Цуурхал ба Оросын эдийн засгийн төлөв байдал

Монголын эдийн засгийг   хэн нэгэн Ерөнхий сайд болон эрх барьж байгаа хүчний нөхдүүд  "сүйрүүлээд, элгээр нь  хэвтүүлчихлээ" гэж сүржигнэх хүмүүс түүнийгээ батлах гэж энд тэндээс элдэв мэдээ сэлт, зураг хуулан цацахдаа буруу тайлбарлаж төөрөгдүүлж  байна.  Монголоос бусад нь өсөж дэвжээд, бид л балраад байгаа бөгөөд энэ  эрх барьж байгаа дуракуудын арчаагүйнх  гэсэн мессэж тарааж байгаа   царай нь энэ. Саяхны нэг ийм жишээг Твиттерээс олж харлаа. 


Хамгийн хурдан  өсөлттэй эдийн засагтай орнууд гэнэ

Дээрх зурган дээр байгаа (улс болгоны нэрний дор бичигдсэн) тоонууд (хувиар) бол тэдгээр орнуудын эдийн засгийн өсөлт нь биш юм аа. Төрбат хэмээх шувуухай  дээрх зурагны тайлбар болгож "Хамгийн хурдан өсөлттэй, том эдийн засгууд хаана байна" гэж асуугаад "Монголыг тойроод л байж байна" гэж жиргэжээ. Учрыг нь сайн ойлгоогүй юм уу, эсвэл зориуд ийм ойлголт төрүүлэх гэж ингэсэн юм уу гэдгийг ялгаж мэдэх арга алга. Ямартай ч 7 шувуухай "ихэд ойшоож" (favorites) , 13  шувуухай цааш нь дамжуулан (retweets) жиргэжээ. 



Учрыг тайлбарлая. Global Intelligence Alliance (Дэлхийн  Тандалтын Холбоо) гэх зах зээлийн тандалт хийдэг, стратеги  зөвлөлгөө өгдөг байгууллагаас  2 жилийн өмнө эдийн засгийн  янз бүрийн салбарт хүч үзэж буй 431 компаниас "өсөн дэвжиж" (emerging) буй эдийн засагтай (ӨДЭЗО) гэх   орнуудын тухай хэдэн асуулт бүхий санал асуулга авчээ. 2012-2017 онуудад танай салбарт тэргүүлэх  ӨДЭЗО нь аль улс вэ?  Гадаадын компани  ӨДЭЗО-д амжилт олох гол үндэс нь юу вэ?  ӨДЭЗО-нд байгаа хамгийн том саад юу байх вэ? гэх мэтийн асуултанд хариу авсан байна.  Судалгааны дүнгээр "топ" ӨДЭЗО-оор "БРИК"-ийн орнууд буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад (BRIC- Brazil, Russia, India, China) гэсэн 4 улс тодорчээ. Өөрөөр хэлбэл, Бразил (65.7%), Орос (39.7%), Энэтхэг (66.4%), Хятад (65.4%) улсуудад түлхүү санал өгчээ. БРИК-ийн орнуудаас хамгийн " бага сонирхол татсан" орноор Орос шалгарсан байна. 

Нийтдээ 30 хүртэл улсын нэр дурдагдаж санал авсан байна. Тэдгээрээс  хамгийн өндөр санал авсан топ 10 улсыг дээрх газрын зураг дээр авсан саналынх нь (процентоор)  хамт үзүүлсэн хэрэг.  
Монголын нэр энэ дотор байхгүй байгаа нь эхний 30 улсад багтаж орохоор өндөр санал авч чадаагүйгээс болсон биз. Тэгээд ч  судалгаанд оролцсон компаниудын тал нь жилдээ тэрбум гаруй долларын орлого олдог, ихэнх нь 1000-аас дээш ажиллагсадтай том аж ахуйн нэгжүүд юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй ийм гадны компани бий бил үү?  Эхний 30 дотор Монгол байтугай Казахстаны нэр ч алга. Нэг  ёсондоо эдгээр 30 оронд гадны томоохон компаниуд олноор хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байна гэдгийг энэ судалгаа  харуулсан бөгөөд судалгаанд оролцогч компаниуд ямар оронд түлхүү  үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулах сонирхолтой  гэдгээ илэрхийлсэн нь энэ.  Жишээ нь, судалгаанд оролцогчдын 66.4% нь Энэтхэгт бизнес хийвэл ашигтай гэдгээ хэлсэн бол 65.7% нь Бразилийг  мөн тэнцүү хэмжээнд  "сонирхож"  байгаагаа илтгэжээ.   Тэрнээс биш эдийн засаг нь ийм хувиар өсөөд байгаа гэсэн утга биш юм.  БРИК-ийн гурван орон (Бразил, Энэтхэг, Хятад) ийм өндөр санал авсан нь эдгээр орны хүн ам их, зах зээл том байгаатай холбоотой. 

Манай  хоёр хөршийн тухайд эдийн засгийн байдал ямар байгаа нь  бидэнд мэдээж сонирхолтой бөгөөд хамаатай. Хятадын эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн прогнозын тухай өмнөх нийтлэлдээ бичсэн. Одоо хойд хөрш Орос улсын байдал болон ирээдүй ямар харагдаж байгаа тухай юу гэж бичиж байгааг сонирхоё. 

Орос улс байгалийн баялаг ихтэй орон учраас орлогынхоо  ихэнхийг газрын тосны бүтээгдэхүүн, байгалийн хий  зэргийг экспортлож  олдог. Тийм болохоор газрын тосны (нефть) үнэ дэлхийн зах зээл дээр унасанаас болж  улсын орлогын бараг талыг бүрдүүлдэг эх үүсвэр мууджээ.  Дээр нь барууны орнуудын хориг арга хэмжээнээс болоод Оросын компаниудад дэлхийн санхүүгийн зах зээл хаалттай болсон байна. Инфляц сүүлийн гурван жилд өндөр байгаа бөгөөд рублийн ханш буурсаар байна. 10 сарын 24-ний байдлаар нэг ам.долларыг 42.01 рублиэр наймаалцжээ.  Барууны хориг арга хэмжээний балгаар гадны хөрөнгө оруулалт зогсож, Оросын банкууд болон компаниуд гаднаас доллар худалдаж авч чадахаа байсан бөгөөд гадаад өрөө төлөхөд шаардлагатай долларын гачигдалд орсоноос болж долларын эрэлт нэмэгдэж рубль унажээ. Өнгөрсөн  3 сард Оросын банкууд болон компаниуд 46.5 тэрбум ам.долларын гадаад өрөө цайруулах шаардлагатай болсон бөгөөд  ирэх 12 сард 30 тэрбумын өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа гэнэ. Цаашид ч рублийн ханш унахаар байгаа  бөгөөд газрын тосны үнэ тодорхой түвшинд хүрч нэмэгдсэн  нөхцөлд эргэж чангарах байх хэмээн таамаглацгааж байна.
Оросын Сангийн сайд ирэх гурван жилд зардлаа хэмнэж бүсээ чангалах тухай ярьж байна. Хэдийгээр Оросууд 2015 онд эдийн засгийн өсөлтийг 1.2% (нэг аравны хоёр) гэж төлөвлөж байгаа боловч Дэлхийн банк 0.3% гэж тооцоолж байна.  Тэгвэл 2016 онд Оросууд 2.3%-ийн өсөлт бий болно гэж үзэж байгаа бол  Дэлхийн банк мөн онд эдийн засгийн өсөлт нь 0.4% байна гэжээ. 

Хэрэв барууны хориг арга хэмжээ 2015 онд цуцлагдлаа гэхэд дээрх өсөлтүүд нэг хувиар нэмэгдэх магадлал байгаа аж. Гэвч  Ерөнхийлөгч  Путин баруунтай баруунгүй болно гээд  муйхарласан  хэвээрээ байх юм бол Орос улсын хувьд байдал ирэх онуудад тийм ч сайнгүй байх бололтой. Ялангуяа нефтийн үнэ нэмэгдэхгүй ингээд байгаад байвал орлого багасч байдал хүндрэх аж. Монголын хувьд нүүрснийх нь үнэ унаад орлого нь багасдагтай адил юм уу даа. Баруунтай түнжин хагарсан Путин "нөгөө тийшээ" эргэж, Азитай түншилж, ялангуяа Хятадтай найзалж хүнд байдлаа зөөлрүүлэх арга чарга хайж байгаа  нь илэрхий. Нэг хэсэг "тоохгүй орхисон" Монгол андаа мөн гэнэт санаж эргэж "үерхэе" гэж  байх шив дээ. 
Бид ч "эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр" баруун зүүн, Орос Хятадтай адилхан харьцаж өөрсдөө хожих  мэргэн ухаанаар улс болгонтой ижил тэнцүү түншилж хөгжих ёстой.  

Байдал иймэрхүү байгаа учраас дээрх судалгаанд оролцсон гадны нэр бүхий томоохон компаниуд Оросыг сонирхох нь бага байсан биз ээ. Тийм учраас бага санал (39.7%) өгсөн биз. Ер нь манай хоёр хөрш болон бусад хөгжиж байгаа орнуудад эдийн засгийн байдал урьд өмнөхөөсөө муудаж байгааг зөндөө л ярьж бичиж байна. Харамсалтай нь манай зарим "ухаантнууд" энэ эдийн засгийн хүндрэл ганцхан Монголд тохиолдоод байгаа юм шиг ойлгож (ойлгуулж?) бичиж дэвэргэх нь гачлантай. Эрх баригчдын муугаас болж, Ерөнхий сайдаас болж ингэчихсэн юм шиг л шаагицгаах нь үнэндээ цаанаа улс төрийн зорилготой, бодлоготой явуулга гэдэг нь илт. Бусад орнуудад байдал хүндэрлээ гээд засгаа унагаах гээд улайраад байгаа нь дуулдахгүй л юм. Энд жишээ болгож авсан энэ мэт буруу ойлголт төрүүлэхээр "орчуулгын мэдээнүүд" иргэдийн маань толгойг эргүүлж, төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд хүргэх, иргэдийн сэтгэл санааг унагаж, төр засгийн нэр хүндийг гутааж байна. Өөрсдөө л далд санаагаа хэрэгжүүлж байвал энэ бүхэн хамаагүй бололтой. Тиймээс уншсан бүхэндээ үнэмшиж, энд тэндээс шидсэн "чулууг"  шүүрч аваад цааш нь дамжуулж шидэлцгээхээ болимоор байна.  Хүн бүр өөрийн гэсэн ухаантай байж,  аливааг тунгаан шүүж дүгнэж   байвал нийгэм маань туйлширч төөрөлдөх нь бага байх болов уу гэж бодно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө