Шинэ Монгол адуу гэж "хэн" бэ?

2013 оны "Дүнжингарав"   уралдаанд  "азарга", "их нас", "соёолон" насны ангилалд түрүү авсан морьдыг "шинэ Монгол адуу" гэж тодорхойлоод түрүү байрыг нь хүчингүй болгож дараагийн морьдод нь өгсөн гэнэ.  "Шинэ Монгол адуу" буюу "Морин тойруулгын адуу" гэдэг шинэ үүлдэр бий болсон юм байх аа.  Хэрэв тэгсэн  бол асууж магадлах зүйл их байнаа.

Нэгдүгээрт, энэ шинэ адуу чинь тэгээд "Монгол адуу" юм уу, эсвэл  цус холилдуулж эрлийзжүүлэх аргаар гаргаж авсан "цоо шинэ" үүлдэр юм уу?  Хоёрдугаарт, цэвэр цусны Монгол адуу биш  юм бол яагаад эрлийз адууны уралдаанд оруулахгүй Монгол морины уралдаанд оруулчихав? Гуравдугаарт, хэрэв Монгол морь гэж үзээд монгол морьдын уралдаанд оруулсан юм бол яагаад түрүүлээд ирсэн хойно нь гэнэт өөр нэр томъёо өгч хасах болов? Ерөөсөө ойлгомжгүй байгаа биз?

Морин спорт , уяачдын холбоо гэж нэг дүүрчихсэн газар , "муу дээрээ муу, муухай дээрээ улцан" гэгчээр бас нэг ийм хачин нэр томъёо гаргаж ирээд баахан хэрүүл маргаан тарилаа. Нэг ёсондоо илэрхий хэлмэгдүүлжээ. Монгол морьд, эрлийз адуу гээд тус тусад нь уралдуулчихаад тэгээд барианд орсон хойно нь утгагүй хачин юм ярьж түрүү байр эзэлсэн хөөрхий морьд, унасан хүүхдүүд, уясан уяачдыг гомдоож тохуурхав. Морин тойруулгын морийг  "монгол морь" биш гэж мэдсэн юм бол яах гэж анхнаасаа уралдаанд оруулсан юм? Тойруулгын морьд  гэж гадуурхагдсан амьтад гарах нь. Үнэхээр бие томтой, сэрвээ өндөр (12-14 "hand"-ээс дээш) бол цэвэр монгол адуу гэхэд эргэлзээтэй болно.   ("Hand" гэдэг нь морины өндөр хэмждэг хуучны хэмжээс юм. Нэг "hand" нь  10.16см-тэй тэнцүү гэвэл Монгол морины өндөр 122-142.2см-ээс хэтрэхгүй байж таарах нь).

Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд
Хэрвээ өндөр нь дээр дурдсанаас хэтрээгүй, ил харагдах шинж төрх нь "монгол", тэгээд "эцэг эх" нь "монгол" юм бол  илэрхий  нугалаа хийсэн байна. Хэрэв "аав" нь "хотынх" (морин тойруулгын) бөгөөд "ээж" нь "хөдөөнийх" байсан бол тэр морь харин эрлийз морины ангилалд орж уралдах ёстой байж. "Аав" нь "цэвэр монгол" биш байсан тохиолдолд шүү дээ. Тэгэхээр анхнаасаа  "монгол" ба "эрлийз" гэж ялгаж салгаж уралдуулж байгаа юм бол оролцох морьдынхоо удам угсааг сайн гаргуулж, лавлаж байж оруулах ёстой байжээ. Тэрнээс биш уралдаад ирсэн хойно нь "уучлаарай" гэж хэлээд байрыг нь булааж байгаа нь туйлын бүдүүлэг бөгөөд тэнэг асуудал.

Ажлын зохион байгуулалт муу, ажлаа хийж чаддаггүй хэдэн нөхөд тэр Монголын Морин Спорт Уяачдын Холбоонд (ММСУХ)  байнаа. Тус холбооны Ерөнхийлөгч М.Энхболд их хүч хөдөлмөр зарж, уралдаан сайхан боллоо гэж байна. Ямар юмны сайхан болохов дээ, баахан  маргаан будлиан тарьчихаад.

Морь унаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анхаарахгүй өчнөөн жил явж ирсэн нь энэ байгууллагын арчаагүйнх. Саяхнаас л нэг юм  хамгаалалтын малгай өмсөх журам энэ тэрийг  гаргаж мөрдүүлж байгаа юм уу даа. Гэхдээ саяын "Дүнжингаравт" уралдсан хүүхдүүд тэр малгайг өмссөн харагдав уу? Ажлаа сайн хийж чадахгүй байж хажуугаар нь хэрүүл маргаан гаргаж амьтан муудалцуулдагаа энэ холбооныхон болих хэрэгтэй.  Ер нь жаахан салхи оруулж өөрчлөлт хийхгүй бол ММСУХ дотроосоо өтөж байгаа юм шигээ!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө