Өдрийн сонин ба түүний команд

Сэтгүүлчдийн баяр болж байгаа юм байна. Хэвлэл  мэдээллийн байгууллагад ажилладаг бусад  "сэтгүүлч бус" хүмүүст бас л хамаатай байх даа, бодвол. Гэвч "сэтгүүлчдийн" гэж тодотгоод байдаг нь хэр зөв юм бол. Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой болжээ. Баярын хурал мурал болж, шагналын бороо орсон гэнэ. Гэтэл энэ их сайхан баяраа тэмдэглэж  байх  үеэр  шинэчлэлийн засгийн газар их муухай шийдвэр гаргаж баахан сэтгүүлчдийг ажилгүй болгож телевизүүдийг нь хаасан  гэнэ.

Бэлэг барилаа гэж тавлажээ
Манай урдаа барьдаг хэвлэлийн нэг "Өдрийн сонин" тэргүүн нүүрэндээ Д.Гансаруулын бичсэн "Шинэчлэлийн засгийн газар  9 телевизийг хааж, 300 сэтгүүлчийг ажилгүй болгон, сэтгүүлзүйн 100 жилийн ойд бэлэг барилаа" гэсэн урт гарчигтай "хатгаас" маягийн нийтлэлийг тавьжээ. Сенсаац болгож байгаа юм аа даа, даанч тэр нь түүхий бууз шиг "идэхийн"  аргагүй заваан юм болж.

100 жил боллоо гээд сагсуурах түвшинд хүрээгүй байна, манай сэтгүүлч  нэртэй бичээчид. Юмаа эхлээд аятайхан найруулаад, эхлэл төгсгөлтэй, утга учиртай зөв сайхан бичиж  сурчихаад дараа нь сагсуурах хэрэгтэй.   Үгээ зөв сонгоод санаагаа ойлгомжтой илэрхийлчихэж чадахгүй, бас болоогүй, зүйр цэцэн үгнийхээ утгыг мэдэхгүй байж буруу газар иш татаж цэцэрхэх дуртай, асуух асуултаа зөв сонгоод тавьчихаж чадахгүй, "амны фигур" муутай  манай сонин хэвлэлийн бичээчид, телевиз радиогийн сэтгүүлчид эхлээд биеэ засцгаа!  Биеэ зас гэдгийг ойлгож байгаа биз дээ? Жорлон морлон бодоод унав!

Д.Гансаруулын нийтлэлээс хэдэн хэсгийг "тасдаж" аваад үзье л дээ.   Гэхдээ эхлээд нэг юм хэлчихье. Сэтгүүлч хүн зөв бичихээс гадна ёс зүйтэй байх ёстой. Шударга байна гэсэн үг. Асуудлыг цогцоор нь авч үзэж , нэмэх хасахтай нь, учир шалтгаантай, үр дагавартай  нь, бүх юмыг нь багтааж  уншигчдад зөв ойлголт, мэдээлэл өгөх нь бичээч хүний гол ажил. Тэрнээс биш сэтгэлийн хөөрлөөр, хэн нэгнийг өмөөрөн муйхарлаж, нэг талыг баримтлан, эсвэл уншигчдад буруу ойлголт буюу өрөөсгөл ойлголт өгөхөөр бичиж болохгүй учир  нь ёс зүйд нь харш. Дөрөвдэх засаглал гэдэг биз дээ? Тэгвэл энэ "засаглал" чинь хараат бус байх ёстой. Ер нь мэдээлэл өгдөг сонин сэтгүүл аль болохоор хувийнхаа үзэл бодлыг илэрхийлсэн, аль нэг тал буюу хэн нэгнийг зөв буруу гэж "ялласан" утгатай нийтлэлийг тавихаас зайлсхийж гол нь асуудлыг хоёр талтай авч үзэж дүгнэсэн "төвийг сахисан"  байр суурьтай мэдээлэл, нийтлэл тавьж байвал уншигч бүрэн ойлголт авч өөрийнхөөрөө дүгнэх боломжтой болно.

Гансаруулын бичсэнээр бол шинэчлэлийн засгийн газар (Харилцаа Холбооны Зохицуулах хороо) "аймаар баба" болж харагдаад байна. Дараах хэдэн ишлэлээс харвал ойлгомжтой болно.
Бүтэн нийтлэлийг 2013 оны 3 сарын 7-ны  "Өдрийн сонины" 060 дугаараас уншаарай.



Баярынх нь өдрөөр гээд л "хатгаад" байхаас яг ямар учир шалтгаанаар ийм шийдвэр гаргав гэдгийг огтхон ч хөндөж тавьсангүй. Тавих ч сонирхол байгаагүй биз. Сэтгүүлчдийн эрхийг хаслаа гэжээ. Эрхийг нь хассан юм биш, тэр ажилладаг байгууллагынх нь  үйл ажиллагааг нь (ямар учраас гэдэг нь тусдаа асуудал) зогсоосон учраас ажилгүй л болчихож байгаа юм. Өөр газар ажилд ороод юмаа хийгээд явах нь мэдээж нээлттэй. Гэвч Гансаруул "эрхийг нь хасав" хэмээн эгээтэй л согтуу жолоочийн машин барих эрхийг хасчихсан аятай сүржигнэжээ.



Бас л "сэтгүүлчдийн" баярын өдрөөр хаалаа гэж дахин давтаад, үүгээрээ юу хэлэхийг хүссэн бэ хэмээн "аймаар чка" асуулт тавьжээ. Харилцаа Холбооны зохицуулах хороо их "далд санаатай" хорон үйл ажиллагаа явуулсан бололтой.



Бичиж байгаа юмыг нь хараад л байгаарай. Зүгээр л  хов жив ярьдаг, "хутгуур" авгайн яриа шиг л юм болж. "Олон мянган гэр бүл, айл өрх, үр хүүхдийн хувь тавилангаар оролдож эхэллээ" гэдэг чинь  арай хэтэрсэн сүржигнэл биш үү?  Иймэрхүү л "түүхий" юмнууд өнөөгийн сэтгүүлзүйг гутааж байгаа юм даа.


Сэтгэлзүйн түүхэнд "хараар бичигдэнэ" гэж байна шүү. Гансаруул мэт нь л "харлуулж"  байгаа болохоос биш юмны учир жанцан мэддэг, мэдээлэлтэй хүн бол ингэж дөвчигнөхгүй үнэн зөвөөр ойлгож авна.  


"Нударга зангидан заналаа" гэхийн оронд "Нударган лантуу буулгаад нам цохичихлоо" гэсэн бол таарах байж дээ. Хоёр нүүр гаргадаг "баба" засаг гэж л хэлээд байгаа ухаантай юм аа даа, янз нь. Муулж харлуулах гэж   оролдсон боловч  даанч тэрийгээ ч олигтойхон илэрхийлчих  чадваргүй нөхөр бололтой.

За тэгээд эцэст нь хэлэхэд сэтгүүлчид бол ард түмнээ гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах маш чухал ажил хийдэг улс. Хүн болгон ч хийж чадах ажил биш.  Энэ ажлыг хийж чадахгүй буюу муухан хийдэг  хүмүүс нийгэмд тус болохоосоо ус болно. Тиймээс сэтгүүлч  бэлтгэдэг газар, сургуулиуд  сургалтын чанар дээрээ анхаарахгүй бол "сэтгүүлчийн оронцогууд" олширч байна. 
Нийгмийн амьдрал хууль журам, дүрмээр зохицуулагддаг орчин үед амьдарч байгаа бид таалагдсан таалагдаагүй ч тэдгээр дүрмээ мөрдөөд л, зохих шийдвэрийг биелүүлээд л явах ёстой. Таалагдахгүй байна гэвэл өөрчилж болно, гэхдээ энэ бол тусдаа асуудал. 

Нэр бүхий 9 телевиз гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд дутагдлаа засах хугацаа  өгсөөр байтал үл тоомсорлосон учраас нэвтрүүлэг хийх эрхээ (зөвшөөрлөө) хүчингүй болгуулжээ. Ийм ийм чиглэлээр нэвтрүүлэг явуулна, энэ сэдэв нь төдөн хувийг эзлэнэ гээд гэрээ байгуулаад эфирийн зөвшөөрлөө авсан телевизүүд амласан үүргээ биелүүлээгүй, боломж өгөөд байхад зарим  дутагдалаа засаагүй нь хууль дүрмээ мөрддөг, гарын үсэг зурсан л бол гэрээгээ биелүүлдэг соёлт ертөнцийн хэв жаягийг нулимсан хэрэг  бөгөөд тэдгээр нөхдийг өмөөрч бичсэн энэ даржин нийтлэлэрхүү юмыг  тэргүүн нүүрэндээ тавьж байдаг "Өдрийн сонин" ч гэж сонин. Сонины чанар чансаа, нэр хүнд  тэнд ажиллах сэтгүүлчдийн бичлэгийн чадвараас хамаардаг нь ойлгомжтой бөгөөд энэ удаа Өдрийн сонин хасах оноо авлаа. 

 Сүүлийн үед анзаараад байхад Өдрийн сонин  "сөрөг хүчний" үүрэг гүйцэтгэж "Үнэн" сонинг бодвол шинэчлэлийн засгийн газрын  "өөг"  алдахгүй  шүүмжилдэг болж. Харамсалтай нь тэр  шүүмжлээд  сүржигнээд байгаа юм нь зүгээр л гуйвуулсан гүтгэлэг байх юм.
Үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангадаг гэж үү? Тийм ээ, үүнийг хангахын тулд гуйвуулаад ч хамаагүй "юм босгож" бичдэг бололтой.  Эсвэл мэргэжил нэгтэй гэж хуурай саймширч, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг мундаг болж харагдах гэж Гансаруул гэх  нөхөрт үүрэгдсэн байж болох. Ямартай ч нэг салбарынх хэмээн явцуурч буруутанг өмгөөлж, ажлаа хийж байгаа Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (буюу Шинэчлэлийн хэмээх "хочтой" засгийн газар) руу  дайрсан Д.Гансаруулын нийтлэл болон "хэлмэгдсэн" сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага зэрэг нь "нэг юм хэлээд" байна. Үүнийг нь тэргүүн нүүрэндээ тавьж сэнсаацлаад байгаа Өдрийн сонины араншин бас нэг юм хэлээд байх шиг. Гуйвуулж, мушгиж, зориудаар худлаа сэнсаацлах нь Өдрийн сонины имиж биш л юмсан.


 



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө