулсаныг мэдээд Батзандангийн зөв байж, энэ Алтанхуяг ер нь огцрох ёстой хүн юм байна гэж ярих юм. Эндээс харвал Энхбаяраас "болсон" ч юм шиг.  Баатар маань юу ярьж байгаагаа ч мэдэхээ больсон юм уу даа. Хэтэрхий их ажилд нухлагдсанаас болж  мэдрэлийн ядаргаанд орсон байж ч мэдэх юм. Нэг хэсэг хэвтэж эмчлүүлээсэй.  Уг нь ажил хийх тэнхээ ухаан нь байгаа цагт манай "төрд хэрэгтэй зайран" юмсан. Юу нь болохоо байчихаад ийм орон гаран юм яриад унав аа гэж. Уг нь төр засгийн тогтвортой байдал, эв нэгдэл хамгийн чухал гэдгийг хамгийн сайн мэдэх хүн дээ. Өнөөдрийн энэ хүнд байдал Алтанхуягийн муугаас болоогүй гэдгийг ч сайн мэдэх ёстой хүн.

Хөтлөгч Мөнхбаясгалан
 Мөнхбаясгалангийн бах тав нь ганц ханаж байгаа бололтой харагдана.  Доог тохуу хийсэн шиг сууна. "Таны (тэмцэх) ажилд амжилт хүсье гэлтэй биш, хүний мууд дурласан болно" хэмээн худлаа аальгүйтэж байна. Нэвтрүүлгийнхээ эцэст  баатрын ам өчгийг авахаа мартсангүй.  "За та Ерөнхий сайдыг огцруулна гэсэн биз?", "Энэ үзэл бодолдоо үнэнч байж , болохгүй бол тэмцэнэ гэсэн биз?"  Энэ хүүхэнд АН-ынхан хагаралдаж бутарч, хоорондоо хэмлэлцэж байвал сайхан байгаа бололтой.  Төр засаг нь үймж, унаж, тогтворгүй байвал таашаал авах гээд байгаа ч юм шиг.  2012 оноос хойш "эрээ цээрээ алдчихаад байгаа" шүү дээ гэж хуцдаг юм. Тэрнээс өмнө МАН засаг барьж байх он жилүүдэд эрээ цээрээ алдаагүй байсан ч юм шиг. 12 оноос өмнө хууль үйлчилж, шударга ёс тогтож байсан ч юм шиг...

Ам өчгөө өгсөн Бат-Үүл баатар алдаа хийснээ ухаараад уучлал хүсэх, эсвэл ичсэн нүүрэндээ  энэ авгайд мундаг, хэлсэн амандаа хүрдэг  хүн болж харагдахын тулд Алтанхуягийн эсрэг "аян дайнд" мордож, намынхаа гишүүдийг талцуулж аваад "байлдах" гэсэн хоёр сонголттой хоцорлоо доо.  Алийг нь сонгохыг харцгаах л үлдэх шив.

Жич: Нэвтрүүлгийг энд дарж   үзээрэй. Ер нь нам гээч "амьгүй албат"-ын гай барцад их бий. Одоо ингээд л намаараа  хоорондоо дайсагналцаж байгаа дээр нэмээд нам дотроо хагаралдаж хуваагдаж, талцаж эхлэх нь. Хаа байна нөгөө эв нэгдэл?  Энэ их улс төржилт, намчирхал бидэнд гай болохоос тус болохгүй нь энэ жишээн дээр харахад л илт байна. Ингэж бодохоор л энэ "нам" гэгчийг байхгүй болгомоор. Ерөөсөө боломжгүй, гаж юм ч биш шүү дээ. Хүн бүр л санаа оноогоо хэлж , шахаж шаардаж байж  хэрэгжих ажил. Алийн болгон ингэж хонь чоно шиг байх юм. Хэмлэлцсээр байтал улс орон хэцүүдлээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө