Сугар яагаад сугарч үлдэв?

Д.Сугар
АНУ-ын армид жил бүр олон арван мянган эмэгтэй болон эрэгтэй албан хаагч хүчиндүүлдэг гэнэ. Гэвч энэ хэргүүдийн дийлэнх нь дарагддаг бөгөөд энэ нь армийн дээд удирдлагууд зориудаар хэрэгсдэггүйтэй холбоотой. Шалтгаан нь энгийн: Армийн болон тухайн анги, бүрэлдэхүүний нэр хүндэд муугаар нөлөөлнө. 

Үндсэн Хуулийн Цэцийн (ҮХЦ)  гишүүн Сугарыг  хамт ажиллагсад нь "сугалж" аваад үлдэхээр шийдсэн нь үүнтэй адил хэрэг  болж байна.  Нэг гишүүн нь хэрэгт шалгагдаад явчихвал  хамт ажилладаг бидний болон байгууллагын  нэр хүнд унана хэмээн болгоомжилсон гэж  ярих. Хэрэв энэ таамаг үнэн бол харин ч эсрэгээрээ "сэжигтэнг" өмгөөлж авч үлдсэнээрээ ҮХЦ-ийн бусад гишүүд том алдаа хийжээ.  Хэрвээ худал бол яагаад  Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс түдгэлзүүлэх  хүсэлтийг хуулийн байгуулллагаас  тавиад байхад татгалзана вэ?  Хэрэг хийгээгүй бол шалгагдаад л цагаадаад гарна биз дээ. Харин ч нэрээ цэвэрлэж авна.

Агаарын тээврээр зорчигчдын билетний үнэнд  багтсан  нэгэн төрлийн даатгалын  мөнгийг гадагш нь гуйвуулаад буцааж оруулж ирэн завшдаг байсан нь илэрч, үүнтэй холбоотой 9 хүн  шалгагдаж байгаа билээ.  Тэднээс долоо нь хоригдож байгаа. Хоёр нь зугтаагаад алга болсон.

1. Ч.Хоролсүрэн  (Монголиан эирлайнз компаны эзэн)
2. Ч. Суурьтогтох (Хоролсүрэнгийн төрсөн дүү)
3. Н.Гантөмөр
4. Р.Батэрдэнэ (МИАТ-ын гүйцэтгэх захирал байсан)
5. Ц.Орхон    (МИАТ-ын гүйцэтгэх захирал асан)
6. Ү.Цэцэгмаа  (Орхоны эхнэр)
7. С.Батхишиг (Төрийн өмчийн хорооны ажилтан байсан)

Дээрх хүмүүсийг МИАТ-ын мөнгийг угааж хувьдаа ашиглаж, хамтарч ажиллаж  байсан гэдгийг баримтаар нотолсон гэнэ.  Эрүүгийн хуулийн 2 зүйл ангиар (мөнгө угаасан болон улсад их хэмжээний хохирол учруулсан) хэрэг үүсгээд явж байгаа.  Одоогоор 700 сая ам долларын асуудал яригдаж байна гэв үү?  Овоо "цусалжээ"!  Дээрх захиралуудыг тухайн үед (2006-2012) Төрийн өмчийн хорооны (ТӨХ) даргаар ажиллаж байсан Д.Сугар томилж байжээ.  Сугар өөрөө Өвөрхангайнх бөгөөд түүний томилж байсан хүмүүс бүгд тэр аймгийнх гэнэ. Өвөрхангайн ""нууц бүлэг бий болсон байж л дээ.

Д.Сугарыг энэ мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулан  шалгах шаардлагатай хэмээн цагдаагаас прокурорт хүсэлт гаргасаны дагуу Ерөнхий прокуророос ҮХЦ-д хандсан аж. Гэвч ҮХЦ татгалзсан тухай дээр өгүүлсэн.  ҮХЦ-ийн тухай хуулинд зааснаар    “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр (түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”  гэсэн байдаг учраас Цэц л зөвшөөрөхгүй бол ямар ч хулгайч, алуурчин, дээрэмчин, чөтгөр, шулам, мангас байсан айх аюулгүй амар тайван  байж болно гэсэн  үг болж байна. 

Мөнгө угаасан хүнийг  гэмт  хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нь нотлох баримттай нь баривчлана гэх орчлонд байхгүй хачин  тайлбар хуулиндаа оруулчихаад БУСАД ТОХИОЛДОЛД гар хүрээд үзээрэй гэсэн утгатай, өөрсдийгөө аливаа "болзошгүй аюулаас" бүрэн хамгаалсан бэхэлгээ хийчихсэн учраас тийшээ чинь хүн орж арьсаа хамгаалъя гэж бодохгүй яах юм?  Одоогийн байдлаар Монголд  хүн алж хүрээ талсан ч , үйлдэл дээрээ баригдаагүй бол найдвартай хамгаалалт болдог хоёр газар байна: УИХ ба ҮХЦ. Тийшээ орсон л бол ямар ч хэрэг хийсэн бай шалгуулна энээ тэрээ гэж айх явдал байхгүй.  Цэцийн гишүүнийг ҮХЦ-ийн зөвшөөрөлгүй "оролдож"  болохгүй, мөн Улсын Их Хурлын гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүй "хоргоож"  үл болмой гэж. Яваандаа УИХ ба ҮХЦ  гэдэг хоёр байгууллага адгийн амьтдаар (луйварчин, хулгайч, мөнгө угаагч, авилга авагч, дээрэмчин гэх мэт) дүүрсэн газар болох магадлал өндөр харагдана.

ҮХЦ  "тогос өдөө" гэдэг шиг нэр хүндээ унахаас хамгаалж байгаа нь энэ гээд харин эсрэгээр бүр баастаж  орхилоо.  УИХ ч ялгаагүй урьд өмнө бас л зарим гишүүдээ эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж  ичихгүй хамгаалж үлдэж  байсан, тиймдээ ч муу нэртэй. Ямар сайндаа л элдэв нэр хоч зүүж байхав дээ. Ер нь бодоод байхад хамгийн үлгэр  жишээ үзүүлж , шударга ёс алдагдсан байж магадгүй аливаа үйлдэлд шударга  байр суурь баримталж, найз нөхөр, танил тал, хамт ажилладаг  гэж нялцганахгүй эрс шийдвэртэй байх ёстой Монгол улсын хамгийн том бөгөөд чухал хоёр байгууллага ингэж арчаагүй байдал гаргаж байгаа юм чинь бусад нь ойлгомжтой. Өөрсдөө ийм байж бусдыг шударга бай, хуулиа мөрд гэх нь  утга  байна уу?  Шалгах шаардлага байгаа болоод л хүсэлт гаргаа биз дээ? Гэмтэй байгаад тэр нь  илэрвэл тэгээд байдаг газар руугаа явна, гэмгүй бол нэр нь цэвэршээд л буцаад ирнэ. Тэрэнд чинь "эрхийг нь түдгэлзүүлэхгүй" гэж  өмөөрөх ямар шаардлага байнаа?  Сугарт "сайн хүн" болцгоож ийм шийдвэр гаргасан бол өөрсдийгөө л баастлаа гэж ойлгох хэрэгтэй. Ингэж өмөөрөх, хаацайлах тусам хүмүүс их  харддаг.  Муугаар бодоход Сугар тэр хэрэгтэй холбоотой байсан бол  ҮХЦ-ийн эрхэм дээдсүүд хэрэгтнийг өмгөөлсөн болж таарах гээд байна шүү дээ. 

Д.Сугар ТӨХ-ы дарга байхдаа нутгийнхаа "ах дүүсийг" өөд нь татсан байж болно. Энэ бол сонин гаж үзэгдэл биш. Харин тэр МИАТ-ийн мөнгийг угаасан хэргийг  тэд нартайгаа хамтарч хийсэн эсэх нь тодорхой биш бөгөөд өөрөө ч энэ тухай сонсоод "цочирдсон" гэсэн байна лээ. Үнэхээр  цочирдсон ч юм бил үү, хэн мэдлээ. Би ч бас эргэлзэж л байлаа. Одоо гэм буруугүй гэдгээ батлах  ганц л гарц Сугарт байна.  Энэ нь өөрөө сайн дураараа ҮХЦ-ийн гишүүнээсээ татгалзаж улмаар цагдаад шалгуулах явдал бөгөөд ингэж байж л нэрээ цэвэрлэж авна. Эс бөгөөс энэ хиртсэн нэр хэзээ ч цэвэршихгүй явсаар энэ хүмүүний амьдрал дуусна даа. Нэр хугарахаар яс хугар гэж.  ҮХЦ-ээс гармааргүй байгаа бол  эрхийг минь түр түдгэлзүүлээд өгөөч ээ гэж Цэцийн бусад гишүүдээсээ  гуйвал болохгүй юу?  Эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр  шалгуулна, шалгана гэж үлгэр яриад хэрэггүй дээ.
Сугар дарга сугарч үлдэх биш, сугарч гарч байж   нэрээ олж авах л үлдэж дээ. "Манайхан намайг аваад үлдчихлээ" гэж хөөрцөглөх биш, харин энэ шийдвэр ямар хор уршигтай байж болох тухай бодох хэрэгтэй болж дээ.


 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө