Эбола вирус

Ойн  зэрлэг амьтан, мөлхөгч, шувууны мах Эбола вирусийн эх үүсвэр

Эбола гэдэг халдварт өвчин дэлгэрсэнээс хойш 4000 гаруй хүний амиа алдаад байна. Өнөөдөр энэ тахал дэлхийн орон бүхний анхааралд өртөхүйц хэмжээнд хүрч улс болгон л иргэдээ энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаж тусгаарлах, эмчлэх вэ гэдэг талаар арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын  ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ЯАМ энэ тухайд тодорхой төлөвлөгөө гаргаж бодлоготой ажиллаж байгаа байх аа гэж найдая. Эрх баригчид маань бүтцээ цомхон болгох гээд баахан сайдаа өөрчлөөд шинээр сайдууд санал болгосон боловч сөрөг хүчин нь улс төр хийгээд ажил гацааж байх шиг. Шинэ сайдуудын тоонд Эрүүл Мэндийн сайдад нэр дэвшигч бас тууж яваа. Энэ сайд хурдхан ажлаа аваад одоо дэлхийд нүүрлээд байгаа Эбола өвчний вирусыг Монголд орж ирэхээс сэргийлсэн тодорхой ажил төлөвлөж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ингээд мэлийгээд, хэрэлдээд сууж байтал чинь хилээр вирус тээгч ороод ирээд  балрах вий дээ.

Эбола вирусыг уг нь бүр 1976 онд илрүүлж мэдсэн гэдэг. Гэхдээ өнөөдрийнх шиг тахалын хэмжээнд хүрч олон хүнийг хамарч байгаагүй аж. Энэ удаагийн тархалт Гвиней улсын нэгэн тосгоноос эхэлжээ. Анх 2 настай жаал хүү уг вирусээр өвчилж нас барсаны дараа түүний ээж, эгч, эмээ нар нь бүгд ижил шинж тэмдэгтэй өвчилж өнгөрцгөөсөн байна. Ингээд эдгээр талийгчидтай харьцаанд орж байсан хүмүүсээр дамжин бусад тосгон суурин руу  тархаж эхэлсэн аж.  Өнөөдрийн байдлаар халдвар авсан  9000 тохиолдол бүртгэгдсэнээс 4500 нь үхэлд хүргэсэн мэдээтэй байна. Либери улсад  2458 хүн (энэ сарын 12-ний байдлаар) нас барсан бол, Сиера Леон улсад  1183 хүн, Гвинейд 843 хүн, Конго улсад 49 хүн, Нигерт 8 хүн, АНУ-д 1 хүн тус тус нас баржээ.
Сиера Леонд Монголын энхийг сахиулагчид алба хааж байгаа хэвээрээ бол их л  аюултай байдалд байгаа юм байна. АНУ-ын нэг иргэн Либери улсаас буцаж нутагтаа ирэхдээ халдвар тээж ирээд удалгүй нас барсан хэрэг гарсан бөгөөд түүнийг эмчилж байсан  хоёр сувилагч эмэгтэй халдвар авсан байгаа.  Герман, Нэгдсэн Вант Улс, Швейцари, Норвег, Франц зэрэг улсуудад ганц хоёр халдвар тээгч эмчлүүлж илааршсан мэдээ байна.

Тусгаарлах иж бүрэн хувцас

Эбола тахал яаж тархсан нь яг таг мэдэгдэхгүй боловч сарьсан багваахайг үндсэн вирус тээгч гэж үзэх үндэслэл байна гэнэ. Сарьсан багваахайн дутуу идээд хаясан жимс мэтийг бусад ойн амьтан (гөрөөс, сармагчин г.м) олж идсэнээр уг вирусээр халдварлаж,  улмаар хүн тэдгээр халдварласан амьтадтай биеээрээ  хүрэлцэх харьцаанд (контакт) орох, эсвэл махыг нь идсэнээр   өөрсөддөө халдаадаг гэсэн таамаглал  гаргажээ. Хүнээс хүнд халдварлахдаа мөн л шууд  хүрэлцэх харьцаагаар (контакт) дамждаг байна. Халдвар тээгчийн хөлс, шүлс, цус, хөхний сүү, үрийн шингэн, бөөлжис  мэтээр дамжина.  Халдвар тархахаас сэргийлэх гол арга нь  мөнөөх тээгчийг тусгаарлах явдал. Карантийлнэ гэсэн үг. Өвчтөнтэй харьцаж байгаа хүмүүс (эмч сувилагч) бүх биеэ бүрхэж далдалсан тусгаарлах хувцас өмсөнө. АНУ-д халдвар авсан сувилагч ажил дууссаны дараа хамгаалах хувцсаа тайлахдаа бээлийтэй гараараа духандаа хүрсэнээс болж  вирус авсан тохиолдол гарчээ.   Тэгэхээр уг хувцсыг өмсөх тайлах ёс журмыг хатуу сахих ёстой  байх нь. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гарган мөрдүүлж буй журмыг (протокол) мөрдүүлж, тодорхой тооны хүмүүсийг бэлдэж сургавал  болзошгүй аюул тохиосон үед авах арга хэмжээ тодорхой, ажиллах хүчин бэлтгэлтэй байж байх бус уу? Гаднаас манай улсын агаарын болон газрын хилээр орж ирж байгаа гадаадын иргэд, ялангуяа баруун Африкаас ирж байгаа хүмүүсийг сайн нягталж байх хэрэгтэй болох нь.  Гадаадад байгаа болон гадаад улс руу элдэв ажил хэргээр, аялал зугаалгаар зорчигч Монголчууд гадны элдэв хүнтэй гар хөлөө барилцаж "нялуурахаа" түр азнаж зайнаас харьцаж байвал яасан юм? Арьсан  контактыг болж өгвөл тэвчиж, хашир болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ тахал ихээр гарч байгаа баруун Африкийн орнуудад байгаа өөрийн улсын иргэд болон тус тивийн бусад ойр хавийн орнуудад буй иргэддээ зориудын анхааруулга зохих шугамаараа өгсөн ч болохгүй юм алга.

Эбола туссан үед тэгвэл ямар шинж тэмдэг илрэх вэ? 
Эхний үеийн шинж тэмдгүүд нь: 
- Гэнэт халуурах
- Эрчимтэй бие доройтож сульдах
- Булчин өвдөх
- Хоолой өвдөх
Улмаар дараагийн шатандаа бөөлжих, шингэнээр гүйлгэх, зарим тохиолдолд дотуур болон гадуур цус алдаж эхэлнэ. 


Одоогийн байдлаар Эбола-г эмчилдэг, эдгээдэг эм тан, вакцин  гэж алга. Зарим нэг эм яригдаж байгаа. Бий болсон онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор  шинээр  гаргаж туршиж байгаа эмийг шууд хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ-аас  өгсөн.  Одоогийн байдлаар тусгаарлаж карантийлаад  ус шингэн сайн өгч, халдвар авсан эхний үед цусны нөжрөлөөс (бөөгнөрөлөөс) сэргийлэх эм уулгах (цус нөжирч бөөгнөрвөл судсаар гүйх цусны эргэлт муудаж цусан хангамж дутагдсанаас болж эд эрхтэн гэмтэнэ),  цусны  бүлэгнэл, нөжрөл бий  болсон бол  шингэлэх арга хэмжээ авах, хүчилтөрөгчийн  түвшинг барих, өвчин намдаах эм өгөх болон бактерийн ба мөөгөнцөрийн гаралтай өвчин илэрвэл эмчилгээ хийх  зэргээр л тордож байна. Эрт оношилж, аль болох эрт хяналт эмчилгээнд орвол амьд үлдэх магадлал илүү өндөр байна. Хамгаалалтын иж бүрэн хувцас, нүдний шил, хормогч, бээлий, маск, оймс, гутал зэргийг ёс журам зааврын дагуу хэрэглэж, ариутгаж цэвэрлэх нь их чухал гэнэ.
Аливаа аюулыг орж ирсэн хойно нь биш орж ирэхээс нь  сэргийлэх, ороод ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах , яахыгаа мэдчихсэн сууж баймаар байх юм!  Өнөөг хүртэл манай зохих байгууллага, албан тушаалтнаас энэ тухай ган хийсэн юм дуулдахгүй л байна.  Арай  манайд орж ирэхгүй гээд итгэчихсэн  сууж байдаг юм биш байгаа, бурхан минь!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө