"Таф Данди"

Tuff Dundee буюу Харихэн гэх Өвөрмонгол залуу
Эмнэг бух унах тэмцээний тухай мэдэхгүй, дуулаагүй хүн ховор биз. Bull riding нэрээр АНУ-ын зарим муж, Канад, Австрали зэрэг цөөхөн оронд  их  таашаагдсан спорт. Мөрий тавьж азаа үзэхийн далимд догшин бухнуудын нуруун дээр ядаж 8 секунд (оноо авахад шаардлагатай хамгийн бага хугацаа) тогтох гэсэн  залуусыг харж бахдан суух хоббитой хүмүүс их болжээ. Зохион байгуулагч болон бух унаач нар ч их мөнгө хийдэг спорт доо. Энэ спортыг Хятадад "суурьшуулахаар" шийдсэн Вэнг хэмээх нэгэн баян хятад   Австралиас 90 бух 2 сая америк доллараар худалдаж аваад Хятад руу ачуулжээ. АНУ-ын Тексас (Техас) мужид 10 жил амьдрахдаа мань эр энэ спортод дурлачихсан аж.  Тэрээр Хятадын Бух Унаачдын Нийгэмлэг (ХБУН) гэгчийг байгуулж, улмаар Профешнл Булл Райдерс Инкорпорейшн (Professional Bull Riders Inc.) компанитай гэрээ хийж Хятадын 3 хотод үзүүлэх тоглолт энэ онд хийхээр  тохирчээ. Гэвч  албаны эрх мэдэлтэнгүүд  орон  нутгийн стадионуудыг хэрэглэх зөвшөөрөл олгоогүй учраас төлөвлөсөн ажил нь энэ жилдээ лав бүтэхээргүй болсон байна.

Харихэн (дунд нь) хоёр нөхрийн хамт
Бух унаачийг бэлдэхийн тулд эмнэг хангалтай ноцолддог, моринд эрэмгий гэдгээрээ алдартай Монголчууд дотроос олж сонгохоор шийдсэн Мистер Ванг Өвөр Монгол руу очжээ. Тэндээс эмнэг морь сургадаг, морин дээр элдэв үзүүлбэр хийдэг, мөн эмнэг тэмээ сургадагаараа нэрд гарсан  нэгэн залууг сонгосон байна. Нэр нь Харихэн (Harihen) гэнэ.  Энэ Өвөрмонгол залуу өөртөө "Таф Данди" (Tuff Dundee) гэдэг нэр өгчээ. "Таф" гэдэг нь эрэмгий мундаг (англиар зөв бичлэг нь "tough" юм. "Tuff"  биш) гэсэн утгатай үг. АНУ-ын алдартай бух унаач Ричард Хедеман гэдэг хүний хоч нь юм. Одоо 51 настай тэрээр "Tuff Hedeman" гэдэг нэрээр алдаршсан аж. Нийтдээ 18 жил бух унасан эр юм байна. Харихэн маань энэ хүний хочийг авсан байна. Данди гэдэг нь бас мань эрийн "шүтээн" болсон "Матар хочтой Данди" (Crocodile Dundee) киноны гол баатрын нэр. Ингээд энэ хоёрыг нийлүүлээд шинэ нэр гаргаж авсан нь энэ. Харихэн өөрийнхөө нэрийн  хуудсан дээр зөвхөн "Tuff" (Таф) гэж бичсэн байдаг гэнэ.

Таф Данди гарааныхаа  өмнө
Таф Данди буюу Мистер Харихэн маань бүх зардлаа  Мистер Вангаар даалгаад Австрали явж бух унаачийн дадлага хийгээд иржээ. Мистер Ванг Австралиас бух авчруулахдаа бас нэгэн сайн сургагчийг хамт урьсан юм байна. Мистер Пэйс хэмээх Австрали залуу одоо Өвөрмонгол залуусыг (Харихэн нутгийнхаа 2 Монгол залууг авчраад хамт сургуулилж байгаа)  бух унуулж сургахаар ажиллаж байгаа аж. Харамсалтай нь тэрээр энэ хугацаанд 40 паунд (18 кг)-аар турсан бөгөөд  хятад хоол үнэхээр таалагдахгүй байгаа бололтой. "Байнга л тахианы хөл, тахианы толгой! Арай ч дээ!" хэмээн үглэдэг гэнэ. Мистер Вэнг ба Харихэн хоёрын хамтын ажиллагааны ирээдүй  тодорхой бус боловч  ямар ч байсан ойрын хугацаанд хэвээр үргэлжлэх төлөвтэй. 2015 онд зөвшөөрлөө аваад ажлаа эхлэх хүртэл Харихэнд  дадлагажих, биеэ бэлдэх цаг хугацаа хангалттай гарч байна. Харихэн жилийн 50000-100000 (зуун мянган) юаны цалин аваад, дээр нь хоол байраа хангуулж байгаа. Мистер Вэнг түүнийг  2015 онд ХБУН-ийн үйл ажиллагаа жигдрээд  эхлэх хүртэл, эсвэл ядаж гадаадад тэмцээнд оролцож мөнгө хождог болох  хүртэл нь дэмжих бодолтой аж. 

Эх сурвалж: Уолл Стрийт журнал (Wall Street Journal)

p.s.  Энэ тухай видео бичлэгийг  энд дарж   үзнэ үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө